Семинар
Алма 10–11: “Их Эзэний Сүнсний дагуу”


“Алма 10–11: “Их Эзэний Сүнсний дагуу’,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 10–11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 10–11

“Их Эзэний Сүнсний дагуу”

Зураг
Амюлек, Зиезром хоёр

Та хэн нэгэнд мэхлэгдэж байсан уу? Ямар санагдаж байснаа санаж байна уу? Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст гэрчилж байх үедээ өөрсдийг нь зогсоохыг оролдохын тулд хуурч мэхэлсэн хүмүүстэй тулгарав. Энэ хууран мэхлэлт Ариун Сүнсээр Алма, Амюлек хоёрт мэдүүлэгдсэн. Энэ хичээл танд үнэнийг мэдэж, дайсны далд хууран мэхлэлтийг таньж, Ариун Сүнсийг илүү хүлээн авахад тусалж чадна.

Суралцагчдад судрыг амьдралтайгаа холбоход нь туслах. Суралцагчид судраас уншсан зүйлээ нөхцөл байдалтай нь холбох үедээ сайн мэдээний сургаалыг сурч мэдэн, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болдог. Тэд мөн судрууд амьдралын асуудлуудад хариулт өгч, тэднийг чиглүүлдэг болохыг харах боломжтой болдог.

Суралцагчийн бэлтгэл: Сатан өөрсдийг нь мэхлэхийг оролдож болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хор хөнөөлөөс болгоомжил

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн АНУ-ын засгийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан найзынхаа дараах түүхийг хуваалцав. Хууран мэхлэхээс зайлсхийх талаар энэ туршлагаас та юу сурч мэдэж болохыг олж мэд.

Найз маань АНУ-д хууль бус хар тамхи тээвэрлэдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг шалгасан юм.

Нэг удаа тэрээр хамтрагчтайгаа хамт мансууруулах бодис зардаг хүн кокайн нийлүүлж байж болзошгүй нэгэн нийтийн байранд очжээ. Найз маань юу тохиолдсоныг өөрөө ийн өгүүлсэн юм:

“Бид мансууруулах бодис борлуулагчийн хаалгыг тогшлоо. Сэжигтэн үүдээ нээгээд, биднийг харангуутаа ард талынхаа зүйлсийг халхлахыг оролдов. Гэсэн ч бид түүний ширээн дээр мансууруулах бодис болох кокайн байгааг харчихсан байлаа.

Ширээний цаана сууж байсан хүүхэн, залуу хоёр ширээн дээрх кокайныг бушуухан хамж эхлэв. Тэд нотолгоог алга болгохоос сэргийлэхийн тулд би үүд халхлан зогссон сэжигтнийг бушуухан хажуу тийш нь түлхлээ. Түүнийг түлхэх үед бидний харц тулгарсан юм. Хачирхалтай нь, тэр ер уурласан эсвэл айсан шинжгүй байв. Тэрээр над руу хараад, инээмсэглэж байлаа.

Түүний харц бас гэмгүй инээмсэглэл нь түүнийг ямар ч гэм хоргүй хүн мэт надад санагдуулсан тул би түүнийг орхин, хурдан холдож, ширээ рүү очив. Сэжигтэн миний ард талд үлдлээ. Тэр даруй надад “хуурамч инээмсэглэлийн цаадах чөтгөрөөс болгоомжил” гэсэн бодол маш хүчтэй төрөв.

Би сэжигтэн рүү тэр даруй эргэн харлаа. Тэрээр гараа өмднийхөө халаасанд шургуулсан байв. Би түүний гарыг бушуухан халааснаас нь сугалж гаргав. Тэгэхэд л би түүний халаасанд хагас автомат гар буу галлахад бэлэн байсныг харж билээ. Сандарч үймсэн үйлдлүүдийн дараа би түүний зэвсгийг хураасан юм. (Neil L. Andersen, “Beware of the Evil behind the Smiling Eyes,” Liahona, May 2005, 46)

  • Ахлагч Андэрсэны хуваалцсан туршлагаас юу танд онцгой санагдсан вэ?

