Семинар
Хиламан 8: Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг


“Хиламан 8: Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 8,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 8

Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг

Есүс Христ

Маш олон дуу хоолой биднийг маш олон чиглэл рүү хөтөлдөг энэ ертөнцөд Бурхан Өөр лүү нь биднийг удирдан залах бошиглогчдыг бидэнд өгсөн. Ёс бус нифайчууд яагаад өөрсдийнх нь талаар ийм хатуу үг хэлснийг Нифайгаас асуухад тэрбээр Аврагчийг зоригтой гэрчлэв. Энэ хичээл бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг гэдгийг ойлгож, бошиглогчдын гэрчлэлийн үнэнийг мэдрэхэд тань тусална.

Бошиглогчид Есүс Христийг хэрхэн гэрчилдгийг онцол. Бошиглогчдын гол үүрэг бол Есүс Христийг гэрчлэх явдал юм (Судруудын удирдамжийг үзнэ үү, “Бошиглогч,” scriptures.ChurchofJesusChrist.org). Аврагчийн бурханлаг зан чанар, амьдрал, номлолыг гэрчилдэг судрын хэсгүүд, бусад бошиглолын сургаалыг онцлон тэмдэглэ. Суралцагчдыг бошиглолын гэрчлэлүүд нь Есүс Христийн талаарх өөрсдийнх нь ойлголтод мөн Түүнд талархахад хэрхэн нөлөөлдөг талаар бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг саяхан болсон ерөнхий чуулган дээр Есүс Христийг гэрчилж буй бошиглогч, төлөөлөгчдийн нэг эсвэл хэд хэдэн жишээг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрчийн гэрчлэл

Газрын самар, хушга эсвэл бусад төрлийн самар гэх мэт ямар нэг гаднаа ястай самар авчир. Үүнийг гартаа эсвэл уутанд хийж нуу. Суралцагчдад өөрт тань хүний ​​нүд хэзээ ч харж байгаагүй, хүний ​​гараар хүрч ч байгаагүй зүйл (яс доторх самар) байгаа гэж хэл. Нэг суралцагчийг гарч ирээд харахад урь. Дараа нь тэр суралцагчаар таныг үнэн хэлж байгаа эсэхийг ангийнханд хэлүүл. Суралцагчдаас тэд танд итгэж байгаа эсэх, хэрэв итгэж байвал яагаад итгэж байгаа, үгүй ​​бол мөн яагаад гэдгийг нь асуу. Суралцагчид танд итгэх эсэхийг ангиараа ярилцсаны дараа тэдэнд самраа үзүүл.

Итгэхэд бэрх зүйл сонссон үеэ бод. Жишээ нь хэн нэгэн боломжгүй мэт санагдах зүйлд хүрсэн эсвэл санваарын хүчээр гайхамшигтай эдгэрсэн талаар та сонсож байсан байх. Тэдгээр зүйлд итгэхэд танд юу хэрэгтэй байсан бэ? Энэ тухай гэрчээс сонсох нь таны итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлөх вэ?

Ихэнх хүмүүс Есүс Христийг хараагүй ч маш олон хүн Түүнд итгэдэг.

  • Хүмүүс Есүс Христэд итгэдэг зарим шалтгаан юу вэ?

  • Таныг Аврагчид итгэхэд бошиглогчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Эртний бошиглогчдын гэрчлэл

Хиламан 7–10-ын хичээл дээр бошиглогч Нифайн тохинууллын талаар ярилцсан. Энэ хичээл суралцагчдад Хиламан 8 дахь Есүс Христийг гэрчлэх бошиглогчдын хариуцлагын талаарх Нифайн сургаал дээр төвлөрөхөд тусална. Суралцагчдад Хиламан 8 дахь Нифайн сургаалын агуулгыг давтахад нь туслахын тулд дараах мэдээллийг нэгтгэн дүгнэ.

Та бүхэн бошиглогч Нифай ёс бус нифайчуудад хэрэв тэд наманчлахгүй бол устгагдах болно гэж бошиглосныг санаж байгаа байх (Хиламан 7:22–29-ийг үзнэ үү). Нифайчуудын олонх нь өөрсдийнхөө ёс бус байдлын эсрэг үг хэлсний төлөө Нифайд уурссан (Хиламан 8:1–7-г үзнэ үү). Нифай тэр хүмүүсийг зэмлэж, тэд зөвхөн түүний үгсийг төдийгүй өмнөх бошиглогчдын, тэр дундаа Есүс Христийг гэрчилсэн Мосегийн үгсийг үгүйсгэж байна хэмээв (Хиламан 8:10–13-ыг үзнэ үү).

Хиламан 8:13–23-ыг уншаад, Мосе, бусад өнгөрсөн үеийн бошиглогчдын талаар Нифай юу хуваалцсаныг олж мэд. Та Нифайн тодорхойлсон бошиглогчдын нэрсийг тэмдэглэж авахыг хүсэж болох юм.

  • Эдгээр бүх бошиглогчид ямар нийтлэг зүйл байна вэ?

