“Ифер 12:28–41: Есүс Христ: ‘Бүх зөв шударгын эх булаг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 12:28–41,” Мормоны Номын багшийн гарын авлага
Ифер 12:28–41
Есүс Христ: “Бүх зөв шударгын эх булаг”
Бид юу хайж байгаагаасаа хамааран энэ дэлхий дээр маш сайныг эсвэл маш мууг олж болно. Жаредчуудын устгалыг олж мэдэж, нифайчуудын устгалыг гэрчилснийхээ дараа Моронай бүх уншигчаасаа Есүс Христийг болон Түүний санал болгох адислалуудыг эрэлхийлэхийг хүсэв. Энэ хичээл амьдралдаа Есүс Христийг эрэлхийлэх агуу хүслийг мэдрэхэд тань тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эх булаг
Эх булгийг “ямар нэг зүйл гарч ирдэг эсвэл нийлүүлдэг эх сурвалж”—жишээ нь, “газраас ундран гарч буй усны булаг” (Merriam-Webster.com Dictionary, “эх булаг”) гэж тодорхойлсон байдаг.
-
Хэрэв танд таны сонгосон ямар ч зүйлийн тасралтгүй урсгалыг гаргадаг гайхамшигт эх булагт орох боломж олдсон бол та юу гаргуулахыг хүсэх байсан бэ?
Сонгосон зүйлийг тань гаргаж буй эх булгийн зургийг хурдан зурж, яагаад үүнийг хүсэж буйгаа товч тайлбарла.
Ифер 12:28-ыг уншаад, бидний сул дорой байдлыг хүч чадал болгон хувиргах чадварынхаа талаар Моронайд заасны дараа Их Эзэний дурдсан эх булгийг олж мэд.
-
Их Эзэн ямар эх булгийг дурдсан бэ?
-
Энэ шүлэг бид Христэд хэрхэн ирдэг талаар юу зааж байна вэ?
Энэ шүлэгт заасан нэг үнэн бол итгэл, найдвар, энэрэл нь биднийг зөв шударгын эх булаг болсон Есүс Христэд авчирдаг.
-
Яагаад “Зөв шударгын эх булаг” гэсэн нь Есүс Христийн хувьд сайн алдар хүнд болох вэ?
-
Түүнээс юу байнга ирдэг гэж та бодож, мэдэрч байна вэ?
-
Итгэл, найдвар, энэрлийг хөгжүүлэх нь биднийг хэрхэн Есүс Христэд авчирдаг гэж та бодож байна вэ?
Аврагч хэрхэн Бүх зөв шударгын эх булаг болдгийг дүрсэлсэн зарим жишээг жагсааж бич. Эдгээр жишээг судруудаас болон амьдралаасаа эсвэл таньдаг хүмүүсээсээ олж болно. Жишээ бодоход тусламж хэрэгтэй бол Марк 2:1–12-ыг унш.
Эдгээр жишээ Есүс Христийн талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлснийг тунгаан бод. Есүс Христэд ирэх одоогийнхоо хүслийн талаар бодож, Түүнээс ирэх зөв шударга байдлыг хүрт. Таны хүсэл хүссэн шиг тань хүчтэй юү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
Та энэ хичээлийг үргэлжлүүлэн судалж байхдаа Есүс Христэд ирэх хүсэл, чадварт тань мөн Түүний санал болгож буй зөв шударга байдлыг хүртэхэд тань сайнаар нөлөөлөх Есүс Христийн тухай үнэнүүдийг эрэлхийл.
Христээс урсан ирэх бэлгүүд
Ифер 12:29–37-г уншаад, итгэл, найдвар, энэрлийн хамт Есүс Христэд ирсэн тэрхүү хүмүүст Түүний санал болгодог адислалуудыг олж мэд.
-
Есүсийг эрэлхийлснээр ямар ямар адислал ирнэ гэж Моронай хэлсэн бэ?