  • Өнөөдөр Сатан биднийг хуурч мэхлэх ямар ямар арга байна вэ?

Суралцагчдын хариултыг самбарт бичиж болно.

Та өнөөдөр судалж байхдаа, сүнслэг байдлын хувьд танд хор хөнөөл учруулж болзошгүй зүйлээс зайлсхийхийн тулд хууран мэхлэхийг таньж мэдэх арга замуудыг эрэлхийл.

Хууран мэхлэлтээс анхааруулсан нь

Доорх тоймын оронд суралцагчид дараах асуултад хариулах урилгатай хамт Алма 10:15–17; 11:21–25; 12:2–7-г өгч болно: Ямар заль мэх ашигласан бэ? Үүнийг хэрхэн илчилсэн бэ?

Амюлекийг Аммонайхагийн хүмүүст өөрийгөө Бурханаар дуудагдсан гэж гэрчлэх үед зарим хүн гайхаж байв (Алма 10:12-ыг үзнэ үү). Тэрээр өөрийн хүмүүсийн дунд “нэр хүндээр багагүй нэгэн” (Алма 10:4) байсан бөгөөд Алматай нэгдэн тэдний эсрэг гэрчилсэн. Зарим чадварлаг хуульч Алма, Амюлек хоёрыг хууран мэхэлж, мөнгө олохыг хүссэн (Алма 10:13; 11:20-ийг үзнэ үү).

Алма 10:15–17-г уншаад, Амюлек эдгээр хуульчид хэрхэн хариулсныг олж мэд.

  • Хууран мэхлэлтийн ямар арга зам “хавх хийгээд занга” шиг байдаг вэ? (Алма 10:17).

Та үргэлжлүүлэн судлахдаа, Амюлек хуульчдын бодол санаа ба урхи занганд хэрхэн хандсаныг олж мэд.

Хуульчдын нэг болох Зиезром “чөтгөрийн аргуудад мэргэжсэн” хүн байсан (Алма 11:21) бөгөөд урхи тавьсан байв.

Алма 11:21–25-ыг уншаад, Зиезром Бурханы оршихуйг үгүйсгэхийн тулд Амюлекийг хэрхэн хууран мэхэлж, уруу татахыг оролдсоныг олж мэд. “Зургаан мөнгөн онтай” нь (Алма 11:22) хуульчийн зургаан долоо хоногийн төлбөр гэдгийг мэдэх нь тус болж магадгүй (Алма 11:3, 11–13-ыг үзнэ үү).

Зиезром Амюлекэд юу санал болгосон талаар илүү сайн ойлгохын тулд суралцагчид улсад нь хуульч хүн зургаан долоо хоногт хэдийг олдог болохыг мэдэхийг хүсэж болох юм.

  • Амюлекийн хариунаас та юу олж мэдсэн бэ?

Амюлек Бурханыг үгүйсгэсэн байсан ч Зиезром түүнд мөнгө өгөхийг бодоогүй; тэр зөвхөн үүнийг Амюлекийн нэр хүндийг гутааж, “устгах” шалтаг болгосон (Алма 11:25).

Алма дараа нь Зиезромд Алма, Амюлек хоёр түүний заль мэх, урхийг хэрхэн харж болохыг тайлбарлав. Алма 12:2–7-г уншаад, хариултыг ол.

Суралцагчдыг олж тогтоосон зүйлсээ хуваалцах үед дараах зарчмыг самбар дээр бич. Суралцагчдад хариулахад хэцүү байвал тэднийг Алма 12:3-ыг дахин уншихад урь.

Бидний сурч мэдэх ёстой нэг үнэн бол Бурхан Ариун Сүнсээр дамжуулан Сатаны заль мэхийг таньж мэдэхэд бидэнд тусалдаг хэмээх үнэн юм.

  • Ахлагч Андэрсэны түүх хэрхэн энэ зарчмын жишээ болсон бэ?

