“7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76: ‘Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
7-р сарын 5–11
Сургаал ба Гэрээ 76
“Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”
76-р хэсэгт Их Эзэн үнэнийг бидэнд илчлэхийг ямар их хүсдэгээ илэрхийлсэн байдаг (7–10-р шүлгийг үзнэ үү). Тэрээр таны мэдвэл зохих “Бурханы зүйлүүдийг” (12-р шүлэг) илчилж чадна, илчлэх ч болно гэсэн итгэлтэйгээр судруудыг унш. Тэгээд “[та] Сүнсэнд байх зуураа” төрсөн санаа бодлоо бичиж тэмдэглэ (28, 80, 113-р шүлгүүд).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
“Үхлийн дараа надад юу тохиолдох вэ?” Бараг бүх шашин энэ асуултад ямар нэгэн байдлаар хариулдаг. Олон зууны турш Христийн олон ёс заншил Библийн сургаал дээр үндэслэн тэнгэр болон там гэж байдаг бөгөөд зөв шударга хүмүүсийг диваажинд оруулж, хилэнцэт хүмүүсийг тамлан тарчлаах болно гэж заадаг байсан. Гэхдээ бүх хүн төрөлхтөн зөвхөн сайн, муу гэсэн хоёр хэсэгт хуваагдана гэж үү? Тэнгэр гэдэг үг яг юу гэсэн утгатай вэ? 1832 оны 2-р сард Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсжээ (Сургаал ба Гэрээ 76, хэсгийн тоймыг үзнэ үү).
Харин энэ сэдвээр мэдэх шаардлагатай зүйл олон байв. Эдгээр зүйлийн талаар тунгаан бодож байхад нь Их Эзэн “[тэдний] ойлголтын мэлмийд хүрч мөн тэдгээр нь нээгдсэн болой” (19-р шүлэг). Иосеф, Сидней хоёр үнэхээр гайхалтай, нарийн тодорхой, гэгээрүүлж сэнхрүүлсэн үзэгдлийг хүлээн авсан бөгөөд түүнийг нь гэгээнтнүүд энгийнээр “Үзэгдэл” гэж нэрлэсэн юм. Энэ үзэгдэл тэнгэрийн цонхыг нээж, мөнх амьдралын төсөөлөхийн аргагүй дүр зургийг Бурханы хүүхдүүдэд харуулсан. Диваажин гэдэг нь урьд өмнө нь хүмүүсийн төсөөлж байснаас илүү агуу, өргөн уудам, бүхнийг хамарсан болохыг энэ үзэгдэл илчилжээ. Бурхан бидний бодож байгаагаас ч илүү нигүүлсэнгүй, шударга бөгөөд Бурханы хүүхдүүдэд бидний төсөөлснөөс ч илүү алдар суу бүхий мөнхийн хувь заяа бий.
Гэгээнтнүүд, 1:147–150; “The Vision,” Revelations in Context, 148–154-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Аврал Бурханы Хүү Есүс Христээр дамжин ирдэг.
Вилфорд Вүдрафф 76-р хэсэгт дүрсэлсэн үзэгдлийн талаар уншаад, “Би амьдралдаа хэзээ ч хайрлаж байгаагүйгээрээ Их Эзэнийг хайрлаж байлаа” гэж хэлсэн юм (энэ тоймын төгсгөлд байгаа “Сэргээлтийн дуу хоолой” хэсгийг үзнэ үү). Магадгүй энэ илчлэлтийг уншихад танд үүнтэй адил мэдрэмж төрсөн байж болох юм. Эцсийн эцэст, Аврагчгүйгээр 76-р хэсэгт дурдсан агуу адислалуудын аль нь ч биднийх байхгүй байх байсан. Та 76-р хэсэгт Их Эзэн Есүс Христийг дурдсан шүлэг бүрийг тодорхойлж болно. Тэдгээр шүлэг Их Эзэний тухай болон Бурханы төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Түүний үүргийн талаар танд юу зааж байна вэ? Тэдгээр нь Түүний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Та уншиж, тунгаан бодохдоо хэрхэн “Есүсийн тухай гэрчлэлийг [хүлээн авч],” үүндээ илүү “нэн хүчтэй” байх тухай ойлголтыг олж авч болох юм (51, 79-р шүлэг).
Сургаал ба Гэрээ 76:39–44, 50–112
Бурхан “түүний гарын бүх ажлыг” аврахыг хүсдэг.
76-р хэсэгт цэдэглэсэн үзэгдэлд бараг бүх хүн аврагдаж, алдар суугийн аль нэгэн зэргийг хүлээн авна гэж заасан байдаг тул зарим хүн, тэр дундаа эхэн үеийн Сүмийн зарим гишүүн энэ үзэгдлийг эсэргүүцдэг байв. Тэдний энэ эсэргүүцэл нэг талаараа, Бурхантай болон Түүний бидэнтэй харилцах харилцааны талаарх буруу ойлголтоос үүдэлтэй байсан байж болох юм. Та энэ илчлэлтийг уншихдаа Бурханы зан чанар, Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөнийх нь тухай юу сурч мэддэг вэ?
