Семинар
Moзая 11–17: “Наманчилж, Их Эзэнд ханд”


“Мозая 11–17: ‘Наманчилж, Их Эзэнд ханд,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 11–17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 11–17

“Наманчилж, Их Эзэнд ханд”

Абинадай номлож байгаа нь

Өвдөлт, зовлон зүдүүр авчрах шийдвэрийн талаар хайртай хүмүүсээ сэрэмжлүүлэхийг бид ихэвчлэн хичээдэг. Их Эзэн хаан Ноаг болон түүний хүмүүсийг наманчилж, нүгэлт зан авирынх нь улмаас ирэх зовлон зүдүүрээс зайлсхийх хэрэгтэй хэмээн захиас дайж, Абинадайг илгээжээ. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний бошиглогчдыг хүлээн авч, Их Эзэнээс өгсөн урилгын дагуу үйлдэх хүслээ нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Судруудыг хичээнгүйлэн судалж, өөрийгөө бэлд. Судрын хэсгүүдийн нөхцөл, мөн агуулгыг байнга судлахыг хичээ. Суралцагчдад Есүс Христийг хайрлаж, дагахад нь туслах утга учиртай, хамааралтай сургаал, зарчмуудыг хайж ол.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг саяхан бошиглогчдын өгөхийг сонссон урилгуудын товч жагсаалтыг бичиж гаргахад урь. Эдгээр урилга Их Эзэн тэднийг хайрлаж, халамжилж буйн нотолгоо болох талаар хуваалцахад бэлдэж ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэн аюулаас сэрэмжлүүлдэг

Суралцагчдад аюулын талаар бусдыг сэрэмжлүүлэх олон арга замыг судлахад нь туслахын тулд тэдэнд хамаарах хувилбарыг бий болгох талаар бодож үз.

Та найз нөхөд, хайртай хүмүүс тань аюулд орсон тухай мэдээлэл авлаа гэж бодъё.

  • Та өөр ямар ямар аргаар тэднийг сэрэмжлүүлж болох вэ?

Их Эзэнд биднийг сэрэмжлүүлэх олон арга байдаг. Дараах аргуудын талаар бодож үз.

Самбарт дараах жагсаалтыг үзүүл.

  • Эцэг эхийн зөвлөгөө

  • Бошиглогчид, Сүмийн бусад удирдагчийн заавар

  • Судар дахь, сүм дээр эсвэл семинарт заасан сургаалууд

  • Ариун Сүнснээс ирдэг бодол ба мэдрэмж

  • Бусад:

Суралцагчдад дараахыг тунгаан бодох цаг гаргаж өг.

Та Их Эзэний сэрэмжлүүлэгт хэрхэн хандаж буй сонголтоосоо үүдэн нүгэл ба аюулаас хэр сайн зайлсхийж байгаагаа бод.

  • Аль арга зам нь хүлээн авахад хамгийн бэрхшээлтэй санагдаж байна вэ? Яагаад?

  • Их Эзэн бидэнд янз бүрийн арга замаар ханддаг гэдэг нь Түүний талаар юу гэж хэлж байна вэ?

Та дараах үнэнийг самбар дээр бичээд, энэ хичээлээр үүнийг илүү гүнзгий судлах болно гэдгээ суралцагчдад тайлбарлаж болно: Их Эзэн биднийг наманчилж, Түүнд хандахад урихын тулд бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьдаг.

Их Эзэн Ноаг болон түүний хүмүүсийг наманчлалд дуудсан

Зениф хэсэг хүмүүсийг Зарахемлагаас Нифайн нутаг руу удирдан явж байсныг эргэн сана. Нас барахаасаа өмнө Зениф өөрийн хүү Ноаг хаан ширээнд өргөмжилсөн (Мозая 9–10-ыг үзнэ үү). Ноа ба түүний сонгосон санваартнууд ёс бус амьдралаар амьдарсан. Тэд хүмүүсийг худал хуурмаг, зусар үгээр нүгэл үйлдэхэд ятгасан (Мозая 11:7, 11-ийг үзнэ үү).

Мозая 11:2, 14–15, 19-ийг уншаад, Ноагийн мөн хүмүүсийнх нь үйлдсэн нүглүүдийг олж мэд. (19-р шүлэг нь леменчүүдийн дайралтаас өөрсдийгөө хамгаалсны дараах тэдний гаргасан хариу үйлдлийг дүрсэлсэн.)   ChurchofJesusChrist.org 

2:26

Энэ хичээлийн туршид суралцагчдад судруудыг орчин үеийнхтэй зүйрлэхэд нь туслах арга замыг хайж ол. Дараах асуултууд нь үүнийг хийх нэгэн арга зам юм.

  • Ноагийн болон түүний хүмүүсийн хийсэн сонголтыг өнөөгийн хүмүүсийн хийж буй сонголттой ямар арга замаар харьцуулж болох вэ?

  • Тэдэн шиг амьдарснаар ямар үр дагаварт хүрч болох вэ?

Их Эзэн Ноад болон түүний хүмүүст хийсэн үйлдлүүдийнхээ үр дагаврыг олж харахад нь туслах захиасыг хүргүүлэхээр Абинадай хэмээх бошиглогчийг дуудсан.

Мозая 11:20–25 дахь Абинадайн захиасыг уншаад, Их Эзэний анхааруулсан үр дагавруудыг олж мэд. 20-р шүлэгт гардаг “халаг” гэдэг үг нь “гуниг эсвэл өвдөлт” гэсэн утгатай.

