Семинар
Алма 53: Гэрээгээ сахих нь


“Алма 53: Гэрээгээ сахих нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 53,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 53

Гэрээгээ сахих нь

Аммоны хүмүүс зэр зэвсгээ булж байгаа нь

Бид бүгд Бурхантай хийсэн гэрээгээ зөрчихөд уруу татдаг сорилттой тулгардаг. Аммоны хүмүүс бидэнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан ч гэрээгээ сахих хүчирхэг жишээг өгсөн. Энэ хичээл Бурхантай хийсэн гэрээгээ сахих шийдвэртээ бат зогсоход туслах зорилготой.

Суралцагчдыг гэрээгээ сахигчид болоход зааж сурга. Гэрээ байгуулж, түүнийг сахих нь бидний Есүс Христтэй адил болох амлалтаа харуулах нэг арга зам юм. Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, үнэнчээр сахиснаар хүлээн авч болох тэнгэрлэг хүч, нигүүлсэл, нөлөөг таньж мэдэхэд нь тусал.

Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамж эсвэл Библийн толь бичиг-ээс гэрээ гэсэн үгийг хайж, Бурхантай байгуулсан гэрээгээ сахих нь бидэнд яагаад чухал болохыг хуваалцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрээний зам

Дараах зургийг харуул эсвэл ижил зүйлийг самбар дээр зур. Та суралцагчдыг судлах тэмдэглэлдээ зам зурахад урихын оронд тэдэнд зургийн хуулбарыг өгөхийг сонгож болно.

Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очихын тулд бидний амьдралыг болон хийх ёстой чухал гэрээнүүдийг бэлгэдэн дараах зураг дээрх шиг замыг судлах тэмдэглэл дээрээ зур. Та дугуй дүрс зурахын оронд зураг бүрийг төлөөлж буй гэрээг бичиж болно. Жишээлбэл: Дөрөв дэх зургийг зурахын оронд (доод талаас нь тоолж) зам дагуу “ариун сүмийн хишиг” гэж бичиж болно.

Гэрээний зам

Хувийн гэрээний замынхаа яг хаана байгаагаа харуулсан тэмдэглэгээ (эсвэл өөрийгөө төлөөлж буй дүрс зур) хий.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хайртай бөгөөд Тэдэн рүү буцаж очиход хөтлөх гэрээний зам дээрээ үлдэх хүчин чармайлтад тань туслах болно. Тэдэнтэй аль хэдийн байгуулсан гэрээнүүдээ болон эдгээр гэрээгээ сахин биелүүлэхийг хичээж буй арга замаа эргэн санахад хэсэг хором зарцуул. (Хэрэв баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээнүүдээ эргэн харж, ариун ёслолоор дамжуулан шинэчлэх нь тус болохоор байвал Moзая 18:8–10, Моронай 4:3-ыг унш.)

Шинээр дуудагдсан бошиглогчийн хувьд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон анхны хэвлэлийн бага хурлынхаа нэг хэсэг болгон дараах зүйлийг заажээ.

Одоо би Сүмийн гишүүн бүрд гэрээний зам дээрээ үлд хэмээн хэлмээр байна. Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно. (Russell M. Nelson, “As We Go Forward Together,” Ensign, Apr. 2018, 7)

  • “Гэрээний замаа сахих” гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэрээний замаар явдаг хүмүүст ямар адислал өгөх вэ?

Та замынхаа зургийн төгсгөлд “мөнхийн амьдрал”, “Бурхантай адил болох”, “үүрдийн гэр бүлүүд” гэх зэргийг бичиж болох юм.

1-ээс 5 хүртэлх оноогоор (1 нь шийдэмгий биш, 5 нь хатуу шийдэмгий эсвэл шийдэмгий байх) дараах асуултын хариултыг тунгаан бод.

  • Та Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахихад хэр шийдэмгий байна вэ? Яагаад?

  • Та өмнөө байгаа гэрээг Түүнтэй байгуулахдаа хэр шийдэмгий байна вэ? Яагаад?

Та өнөөдөр суралцаж байхдаа Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн ойлгож, Түүнтэй гэрээ байгуулж, сахих хүсэлтэй байхын тулд Түүнээс тусламж хүс.

Аммоны хүмүүс

Аммоны хүмүүс зэр зэвсгээ булж байгаа нь

Аммоны хүмүүсийн зэр зэвсгээ булж буйг харуулсан зургийг үзүүл.

Алма 24-т Аммоны хүмүүс гэгддэг наманчилсан леменчүүдийн бүлэг Аврагчаар цэвэршүүлэгдсэнийхээ дараа өмнөх нүгэлдээ эргэн орохоос өөрсдийгөө сэргийлэхийн тулд Бурхантай өвөрмөц гэрээ хийсэн.

Тэдний гэрээ (тангараг)-г харахын тулд Алма 53:10–12-ыг унш.

  • 11-р шүлэг-ээс үзэхэд тэд гэрээгээ сахихын тулд юуг сайн дураараа хийх хүсэлтэй байсан бэ?

Хожим нь леменчүүдийн хүчирхэг арми нифайчууд руу довтлоход ахмад Моронай ба түүний цэргүүд аймшигт дайнд хүчээр оров. Алма 53:13 болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг уншаад, Аммоны хүмүүст тулгарсан хүнд хэцүү шийдвэрийг олж мэд.

