“4 Нифай: “Их Эзэнд хөрвөгдөв,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“4 Нифай,” Мормоны Номын багшийн гарын авлага
4 Нифай
“Их Эзэнд хөрвөгдөв”
Олон мянган жилийн турш нийгэм, гэр бүл, хувь хүмүүс эв найрамдал, амар амгалан, эв нэгдэл зэрэг үзэл санааг эрэлхийлсээр ирсэн. Эдгээр нь боломжгүй мэт санагдаж болох ч оршин байдаг. 4 Нифайн цэдэг нь үүний жишээ юм. Эдгээр адислалыг туулж мэдрэх нэг түлхүүр бол Их Эзэнд хөрвөлтөө гүнзгийрүүлж, Бурханы хайрыг зүрх сэтгэлдээ байлгах явдал юм. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгээ болон Есүс Христийг хайрлах хайрыг мэдрэхэд тань тусалж, ингэснээр та тэдэнд илүү гүн гүнзгий хөрвөгдөх болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг боломж
Хэрэв та болон таны эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ Есүс Христийг хайрлаж, дагахыг хичээдэг байсан бол ямар байх байсныг төсөөлж үз.
-
Танай нийгэм хэр өөр байж болох вэ?
-
Таны сургууль, сүм хэр өөр байж болох вэ?
-
Таны гэр орон хэр өөр байж болох вэ?
4 Нифайн ном нь Аврагчийг Америк тивд очсоны дараа амьдарч байсан хүмүүсийн цэдгийг агуулдаг. Та тэдний туршлагыг судлахдаа Есүс Христ, Түүний сайн мэдээ энэ хүмүүст хэрхэн нөлөөлснийг олж мэд. Эдгээр сургаал таны амьдралын хэв маягийг сонгоход хэрхэн нөлөөлж болох талаар бод.
Аврагчийн сайн мэдээний нөлөө
4 Нифай 1:1–2-ыг уншаад, Аврагч, Түүний сургаалын хүмүүст үзүүлсэн нөлөөг олж мэд.
-
Та юу анзаарч харсан бэ?
Та “хүмүүс бүгд Их Эзэнд хөрвөгдөв 2-р шүлэг гэсэн шүлгийг тэмдэглэхийг хүсэж болно.
Их Эзэнд хөрвөгдөх гэдэг нь “Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч, түүнд нийцүүлэхийн тулд өөрийн итгэл үнэмшил, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх … [болон] Христийн шавь болох” гэсэн үг юм (Судруудын удирдамж, “Хөрвөлт, хөрвөгдөх,” scriptures.ChurchofJesusChrist.org).
Хөрвөгдсөний адислал
Нифайчууд болон леменчүүд Есүс Христэд хөрвөгдсөнийхөө ачаар гайхалтай адислалуудыг мэдэрсэн. Судлах тэмдэглэл дээрээ хуудасны голд “Хөрвөгдсөний адислалууд” гэж бич.
4 Нифай 1:2–18-ыг уншаад, тэдний хүлээн авсан адислалуудыг харуулсан үгийг эсвэл хэллэгийг тэмдэглэ. Цаасан дээрээ “Хөрвөгдсөний адислалууд” гэсэн гарчгийн эргэн тойронд эдгээр үгийг эсвэл хэллэгийг бич. (16-р шүлэг дэх зарим үгийн утгыг мэдэх нь тустай байж болох юм. Үймээн гэдэг нь олон нийтийн эмх замбараагүй байдал, бужигнаан, завхайрал гэдэг нь садар самууны нүгэл, шунал тачаал гэдэг нь хүсэл тачаал, ариун бус байдлыг илэрхийлдэг.)
Та эдгээр адислалын алийг нь амьдралдаа илүү их мэдрэхийг хүсэж байгаагаа бод. Тэднийг судлах тэмдэглэлийнхээ хуудсан дээр дугуйл.
-
Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ? Яагаад?
-
Та эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн “Биднийг Их Эзэнд хөрвөгдөх үед…” гэсэн өгүүлбэрийг хэрхэн гүйцээж чадах вэ?
Эдгээр шүлгээс бидний тодорхойлж чадах нэг үнэн бол бид Их Эзэнд хөрвөгдөж, Христийн хүүхдүүдийн хувьд аз жаргал, эв нэгдлээр адислагддаг гэсэн үнэн юм.
-
Та Есүс Христэд хөрвөгдөж, Түүний сайн мэдээгээр амьдрах нь яагаад ийм адислалуудыг авчирдаг гэж та бодож байна вэ?
-
Энэ үнэнийг ойлгох нь бидний өдөр тутмын үйлдэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Бурханы хайр
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ хүмүүс яагаад ийм аз жаргалтай, эв нэгдэлтэй амьдарч чадсан тухай дараах ажиглалтыг ийн хуваалцсан.
Сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдралын ийм амжилтын түлхүүр юу вэ? Энэ түлхүүр “хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайр …” [4 Нифай 1:15] хэмээх нэгэн өгүүлбэрийн бичвэрт шингэжээ. Бурханы хайр бидний амьдралын мөн нэг нэгэнтэйгээ харилцах харилцааны маань, эцэстээ бүх хүн төрөлхтний төлөөх мэдрэмжийн маань өнгө аясыг тохируулах үед хуучны зааг ялгаа, хязгаарласан нэр шошго, хуурамч ангилал бүдгэрч, амар амгалан нэмэгддэг. Энэ бол яг бидний Мормоны Номын жишээн дээр тохиолдсон юм. Леменчүүд эсвэл иаковчууд эсвэл иосефчууд эсвэл зорамчууд байхаа больсон. Ямар ч -чууд огт байхгүй болсон. Хүмүүс нэгэн нийтлэг шинжийг олжээ. Тэд бүгдээрээ “Христийн хүүхдүүд” [4 Нифай 1:17] хэмээн хэлэгддэг байв. (Жэффри Р.Холланд, “Хамгийн агуу хөрөнгө,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)
Хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын тухай 15-р шүлэг дэх хэллэгийг тэмдэглэ. Бидний зүрх сэтгэлд Бурханы хайр байна гэдэг нь бидний болон бусдын төлөөх Бурханы хайрыг мэдрэх гэсэн үг юм. Энэ нь мөн Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг хайрлах хайрыг мэдрэх гэсэн утгатай байж болно.
-
Тэнгэрлэг Эцэгээ болон Есүс Христийг хайрлах хайрыг мэдрэхэд туслах ямар үйлдлийг бид хийж болох вэ?
Бид Тэнгэрлэг Эцэгээ болон Есүс Христийг хайрлах хайрыг илүү их мэдрэх нэг арга зам бол судраас Тэдний талаар суралцаж, таньж мэдэх явдал юм.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай судрын хэсгүүдийг судлахад цаг гарга. Тэдний зан чанар, хүсэл, үүргийн талаар олж мэдсэн зүйлдээ анхаарлаа хандуул. Та “Тэнгэрлэг Эцэг” эсвэл “Есүс Христ” гэх мэт үгсийг Судруудын удирдамж эсвэл Сайн мэдээний номын сангийн хайлтын функц гэх зэрэг судлах хэрэгслийг ашиглан хайж болно.
-
Таныг Есүс Христэд илүү хөрвөгдөхөд тань туслах ямар зүйлийг ойрын өдрүүдэд хийхийг хичээх вэ?