    Доорх асуултыг асуухын оронд, ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарилж, Ариун Сүнс хэрхэн харилцдагийг олж мэд. Доорх хаалтад байгаа эх сурвалжуудыг судалж, олж мэдсэн зүйлээ тайлагнахад тэднийг урь. Тэднийг хуваалцах үед “Энэ мэдээллийг мэдэх нь хууран мэхлэлттэй тулгарах үед бидэнд хэрхэн туслах вэ?” гэж асуу.

  • Ариун Сүнс бидэнтэй харилцах ямар ямар арга зам байдаг вэ? (Хэрэгтэй бол Сургаал ба Гэрээ 8:2–3; 9:7–9; 11:12-ыг унш Судруудын удирдамжаас “Ариун Сүнс”-ийг судал.)

  • Бидний хийсэн сонголтууд Ариун Сүнсээр удирдуулах чадварт маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Алма 11:22 дээр Амюлекийн, Сүнсийг дагах шийдэмгий байдлыг харуулсан бүх эшлэлийг тэмдэглэ. Энэ сонголт түүнд хэрхэн тусалсан тухай тунгаан бод.

Үнэнийг мэдсэнээр хууран мэхлэлтээс зайлах нь

Сатаны биднийг мэхлэхийг оролддог нэг арга бол Есүс Христийн талаарх бидний ойлголтыг төөрөгдүүлэх явдал юм.

Дараах шүлгийг ангиараа уншихын оронд хоёр суралцагчийг ангийн өмнө гарч Амюлек, Зиезром хоёрын яриаг уншихад урь. Текстийг хэвлэж, хоёр хэсгийг тодруулж, “ба тэр хариулав” (Алма 11:29) гэх мэт өгүүлбэрүүдийг хас.

Алма 11:26–37, 40–41-ийг уншаад, Есүс Христийн тухай Зиезромын худал сургаалыг болон Амюлекийн хэрхэн хариулсныг олж мэд.

Эдгээр шүлгийг ойлгоход тань туслах дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зур. Сургаал болгоны доор сургаал бүрд хүргэж болох хандлага, санаа, зан үйлийг бич.

Самбарт дараах хүснэгтийг зур. Суралцагчдыг хариулж байхад тохирох гарчгийн доор өөрсдийн бодлыг бич.

Хуурамч сургаал: Есүс Христ биднийг наманчлалгүйгээр “нүглүүдтэй” маань аврах болно (Алма 11:34).

Үнэн сургаал: Есүс Христэд чин сэтгэлээсээ хандаж, наманчлах үед Тэрээр биднийг нүглээс маань аврах болно.

  • Есүс Христ биднийг нүглээс маань аварч чадна, гэхдээ бидний нүгэлд биш гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Амюлекийн Зиезромд хариулсан хариултаас та юу сурч мэдсэн бэ?

Суралцагчид хичээлийн эхэнд самбар дээр бичсэн заль мэхийг дараах үйл ажиллагаанд ашиглаж болно.

Сатан өнөө үед өсвөр насныхныг мэхлэх гэж оролдож болох хамгийн багадаа гурван бодит арга замыг жагсаан бич. Бурханы тухай хуурамч итгэл үнэмшил, эд баялаг, эрх мэдлийн амлалт, Бурханы талаарх бидний гэрчлэлд халдсан гэх мэт Амюлекийн тулгарсан хууран мэхлэлтүүдийг та оруулж болно. Бусад байж болох хууран мэхлэлт нь сайн зүйлийг муу эсвэл эсрэгээр харагдуулах (Исаиа 5:20-ийг үзнэ үү) ба зөв буруу гэж байдаггүй гэсэн худал хуурмаг явдал юм (2 Нифай 28:22-ыг үзнэ үү).

Сатан биднийг мэхлэх гэж оролдож болох арга зам бүрийн хажууд уг сорилтыг даван туулахын тулд Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас тусламж гуйх ядаж нэг арга замыг бич. Тусалж чадах Ариун Сүнсний талаар мэддэг тодорхой зүйлсээ бич.

Хууран мэхлэлтийг эсэргүүцэхийн тулд Ариун Сүнсийг урихад суралцагчдыг урамшуулан дэмж. Ариун Сүнсний үүрэг болон тэдний амьдралд Түүний байж болох адислалуудын талаар гэрчил.

Хэвлэх