“Мозая 21–24, 1-р хэсэг: Их Эзэний сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрт маань зориулсан зорилгыг олох нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 21–24, 1-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага
Их Эзэн яагаад биднийг сорилт бэрхшээл, зовлон зүдүүр туулахыг зөвшөөрдөг болохыг та хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ? Мозая 21–24 нь Лимхайн болон Алмагийн хүмүүсийн аль аль нь хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсан туршлагыг дүрсэлдэг. Энэ хичээл танд амьдралдаа сорилт бэрхшээл, зовлон зүдүүр туулах үедээ Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Таны сорилт бэрхшээл, ачаа, зовлонг цүнх эсвэл үүргэвчид хийгээд үүрэх ёстой чулуугаар төлөөлдөг гэж төсөөл.
Та өнөөдөр судлах явцдаа Их Эзэн яагаад эдгээр сорилт бэрхшээлийг туулахыг танд зөвшөөрч болохыг илүү сайн ойлгоход туслах үнэнийг хайж ол.
Лимхайн болон Алмагийн хүмүүс
Мозая 21–24-өөс бид агуу сорилт бэрхшээл, зовлон зүдүүрийг туулсан хоёр бүлэг хүний тухай мэдэж авна. Эхний бүлэг хүн Нифайн нутагт амьдарч байсан бөгөөд тэднийг хаан Ноагийн хүү Лимхай удирдаж байв. Хоёр дахь бүлэг хүн нь Хиламын нутагт амьдарч байсан бөгөөд тэднийг Алма удирдаж байв.
Абинадайн сургаал, сэрэмжлүүлгийг няцаасны дараа хаан Лимхайгаар удирдуулж байсан нифайчууд Нифайн нутагт леменчүүдэд олзлогдон, их хэмжээний татвар төлөх шаардлагатай болсон (Мозая 19:15-ыг үзнэ үү). Бошиглогч Абинадайн бошиглосноор (Мозая 12:5-ыг үзнэ үү) леменчүүд Лимхайн хүмүүсийг өөрсдөдөө үйлчлүүлж, хүнд ачаа үүрүүлэхээр албадав (Мозая 21:3-ыг үзнэ үү).
Абинадайг нас барсны дараа Алма ба түүний дагалдагчид баптисм хүртсэн Мормоны Ус руугаа зугтсан (Мозая 17:1–4; 18:1–14-ийг үзнэ үү). Тэд дараа нь аюулгүй байдлынхаа төлөө зугтаж, Хиламын нутагт зөв шударга суурьшил байгуулсан (Мозая 18:32–34; 23:1–4, 19–20-ийг үзнэ үү). Леменчүүд Алмагийн хүмүүсийг эцэст нь олж, олзолсон (Moзая 23:25–29, 36–37-г үзнэ үү). Ноагийн ёс бус санваартнуудын нэг байсан Амюлонд тэднийг захирах эрх мэдэл олгосон бөгөөд тэр Алма ба түүний хүмүүсийг дарлаж эхэлсэн (Мозая 24:8–9-ийг үзнэ үү).
Их Эзэн яагаад сорилт бэрхшээл тохиолдохыг зөвшөөрдөг вэ?
Дараах судрын хэсгүүдийг уншаад, Их Эзэн яагаад таныг эдгээр сорилт бэрхшээл, зовлон зүдүүрийг туулахыг зөвшөөрч болохыг илүү сайн ойлгоход туслах сургаалыг хайж ол. Та өөрт утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.
-
Эдгээр хоёр бүлэг хүмүүсийн хоорондох ямар ижил төстэй болон ялгаатай талуудыг та олж харсан бэ, мөн тэд юу туулсан бэ?
-
Тус хүмүүсийн төлөөх Их Эзэний ямар хайр, халамжийн нотолгоог та эдгээр түүхээс олж харсан бэ?
-
Их Эзэн биднийг сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг туулахыг зөвшөөрдөг талаар та юу мэдэж авсан бэ?
-
Их Эзэн биднийг даруу байж, Өөрт нь илүү итгэж найддаг болоход туслах сорилт бэрхшээлийг туулахыг зөвшөөрдөг (Мозая 21:5–14-ийг үзнэ үү).
-
Зарим сорилт бэрхшээл, зовлон зүдүүр дуулгаваргүй байдлаас болж ирдэг (Мозая 21:15-ыг үзнэ үү).
-
Бидний сорилт бэрхшээл, зовлон зүдүүр бидэнд Их Эзэний хүчийг амьдралдаа эрэлхийлж, мэдрэх боломжийг олгодог (Мозая 21:15–16; 24:14-ийг үзнэ үү).
-
Их Эзэн Өөрийн хүмүүсийг зэмлэж, тэдний тэвчээр, итгэлийг сорьдог (Мозая 23:21-ийг үзнэ үү).
Олон хүн зэмлүүлж байгаагаа шийтгүүлж байна гэж боддог (Мозая 23:21-ийг үзнэ үү). Далын ахлагч Линн Ж.Роббинс тайлбарлахдаа, “Зэмлэх гэдэг үг нь латины castus буюу ‘ариун, цэвэр’ гэсэн үгнээс гаралтай бөгөөд chasten гэдэг нь ‘ариусгах’ гэсэн утгатай [Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11 дэх хэвлэл (2003), “chasten”-ийг үзнэ үү]” (“Зөв шударга шүүгч,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 90). Их Эзэн таныг сорилт бэрхшээл, зовлонгоор тань дамжуулж ариусгаж байгаа хэмээн цаг гарган тунгаан бод.
-
Эдгээр үнэнийг ойлгох нь таны сорилт бэрхшээлдээ үзүүлэх хариу үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Танд сорилт туулах боломжийг олгох Их Эзэний зорилгыг харахад ямар туршлага тусалсан бэ?
-
Танд тохиолдсон сорилтыг илүү сайн ойлгоход тань туслах юуг та өнөөдөр сурч мэдсэн бэ? Та өнөөдөр Тэнгэрлэг Эцэг рүү тэмүүлэхэд тань туслах юуг сурч мэдсэн бэ?