  • Та Их Эзэний хүмүүст анхааруулж сэрэмжлүүлдэг ямар ямар үр дагаврыг олж мэдсэн бэ?

“Тэд наманчлахгүй аваас” болон “энэ хүмүүс наманчлахгүй аваас” гэсэн давтагдсан хэллэгийг анзаар. Та эдгээр үгийг тэмдэглээд, эдгээр үг хэллэгээс Их Эзэний тухай юу сурч мэдэж болох талаар бодож үз.

Мозая 11:26–29-ийг уншаад, хаан Ноа, мөн бусад нь Абинадайд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн талаар олж мэд.

Наманчлалыг Их Эзэний хайрын бэлэг гэж үзэх

Суралцагчдыг хичээлдээ бэлдсэн тухайгаа тайлагнаж, Их Эзэн биднийг орчин үед наманчилж, өөрчлөхийн тулд өгсөн урилгыг самбар дээр жагсаан бичихэд урь. Ерөнхий чуулганы сүүлийн үеийн хоёр эсвэл гурван урилгыг хуваалцахад бэлэн бай. Энэ нь суралцагчдад судруудыг өөрсөдтэй нь адилтгахад таны тусалж чадах өөр нэгэн газар юм.

  • Абинадайн үеийн хүмүүсийн хариу үйлдэл, орчин үеийн хүмүүсийн бошиглогчдод үзүүлэх хариу үйлдэл хоёрын хооронд ямар төстэй эсвэл ялгаатай зүйл байна вэ? Тэд яагаад ийнхүү хариу үйлдэл үзүүлж байна вэ?

Суралцагчдад Бурханыг сонсох хувийн амлалтаа, ялангуяа нүгэл, нүглийн үр дагаврын талаар Түүний бошиглогчдоороо дамжуулан анхааруулдаг үеийг дотроо тунгаан бодох цаг гарга. Танай суралцагчид тунгаан бодох явцдаа бошиглогчдын тухай янз бүрийн бодол, мэдрэмжтэй байж болно. Дараах үгс нь суралцагчдад бошиглогчдыг Бурханы хайрын нотолгоо гэж үзэхэд тусалж чадна.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бошиглогчдын наманчлах урилгыг бид хэрхэн үзэж болох талаар ийн тайлбарласан.

13:11

Бурханы бошиглогчдын нүглээс сэрэмжлүүлж буй гүн гүнзгий хайрыг би олон жил бахдаж мөн мэдэрсэн. Тэд буруутгах хүсэлдээ хөтлөгдөөгүй. Тэдний жинхэнэ хүсэл Бурханы хайрыг харуулдаг ба энэ нь үнэхээр л Бурханы хайр юм. Тэд хэн рүү ч илгээгдсэн бай, хэн ч бас ямар ч байсан бай хайрладаг. Их Эзэний адил, Түүний үйлчлэгчид хэнийг ч гэм нүгэл, буруу сонголтуудаас болж зовохыг хүсээгүй. (Д.Тодд Кристоффэрсон, “Бурханы хайр,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17)

  • Бошиглогчдын тухай үүнийг ойлгох нь тэдний урилгаар үйлдэх таны хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Их Эзэн нигүүлслээр хүмүүст Түүнд хандаж, нүглээ наманчлах хугацаа өгсөн. Гэсэн хэдий ч хоёр жилийн дараа Абинадайг буцаж ирэхэд тэд дахин уурлаж, түүнийг буруушаав. (Мозая 12:1, 9, 19-ийг үзнэ үү).

Санваартнууд хүмүүст Бурханы зарлиг, тушаалуудыг дуулгавартай дагахыг заагаагүй гэдгийг Абинадай зоригтой гэрчилсэн (Мозая 12:33–37; 13:12–25-ыг үзнэ үү). Мөн Тэрээр Есүс Христ бүх хүнийг гэтэлгэхээр ирэх бөгөөд зөвхөн Гэтэлгэгч аврах боломжтой гэдгийг гэрчилсэн (Мозая 15:1, 19-ийг үзнэ үү). Абинадайг Есүс Христийг гэрчилж дууссаны дараа түүний амьдрал дахин нэг удаа аюулд оров. Гэвч энэ үед санваартнуудын нэг болох Алмагийн амьдралд ч мөн адил зүйл тохиожээ.

Абинадайн Христийг гэрчилсэн тухай Ноа, Алма хоёрын хариултыг Moзая 17:1–4-өөс унш.

  • Эдгээр тэс өөр хариулт нь бидэнд юуг ойлгоход тусалж болох вэ?

Абинадайг шоронд гурван өдөр хорьсны дараа хаан Ноагийн өмнө дахин авчрав. Абинадайг заасан үнэнүүдээ үгүйсгэхгүй юм бол хорооно гэж Ноа хэлсэн (Мозая 17:5–8-ыг үзнэ үү).

Мозая 17:9–10, 13-ыг уншаад, Абинадайн гэрчлэлээ үгүйсгэх хааны хүсэлтэд өгсөн хариултыг хайж ол.   ChurchofJesusChrist.org 

4:28
  • Та Абинадайн жишээнээс юу сурч мэдсэн бэ?

  • Эдгээр нь Их Эзэнд болон Түүний бошиглогчдод үзүүлэх хариу үйлдэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Есүс Христийг гэрчилж, биднийг наманчлахад урих бошиглогчдын үүргийн талаарх гэрчлэлийг хуваалц.