“Алма 59–61: Гомдохгүй байхыг сонгох,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 59–61,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 59–61
Гомдохгүй байхыг сонгох
Та хэн нэгний үйлдлийг буруугаар ойлгож байсан уу? Бусад хүн алдаа гарган, таныг гомдоож байсан уу? Нифайчуудын ерөнхий шүүгч Пахоран ийм сорилттой тулгарч, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгох ёстой болов. Энэ хичээл танд бусдын алдаанд илүү их хайр, тэвчээрээр хариу үйлдэл үзүүлэхдээ Есүс Христтэй илүү адил болоход сүнслэгээр нөлөөлж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хэзээ гомдох уруу таталтад орж байсан бэ?
Заримдаа бид гомдохоор уруу татагдаж болох юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гишүүдийн өөрт нь хэлсэн тэдний гомдсон зарим шалтгааныг жагсааж бичжээ.
“Ням гаргийн ангийн нэгэн залуу намайг гомдоох зүйл хэлсэн. …”
“Энэ салбарын хэн ч надтай мэндэлж бас холбоо тогтоодоггүй байсан. Би өөрийгөө гаднын хүн мэт мэдэрсэн. …”
“Би бишопын надад өгсөн зөвлөгөөтэй санал нийлээгүй. …”
Насанд хүрэгчдийн дундах сургаалын ялгаанаас авхуулаад өсвөр үеийнхний тохуурхах, дооглох, гадуурхах зэрэг гомдоох өөр олон шалтгааныг дурдсан. (David A. Bednar, “And Nothing Shall Offend Them,” Liahona, Nov. 2006, 89)
-
Гомдох уруу таталтад орж болох ямар ямар шалтгаан байж болох вэ?
-
Гомдох нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Та хэзээ гомдох уруу таталтад орж байсан бэ? Та хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? Яагаад?
-
Таны мэдрэмж мөн үйлдэл бусадтай эсвэл Их Эзэнтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
Үргэлжлүүлэн судалж байхдаа эдгээр нөхцөл байдалд тусалж болох үнэнийг болон ойлголт олохын тулд сүнслэг нөлөөг эрэлхийл.
Моронайгийн захидал
Хиламаны их цэрэг леменчүүдийн үлэмж их цэргүүдээс нифайчуудыг хамгаалахад хүн, хангамж дутмаг байгааг олж мэдсэнийхээ дараа ахмад Моронай нифайчуудын ерөнхий шүүгч болох Пахоран руу захидал илгээв. Моронай Хиламаны цэргүүдэд туслах цэргүүдийг нэмж илгээхийг Пахоранаас хүсэв. Ямар ч тусламж ирээгүй тул Хиламаны цэргүүд зовж шаналсан хэвээр байв. Энэ үед Моронайн туслах цэргүүд авна гэж найдаж байсан өөр хот болох Нифайхаг леменчүүдийн цэргүүд эзлэн авч байв (Алма 59:9-ийг үзнэ үү).
Моронайд цэргүүддээ засгийн газраас авах шаардлагатай дэмжлэггүйгээр нифайчуудыг хамгаалахаар тэмцэж байхад нь ямар мэдрэмж төрж байсныг төсөөлөх гээд үз.
Моронай уурлаж, Пахоран руу ахин захидал бичив. Моронайн захидлын хэсгийг харахын тулд Алма 60:5–11, 30-ийг унш.
-
Та Моронайн захидлаас Пахораныг гомдоож болох юуг олж харсан бэ?
Пахораны сонголт
Бүлэг ёс бус нифайчууд леменчүүдтэй холбоотон болж, Пахораны эсрэг бослого гаргахад тэрээр амиа аврахын тулд зугтахад хүрснийг Моронай мэдээгүй байв. Эсэргүүцэгчид Зарахемлагийн нийслэл хотыг хяналтдаа авав. Пахоран бол Зарахемлаг эргүүлэн авахын тулд хүч цуглуулахаар оролдож байсан зөв шударга хүн байв (Алма 61:1–8-ыг үзнэ үү).
-
Хэрвээ та Пахораны оронд байсан бол танд Моронайн захидалд ямар хариу үйлдэл үзүүлэх хүсэл төрөх байсан бэ?