Бидний эдгээр шүлгээс сурч мэдэж болох нэг үнэн бол бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн хэлсэн:

Их Эзэний бошиглогчийн хамгийн чухал үүрэг нь Аврагчийн тухай зааж, биднийг Түүн рүү хөтлөх явдал юм. …

Бошиглогч Аврагч болон бидний хооронд зогсдоггүй. Харин тэр бидний хажууд зогсон, Аврагч руу очих замыг заадаг. Бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлага, бидэнд өгдөг хамгийн үнэ цэнтэй бэлэг нь Есүс бол Христ гэсэн түүний баттай гэрч, тодорхой мэдлэг юм. (Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын ерөнхий чуулган)

  • Та яагаад бошиглогчийн бидэнд өгсөн хамгийн том бэлэг нь Есүс Христийг гэрчлэх явдал гэж бодож байна вэ?

Есүс Христийг гэрчилж буй бошиглогчдын жишээ

Есүс Христийн талаарх бошиглогчдын зарим гэрчлэлийг судлахад цаг гарга. Таныг тэдний гэрчлэлийг судлах үед Ариун Сүнс тэдний үгс үнэн болохыг таны зүрх сэтгэл, оюун санаанд гэрчлэх болно.

Суралцагчдыг дараах үйл ажиллагааны аль нэгийг эсвэл хоёуланг нь гүйцэтгэхэд урь эсвэл та суралцагчдад аль үйл ажиллагааг явуулахыг сонгохыг зөвшөөрч болох юм. Эсвэл та суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд гүйцэтгэх үйл ажиллагааны аль нэгийг оноож болно. Дараа нь бүлэг тус бүрийн гишүүд судалсан гэрчлэлийнхээ юу нь тэдэнд нь онцгой санагдсаныг хуваалцаж болно.

А хувилбар: Эртний бошиглогчид Есүс Христийг гэрчилсэн нь

Хиламан 8:13–23-т дурдсан дараах бошиглогч бүрийн нэр, дагалдах шүлгүүд, бошиглогч бүрийн зургийг (боломжтой бол) өрөөний эргэн тойронд байрлуул. Суралцагчид хэд хэдэн гэрчлэлийг судалсныхаа дараа судлах явцад өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ бичиж, ангийнхандаа хуваалцаж болно.

Нифайн дурдсан бошиглогчдын дараах гэрчлэлүүдээс гурваас доошгүйг унш. Эдгээр гэрчлэл танд Есүс Христийн талаар юу зааж байгаа талаар жагсаалт гарга.

Мосе: Гэтлэл 15:2; Дэд Хууль 18:15 (мөн 3 Нифай 20:23–24-ийг үзнэ үү)

Абрахам: Абрахам 3:22–24; Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 15:12–31 (Библийн хавсралт)

Исаиа: Исаиа 7:14; 9:6; 53:3–5

Иеремиа: Иеремиа 33:14–16; 50:34

Лихай: 1 Нифай 1:14–15; 2 Нифай 2:6–8

Лихайн хүү болох Нифай: 1 Нифай 19:9–11; 2 Нифай 25:19, 23–26

Өөрийн гаргасан жагсаалтыг хяна. Судлах явцдаа Аврагчийн талаарх ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ бичиж тэмдэглэж ав. Хэрэв бошиглогчид Есүс Христийн талаар эдгээр зүйлийг бидэнд заагаагүй бол таны амьдрал хэрхэн өөр байж болохыг тайлбарласан хэдэн өгүүлбэр бич.

Хэрэв та энэ сонголтыг сонгосон бол бичсэн зүйлээ илгээнэ үү.

Б хувилбар: Хожмын үеийн бошиглогчид Есүс Христийг гэрчлэх нь

Суралцагчдад энэ сонголтыг хийхэд нь туслахын тулд Лиахона сэтгүүлийн ерөнхий чуулганы хэд хэдэн хэвлэл зэрэг эх сурвалжуудыг өг.

Шаардлагатай бол “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт эш татсан бошиглогчдын зарим гэрчлэлийг хуваалц.

Есүс Христийг гэрчилж буй хожмын үеийн бошиглогчдын эсвэл төлөөлөгчдийн хоёр ба түүнээс дээш жишээг ол. Тэдгээр нь саяхан болсон ерөнхий чуулган эсвэл Сүмийн түүхээс байж болно. Хайлтдаа ChurchofJesusChrist.org вебсайтыг эсвэл Сайн мэдээний номын сан аппликэйшныг ашигла. Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс “The Living Christ: The Testimony of the Apostles”-ийг уншиж эсвэл сонсож болно.

Суралцагчдыг үйл ажиллагаагаа дуусгах үед Есүс Христийг гэрчилж буй бошиглогчдын жишээг хуваалцахад урь. Олон суралцагчид хуваалцах боломж олгохоо мартуузай. “Бошиглогчдын гэрчлэлүүдийн аль нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? Маш олон бошиглогч Есүс Христийг гэрчилсэн нь яагаад чухал гэж та бодож байна вэ?” гэх мэт асуултуудыг асуух нь тустай байж болох юм.

Хэрэв цаг гарвал суралцагчид Есүс Христийн талаарх өөрсдийн гэрчлэлээ хуваалцах нь мөн тустай байж болох юм.

Хэрэв та энэ сонголтыг сонгосон бол Христийг гэрчилж буй бошиглогчдын жишээг тэмдэглэж ав. Есүс Христийн талаар юу сурч мэдсэнээ бичээд, эдгээр гэрчлэлийг уншиж, сонсох явцдаа юу мэдэрснээ бич.