Семинар
Moзая 19–20: “Абинадайн үг биелсэн”


“Мозая 19–20: ‘Абинадайн үг биелсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 19–20,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 19–20

“Абинадайн үг биелсэн”

Хаан Ноа

Тэнгэрлэг Эцэг таныг аз жаргалтай, аюулгүй байгаасай хэмээн хүсдэг. Баяр хөөр, сүнслэг хамгаалалтыг мэдрэх нэг арга зам тань Түүний бошиглогчдын сургаал, сэрэмжлүүлгийг дагах явдал юм. Абинадайг үгүйсгэснээр хаан Ноа ба түүний хүмүүс аюулгүй байдлын адислалаа алдаж, асар их зовлон зүдүүр амссан. Энэ хичээл танд Их Эзэний бошиглогчдын сэрэмжлүүлэг, сургаалыг сонсох илүү их хүслийг мэдрэхэд тусалж чадна.

Суралцагчдад судруудын хам сэдвийг ойлгоход туслах. Хам сэдэв гэж судрын үг хэллэг, үйл явдал, түүхүүдийг тойрсон эсвэл эдгээрийн талаарх ойлголт өгдөг нөхцөл байдлыг хэлнэ. Энэ хам сэдэв нь сударт гарч буй хүмүүсийн ертөнцийг ойлгоход тусалдаг. Судрын түүхүүдийг ойлгох нь суралцагчдад зарчим, сургаал зэргийг тодорхойлж, сургаалыг өөрсөдтэйгөө зүйрлэхэд тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас эсвэл өөрсдийн амьдралаас дараах мэдэгдлийг батлах жишээг бодоход урь. Тэднийг хичээл дээр ирэхдээ өөрсдийн жишээг бэлдэж, хуваалцахад урамшуул.

“Бошиглох зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг” (M. Russell Ballard, “His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65).

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аюулаас хамгаалах аюулгүй байдал

Дараах зургуудыг үзүүл эсвэл аюулгүй байдлыг хангахад ашигладаг төрөл бүрийн зүйлийг ангидаа авчир. Та мөн суралцагчдаас аюулгүй байхын тулд өдөр бүр ашигладаг зүйлс, эсвэл дүрмийнхээ жишээг хуваалцахыг хүсэж болно.

аврах хантааз, унадаг дугуйн дуулга, авиралтын оосор
  • Эдгээр зүйл биднийг ямар аюулаас хамгаалж чадах вэ?

  • Зарим хүн яагаад аюулгүй байдлын хэрэгсэл эсвэл удирдамжийг үл тоомсорлодог гэж та бодож байна вэ?

Та өмнөх зургуудын хажууд одоогийн бошиглогчийн зургийг үзүүлж болно.

Бие махбодын эрсдэлээс гадна сүнслэг байдлын аюул бидний мөнх бус амьдралын жам ёсны нэг хэсэг юм. Их Эзэн бидэнд хайртай учраас амьдралынхаа туршид бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны аюулгүй байдлыг мэдрэхэд маань туслах заавар, хэрэгслийг өгч, бошиглогчдыг дууддаг.

Их Эзэний танд бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан санал болгож буй аюулгүй байдлыг цаг гарган эргэцүүлэн бод. Дараах асуултууд тусалж болно.

Суралцагчид судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж авах нь тустай байж болох юм.

  • Та Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийг Түүний сүнслэг хамгаалалтыг хүлээн авах арга зам гэж хэр олон удаа хардаг вэ?

  • Их Эзэний бошиглогчдыг дагаснаар таныг адисалж болох ямар жишээ байдаг вэ?

Суралцах явцдаа Их Эзэний бошиглогчийг дагаснаар ирэх аюулгүй байдал, аз жаргалыг эрэлхийлэх илүү агуу хүслийг мэдрэхэд тань туслах сургаалуудыг хайж ол.

Хаан Ноагийн хүмүүс нүглийнхээ үр дагаврыг амссан

Абинадай хаан Ноагийн өмнө

Абинадайг хаан Ноагийн хүмүүсийн ёс бус байдлыг анхааруулснаар тэд өөрсдөд нь ирж болох Их Эзэний шүүлтээс зайлсхийх болно хэмээн илгээснийг эргэн сана. (Мозая 11:20–25; 12:1–8-ын Абинадайн зарим сэрэмжлүүлгийг давтах нь тустай байж болно.)

Абинадайн сэрэмжлүүлгийг Мозая 12:13–15; 17:11–20-оос уншаад, Ноагийн болон түүний хүмүүсийн хариултыг давт.

