Семинар
3 Нифай 8–10: Харанхуй дахь Аврагчийн дуу хоолой


“3 Нифай 8–10: Харанхуй дахь Аврагчийн дуу хоолой,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 8-10,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 8–10

Харанхуй дахь Аврагчийн дуу хоолой

Есүс Христийг загалмайд цовдлогдсоны дараах гурван өдрийн харанхуйгаас хойш анх удаа нарыг мэдэрч буй хараагүй охинтой нэгэн гэр бүл

Америкт болсон асар их сүйрэл, харанхуй нь Аврагчийн цовдлолтыг цохон тэмдэглэсэн. Гүн харанхуй нүргэлсэн гурван өдрийн үеэр Есүс Христ хүмүүст хандан ярьжээ. Тэр үед ч, одоо ч байгалийн гамшиг, зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл нь Есүс Христийн талаар суралцаж, Түүнд хандах боломж болсоор ирсэн. Энэ хичээлээр Есүс Христийг илүү их хайрлаж, Түүнд итгэх итгэлийг мэдрэхэд туслах Түүний шинж чанаруудыг тодорхойлно.

Суралцагчдыг Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд урамшуулан дэмж. Ариун Сүнс Есүс Христийн талаарх тэдний ойлголт, талархлыг хүчирхэгжүүлэхэд суралцагчдад туслахын тулд Түүн дээр төвлөрөн сайн мэдээнээс суралцахад нь тусал. Үүнийг хийх нэг арга бол суралцагчдад Түүний хүч, нигүүлсэл, цагаатгах үүргийн нотолгоог хайхад туслах асуултуудыг тавих явдал юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 8-ыг уншаад, эдгээр үйл явдлын үед байсан бол ямар санагдах байсан талаар төсөөлөн бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Их шуурга”

хээр талыг туулан явж буй хар салхи
аянга цахилгаантай шуурга
далайн шуурга бороо, салхи нэгэн сууринг цохив

Суралцагчдын хэн нэг нь аймшигт, хүчтэй шуурганд өртөж байсан эсэх эсвэл ямар нэг өөр төрлийн байгалийн гамшигт өртөж байсан эсэхийг тэднээс асуу. Нэг юм уу хоёр суралцагчдыг туршлагаа хуваалцахад урь эсвэл та өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалцаж болно.

Есүс Христийг Иерусалимд цовдлогдох үед Америк тивд болсон аймшигт шуурга, газар хөдлөлт асар их сүйрэлд хүргэсэн. Эдгээр үйл явдал нь Аврагчийн үхлийн тэмдгүүдийн талаарх лемен үндэстэн Самуелын бошиглолуудыг гүйцэлдүүлсэн (Хиламан 14:20–27-г үзнэ үү).

Эдгээр гамшигт үйл явдлын талаарх илүү ихийг сурч мэдэхийг хүсвэл 3 Нифай 8:5–22-ыг уншина уу. Та мөн “Jesus Christ Appears in the Ancient Americas (Есүс Христ Эртний Америкт үзэгдэв)” видеог цагийн код 0:00–3:19 хүртэл үзэж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org вебсайтаас үзэх боломжтой.

16:44
  • Хэрэв та нар ийм зүйлтэй тулгарсан бол юу бодож, мэдрэх байсан бэ?

Энэ сүйрлийн өмнөх жилүүдэд нифайчуудын ихэнх нь Их Эзэнээс эргэж, Бурханы тэдэнд номлохоор илгээсэн бошиглогчдыг хөөн зайлуулсан байв (3 Нифай 7:7–8, 14, 21-ийг үзнэ үү).

3 Нифай 8:23–25-ыг уншиж, эдгээр гамшигт үйл явдалтай тулгарсны дараа амьд үлдэгсэд ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.

  • Та тэдний юу мэдэрч байсныг хэрхэн дүрслэх вэ?

Есүс Христийн талаарх үнэнүүд

Хүмүүс харанхуйд гашуудаж байх үедээ Есүс Христийн тэдэнтэй ярьж буй дуу хоолойг сонсов. Тэрээр олон хотыг нэрлэж, тэр хотууд болон хүмүүс ёс бус байдлаасаа болж сүйрсэн гэж тайлбарлав. Үүний дараа Тэрээр хүмүүст Өөрийнхөө тухай олон ач холбогдолтой үнэнийг заасан.

