Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 9: Мормон 7–Ифер 15


“Суралцахуйгаа үнэлэх нь 9: Мормон 7–Ифер 15,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх нь 9,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 9

Мормон 7Ифер 15

залуу эрэгтэй мод налан зогсож байна

Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Аврагчид ойртоход танд тусална. Энэ хичээл Мормон 7 Ифер 15-аас олж авсан таны туршлага хэрхэн сүнслэг байдлын хувьд өсөхөд тань тусалсныг санаж, үнэлж дүгнэхэд тусална.

Суралцагчдыг хувийн үнэлгээ ашиглан, Христэд ирэхэд нь тусал. Суралцагчид өөрөө өөрсдийгөө тогтмол бөгөөд тууштай үнэлж дүгнэх нь хэрхэн Аврагчтай илүү адил болж байгаагаа харахад нь тусална. Суралцагчдыг Есүс Христийн тухай юу мэдэж, мэдэрч байгаагаа залбирч бодоход урь. Тэднийг ахиц дэвшлээ чин сэтгэлээсээ үнэлж дүгнэн, Түүний сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх үедээ хийж болох өөрчлөлтийг бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах мэдэгдлийг гүйцээх аргаар юу сурч мэдсэнээ давтахад урь: “Мормон 7 Ифер 15-аас миний хувьд найзтайгаа хуваалцахыг хүсэж байгаа нэг хичээл бол …”

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээлээр суралцагчид сайн мэдээний Сэргээлт дэх Мормоны Номын ач холбогдлыг тайлбарлах мөн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх хүчин чармайлтаа эргэцүүлэн бодох боломжтой байх болно. Танай ангийн Мормон 7Ифер 15-ыг судалсан хичээл нь дараах үйл ажиллагаанууд дээр байгаагаас өөр бусад үнэнийг тодотгож өгсөн байж болно. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг оруулан, үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно.

Модны цагариг

Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдыг Мормон 7 Ифер 15-ыг судлах явцдаа тавьсан зорилгоо үнэлж дүгнэн, юу сурч мэдсэнээ тайлбарлахад бэлтгэх зорилготой. Энэ нь суралцагчийн бэлтгэх үйл ажиллагааг гүйцэтгэж байх үеэр бичсэн хариултуудаа хуваалцахад суралцагчдыг урих тохиромжтой мөч байж болох юм.

Модны цагаригийн зургийг харуулаад, цагаригийг нь судалснаар модны талаар юу сурч мэдэж болохыг хуваалцахыг суралцагчдаас хүс.

цагариг нь ил харагдаж буй хожуул

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

2:3

Байгаль дэлхийг судалснаар амьдралын талаар хэчнээн ихийг мэдэж авч болох нь үнэхээр гайхалтай зүйл юм. Жишээлбэл: Эрдэмтэд модны цагаригийг хараад л хэчнээн зуу, бүр хэчнээн мянган жилийн өмнө цаг уур, ургах нөхцөл байдал ямар байсан талаар мэдлэг дээрээ тулгуурлан таамаг дэвшүүлдэг. Модны ургалтыг судалснаар бидний сурч мэдэж болох нэг зүйл бол нөхцөл байдал тохиромжтой үед мод хэвийн хэмжээнд ургадаг. Харин нөхцөл байдал хүнд улиралд ургалт нь удааширч, эсэн мэнд байхад нь зайлшгүй гол зүйлст хүчээ зориулдаг юм. (Дийтр Ф.Угдорф, “Хамгийн чухал зүйлсийн тухай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–25)

Моддын адил бидэнд ч мөн ургах хугацаа болон зөвхөн амьд үлдэхийн төлөө хичээж байгаа юм шиг санагдах үе байдаг. Бид бүгд өөр өөр арга замаар, өөр өөр хэмжээгээр өсөлтийг мэдэрдэг. Амьдралдаа сүнслэг өсөлт мэдэрч байсан үеэ бод.

  • Таныг сүнслэгээр өсөхөд тусалсан зарим нөхцөл байдал юу байсан бэ? Та ямар өсөлт мэдэрсэн бэ?

  • Бид өөрсдийн сүнслэг өсөлтийг үе үе үнэлж дүгнэж болох ямар ямар арга зам байдаг вэ?

Энэ хичээлээр танд Мормон 7 Ифер 15-ыг судлах явцдаа тавьсан зорилгоо үнэлэх, сурч мэдсэн зүйлээсээ тайлбарлах боломж олдоно.

Мормоны Номын ач холбогдлыг тайлбарлах нь

Хичээлийн энэ хэсэгт суралцагчдыг сайн мэдээний Сэргээлт дэх Мормоны Номын ач холбогдлыг тайлбарлахад урих болно. Тэд Мормон 8-д судалсан зүйлээ ашиглаж болно. Хэрэв хүсвэл та 3 Нифай 21-ийг ашиглан, Израилыг цуглуулахад тусалсан Мормоны Номын үүргийг багтааж үйл ажиллагааг өргөжүүлж болно.

Та суралцагчдыг номлогчдын адил хамтрал болгон хуваарилж болох юм. Үүнийг хийх нэг арга бол номлолын даалгавраар очих өөр өөр газрыг эсвэл улсуудыг жижиг цаасан дээр бичих юм. Номлолын даалгавар тус бүрийг хоёр тусдаа цаасан дээр бич. Дараа нь цааснуудыг ангийнханд тарааж өг. Суралцагчид ижил номлолын даалгавартай хүнийг хайх замаар өөрсдийн хамтралыг олж болно.

