Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80: “Би та нарыг удирдах болно”


“7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80: ‘Би та нарыг удирдах болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Есүсийг дагаж байгаа хонь

Гэртээ харих нь, Ёнг Сунг Ким

7-р сарын 12–18

Сургаал ба Гэрээ 77–80

“Би та нарыг удирдах болно”

Их Эзэн Иосеф Смитэд “мэргэн ухааныг [түүний] чихэнд ярих” (Сургаал ба Гэрээ 78:2) болно хэмээн айлдсан. Та Сургаал ба Гэрээ 77–80-ыг судалж байхдаа ямар мэргэн ухааны үгсийг хүлээн авдаг вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христийн Сүм сэргээгдсэнээс хойш хоёр жил орчмын дараа Сүм 2000 гаруй гишүүдтэй болж, хурдацтай өсөж байлаа. 1832 оны 3-р сард Иосеф Смит Сүмийн бусад удирдагчтай уулзаж, илчлэлүүдийг хэвлэх, цугларах газар худалдан авах, ядуусыг халамжлах зэрэг “Сүмийн ажил хэргийг ярилцжээ” (Сургаал ба Гэрээ 78, хэсгийн тоймыг үзнэ үү). Эдгээр хэрэгцээг хангахын тулд Их Эзэн Сүмийн цөөн тооны удирдагчийг дуудаж, тухайн газар нутагт Их Эзэний “ажлыг урагшлуулахад” (4-р шүлэг) хичээл зүтгэлээ нэгтгэх бүлгэм болох Нэгдсэн пүүсийг байгуулах болсон юм. Ийм удирдлагын асуудалд ч гэсэн Их Эзэн мөнхийн талаас анхаарлаа хандуулсан. Эцсийн эцэст, хэвлэх машин эсвэл агуулах гээд ер нь Бурханы хаант улс дахь бүх зүйлийн зорилго бол “селестиел дэлхийд газар” болон “үүрд мөнхийн баялгуудыг” (7, 18-р шүлэг) хүлээн авахад Өөрийн хүүхдүүдийг бэлтгэх явдал юм. Өдөр тутмын завгүй амьдрал дунд энэ адислалуудыг ойлгоход одоо хэцүү байвал, Тэрээр бидэнд “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” (18-р шүлэг) хэмээн батлан хэлсэн.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 77

Бурхан Өөрийн нууцуудыг тэдгээрийг мэдэхээр эрэлхийлэгч хүмүүст илчилдэг.

Анхны үзэгдлээс хойш 12 жил өнгөрсний дараа ч Иаков 1:5 дээрх “Бурханаас гуйг” гэсэн урилга Иосеф Смитийг мэргэн ухаанаар дутах үед үргэлжлүүлэн удирдсаар байв. Түүнийг Сидней Ригдоны хамт Библийн сүнслэгээр нөлөөлөгдсөн орчуулгыг хийж байхад Илчлэл номын талаар асуулт гарч ирсэн ба мэдээж, Иосеф Бурханаас мэргэн ухааныг эрэлхийлсэн. Та Сургаал ба Гэрээ 77-г уншаад, Илчлэл номын холбогдох бүлгүүдийн талаарх ойлголтоо бичиж тэмдэглэхийг бод.

Мөн та судраас суралцахдаа бошиглогч Иосефын үлгэр жишээг хэрхэн дагаж болохоо тунгаан бод. Та Тэнгэрлэг Эцэгээс “Би юуг ойлгох ёстой вэ?” гэж асууж болох юм.

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр уншиж байгаа нь

Библийн орчуулга, Лиз Лэмон Свиндл

Сургаал ба Гэрээ 78

Нэгдсэн пүүс гэж юу байсан бэ?

Нэгдсэн пүүс нь Огайо, Миссури мужууд дахь Сүмийн хэвлэлийн газар болон бизнес ажил хэргийг удирдан явуулахаар байгуулагджээ. Тус байгууллагад өсөж хөгжиж буй Сүмийн материаллаг хэрэгцээг хангахын тулд өөрсдийн эд хөрөнгийг нэгтгэн нийлүүлсэн Иосеф Смит, Ньюел К.Витней болон Сүмийн бусад удирдагч орсон байв. Харамсалтай нь, Нэгдсэн пүүс өрөнд орж, өрөө төлж чадахгүй байсаар 1834 онд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Мөн “Newel K. Whitney and the United Firm,” Revelations in Context, 142–47; “United Firm,” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 78:1–7

Би Сүмийн “урагшлах зарчимд” тусалж чадна.

Их Эзэн Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид агуулах болон хэвлэлийн газрыг удирдан ажиллах нь “та нарын өөрсдийгөө даатгасан урагшлах зарчим” (Сургаал ба Гэрээ 78:4)-д туслах болно хэмээн айлджээ. Сүмийн “зарчим” гэдгийг та юу гэж бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 78:1–7-г уншихдаа энэ талаар тунгаан бод. Эдгээр шүлгийн талаар бодох нь Сүмийн дуудлагаа биелүүлэх эсвэл гэр бүлдээ үйлчлэх арга замд тань нөлөөлж болох юм. Таны үйлчлэл хэрхэн Их Эзэний “зарчмыг урагшлуулдаг” вэ? Энэ нь таныг “селестиел дэлхийд газартай” болоход хэрхэн бэлтгэж байгаа вэ? (7-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 78:17–22

Их Эзэн намайг удирдах болно.