Аврагдах (бие махбодын ба сүнслэг үхлээс; 39, 43–44-р хэсгийг үзнэ үү) болон өргөмжлөгдөх (Бурхантай амьдарч, Түүнтэй адил болох; 50–70-р хэсгийг үзнэ үү) хоёрын ялгааг судал.
Мөн Иохан 3:16–17; Сургаал ба Гэрээ 132:20–25-ыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 76:50–70, 92–95
Тэнгэрлэг Эцэг маань намайг селестиел хаант улсад мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн хүсдэг.
Та селестиел хаанд улсад орох шаардлагыг хангах болов уу гэдэгтээ эргэлзэж, санаа зовниж байсан уу? Та энэ алдар сууг хүлээн авдаг хүмүүсийн талаарх дүрслэлийг уншихдаа (50–70, 92–95-р шүлгүүдийг үзнэ үү) зөвхөн хийх ёстой зүйлсийн жагсаалтыг хайхын оронд Бурхан Өөр шиг нь болоход танд туслахын тулд юу хийсэн, мөн юу хийж байгааг олж мэд. Үзэгдлийг ийм маягаар унших нь хувийн хичээл зүтгэлийн тань талаарх таны бодолд нөлөөлдөг үү?
Та мөн селестиел хаант улсын талаар дэлгэрэнгүй мэдэх нь агуу адислал болохыг ойлгоорой. Селестиел алдар суугийн тухай энэ үзэгдэл таны өдөр тутмын амьдралыг үзэх үзэл болон амьдрахыг хүсдэг арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?
Түүнчлэн Мосе 1:39; Жой Д.Жонс, “Хэмжээлшгүй үнэ цэнэ,” Ensign, Nov. 2017, 13–15 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 140–143; Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?” Ensign, Nov. 2016, 32–34 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 76:22–24, 50–52, 78–79, 81–82.Бид эдгээр шүлгээс гэрчлэлийн ач холбогдлын талаар юу мэдэж авч болох вэ? Бидний мөнхийн хувь заяанд гэрчлэл маань ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Нэн хүчтэй гэдэг үгийн тодорхойлолтыг харах нь хэрхэн “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” байхыг ярилцахад тус болж магадгүй (79-р шүлэг). Та мөн “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) дууг дуулж болно.
-
Сургаал ба Гэрээ 76:24.Танай гэр бүлийнхэн 76-р хэсэгт байгаа болон “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2–3) дуунд заадаг үнэнүүдийн хоорондын холбоог ажиглаж магадгүй бөгөөд эдгээр үнэний нэгийг Сургаал ба Гэрээ 76:24-өөс олж болно. Хэрэв бид бүгдээрээ Бурханы хүүхэд гэдгийг хүн бүр ойлгодог байсан бол энэ дэлхий хэрхэн өөр байх байсан бэ? Энэ үнэн бусдад хандах хандлагад маань хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ дэлхий дээрх Бурханы янз бүрийн охид хөвгүүдийн зургийг харах нь танай гэр бүлийнхэнд энэ асуудлын талаар тунгаан бодоход тусалж болох юм. (Мөн “Video Presentation: I Am a Child of God,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
“Би Бурханы хүүхэд” дууг хамтдаа дуулаад, 76-р хэсэг дээрх зарчмуудтай холбоотой өөр зүйлсийг олж мэд (жишээ болгон 12, 62, 96-р шүлгийг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 76:40–41.Эдгээр шүлгийн “баярт мэдээнүүд” ( 40-р шүлэг) буюу сайн мэдээг сонины гарчигт эсвэл твиттерт товч хураангуйлбал бид юу гэж хэлэх байсан бэ? Бид 76-р хэсгээс өөр ямар ямар баярт мэдээг олж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 76:50–70.Та гэр бүлийнхэндээ селестиел хаант улсын мөнх амьдралыг хүсэн хүлээж, бэлтгэхэд нь хэрхэн туслах вэ? Та нар Сургаал ба Гэрээ 76:50–70 дээрх үг хэллэгт тохирох зураг, судар, бошиглогчийн сургаалуудыг хамтдаа олж болох юм. Та нар эдгээрийг Сүмийн сэтгүүл, ChurchofJesusChrist.org-оос эсвэл судруудын зүүлт тайлбаруудаас олж болно. Дараа нь тэдгээр зураг, судар, сургаалыг мөнхийн зорилгыг тань сануулах нэг зурагт хуудсанд багтааж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 38.