Өөрийгөө сайн мэдээний Сэргээлт дэх Мормоны Номын ач холбогдлыг тайлбарлаж буй номлогч гэж төсөөл. Та Мормоны Номын хуулбарыг хэн нэгэнд уншуулахаар өгөх гэж байна.

Мормон 8 дээрх нэг эсвэл нэлээд олон судрын хэсгүүдийг ашиглан, юу хэлэхээ бэлд. Та мөн Мормоны Номын нүүр хуудас-ыг ашиглаж болно. Мормоны Ном хэрхэн биднийг Есүс Христэд итгэхэд тусалдгийг тайлбарлах боломжуудыг олж мэд.

Анги дотор яваад, шаардлагатай бол хамтралуудад тусал. Хэрэв суралцагчдад судрын хэсгүүдийг тодорхойлоход тусламж хэрэгтэй бол та тэднийг Мормон 8:14–16, 25–26, 34–35 руу чиглүүлж болно. Хэрэгтэй бол 16, 25-р шүлгүүд Иосеф Смитийг дурдсан гэдгийг тэдэнд сануул.

Хангалттай хугацааны дараа хамтралуудыг өөр өөр хамтралтай хамтран нөхцөл байдлыг дүрд тоглон харуулахад урь. Ахин цаг гарвал хамтралуудаар өөр өөр хамтралд дахин тайлбарлах дасгал хийж болно.

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх төлөвлөгөөг эргэцүүлэн бодох нь

Хичээлийн энэ хэсэг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх хүчин чармайлтаа эргэцүүлэн бодоход суралцагчдад тусалж чадна. Суралцагчид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг талх барихтай харьцуулж болно.

Боломжтой бол хутгах сав, талх хийх найрлагад орох зүйлсийг авчир. Та мөн суралцагчидтай хуваалцах талх авчирч болох юм. Суралцагчдаас дараахтай адил асуултуудыг асууж, талх хийх үйл явцыг товч тайлбарлахад урь. Үүнд:

талх
  • Талханд ямар орцод юу юу ордог вэ?

  • Талх хийхийн тулд орцуудыг нийлүүлж холихоос гадна өөр юу хийх хэрэгтэй вэ?

Талхны орцод гурил, хөөлгөгч, давс, ус зэргийг багтааж болно. Мөн танд талхаа хөөлгөх хугацаа хэрэгтэй ба та үүнийг шарж болгох хэрэгтэй.

Талх барихыг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхтэй харьцуулж болно. Таны эрэлхийлж буй үр дүн, гэрчлэл эсвэл гайхамшиг гүйцэд болсон талхтай адил юм. Таны Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх хүчин чармайлтыг орц найрлага, хөөлгөх хугацаа, талхаа болгох зэрэгтэй харьцуулж болно. Сүүлийн хичээлүүдэд та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн олон хүний цэдгийг судалсан билээ (Ифер 3:1–16; 12:6–22-ыг үзнэ үү). Мөн та Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, гайхамшгуудыг эрэлхийлэхэд урьсан бошиглогчдын үгсийг судалсан (Мормон 9:15–27; Ифер 12:6–9-ийг үзнэ үү).

Та дараахаас заримыг нь хэлэлцэх замаар итгэлээ хөгжүүлэхийг талх хийхтэй илүү сайн харьцуулж болно: Их Эзэнийг хүлээх нь талх хөөлгөх цагтай адил (Исаиа 40:31-ийг үзнэ үү), гэрээгээ сахих нь давстай адил (Сургаал ба Гэрээ 101:39-ийг үзнэ үү), Аврагчийн хүч нь устай адил (Иохан 4:14-ийг үзнэ үү).

Гаргасан төлөвлөгөөгөө болон Есүс Христэд итгэх итгэлийн тухай сурч мэдсэн зүйлээ санахад тань туслах Мормон 9:19–21; Ифер 3:9; 12:6–9-ийг унш.

Дараах асуултад хариулах явцдаа өөрсдийн эрэлхийлж буй үр дүн, гэрчлэл эсвэл гайхамшгийн талаар бодоход суралцагчдыг урь. Та асуултуудыг харуулж, судлах тэмдэглэл дээрээ хариулахад суралцагчдыг урь.

  • Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхээр юу хийсэн бэ?

  • Хэрэв Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь талх барихтай адилхан юм бол та одоогоор үйл явцын аль хэсэгт нь явж байна вэ? Та орц найрлагуудыг цуглуулсаар, хольсоор байна уу? Хөөхийг нь хүлээж байна уу? Талхаа болгож байна уу? Эсвэл та талхаа аль хэдийн идчихсэн үү? Яагаад гэдгээ тайлбарла.

  • Танд ямар ямар сорилт бэрхшээл тулгарсан бэ эсвэл одоог хүртэл ялан дийлэх хэрэгтэй байгаа вэ? Тэдгээрийг ялан дийлэхэд танд юу тусалсан бэ эсвэл туслах вэ?

  • Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтынхаа төлөө хэрхэн адислагдсан юм шиг санагдаж байна вэ?

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн туршлагаа, энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаараа сайн дураараа хуваалцах суралцагчдыг урь. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр хэрхэн адислагдсан талаарх гэрчлэлээ хуваалц.