Семинар
Ифер 7–11: “Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй”


“Ифер 7–11: ‘Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 7–11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 7–11

“Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй”

шоронгийн өрөөнд буй эмэгтэй

Бурхан биднийг хайрладаг учраас хор хөнөөлөөс сэрэмжлүүлэхийн тулд бошиглогчдыг дуудаж, зарлигуудыг сахихад урамшуулан дэмждэг. Жаредчууд Жаредын ахын сэрэмжлүүлгийг сонсоогүй бөгөөд энэ нь олон үеийн туршид хүнд хэцүү үр дагаварт хүргэв. Энэ хичээл танд Бурханы бошиглогчийг дагаж, хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход тусална.

Бошиглогчдын үгсийг итгэл үнэмшил, зорилготой заа. Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан хүсэл, зорилгоо илэрхийлдэг. Сударт цэдэглэгдсэн эсвэл одоо ярьж буй эсэхээс үл хамааран удирдамж, хамгаалалт авахын тулд бошиглолын заасан зүйлсэд найдаж болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.

Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийн үед хүлээн авсан бошиглолын зарим зөвлөгөөг эсвэл сэрэмжлүүлгийг хуваалцахад бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд өгөх удирдамж (товхимол, 2022)-аас эсвэл сүүлийн үеийн Ерөнхий чуулганы хэлсэн үгсээс жишээ олж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Боолчлол

Дараах зургийг харуул эсвэл шоронгийн өрөөг самбарт зур.

Дараах зургийг үзнэ үү. Энэ хүн юу бодож байж болох вэ?

Шоронгийн өрөөнд буй эр

Өмнөх ямар сонголт аажмаар эдгээр нөхцөл байдалд хүргэсэн, яагаад энэ хүн ийм сонголт хийсэн байж болох талаар бод.

Гэм нүгэлт зан авир гаргах нь хүмүүсийг сүнслэг болон бие махбодын боолчлол руу хөтөлдөг.

Өнөөдөр та сүнслэг боолчлолоос зайлсхийх чухал арга замыг ойлгоход тань туслах цэдгийн талаар судлах болно. Та судалж байх явцдаа, сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар олж мэдэхэд тань туслах Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуул.

“Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй”

Жаредчууд амлагдсан нутагт ирснийхээ дараа Их Эзэнд итгэлтэй үйлчилж, өсөн үржиж, газраа боловсруулж, нутагтаа хүчирхэгжжээ (Ифер 6:17–18-ыг үзнэ үү). Жаред, түүний ах хоёр нас дээр гарсан үедээ хүмүүстэйгээ ярилцахаар тэднийг цуглуулав.

Ифер 6:19–23-ыг уншаад, хүмүүсийн юу хүсэж байсныг олж мэд.

  • 23-р шүлэгт Жаредын ах хүмүүст ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?

Суралцагчдыг ийм нөхцөл байдалд байсан бол хэрхэн хариулах байсан талаар хуваалцахад урь. Бурханы тухай мөн Түүний бошиглогчдын талаарх мэдлэг нь шийдвэрт нь хэрхэн нөлөөлж болох талаар бодоход та тэднийг урьж болно. Тэдний хариултууд Бурханд болон Түүний бошиглогчдод итгэх итгэл, гэрчлэлийг бий болгож чадна.

Сэрэмжлүүлэг гүйцэлдэв

Хүмүүс Жаредын ахын сэрэмжлүүлгийг үл хайхран хаантай байхыг сонгосоор байв. Тэдний хөвгүүд татгалзсаны дараа Жаредын хүү Ораиха эцэст нь хаан болохыг зөвшөөрч, насан туршдаа зөв шударга хаанчлав (Ифер 6:24–29; 7:1-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч хаантай болбол боолчлолд хүрнэ гэсэн Жаредын ахын бошиглол жаредчуудын түүхэд олон удаа гүйцэлдсэн.

Дараах хэсгүүдийг уншаад, Жаредын ахын бошиглол хэрхэн гүйцэлдсэн талаарх жишээг олж мэд. Та эдгээр эшлэлийг судартаа Ифер 6:23-ын хажууд жагсаан бичих хэрэгтэй.

Дараах шүлгийн заримыг эсвэл бүгдийг нь ээлжлэн чанга уншихад бэлэн суралцагчдыг урь. Хэрэв та бүх шүлгийг уншихгүй гэж шийдсэн бол Ифер 7:1–5-ыг алгасалгүй Жаредын ахын бошиглол гүйцэлдсэн гэдгийг тусгайлан заа (Ифер 7:5-ыг үзнэ үү). Бошиглогч Иферийг танилцуулсан Ифер 11:20–23-ыг унших нь мөн тустай байж болно.

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Бид энэ цэдгээс Их Эзэний бошиглогчдыг үгүйсгэх нь ямар үр дагавар авчирдаг тухай юу мэдэж болох вэ?

Энэ цэдгээс Их Эзэний бошиглогчдыг үгүйсгэх нь боолчлолд гарцаагүй хүргэнэ гэсэн үнэнийг мэдэж авч болно.