Сэргээлтийн дуу хоолой: “Үзэгдэл”-ийн гэрчлэл
Вилфорд Вүдрафф
Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийг хүлээн авснаас хойш бараг хоёр жилийн дараа буюу 1833 оны 12-р сард Вилфорд Вүдрафф Сүмд нэгджээ. Тэрээр тухайн үед Нью-Йоркт амьдарч байсан ба уг бүс нутагт үйлчилж байгаа номлогчдоос “Үзэгдэл”-ийн талаар олж мэдсэн байна. Энэхүү илчлэлтийн талаарх өөрийн сэтгэгдлийг тэр олон жилийн дараа ийн илэрхийлжээ.
“Намайг хүүхэд байхаас нэг Диваажин, нэг Там байдаг гэж заадаг байсан ба хилэнцэт хүмүүс бүгд нэг маягийн шийтгэл өгч, бүх шударга хүнд нэг янзын алдар суу өгнө гэж хэлдэг байв. …
…Энэхүү үзэгдлийн талаар уншсан явдал … оюун санааг минь гэгээрүүлж, агуу их баяр баясгаланг надад өгсөн. Тус зарчмыг хүмүүнд илчилсэн Бурхан нь мэргэн ухаантай, зөв шударга, үнэн бөгөөд хамгийн сайн шинж чанарыг агуулсан, мэдрэмж, мэдлэгтэй нэгэн болохыг би ойлгосон. Тэрээр хайр, нигүүлсэл, зөв шударга байдал, шүүлтэд тогтмол нэг янзаараа байдаг болохыг би мэдэрсэн юм. Би мөн амьдралдаа хэзээ ч хайрлаж байгаагүйгээрээ Их Эзэнийг хайрлаж байлаа.”1
‘Үзэгдэл’ нь бидний уншиж байсан ямар ч номон дээрх, ямар ч илчлэлтээс илүү гэрэл, үнэн мөн зарчмыг өгдөг илчлэлт [юм]. Энэ нь бидний одоогийн нөхцөл байдлыг тодорхой болгож, бидний хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон хаашаа явж байгааг харуулдаг. Уг илчлэлтээр дамжуулан ямар ч хүн өөрийн үүрэг, нөхцөл байдал ямар байхыг олж мэдэж болно.”2
“Би Иосефыг харахаасаа өмнө түүний хэдэн настай буюу хэр залуу болох, тэр ямаршуу царай төрхтэй, үс нь богино эсвэл урт байх нь надад огт хамаагүй. Энэ илчлэлтийг авсан хүн бол Бурханы бошиглогч мөн гэж хэлсэн. Би үүнийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байсан.”3
Фийби Кросби Пэк
Иосеф, Сидней хоёрыг “Үзэгдлийн” талаар заах үед ганц бие эх Фийби Пэк нь Миссурид таван хүүхдийнхээ хамт амьдарч байжээ. Үзэгдэл түүнд гүн сэтгэгдэл үлдээж, сүнсээр нөлөөлсөн ба тэрээр сурч мэдсэн зүйлээ төрөл садантайгаа хуваалцан, ийн бичсэн байдаг.
“Их Эзэн тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүүхдүүддээ илчилж байна. … Өнгөрсөн хавар Иосеф Смит, Сидней Ригдон хоёр гэгээнтнүүд бидэн дээр ирж, олон сайхан баяр хөөрөөр дүүрэн цуглаан хийсэн ба бидний өмнө олон нууц дэлгэгдсэн төдийгүй энэ нь намайг асар их тайтгаруулсан билээ. Бурхан хүүхдүүддээ зориулан амар амгалангийн харшуудыг бэлтгэсэн явдлаас Түүний ач ивээл бидэнд харагдаж байсан. Харин сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч, Христийн үйл хэргийн төлөө зогсох зоригт цэрэг болж чадахгүй байгаа хүн Бурханы болон Хүүгийн оршихуйд амьдарч чадахгүй. Гэхдээ энэ бүхнийг хүлээн аваагүй бүх хүнд зориулсан нэгэн газар байдаг бөгөөд энэ нь селестиел хаант улсад харьцангуй доод зэрэглэлийн алдар суу бүхий газар юм. Эдгээрийн талаар хэвлэн гаргаж, дэлхий даяар түгээх гэж байгаа тул энэ талаар өөр зүйл хэлэхгүй. Танд мөн өөрөө унших боломж олдож магадгүй бөгөөд хэрэв боломж олдох юм бол анхааралтай бөгөөд залбирч байгаад уншина байх гэж би найдаж байна. Учир нь эдгээр нь анхаарлаа хандуулбал зохих зүйлс юм. Мөн эдгээр нь энэ болон ирэх дэлхий дэх бидний аз жаргалд хамаатай тул та эдгээрийг уншиж судлаасай гэж би хүсэж байна.”4