Танд “хараахан ойлгож амжаагүй байгаа” эсвэл “дааж чадахгүй” ямар нэгэн зүйлээс болж бяцхан хүүхэд шиг мэдэрч байсан үе бий юу? (Сургаал ба Гэрээ 78:17–18). Тийм үед танд “зоригтой бай[хад]” (18-р шүлэг) туслах зөвлөгөөг эдгээр шүлгээс олж мэд. Их Эзэн яагаад Өөрийн дагагчдыг “бяцхан хүүхдүүд” хэмээн заримдаа нэрлэдэг гэж та бодож байна вэ? (17-р шүлэг). Мөн та хэрхэн Их Эзэн “таныг удирдаж байгааг” тунгаан бод (18-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 79–80

Бурханд үйлчлэх дуудлага нь хаана үйлчлэхээс маань илүү чухал юм.

Сургаал ба Гэрээ 80-ын талаар ахлагч Дэвид А.Бэднар “Энэ илчлэлтээр дамжуулан Аврагчийн бидэнд зааж буй зүйлүүдийн нэг нь ямар нэг тодорхой газарт хөдөлмөрлөх томилгоо нэн чухал хэдий ч үйлчлэх дуудлагаас илүү чухал бус гэсэн санаа байж болох юм” хэмээн заасан (“Ажилд дуудагдсан болой,” Ensign, May 2017, 68 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 58). Та өөрийнхөө одоогийн болон өмнөх Сүмийн дуудлагынхаа тухай бод. Ахлагч Бэднарын үгс үнэн болохыг мэдэхэд танд ямар туршлагууд тусалсан бэ? Саяхан шинэ дуудлага авсан хэн нэгэнд туслах ямар ямар нэмэлт сургамжийг та Сургаал ба Гэрээ 79–80 дээрээс олж болох вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 77:2.Энэ шүлгийг уншаад, гэр бүлийн гишүүд Бурханы бүтээсэн өөрийн дуртай “амьтдын, … мөлхөгч зүйлүүдийн, … [эсвэл] огторгуй дахь жигүүртнүүдийн” зургийг зурж болох юм. Бид энэ шүлгээс Бурханы бүтээлүүдийн талаар юуг мэдэж авах вэ? (мөн Сургаал ба Гэрээ 59:16–20-ийг үзнэ үү). Та мөн Бурханы бүтээлүүдийн тухай “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16) гэх мэт дууг дуулж, энэ тоймд байгаа уран зургийг үзүүлж болно.

Сургаал ба Гэрээ 77:14.Энэ шүлэгт Иоханыг Израилыг цуглуулах зорилгыг нь төлөөлсөн номыг идсэн гэж тайлбарладаг. Идэх гэдэг бэлгэдэл нь Израилыг цуглуулахад эсвэл Их Эзэний биднээс хийгээсэй гэж хүсэж буй бусад зүйлийг хийхэд гүйцэтгэх үүрэгтээ хэрхэн хандах ёстой талаар юу хэлж байна вэ? Идэх үйлдлийг ашиглан сүнслэг үнэнийг заасан өөр судрууд бол Иохан 6:48–51; 2 Нифай 32:3; Моронай 4 юм. Энэ ярилцлагын үеэр та нар гэр бүлийнхнийхээ идэх дуртай хоолыг хийж, хамтдаа идэж болох юм.

Сургаал ба Гэрээ 78:17–19.Гэр бүлийн гишүүд тань Бурханы өгсөн, талархаж явдаг адислалуудаа зурж болно. Эдгээр адислалд талархаж байгаагаа илэрхийлэхийн тулд бид юу хийж байна вэ? “Бүх зүйлийг талархалтайгаар” (19-р шүлэг) хүлээн авах зөвлөгөөг танай гэр бүлийнхэн хэрхэн дагаж байгааг бас ярилцаж болно. Их Эзэн тийн үйлддэг хүмүүст юу амласан бэ?

Сургаал ба Гэрээ 79:1.Та Сүмийн дуудлагад томилогдохдоо буюу онцгойлон адислагдахдаа хүлээн авсан “хүчний” талаар гэрчлэлээ хуваалц. Үйлчилж байхад тань Их Эзэн таныг ямар тодорхой бэлэг, сүнслэг удирдамжаар адисалсан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Адислал бүрээ тоол,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 7.

Заах чадвараа сайжруулах

Зураг зур. Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа, уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурах цагийг тэдэнд гаргаж өг. Гэр бүлийн гишүүдэд сурсан зарчмуудыг нь сануулахын тулд зургуудыг гэрийнхээ энд тэнд байрлуул.

Амьтадтай цэцэрлэг

Бурханы цэцэрлэг, Сэм Лоулор