Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27: Бид агуу Зуучаар дамжуулан сонгох эрхтэй


Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27: Бид агуу Зуучаар дамжуулан сонгох эрхтэй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27

Бид агуу Зуучаар дамжуулан сонгох эрхтэй

Мормоны Номын хөрвүүлэх хүч

Өмнөх “2 Нифай 2:26–30” хичээлээр бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө, мөнх амьдралыг сонгох эрхтэй гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд 2 Нифай 2:27 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаагаар дамжуулан мэдлэгээ тэлээрэй. Эдгээр үйл ажиллагааг тогтмол хийх нь суралцагчдад судрын түлхүүр үг хэллэгийг илүү сайн тогтооход тусалж чадна. Та суралцагчдыг хичээлээс гадуур төгс эзэмших сургаалын хэсгүүдээ үргэлжлүүлэн судлахад урамшуулан дэмжиж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас 2 Нифай 2:27-г цээжлэхийг хүс. Суралцагчид мөн Doctrinal Mastery аппыг ашиглаж болохыг сануул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 2 Нифай 2:27-ийн хам сэдвийн талаарх хичээл болох 2 Нифай 2:26–30-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Суралцагчдад 2 Нифай 2:27-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж энэ хэсэгт заасан үнэнийг тайлбарлахад туслах ямар нэгэн үр дүнтэй аргыг ашигла.

Хэрэв дараах зөвлөмжийг ашиглаж байгаа бол суралцагчдаас ангиараа самбар дээр эсвэл том цаасан дээр зураг зурахыг хүсэж болно. Суралцагчдад хичээлийн дадлага хийх хэсэгт хангалттай цаг үлдээхийн тулд зураг зурах хугацааг богино байлгахад анхаар. Боломжтой бол суралцагчдад судрын эшлэл, гол үг хэллэгийг илүү сайн тогтооход туслахын тулд ангиараа зурсан зургийг хэд хоног байрлуул.

2 Нифай 2:27-г уншаад “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй” гэсэн судрын гол үг хэллэгийн утгыг төсөөлөн харахад туслах зураг зур. Цээжлэхэд туслах зорилгоор зурагтаа гол үг хэллэгийг оруул.

Дараа нь зурагтаа Бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй гэсэн нь юу гэсэн утгатай болохыг бич. Энэ шүлэг таны хувьд ямар утга учиртай болохыг мөн энэ нь Есүс Христийг дагахад танд хэрхэн туслах тухай оруул.

Ангиараа зураг зураад дууссан бол тус шүлгийн тайлбарыг хамтдаа бичихийг суралцагчдаас хүс.

Хэрэв суралцагчид тус тусдаа зураг зурсан бол тэднийг өөрсдийн тайлбарыг бичиж, дараа нь ангийг тойрон явж зурсан зураг, тайлбараа дор хаяж хоёр суралцагчтай хуваалцахад урь.

Эцэст нь зургийг харж байхдаа судрын эшлэл, гол үг хэллэгийг цээжлэх хүртлээ давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дахин давтахад туслах дараах зөвлөмжийн өөр нэг хувилбар бол хичээл бүрийн өмнө гурван суралцагчийг нэг нэг зарчмыг судлахад урих явдал юм. Хичээлийн энэ үед тэднийг судалсан зарчмаа ангид тус бүр нэг эсвэл хоёр минутын хугацаанд тайлбарлахад урь.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахын тулд гурван зарчим тус бүрийг санаж байгаа эсэхээ шалга. Дараа нь дараах эшлэлүүдийг зөв зарчимтай тааруулж чадах эсэхээ хар. (Зөв эсэхээ шалгахын тулд 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийг ашигла.)

  • “Биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг хичээгчдээс хамгаалаач”

  • “Энэ нь бидэнд дэлхийн таамаглалыг хүлээн авахын оронд үзэл санааг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харах боломжийг олгодог”

  • “Бидэнд аль хэдийн өгсөн тэрхүү гэрчлэлд найд”

Суралцагчдынхаа нөхцөл байдалд илүү нийцүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрт санал болгосон хувилбаруудыг чөлөөтэй өөрчил. Жишээлбэл: Дараах хувилбарт өөр нүгэлт зан үйлийг согтууруулах ундаагаар орлуулж болно.