-
Аврагчийг эрэлхийлснээрээ та болон бусад хүн эдгээр адислалын алийг нь мэдэрсэн бэ?
-
Та эдгээр адислалын алийг нь ирээдүйд хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна вэ? Яагаад?
Есүсийг эрэлхийл
Ифер 12-ын төгсгөлд Моронай өөрийн туулсан ариун туршлагыг хуваалцсан. 39-р шүлэг-ийг уншаад, Моронайд энэ туршлага нь ямар байсныг төсөөлөхийг хичээ.
41-р шүлэг дээрх Моронайн урилгыг уншиж, онцлон тэмдэглэ.
-
39-р шүлэг-т тайлбарласан туршлагыг олж авсныхаа дараа Моронай яагаад бидэнд энэ урилгыг санал болгосон гэж та бодож байна вэ?
Моронайн адил, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллардад (1873–1939) мөн Аврагчтай холбоотой ариун туршлага байсан. Энэ туршлагын талаарх түүний тайлбарыг уншаад мөн дахин энэ туршлага нь ямар байсныг төсөөлөхийг хичээ.
Би нэг шөнө зүүдэндээ өөрийгөө тэрхүү ариун барилга болох ариун сүмд байгааг харав. Намайг залбирч, зүрх сэтгэлдээ баяр баяслыг мэдэрсний дараа эдгээр өрөөний нэгд орох завшаан олдож байна гэж надад хэлэв. Сүр жавхлант нэгэнтэй уулзахын тулд хаалгаар ороход өндөрсгөсөн тавцан дээр суусан, миний нүдээрээ болгоож байсан буюу төсөөлж байснаас ч илүү, хамгийн сүр жавхлантай Нэгнийг мөнхийн дэлхийнүүд дээр оршиж байхыг харсан билээ.
Намайг өөрийгөө танилцуулахаар дөхөж очтол Тэр босож, гараа дэлгээд, над руу чиглэн ирэв. Тэр инээмсэглэн, миний нэрийг аяархан хэлэв. Би сая жил насалсан ч тэр инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй. Тэрээр намайг гартаа өргөн үнсээд, цээжиндээ чанга тэврэн адислахад бүх биеэр минь халуу оргин төөнөх шиг боллоо! Түүнийг ийнхүү дуусгахад би хөлд нь унан, хөлийг нь нулимсаараа угааж, дахин дахин үнсэх үедээ дэлхийн Гэтэлгэгчийн хөлөн дэх хадаасны сорвийг харлаа. Бүх зүйлийг мутартаа атгадаг Түүний дэргэд байж, Түүний хайр энэрэл, анхаарал халамж, адислалыг хүлээн авахын тулд би өмнө нь өөртөө байсан бүхнийг, одоо байгаа бүхнээ, ямар хүн байхаар найддаг тэр бүхнээ, энд мэдэрсэн зүйлээ үргэлж мэдэрч байхын төлөө бүгдийг нь өгөх сөн!
… Би Есүсийг тэр үед загалмай дээр байхгүй байгааг харсан. Түүний духыг өргөс хатгасныг эсвэл Түүний гарыг хадаас цоо хатгасныг би хараагүй ч Түүний гараа алдлан инээмсэглэж, “Над уруу ир!” хэмээн бид бүгдэд хэлж байхыг харсан. (Melvin J. Ballard, “I Know That He Lives,” Ensign, Dec. 2014, 80)
-
Ахлагч Баллардын туршлагаас юу таны анхаарлыг татсан бэ? Яагаад?
-
Ахлагч Баллард, Моронай нарын туршлагаас Аврагчийн тухай ямар бодол эсвэл мэдрэмж таны санаанд бууж байна вэ?
Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ тунгаан бод. Таны амьдралд Есүсийг эрэлхийлэх хүсэлд тань юу хамгийн их нөлөөлсөн бэ? Өөрт тохиолдсон сүнслэг өдөөлт эсвэл сэтгэгдэл бүрийнхээ дагуу үйлдэхээ амла.