“Хиламан 7–10: Их Эзэний бошиглогч,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 7–10,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 7–10
Их Эзэний бошиглогч
Зөрчилдөөнтэй дуу хоолойгоор дүүрэн энэ ертөнцөд бид хаанаас чиглэл, үнэнийг хайж олох вэ? Их Эзэний биднийг мөнх бус амьдралд удирдан чиглүүлж, туслахыг эрэлхийлдэг нэг арга бол бошиглогчийг дуудах явдал юм. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд бошиглогчид ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгоход тань тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурхан яагаад бошиглогчдыг дууддаг вэ?
Сүмийн гишүүн бус найз нарын тань нэг нь өнөө үед Их Эзэн бошиглогчдыг дууддаг гэдэгт итгэдгийг тань мэдээд, гайхаж байна гэж төсөөлөөд үз. Таны найз өнөө үед бошиглогчид яагаад хэрэгтэй гэдгийг мэдэхийг хүсэж байна.
-
Та найздаа хариулт өгч болох ямар ямар арга зам байна вэ?
Их Эзэний бошиглогчдын талаарх өөрийн мэдрэмжийг, мөн тэднийг сонсож, дагах хүсэлтэй байгаа талаараа бод. Та өнөөдөр судлах явцдаа бошиглогчдын талаарх чухал үнэнийг олж тогтоох боломжтой болно.
Судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудсан дээр дараах гарчгийг бич: Их Эзэний бошиглогчдын тухай үнэн. Хичээлийн турш бошиглогчдын тухай олж мэдсэн үнэнүүдээ энэ гарчгийн доор бич.
Бошиглогч Нифай
Өнөөдөр та Хиламаны хүү Нифайн талаар сурч мэдэх болно. Нифай умард нутгийн нифайчуудын эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа Зарахемла дахь гэртээ буцаж ирэв. Тэнд хүмүүс нь мөн маш ёс бус байв. Нифай тэдний ёс бусын төлөө гашуудаж, цэцэрлэгийнхээ цамхаг руу очиж, Бурханд хандан уйлав (Хиламан 7:1–11-ийг үзнэ үү).
Хиламан 7:12–22-ыг уншаад, хүмүүс түүний уйлахыг сонсохоор цугларсныг мэдээд, Нифай юу хэлснийг олж мэд.
-
Эдгээр шүлэг дэх Нифайн хэлсэн зүйл дээр үндэслэн та Их Эзэний бошиглогчдын талаарх ямар үнэнийг тодорхойлж чадах вэ?
Таны тодорхойлж болох нэг үнэн бол Бурханы бошиглогчид хүмүүсийг наманчлахад уриалдаг гэсэн үнэн юм. Энэ үнэнийг судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэм.
-
Тэрээр бошиглогчдыг наманчлалыг тунхаглуулахаар дууддаг байсан нь Бурханы талаар танд юуг зааж байна вэ?
Маш олон хүн Нифайн захиасны улмаас уурлав. Нифай үнэнийг хэлж байгаагаа хүмүүст ойлгуулахын тулд номлож байхдаа болсон үйл явдлуудын талаар тэдэнд гайхамшигт байдлаар хэлсэн.
Нифай эхлээд хүмүүст тэдний ерөнхий шүүгч Сизромыг алагдсан гэдгийг хэлэв (Хиламан 8:27–28-ыг үзнэ үү). Хүмүүс “Нифай шүүгчийг алахаар хэн нэгэнтэй тохиролцсон байх ёстой” (Хиламан 9:16) гэж үзжээ. Дараа нь Нифай хүмүүст Сизромын ах Сийнтумыг олж, түүнээс тодорхой асуултуудыг асуу гэж хэлэв. Нифай хүмүүст Сийнтум хэрхэн хариулахыг яг таг хэлэв (Хиламан 9:26–36-г үзнэ үү). Энэ нь Сийнтумыг алуурчин гэдгээ хүлээхэд хүргэж, Нифайн гэм буруугүй байсныг харуулав (Хиламан 9:37-г үзнэ үү).
Хиламан 9:37–41-ийг уншаад, эдгээр үйл явдлыг нүдээр үзсэний дараа хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.
-
Та Нифайн туршлагаас жагсаалтдаа нэмж болох ямар үнэнийг сурч мэдсэн бэ?
Таны тодорхойлж болох нэг үнэн бол бошиглогчдын үгс биелэх болно гэсэн үнэн юм.
-
Бошиглогчдын талаарх энэ үнэнийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Бошиглогчдын үгс биелсэн өөр бусад ямар жишээ байдаг вэ?
Бошиглогчдын талаарх нэмэлт үнэн
Аль хэдийн тодорхойлогдсон үнэнүүдээс гадна Их Эзэний бошиглогчийн үүрэг, зорилгын талаарх өөр маш олон үнэнийг Нифай, түүний хүмүүстэй харьцах харилцаагаар харуулсан байдаг. Судрын дараах хэсгүүдээс судлахдаа үнэнийг тодорхойлох ур чадвараа үргэлжлүүлэн дадлагажуул. Олж мэдсэн зүйлээ жагсаалтдаа нэм.
Хиламан 7:29: Залбирахыг нь сонсоод цугларсан хүмүүст хэлсэн Нифайн үг
Хиламан 8:1–4: Нифайн хэлсэн үгэнд үзүүлж буй шүүгчдийн хариу үйлдэл
Хиламан 8:22–23: Түүнийг болон түүний үгийг доромжилсон хүмүүст хэлсэн Нифайн үг
Хиламан 10:5–7: Нифайг хүмүүст зааж дууссаны дараа түүнтэй ярьсан Их Эзэний яриа
-
Та эдгээр шүлгээс бошиглогчдын талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?
Дараах нь таны тодорхойлж болох зарим үнэн юм. Тухайлбал:
Бошиглогчийн захиас нь түүний хувийнх бус. Энэ нь Их Эзэнээс ирдэг. (Хиламан 7:29)
Бошиглогчид ёс бус хүмүүсийн дунд нэр хүндтэй байдаггүй. (Хиламан 8:1–4)
Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилдэг. (Хиламан 8:22–23)
Их Эзэн Өөрийн бошиглогчид лацдах хүчийг өгдөг. (Хиламан 10:5–7)
Амьд бошиглогчдын ач холбогдол
Хичээлийн эхэнд хэлж байсан, бидний цаг үед бошиглогчид яагаад хэрэгтэй байгааг мэдэхийг хүсэж байсан найзынхаа тухай жишээг эргэн сана.
Найздаа өнөө цаг үед Их Эзэн бошиглогчдыг дуудах нь яагаад чухал болохыг тайлбарласан хариултыг бич. Таны хариулт багадаа нэг догол мөр байх ёстой.
Дараах асуултууд хариулахад тань тусална.
-
Таны тодорхойлсон нэг эсвэл хэд хэдэн үнэн бидэнд тулгарч буй сорилтыг даван туулахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Дэлхий дээр амьд бошиглогчид байхын адислалыг олж танихад тань ямар туршлага тусалсан бэ?