Ижил зорилгод хүрэхийн тулд өөр өөр хувилбаруудыг мөн ашиглаж болно. Жишээлбэл, суралцагчид Сүмийн тодорхой жишгийг дагаж мөрдөхийг эцэг эх нь дэмжсэнээс болж сэтгэл дундуур байгаа Сүмийн гишүүний тухай өөр хувилбар дээр анхаарлаа төвлөрүүлж болно. Уурандаа тэрээр “Надад сонгох эрх бий! Би хүссэн бүхнээ хийж чадна!” гэж хариулж магадгүй юм. Суралцагчид дараа нь энэ хувилбарт сүнслэг мэдлэг олж авах зарчмыг болон 2 Нифай 2:27-г хэрэгжүүлж болно.

Дараах хувилбарыг уншаад, Иван сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож үз.

Иван бямба гаргийн оройг найзуудтайгаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан ч тэдний нэг нь гэнэт архи хувааж уухаар авч ирэхэд тэрээр явах хэрэгтэй гэдгээ мэдрэв. Өмнө нь ийм нөхцөл байдалд тэр үргэлж харьдаг байсан тул түүний найзууд гайхахгүй гэдгийг тэр мэдэж байв. Түүнийг явах гэж байхад найз Даниел нь “Иваны сүм түүнийг юу ч хийлгэхгүй юм” гэж хэлэхийг тэр сонсов.

Иван гэртээ харих замдаа Даниелын үгийг бодсоор байв.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөр-ийг унш. Асуултыг дахин боловсруулна гэдэг нь юу гэсэн утгатай болоход анхаарлаа хандуул.

  • Сэтгэгдэл эсвэл асуултыг дахин боловсруулах нь юу гэсэн үг болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

Суралцагчид энэ ойлголтыг хэр сайн ойлгож байгааг мэдэхийн тулд өмнөх асуултад хариулсан суралцагчийн хариултыг анхааралтай сонс. Хэрэв тэд үүнийг сайн ойлгосон бол Даниелын сэтгэгдлийг дахин боловсруулахад бусад суралцагчийг удирдах нэг суралцагчийг урьж болно.

Хэрэв суралцагчид тусламж авалгүйгээр санаагаа дахин боловсруулахад хараахан бэлэн болоогүй байгаа бол тэдэнд туслахын тулд дараах зөвлөмжийг ашигла.

  1. Боломжит байр суурь эсвэл таамаглалыг тодорхойл.

    • Даниел эрх чөлөө, сонгох эрхийн зорилгын талаар юу гэж итгэдэг байж болох вэ?

    • Тэр Аврагчийн Сүмийн жишгүүдийн талаар юу гэж итгэдэг байж болох вэ?

  2. Авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалуудын агуулга дахь асуудлуудыг авч үз.

    • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар та аливаа юмсыг Даниелаас өөрөөр харахад туслах юуг мэдэрсэн бэ?

    • Авралын төлөвлөгөөний аль хэсгийг Даниелд ойлгуулахад хамгийн их тустай гэж та бодож байна вэ?

    • Аврагч зарлигуудыг нь дагахын тулд сонгох эрхээ ашигладаг хүмүүст ямар эрх чөлөөг санал болгодог вэ? Зарлигуудаас татгалзсанаар ямар төрлийн боолчлолд орох вэ?

Суралцагч бүрийг сүнслэг мэдлэг олж авах дараах хоёр зарчмын аль нэгийг судалж байх үед хоёр хоёроор нь хуваарил. Дараа нь тэднийг дагалдах асуултуудын хариултыг хамтрагчтайгаа хуваалцахад урь.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–7, 11 дэх догол мөр-ийг уншиж, дараах хоёр зарчим Иваны нөхцөл байдалд хэрхэн хэрэгжих талаар бод.

Итгэлээр үйлдэх

  • Хэрэв Иван сүнслэг байдлын хувьд аюултай нөхцөл байдлаас холдох шийдвэртээ эргэлзэж эхэлбэл 5–7-р догол мөр-өөс та түүнтэй юу хуваалцаж болох вэ? Яагаад?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

  • 11-р догол мөр-д дурдсан ямар эх сурвалж Иванд хамгийн тустай байна гэж та бодож байна вэ?

  • 2 Нифай 2:27 дахь үнэн түүнд хэрхэн туслах вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээл дээр 2 Нифай 2:27 дахь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг товч давтахад суралцагчдад тусал. Үүнийг хийх нэг арга бол суралцагчдыг өөрсдийн зурсан зургийг харж, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг санаж байгаа эсэхээ шалгахыг хүсэж болно. Үүнийг цаашид янз бүрийн хичээлүүдийн эхэнд эсвэл төгсгөлд давтаж болно.