“Моронай 7:1–19: ‘Христийн гэрлээр шаргуу судлах,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 7:1–19,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 7:1–19
“Христийн гэрлээр шаргуу судлах”
Заримдаа юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхэд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд тусламж үзүүлдэг. Моронай аавынхаа үгсийг ашиглан, биднийг сайныг муугаас ялгахын тулд Христийн гэрлийг ашиглахад урамшуулан дэмжсэн. Энэ хичээл сайн, мууг ялган шүүхдээ Есүс Христэд найдахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аль дөрвөлжин нь илүү цайвар байна вэ?
Хоёр саарал дөрвөлжин хоёулаа ижил өнгөтэйг мэдэх нь таныг гайхшируулах болов уу? Цагаан болон хараар хүрээлэгдсэн учир таны тархи хоёр саарал дөрвөлжнийг өөр өөр өнгөтэйгөөр харж байна.
Энэ хуурмаг үзэгдэлтэй адил, зөв шүүлт гаргахад хэцүү нөхцөл байдлууд байдаг. Исаиа хожмын өдрүүдэд зарим хүн “сайныг муу гэх, мууг сайн гэх; [мөн] гэрлийг харанхуйгаар, харанхуйг гэрлээр орлуулах” болно (Исаиа 5:20; мөн 2 Нифай 15:20-ийг үзнэ үү) гэж бошиглосон.
-
Өнөөгийн цаг үед хүмүүс “сайныг муу гэх, мууг сайн гэхийг” харж байсан ямар тохиолдлууд байдаг вэ?
-
Хэн нэгэнд үнэнийг амархан эсвэл ойлгомжтой харахад юу саад болдог вэ?
-
Та ямар нэгэн зүйлийг зөв үү, буруу юу гэдгийг яаж тодорхойлох вэ?
-
Та сайныг муугаас ялгаж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ? Яагаад?
Сайн эсвэл муу болохыг нь тодорхой ялгахыг хүсэж буй зүйлийн талаар бод. Жишээлбэл: Хэн нэгэн өөрийн сонгож буй хөгжмийг зүгээр гэж бодож байвч эцэг эх нь санал нийлэхгүй байж магадгүй. Хэнийх нь зөв бэ? Бусад жишээ нь нийгмийн асуудалд ямар байр суурьтай байхаа шийдэх, хэнтэй нөхөрлөхөө сонгох, хоббитой болох зэрэг байж болно.
Та энэ хичээлийг судалж байхдаа аливааг сайн эсвэл муу зүйл болохыг мэдэхэд юу тусалж чадахыг олж мэдээрэй.
Сайн, муугийн ялгаа
Исаиагийн адил Моронай ч мөн өнөөгийн цаг үеийг харсан (Мормон 8:35-ыг үзнэ үү). Тэрээр Мормоны Номд бидэнд зориулан тусламж болох зүйл оруулжээ. Сайн үйлийг чин сэтгэлээсээ үйлдэхийн ач холбогдлыг заасны дараа (Моронай 7:1–11-ийг үзнэ үү), тэрээр эцэг Мормоныхоо Сүмийн гишүүдэд сайн болон мууг шүүх талаар заасан үгсийг цэдэглэжээ.
Моронай 7:12–17-г уншаад, доорх сэдэл бүрээс олсон зүйлээ тэмдэглэж авахыг бодож үз. Үүнд:
-
Ямар нэгэн зүйл сайн гэдгийг бид хэрхэн мэдэх
-
Ямар нэгэн зүйл муу гэдгийг бид хэрхэн мэдэх
-
Аврагч бидэнд туслахын тулд юу хийдэг
-
Эдгээр шүлгээс олсон зүйлс дээрээ үндэслэн та хэлэлцсэн зарчмуудаа хэрхэн дүгнэх вэ?
Моронай 7:12–17-оос бид Бурханаас ирсэн бүх зүйл биднийг сайныг үйлдэж, Есүс Христэд итгэхэд мөн Бурханыг хайрлаж, түүнд үйлчлэхэд урьдаг гэдгийг мэдэж авч болно. Нөгөөтээгүүр, хилэнц биднийг нүгэл үйлдэж, Есүс Христийг үгүйсгэж, Бурханы эсрэг тэмцэхэд ятгадаг.