Дараах догол мөрөнд тайлбарласан жагсаалтыг суралцагчид гаргахаас гадна 3 Нифай хичээлийг судлах явцад танай ангид тод харагдах жагсаалтыг гаргах талаар бодож үз. Та доор жагсаасан гарчгийг налуу үсгээр бичихийн тулд том зурагт хуудас эсвэл цаас ашиглаж болно. Есүс Христийн тухай энэ хичээл, өөр нэмэлт хичээлүүдийн үеэр олж мэдсэн суралцагчдын нээлтүүдийг гарчгийн эргэн тойронд бичиж тэмдэглэ.

Эдгээр үнэнийг цэгцлэхийн тулд судлах тэмдэглэлдээ: Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь гэсэн гарчиг үүсгэ. Та дараагийн хэдэн долоо хоногт нифайчуудын дундах Аврагчийн үйлчлэлийг судлах явцдаа олж мэдсэн үнэнээ энэ жагсаалтад нэмж оруулахын тулд судлах тэмдэглэлдээ хэд хэдэн хуудас хадгалж болно.

Дараах шүлгүүд дэх Аврагчийн үгсийг судлах бүрэн дүүрэн туршлага бий болгох хангалттай цагийг суралцагчдад өгөхөө мартуузай. Хүндэтгэл бишрэлийн хөгжмийн зэмсэг тоглох, бие даан суралцах боломжийг тэдэнд олгох нь ашигтай байж болох юм.

Та мөн суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрийг дараах судрын хэсгүүдийн аль нэгийг судалж, ярилцахаар оноож болно: 3 Нифай 9:13–18; 3 Нифай 9:19–22; 3 Нифай 10:4–7; 3 Нифай 10:8–12. Бүлэг бүрийн нэг гишүүнийг судалсан шүлгүүдээс Есүс Христийн тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно.

3 Нифай 9:13–22, 10:4–12-ыг уншаад, Есүс Христ Өөрийнхөө талаар энэ хүмүүст юу заасныг олж мэд. Эдгээр үнэнийг судлах тэмдэглэлийнхээ гарчгийн доор бич.

Суралцагчид хангалттай судалсны дараа, сурч мэдсэн зүйлсийг нь хэлэлцүүл. Хэд хэдэн суралцагчдад Есүс Христийн талаарх ойлголт, мэдрэмжээ хуваалцах боломжийг олго. Энэ хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхийн тулд дараах асуултуудыг ашигла.

  • Аврагч Өөрийнхөө талаар таны хувьд онцгой ач холбогдолтой юу заасан бэ? Яагаад?

    Суралцагчид Есүс Христийн талаар олон үнэнийг тодорхойлж чадна. Та суралцагчдаас дараах зүйлсийг анхаарч үзэхийг хүсэж болно: Есүс Христ нигүүлслийн мутраа бидэн рүү сунгадаг (3 Нифай 9:14); Есүс Христ бол дэлхийн гэрэл, амьдрал юм (3 Нифай 9:18); Есүс Христ биднийг Түүнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөөсэй хэмээн хүсдэг (3 Нифай 9:20); Есүс Христ биднийг цуглуулж, хамгаалахыг хүсдэг (3 Нифай 10:4–7).

    Эдгээр үнэнийг самбар дээр бич. Та Есүс Христийн талаар тодорхойлсон нэг эсвэл хэд хэдэн үнэнийг харуулсан өөр өөр түүхийг судраас олоход суралцагчдыг урьж болно.

    Эдгээр шүлгээс Аврагчийн тодорхой сургаалд хэрхэн илүү их цаг зарцуулж болох талаар санаа авахыг хүсвэл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс үзнэ үү.

  • Таны Есүс Христийн талаар олж мэдсэн үнэнүүд Түүнийг хайрлах, итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлж чадах вэ?

  • Та эдгээр үнэний нэг юм уу хэд хэдэн зүйлийг санах нь чухал болох ямар нөхцөл байдалд орж байсан эсвэл орж магадгүй вэ?

Өнөөдрийн ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчил. Суралцагчдыг нифайчуудын дундах Есүс Христийн үзүүлсэн үйлчлэлийг үргэлжлүүлэн судлах явцдаа Түүний тухай чухал үнэнүүдийг үргэлжлүүлэн эрэлхийлэхэд нь урамшуулан дэмж.