-
Пахораны хариу үйлдэл нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн бэ?
Моронайд өгсөн Пахораны хариулт Алма 61-д бий. Алма 61:9, 17–21-ийг уншаад,, түүний хэрхэн хариулсныг хар.
-
Пахораны хариултын юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
-
Та Пахоранаас Есүс Христийг санагдуулсан ямар зан чанарыг олж харсан бэ?
Ахлагч Дэвид А.Бэднар энэхүү цэдгээс сурч мэдэж болох чухал нэг үнэнийг хуваалцсан. (Та энэ мэдэгдлийн хэсгийг судартаа Алма 61:9-ийн хажууд бичих хэрэгтэй.)
Гомдох гэдэг бол бидний хийдэг сонголт; энэ бол хэн нэгнээс эсвэл ямар нэг зүйлээс бидэнд тулгаж эсвэл оноож буй нөхцөл байдал биш. …
… Ямар нэг зүйл, үйл явдал эсвэл ямар нэг үг хэллэг нь гомдохоор байсан ч та бид гомдохгүй байхаар сонгож, Пахоран шиг ‘энэ нь хамаагүй’ хэмээн хэлж чадна.” (David A. Bednar, “And Nothing Shall Offend Them,” Liahona, Nov. 2006, 90–91)
-
Та нар дараах үнэнийг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ? Бид бусдын үг, үйлдэлд гомдохгүй байхыг сонгож чадна.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад биднийг энэ үнэнийг ойлгохыг хүсдэг гэж та нар бодож байна вэ?
Есүс Христийн жишээ ба сургаал
Аврагч бол энэ үнэний төгс жишээ юм.
-
3 Нифай 11:29–30, Матай 5:43–48 дахь Есүс Христийн сургаалыг унш. Та Түүний сургаалаас юу олж мэдсэн бэ?
-
Аврагчийн бусдын алдаа, дутагдалд тэвчээр, хайраар дүүрэн хариу үйлдэл үзүүлсэн нэг жишээг бод. Аврагч тэвчээртэй мөн хайраар дүүрэн бөгөөд амархан гомддоггүй гэдгийг мэдэх нь та нарын хувьд яагаад чухал вэ?
-
Хэрэв хэн нэгэн танд эсвэл таны хайртай нэгэнд гомдоох зүйл хэлсэн эсвэл хийсэн нөхцөлд Пахоран, Аврагч хоёрын жишээ танд хэрхэн тусалж чадах вэ?
Их Эзэний тусламж
Аврагчийн гомдохгүй байх жишээг дагах нь хэцүү байж болох юм. Бид гомдох мэдрэмжийг даван туулах хангалттай хүчтэй мэт санагдахгүй байх үед бидэнд үзүүлэх тусламжийн талаар ахлагч Бэднар ийн тайлбарласан.
Та бид Есүс Христийн Цагаатгалын хүч чадал өгөгч хүчээр дамжуулан гомдохоос зайлсхийж, гомдлыг ялан дийлэхээр адислагдаж чадна. …
Гомдлыг ялан дийлэх чадвар нь хүрэх боломжгүй мэт санагдаж болох юм. … Гэтэлгэгчийн Цагаатгалын үнэн мөн чанар болоод сэргээгдсэн Сүмийн зорилго нь ийм төрлийн сүнслэг хүчийг хүлээн авахад бидэнд туслах зорилготой. (David A. Bednar, “And Nothing Shall Offend Them,” Liahona, Nov. 2006, 90–91)
-
Та ахлагч Бэднарын сэтгэгдлээс юу сурч мэдсэн бэ?
-
Хэн нэгэн гомдохоор уруу татагдах үедээ Аврагчаас тусламж эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?
Ирээдүйн өөртөө захидал бичихэд цөөн минутыг зарцуул. Хэн нэгэн танд гомдоох эсвэл доромжилсон зүйл хэлсэн эсвэл хийсэн үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тал дээр та өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Ийм нөхцөлд хэрэгжүүлж болох Аврагч, Пахоран хоёроос сурч мэдсэн зүйлээ оруул. Та Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлэх байснаа мөн оруул.