  • Та яагаад Ноа ба түүний санваартнууд Абинадайн сэрэмжлүүлгийг үл ойшоосон гэж бодож байна вэ?

  • Одоо үед хүмүүс бошиглогчдын сургаалыг үл ойшоож, үгүйсгэх ямар жишээ байна вэ? Та тэднийг яагаад тэгэж үгүйсгэдэг гэж бодож байна вэ?

Абинадайн бошиглосон шиг (Мозая 17:15–19-ийг үзнэ үү) Ноагийн хүмүүс Их Эзэний үг, наманчлах урилгыг няцаасныхаа дараагаар хүнд хэцүү сорилтыг туулсан. Та Мозая 7-г судлахдаа Абинадайг нас барсны дараа удалгүй Аммон гэдэг хүнээр удирдуулсан Зарахемлагийн хайгуулын баг эдгээр хүнийг олсон гэдгийг санаж байгаа байх (доорх бүдүүвч зургийг үзнэ үү). Тэднийг олох үед Нифайн нутгийн нифайчууд леменчүүдэд олзлогдсон байв.

Нифайн нутгийг буцаан авах нифайчуудын аяллын зураг

Тэдний удирдагч нь хаан Ноагийн хүү Лимхай байв. Мозая 7:24–29-д буй Лимхайн үгийг уншаад, тэдний олзлогдсоны учир шалтгааныг хайж ол.

  • Та эдгээр шүлгээс Их Эзэний бошиглогчдыг дагах нь ач холбогдолгүй гэж боддог хүнд тусалж болох юуг олж харсан бэ?

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Суралцагчдад энэ талаар бодох хугацаа өгсний дараа, хэд хэдэн суралцагчийг үүнийг хэрхэн дуусгах талаар хуваалцахад урь.

Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгийг үл тоомсорлож, үгүйсгэх нь …

Суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, дараах шүлгүүдийн аль нэгийг судлахад урьж болно: (1) Мозая 19:3–8; (2) Мозая 19:9–15; (3) Мозая 19:16–21; 20:3, 21. Тэднийг Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгийг үл тоомсорлож, үгүйсгэх нь зовлон зүдүүр, уй гашуу руу хөтөлдөг гэсэн үнэнийг харуулсан дэлгэрэнгүйг хайж олоход урь.

  • Та эдгээр шүлэг дэх хүмүүсийн зовлон зүдүүр, уй гашуугийн ямар нотолгоог харсан бэ?

  • Эдгээр хүний зовлон зүдүүр туулахыг хараад, Их Эзэн тэднийг сэрэмжлүүлэхээр бошиглогч илгээсэн гэдгийг мэдсэний дараа та Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард бидний Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн зөвлөгөөг сонсох үед хүлээн авч болох адислалуудын заримыг хуваалцсан.

Бошиглолоор ирсэн зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг. (M. Russell Ballard, “His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65)

  • Амьдралын тань эсвэл судраас ерөнхийлөгч Баллардын хэлсэн үгийг дэмжиж буй ямар ямар жишээ байна вэ?

Их Эзэнд та нарт зориулсан зөвлөгөө бий

Эртний бошиглогчдын адил, өнөөгийн бошиглогчид бидэнд Их Эзэний зөвлөгөө, сэрэмжлүүлэг мөн амласан адислалуудыг өгдөг. Энэ зөвлөгөөний заримыг бид 2022 оны Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос олж болно.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд 2022 оны Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос судлах нэг эсвэл хэд хэдэн сэдвийг оноож өг. Та суралцагчдад ашиглуулахаар хэдэн хуулбарыг ангидаа авчрахыг хүсэж болно. Суралцагчдыг дараахыг хайж олоход урь.

  1. Амьдралдаа дагахад урьсан Их Эзэний жишгүүд

  2. Их Эзэний зөвлөгөөг үл тоомсорлосноор учирч болзошгүй сүнслэг аюулууд

  3. Их Эзэний заавар, сэрэмжлүүлгийг анхааралтай сонссоны хариуд өгөхөөр амласан адислалууд

Суралцагчдыг дууссаны дараа өмнөх гурван зүйлтэй холбоотой юу олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Эдгээр сургаалыг дагах нь Есүс Христийг илүү сайн дагахад тань хэрхэн тусалж болох вэ?

Их Эзэний бошиглогчийг дагахын ач холбогдлын талаар өнөөдөр сурч мэдсэн зүйлээ бод. Бошиглогчийг хэрхэн илүү сайн дагахаа мөн дагах нь танд яагаад ач холбогдолтой талаар эргэцүүлэн бодоход цаг гарга. Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.