“Алма 9: Их Эзэний адислалыг санагтун,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 9,” Мормоны Номын багшийн гарын авлага
Aлмa 9
Их Эзэний адислалыг санагтун
Их Эзэн таныг хэрхэн адисалсан бэ? Тэрээр таныг эдгээр адислалыг хүлээн аваад юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ? Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүсийг наманчлахыг дуудахад хүмүүс тэдний сургаалаас татгалзав. Их Эзэн тэднийг үнэнийг заалгаагүй леменчүүдээс илүү зөв шударга байх болно гэж хүлээж байсан хэмээн Алма заасан. Тэрээр хүмүүст Их Эзэний адислалыг санахыг сануулсан. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний өгсөн адислалуудыг таньж мөн санахад нь туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэний танд өгч буй адислал
Судлах тэмдэглэл дээрээ Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс хүлээн авсан адислалуудынхаа жагсаалтыг гаргахад хэдэн минут зарцуул. (Та Христийн Сүмийн гишүүн учраас ирсэн адислалуудын талаар бодож үз.)
-
Эдгээр адислал, бэлгийг санах нь танд хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Та эдгээр адислалын талаар хэр их боддог вэ? Тэдэнд анхаарлаа илүү хандуулахын тулд хийж чадах зүйл байна уу?
Та өнөөдөр суралцаж байхдаа жагсаалтаа нэмэх боломжтой болно. Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн адислалыг таньж, амьдралынхаа туршид хэрхэн санаж болохыг мэдэхийн тулд Түүний удирдамжийг эрэлхийл.
Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст номлосон нь
Алма, Амюлек хоёрыг Аммонайхагийн хүмүүст Бурханы үгийг номлох үед хүмүүс хатуу зүрх сэтгэлтэй байсан.
Алмагийн Алма 9:8–11, 20–22 дахь тэдэнд хэлсэн үгийг уншаад, Их Эзэний тэр хүмүүсийн мартсан байсан адислалуудыг харуулсан үг, хэллэгийг олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
11-р шүлэг-т Алма Их Эзэний ямар шинж чанарыг онцолсон бэ? (Эдгээр үгийг судар дээрээ тэмдэглэх талаар бодож үз.)
Тэсвэр гэдэг нэр томьёо нь уурлах учир шалтгаан байгаа үед Их Эзэний тэсвэр, тэвчээрийг илэрхийлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.
Их Эзэн танд тэвчээрийг харуулсан арга замуудын талаар эргэцүүлэн тунгаан бод. Та эдгээр жишээг адислалынхаа жагсаалтад нэмж оруулахыг хүсэж болно.
Хожим нь Алма өөрийнх нь захиасыг ойлгоход бидэнд туслах Их Эзэний нэмэлт шинж чанаруудын талаар гэрчилсэн. Алма 9:26-г уншаад, эдгээр шинж чанарыг тэмдэглэ. Судрууд дахь тэгш байдал гэдэг үг нь “шударга” эсвэл “тэгш” гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.
Алма үргэлжлүүлэн номлохдоо Есүс Христ бол ач ивээл, тэгш байдал, үнэн, тэвчээр, нигүүлслээр дүүрэн, удаан тэсвэрлэдэг гэдгийг онцолсон. Алма яагаад Аммонайхагийн хүмүүсийг Аврагчийн эдгээр шинж чанарыг ойлгоосой гэж хүссэнийг тунгаан бод.
Хоёр хүнийг жишиж харьцуулах нь
Судрууд ихэвчлэн сайн мэдээний зарчмуудыг заах арга замаар санаа бодол, үйл явдал, хүмүүсийг харьцуулж буюу жишдэг. Эдгээр харьцуулалтыг эсвэл ялгаатай байдлыг хайх нь судраас суралцах хэрэгтэй ур чадвар байж болох юм. Алма өөр өөр нөхцөл байдалд байсан хоёр бүлэг хүмүүсийг буюу леменчүүд, Аммонайхагийн хүмүүсийг харьцуулсан. Судлах тэмдэглэлдээ дараах хүснэгтийг бөглө. Алма Аврагчийн зан чанарыг хэрхэн онцолсныг олж мэд.
Та хүмүүсийн талаар юу сурч мэдсэн бэ? |
Их Эзэн эдгээр хүнд нигүүлсэл, тэгш байдал, үнэн, тэвчээр, өршөөл, удаан тэсвэрлэх зэргийг хэрхэн харуулдаг вэ? | |
---|---|---|
Леменчүүд (Алма 9:14–17) | ||
Аммонайхагийн хүмүүс (Алма 9:20–25) |
-
Аммонайхагийн хүмүүст анхааруулж, гэрчлүүлэхээр Алма, Амюлек хоёрыг илгээсэн нь Их Эзэний нигүүлслийг хэрхэн харуулсан бэ?
-
Алма 9 дэх Алмагийн Бурханы тухай сургаалыг өнөө үед бид санах нь чухал гэж яагаад бодож байна вэ?
Их Эзэн танд юу өгсөн бэ?
Аммонайхагийн хүмүүс Их Эзэний тэдэнд өгсөн адислалуудыг хэчнээн хурдан мартсанд Алма гайхширсан (Алма 9:8–11-ийг үзнэ үү). Тэднийг наманчилж, Их Эзэнд буцаж эргэхэд нь туслахын тулд Алма хүлээн авсан олон адислалыг нь тэдэнд сануулсан (20–24-р шүлэг-ийг үзнэ үү).
-
Бид Их Эзэний бидний төлөө хийсэн зүйлийг мартдаг зарим шалтгаан юу вэ?
Дараах асуултуудыг уншихдаа Аммонайхагийн хүмүүсийн хүлээн авсан адислалуудын заримыг та хэрхэн хүлээн авсан тухайгаа тунгаан бод. Эдгээр адислалыг жагсаалтдаа нэмээрэй.
-
Их Эзэний “[та нарын] хүсэл, мөн итгэл, мөн залбирлуудын дагуу [та нарт] юу мэдүүлэгдсэн” бэ? (Алма 9:20).
-
Алма 9:21-д дурдсан Сүнсний бэлгүүд таныг хэрхэн адисалсан бэ?
-
Бурхан таныг сорилт бэрхшээлээс хэрхэн аварсан бэ? (Алма 9:22-ыг үзнэ үү.)
Их Эзэний танд өгсөн адислалуудыг санахад тань туслах ямар нэгэн зүйл хийхэд цаг гарга. Зарим санааг доор өгөв.
-
Хичээл дээр хийсэн жагсаалтынхаа зургийг авч, утсан дээрх арын зураг гэх мэт байнга харж болох газар байрлуул.
-
Мэдрэмжээ судлах тэмдэглэл дээрээ бичиж, адислалуудаа бичиж байх төлөвлөгөө гарга.
-
Календарь дээрээ сануулга тохируулж, таны төлөө Их Эзэний хийсэн зүйлийг байнга тунгаан бод.