Тэр үе Аммоны хүмүүсийн сүнслэг амьдралынх нь тун эгзэгтэй цаг үе байлаа. Тэд зэр зэвсгээ хэзээ ч дахин барихгүй хэмээх гэрээндээ үнэнч хэвээр байсан бөгөөд эцгүүд нь гэр бүлээ хамгаалах үүрэгтэйгээ ч ойлгож байв. Тэрхүү үүрэг нь тэдний хувьд гэрээгээ зөрчихгүй байх хангалттай шалтгаан болсон ажээ. (Ричард Г.Скотт, “Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих нь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93)

Гэрээний замыг зурсан зургаа ашигла. Өөрийнхөө одоогийн байгаа зам, Аврагчийн таныг байгуулаасай хэмээн урьж буй цаашид байгуулах гэрээнүүдийн хооронд өсвөр насныхныг аль хэдийн байгуулсан гэрээнүүдээ зөрчихөд уруу татаж, ирээдүйн гэрээнүүд, тэр дундаа ариун сүмийн гэрээ хийхэд сатааруулж болох нөхцөл байдлыг жагсаан бич.

Нөхцөл байдлын жагсаалтыг гаргахад эсвэл самбар дээрх зам дээр бодсон саад бэрхшээлээ сайн дураараа зурахад тэднийг урь.

Үргэлжлүүлэн судлах үедээ Аврагч таныг хаана байгаагаас мөн одоо тулгарч буй сорилт бэрхшээлээс үл хамааран урагшлахад тань хэрхэн тусалж чадах талаар эргэцүүлэн бод.

Бошиглогч Хиламаны зөвлөгөө

Алма 53:14–15; 56:7–8-ыг уншаад, бошиглогч Хиламаны Аммоны хүмүүст өгсөн зөвлөгөөг олж мэд. (Алма 56 бол Хиламаны ахмад Моронайд нөхцөл байдлыг тайлбарлан бичсэн захидал юм.)

  • Та Бурханы гэрээний талаар олж мэдсэн зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Та бид Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй байгуулсан гэрээгээ сахихаар сонгосон үед Тэд бидэнд тусалж, хүчирхэгжүүлдэг, хэрэв бид Тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчихийг сонговол бидэнд бэлдсэн адислалуудыг алдах болно гэсэн үнэнийг сурч мэдсэн байх.

Ахлагч Скотт Бурхан Аммоны хүмүүсийг гэрээгээ сахисных нь төлөө хэрхэн адисалсан тухай ийн тайлбарласан.

Нүглээ мартана гэсэн даруухан бөгөөд насан туршдаа дагах амлалт нь тэднийг тулалдааны талбарт байлдсанаас илүүгээр гэр бүлийг нь хамгаалсан юм. Хүлцэнгүй байдал нь тэднийг адислалаар дутаагаагүй бөгөөд тэднийг хүчирхэгжүүлж, ирээдүй хойч олон үеийнхнийг нь адисалсан билээ. (Ричард Г.Скотт, “Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих нь,” 2013 оны Ерөнхий чуулган, 95)

Суралцагчдыг дараах асуултуудад хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ сайн бодож хариулахад урь. Дараа нь бүлэг бүрийг самбар дээр гэрээний замын хажууд хариулт бичихэд урь.

  • Их Эзэн таныг гэрээнүүдээ сахихыг хичээх үед хүчирхэгжүүлж, адисалж болох ямар ямар арга зам байдаг вэ?

  • Гэрээнүүдээ сахих нь Их Эзэнтэй харилцах харилцааг тань хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Хоёр мянган залуу эр гэрээ байгуулав

Гэрээ хийсэн Аммоны хүмүүс зэр зэвсгээ бүү ав гэсэн Хиламаны зөвлөгөөг дагасан. Их Эзэний тэднийг адисалсан нэг арга зам бол хөвгүүд нь өөрсдөө гэрээ байгуулж, сахих сонголт байсан юм. Дараагийн бүлгүүдээс бид Бурхан гэрээ сахидаг энэ залуу эрчүүдийг гэр бүлийг нь болон нифайчуудыг хамгаалахын тулд гайхамшигт арга замаар ашигласан гэдгийг олж мэднэ.

Алма 53:16–22-ыг унш. Эдгээр залуу эрд гэрээгээ сахихад нь тусалсан зан авир, тодорхойлолтыг тэмдэглэ. (Сэргэг байдал гэдэг үг нь тайван, нухацтай, бодолтой байхыг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.)

  • Өнөөгийн өсвөр үеийнхэнд гэрээнүүдээ сахихад нь туслах ямар зан авирыг та эдгээр залуу эрээс анзаарсан бэ?

  • Гэрээгээ сахих тэдний эцэг эхийн тууштай байдал нь эдгээр залуу эрд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

  • Гэрээг сахихын тулд танд гайхалтай үлгэр жишээ үзүүлсэн хэнийг та мэдэх вэ?

Таны гэрээний зам

Тэнгэрлэг Эцэг рүү болон Есүс Христ рүү буцах замдаа үлдэх шийдвэрийг тань нэмэгдүүлж болох өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ судлах тэмдэглэлдээ тэмдэглэ. Гэрээний замд тулгардаг аливаа уруу таталт, анхаарал сарниулах зүйлсийг даван туулахад таны шийдэмгий байдал, Их Эзэнд итгэх итгэл хэрхэн тусалж болох талаар оруулж болно.

Өөртэй нь гэрээ байгуулж, сахин биелүүлсний тань төлөө Бурхан таныг хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.