Мормоны сургаалыг ойлгоход тань туслахын тулд, хэн нэг хүн сонсдог хөгжим болон утсаа ашиглаж буй байдлаа мөн бусад технологийг зүгээр гэж боддог ч эцэг эх эсвэл удирдагч нь түүнтэй санал нийлдэггүй гэж бодъё.
-
Таны саяхан тодорхойлсон үнэнүүд дээр тулгуурлан, энэ хүн өөрийнх нь хөгжим болон технологийн хэрэглээ сайн уу, үгүй юу гэдгийг олж мэдэхийн тулд өөрөөсөө юу гэж асууж болох вэ?
-
Энэ хөгжмийг сонсох нь эсвэл утас болон технологийг ашиглаж байгаа байдал маань …
-
… миний оюун санааг сайн үйлүүдээр эсвэл нүгэл үйлдэх бодлуудаар дүүргэдэг үү?
-
… намайг Есүс Христийн дагагчийн хийх ёстой эсвэл хийх ёсгүй зүйлсийг хийхэд урамшуулан дэмждэг үү?
-
… Бурханы зүйлсийг хайрлахад надад тусалдаг уу үгүй юу?
-
Та тодорхой уран бүтээлчийг эсвэл дууг, түүнчлэн тодорхой аппликэйшн, тоглоом эсвэл медиаг нэг бүрчлэн тунгаан бодох хэрэгтэй болж магадгүйг анхаар. Үүнээс гадна таны ямар нэг үйл ажиллагаанд зарцуулж буй цаг хугацаа анхаарах чухал хүчин зүйл байж ч болох юм.
Харахад туслах гэрэл
Зарим тохиолдолд сайн, мууг шүүхэд хэцүү байдгийг та анзаарсан байх.
Ийн төсөөлж бодохдоо 16-р шүлэг дэх Аврагчийн хэрхэн бидэнд тусалж байгааг харуулсан үг хэллэгүүдийг анхаарч үз.
Христийн гэрлийг ойлгоход тань туслах Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг уншина уу.
Энэ дэлхий дээр төрж буй Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрд Христийн гэрлийг бэлэг болгон өгдөг билээ. Та нар үүнийг мэдэрсэн. Энэ бол юу зөв, юу буруу, юу үнэн, юу худал гэдгийг мэдрэх мэдрэмж байсан юм. Энэ нь таныг энэ амьдрал дахь аяллаа эхлэх үеэс л тантай хамт байсан. …
… Та нар өдөр бүр бараг цаг тутам уг гэрэлд алхахыг эсвэл уг гэрлээс холдож харанхуй руу алхахыг сонгож байдаг. (Henry B. Eyring, “Walk in the Light,” Liahona, May 2008, 123–124)
-
Та Христийн гэрлийн талаар юу сурсан бэ?
Христийн гэрлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд topics.ChurchofJesusChrist.org дээрх Сайн мэдээний сэдвүүдээс “Христийн гэрэл”-ийг үзнэ үү.
Моронай 7:18–19-ийг уншаад, сайн болон мууг шүүх тухай Мормоны өгсөн нэмэлт зөвлөгөөг олж мэд.
-
“Христийн гэрлээр шаргуу судлах” гэдгийг ямар утгатай гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн жишээ, сургаалууд хэрхэн өнөө цагт бидэнд сайн, мууг зөвөөр шүүхэд туслах гэрэл болох вэ?
-
Бидэнд Түүний үгийг сонсож, биднийг удирдан чиглүүлж буй нөлөөг нь мэдрэх өөр ямар арга замууд байна вэ?
Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх
Хичээлийн эхэнд сайн эсвэл муу болохыг нь тодорхой ялгахыг хүсэж буй зүйлийн талаар бодохыг хүсэх үед бодсон нөхцөл байдлаа эргэн сана. Тус зүйлээ зөв эсвэл буруу болохыг тодорхойлохдоо өнөөдөр сурсан зарчмуудаа хэрхэн ашиглах талаар залбирч байгаад тунгаан бодоход хэдэн минут зарцуул. Нөхцөл байдлыг тунгаан бодох үедээ Христийн гэрлээр шаргуу судлахыг хичээ. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
-
Та өнөөдөр зөв, буруугаас сонгох чадварыг тань сайжруулахад туслах юуг сурч мэдсэн бэ?
-
Амьдралын аль хоёр, гурван салбарт сайныг муугаас амжилттай ялгах шаардлагатай гэж та харж байна вэ? Яагаад?