“Ифер 12:1–22: Үнэний гэрчийг хүлээн авах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 12:1–22,” Мормоны Номын багшийн гарын авлага
Ифер 12:1–22
Үнэний гэрчийг хүлээн авах
Сүнслэг үнэнийг сурч мэдэх хичээл зүтгэлд тань юу тусалсан бэ? Моронай жаредчуудын олон жилийн түүхийг дэлгэрэнгүй тайлбарласныхаа дараа, бошиглогч Иферийн үйлчлэлийн талаар танилцуулжээ. Дараа нь Моронай Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгосноор ирдэг адислалуудын заримыг, тэр дундаа итгэлийн сорилт үнэний гэрчлэлийг хүлээн авахад бидэнд хэрхэн тусалж болох талаар хуваалцав. Энэ хичээл танд үнэний сүнслэг гэрчлэлийг хүлээн авах итгэлийг хөгжүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
“Үүнийг хэрхэн мэдэх вэ?”
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэбэкка Л.Крэйвэн эгч нэгэн залуу эмэгтэйтэй ярилцаж байхад нь тохиолдсон дараах туршлагаа хуваалцав.
Нэг удаа нэгэн хайр татам залуу эмэгтэй надаас “Крэйвэн эгч ээ, та Сүмийн талаарх аливаа зүйл үнэн гэдгийг яаж мэддэг вэ? Учир нь би юу ч мэдрэхгүй байна” хэмээн чин сэтгэлээсээ асуусан юм.
Хариулахаасаа өмнө би түүнээс хэдэн зүйл асуув. “Судрыг хувиараа хэрхэн судалдаг тухайгаа ярьж өгөөч” гэхэд
тэр “Би судар уншдаггүй” гэж хариулав.
Би үргэлжлүүлэн, “Чи гэр бүлийнхэнтэйгээ судар уншдаг уу? Ирээд, Намайг дага гарын авлагаас хамтдаа суралцдаг уу?” гэж асуув.
“Үгүй” гэж тэр хэллээ.
Намайг түүнээс “Чи залбирахдаа юу мэдэрдэг вэ?” гэж залбирлын талаар асуухад,
тэрээр “Би залбирдаггүй” гэв. (Рэбэкка Л.Крэйвэн, “Хамгийн их хамаатай зүйлээ хий”, Лиахона, 2022 оны 5-р сар, 62)
-
Та туршлага дээрээ үндэслэн энэ залуу эмэгтэйд туслахын тулд юу хэлж чадах вэ?
Сүнслэг гэрч эсвэл илүү хүчтэй гэрчлэл болгон хүлээн авахыг хүсэж буй сүнслэг үнэнүүдийн талаар бод. Эдгээрийг судлах тэмдэглэлдээ бич. Та өнөөдөр судалж байхдаа сүнслэг гэрчлэлтэй болох эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тань туслах сургаалуудыг олж мэд.
“Итгэлийн тань сорилт”
Моронай жаредчуудын цэдгийг үргэлжлүүлэн товчилж байхдаа бошиглогч Иферийн үйлчлэлийн талаар танилцуулжээ. Бошиглогчдыг эсэргүүцдэг хүмүүсийн дунд амьдарч, боолчлолд төрсөн ч (Ифер 11:20–23-ыг үзнэ үү) Ифер зөв шударга амьдралаар амьдарсан бөгөөд Бурхан түүнийг бошиглогч болгохоор дуудсан.
Ифер 12:2–5-ыг уншаад, Иферийн номлолыг жаредчууд хэрхэн хүлээж авсныг олж мэд.
-
Хүмүүс яагаад Иферийн үгэнд итгэхээс татгалзсан бэ?
Ифер 12:6-г уншаад, үнэний сүнслэг гэрчийг олж авах талаар Моронай юу заасныг олж мэд.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) итгэлийн тань сорилт гэсэн үг хэллэгийн нэг утгыг ийн хуваалцсан.
Та Моронайн заасан “Итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд гэдгийг би дэлхийд үзүүлнэ; иймийн тул та нар хараагүйн улмаас бүү арсалд, учир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй” [Ифер 12:6; онцлон тэмдэглэв] гэсэн зарчмыг хэрэгжүүлснээр итгэлийг илүү үр дүнтэй ашиглаж сурах боломжтой. Тиймээс та итгэлээ сорих буюу мэдрэмжийнхээ дагуу зохистой үйлдэх болгондоо Сүнсний батлах нотолгоог авна. Тэдгээр мэдрэмж таны итгэлийг хүчирхэгжүүлнэ. Таныг энэ загварыг давтах үед таны итгэл илүү хүчирхэг болдог. (Richard G. Scott, “The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Liahona, May 2003, 76)
-
Та Ифер 12:6-аас болон энэ мэдэгдлээс сүнслэг гэрчийг эсвэл үнэний илүү хүчтэй гэрчлэлийг олж авахыг хүсдэг хүнд тусалж болох юуг сурч мэдсэн бэ?
Ифер 12:6-аас сурч мэдэж болох нэг зүйл бол хэрэв бид сүнслэг гэрчийг хүлээн авахыг хүсвэл эхлээд Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой юм.
Рэбэкка Л.Крэйвэн эгч түүнтэй ярилцсан залуу эмэгтэйд хэрхэн хариулсан тухайгаа ийн хэлсэн.
Би түүнд “Хэрэв чи ямар нэгэн зүйлийг мэдэхийг хүсвэл ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй” гэсэн энгийн хариулт өгсөн юм.
Энэ нь бидний сурч, мэдэхийг хүсдэг бүх зүйлийн хувьд адилхан биш гэж үү? Би шинэ найзыгаа залбирах, судлах, бусдад үйлчлэх, Их Эзэнд итгэх гэх зэргээр Есүс Христийн сайн мэдээний дагуу үйлдэж эхлэхэд урьсан. Юу ч хийхгүй суугаад байвал хөрвөлт ирэхгүй. Биднийг асуух, хайх, тогших замаар мэдэж авахын тулд зорилготой үйлдэх үед Ариун Сүнсний хүчээр хөрвөлт ирдэг. Хөрвөлт үйлдлээр дамжин ирдэг. (Рэбэкка Л.Крэйвэн, “Хамгийн их хамаатай зүйлээ хий”, Лиахона, 2022 оны 5-р сар, 62)
-
Та яагаад үйлдлээрээ дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь Түүний болон Түүний сайн мэдээний сүнслэг гэрчийг хүлээн авах чухал хэсэг гэж бодож байна вэ?
-
Аврагчийн сайн мэдээгээр амьдрах нь Түүнийг гэх бидний мэдрэмжид хэрхэн нөлөөлөх вэ?
Итгэлийн жишээ
Аврагчийн сайн мэдээний дагуу амьдарч, Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлснийхээ үр дүнд та болон бусад хүн сүнслэг гэрч хүлээн авсан туршлагаа бод.
Моронай яриагаа үргэлжлүүлэхдээ Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр адислагдсан хүмүүсийн олон жишээг хуваалцав.
Ифер 12:7–22-ыг уншаад, Өөрт нь итгэсэн эдгээр хүнийг Их Эзэн хэрхэн адисалсныг олж мэд. Онцгой санагдсан жишээнүүдээ тэмдэглэ.
-
Итгэлийн эдгээр жишээний аль нь танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?
-
Таны судалсан нэг юм уу хэд хэдэн жишээ таны хувийн нөхцөл байдалд хэрхэн тусалж чадах вэ?
Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар бод. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Аврагчийн сайн мэдээний гэрчийг хүлээн авах эсвэл хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох хоёр, гурван үйлдлээ бич.