  • Их Эзэний бошиглогчдыг үл тоомсорлож, үгүйсгэснээр боолчлолыг мэдэрч болох зарим жишээ юу вэ?

    Хэрэв суралцагчдад өмнөх асуултад хариулахад нь туслалцаа хэрэгтэй бол Мэргэн ухааны үгэнд дуулгаваргүй хандах эсвэл насанд хүрэгчдийн зүй бус кино үзэх нь донтолтын боолчлолд хүргэж болзошгүй гэх мэт цөөн хэдэн жишээг хуваалц. Бүх төрлийн нүгэл бидний амьдрал дахь Ариун Сүнсний хүчийг бууруулдаг гэдгийг суралцагчид ойлгосон байхад анхаар.

  • Яагаад хүмүүс Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгдөг зөвлөгөө болон сэрэмжлүүлгийг үл тоодог гэж та нар бодож байна вэ?

Их Эзэний бошиглогчдын орчин үеийн зөвлөгөө

Суралцагчдад энэ үнэн өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгааг олж харахад тусал. Дараах үйл ажиллагаа нь үүнийг хийх нэг арга зам юм.

Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хайж ол. Эдгээрийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2022)-өөс эсвэл сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгсээс олж болно. Энэ зөвлөгөөг дагаснаар бид хэрхэн адислагдахаа мөн үл тоовол гарах үр дагаврыг тодорхойлсон тодорхой үг, хэллэгийг олж чадах эсэхээ хар.

Суралцагчдыг энэ үйл ажиллагааг хийж дуусах үед жижиг бүлгүүдэд хуваарилж, бүлэг тус бүрд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2022)-өөс өөр өөр сэдэв өгч судлуулах нь тустай байж болно. Дараах асуултуудыг үзүүлж болно. Суралцагчдад хариултаа бүлэгтэй ярилцах хангалттай цаг гаргаж өг.

  • Та ямар сэрэмжлүүлэг эсвэл зөвлөгөөг олж чадсан бэ?

  • Энэ зөвлөгөөг дагаснаар Их Эзэн биднийг ямар арга замаар адислах вэ?

  • Энэ зөвлөгөөг эсвэл сэрэмжлүүлгийг үл тоох нь хэн нэгнийг боолчлолд хэрхэн хөтөлж болох вэ?

Суралцагчдыг дууссаных нь дараа зарим ойлголтоо ангийнхандаа хуваалцахад урь.

Суралцагчид дээр дурдсан асуултуудад олж мэдсэн хариултаа хуваалцах нь тустай байж болно. Жишээлбэл: “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” товхимлын “Бурханы гэрэлд алх” хэсгээс өгсөн зөвлөгөөг судалсан суралцагчид бидний үзэж, уншиж, сонсож, оролцож байгаа зүйл нь сайн бодлыг төрүүлж эсвэл бидний Сүнсийг мэдрэх мэдрэмжийг сулруулж чадна гэдгийг онцолж болно (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2022], 18-ыг үзнэ үү).

Амьдралдаа хэрэгжүүлэх нь

Та Их Эзэний бошиглогчдын зөвлөгөө, сэрэмжлүүлэг, тэднийг дагасныхаа төлөө хүлээн авсан адислалууд, илүү итгэлтэй дагахад хэрэгтэй байж болох зөвлөгөө зэрэгт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаараа бод.

Суралцагчдыг Их Эзэний зөвлөгөөг бошиглогчдоороо дамжуулан дагаснаар Тэрээр тэднийг хэрхэн адисалсан жишээг хуваалцахад урьж болно. Та бас өөрийн туршлагаас хуваалцахыг хүсэж болно.

Дараах зүйлс нь Их Эзэний бошиглогчдын зөвлөгөөг үл тоосны улмаас боолчлогдож, сэтгэлээр унаж болзошгүй суралцагчдад тусалж чадна. Ангиараа Мозая 7:33-ыг унш.

Зарим хүн Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг үл тоосны үр дагаврыг хүртээд, урам хугарч болзошгүй юм. Биднийг алдаа гаргасан ч Аврагч биднийг Түүнд хандах үед боолчлолоос чөлөөлж чадна. Жишээлбэл: Ифер 7:25–27-г уншаад, хүмүүс наманчилж, Бурханд буцаж ирэхэд юу болсныг анзаар.

  • Энэ номлол Их Эзэний талаар танд юу зааж байна вэ?(Мозая 7:33-ыг үзнэ үү).

Бурханы эн тэргүүний сайн сайхан” видеог ChurchofJesusChrist.org дээрээс цагийн код 3:37-оос 6:33 хүртэл үзээд, сүнслэг боолчлолоос Их Эзэний чөлөөлснийг мэдэрсэн хэн нэгний жишээг харна уу.

2:3

Өнөөдөр ярилцсан үнэний талаар гэрчилж, суралцагчдыг өөрт төрсөн сүнслэг сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.