“8-р сарын 5–11. Ром 1–6: ‘Авралд хүргэх Бурханы хүч’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“8-р сарын 5–11. Ром 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
8-р сарын 5–11
Ром 1–6
“Авралд хүргэх Бурханы хүч”
Оюун санаандаа ангийн гишүүдээ бодоод, Ром 1–6-г залбирч унш. Энэ нь таныг заахаар бэлтгэх үед Сүнсний өдөөлтүүдэд мэдрэмтгий байхад туслах болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Ром 1–6-аас дуртай шүлгээ хайж олох хэдэн минут өгөхийг бод. Дараа нь тэд сонгосон шүлгээ ойр сууж байгаа хэн нэгэнтэй хуваалцаж болно.
Сургаалыг заа
“Би Христийн сайн мэдээнээс ичихгүй.”
-
Ангийн тань гишүүд итгэл үнэмшлээсээ болж шоолуулж байсан болов уу? Тэднийг Ром 1:16–17-г уншиж, Паулын сайн мэдээнээс ичдэггүйгээ харуулсан Үйлс номны жишээнүүдийг бодож үзэхэд урь. Юу биднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд байхаас ичихгүй болгодог вэ? Ангийн гишүүдийг өөрсдөө эсвэл бусад хүний Есүс Христийн сайн мэдээнээс ичээгүй туршлагаас хуваалцахад урь.
Үнэнч шавь байх нь зөвхөн бидний үйлдлээр бус, харин дотоод сэтгэлийн амлалтаас хамаарна.
-
Бид өөрсдийнхөө ямар шавь байгааг хэрхэн дүгнэдэг вэ? Паулын ромчуудад өгсөн зөвлөгөө бидэнд зөвхөн даалгаврынхаа жагсаалтыг гүйцэлдүүлэхэд бус, харин “Сүнс, зүрх сэтгэлдээ” (Ром 2:29) анхаарлаа хандуулах ёстойг санахад тусалж чадна. Та Паулын зөвлөгөөг ойлгоход ангийнхандаа туслахын тулд Ром 2:28–29-өөс зарим үгийг самбарт бичиж болно. Иудей-г хожмын үеийн гэгээнтнээр, хөвч хөндөх ёслол-ыг гэрээгээр орлуул. Энэхүү өөрчлөлт Паулын сургаалын тухай бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Бид Сүмийн гишүүдийн хувьд “зүрх, сэтгэлээрээ” (Ром 2:29) үйлдсэн үед илүү утга учиртай, хүчирхэг болдог зүйлсийн жишээг та ярилцаж болно. Жишээ болгон ахлагч Жэффри Р.Холландын гэрийн багшлалтын талаар хэлсэн үг болох “Сүмийн төлөөлөгчид” (Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52) эсвэл ахлагч Нийл Л.Андэрсэны номлогчийн ажлын талаар хэлсэн үг болох “Бурханы гэрч” (Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23) зэргийг үзнэ үү.
“Хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм.”
-
Эдгээр бүлэгт дурдсан итгэл, хөдөлмөр, ач ивээлийн тухай Паулын сургаалыг ойлгоход нь тусламж хэрэгтэй хүмүүс танай ангид байж болно (мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь энэ долоо хоногийн тойм болон Судруудын удирдамж дээрх Иосеф Смитийн Орчуулгыг үзнэ үү). Та тэдэнд бие биенээсээ суралцахад нь хэрхэн тусалж чадах вэ? Бид өөрсдийн сайн үйлсийг бидний зохистой байдлыг батлан харуулж байгаа арга зам болгон мөн Христийн ач ивээлийг өөрсдийн алдаа дутагдал, гэм нүглийг зөвтгөх шалтгаан болгож харахгүй байх ёстойг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд дараах хоёр жишээг үзүүлэх талаар бодож үз. Ангийн гишүүдийг Глориа, Жастин хоёрт туслах үнэнийг Ром 3:20–31; 5:1–2; 6:1–2, 21–23-аас хайж олоход урь. Зөв шударга үйлсийг үйлдэх, Христийн ач ивээлд итгэх хоёрын аль нь чухал болохыг ойлгоход тэдэнд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй сургаалын өөр ямар үнэн туслах вэ? Та ангийн гишүүдээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг эсвэл харилцан яриаг жүжигчлэн тоглохыг хүсэж болно.
1-р жишээ.
Та Глориа гэдэг найзтай бөгөөд тэр үнэнч шавь байх гэж хичээж чармайхаасаа цөхөрч байна. Тэр хийвэл зохих бүх зүйлийг хийх гэж шаргуу хичээдэг ч хичээл зүтгэл нь бүтэлгүйтдэгт байнга санаа зовдог. “Би хангалттай сайн байна уу?” “Их Эзэн намайг хүлээж авах болов уу?” гэж тэр гайхширан бодно.
2-р жишээ.
Та Жастин гэдэг найзтай бөгөөд тэр зөв сонголтууд хийхгүй байгаадаа тийм ч их санаа зовдоггүй. Тэр Есүс Христэд итгэн, сүмийн цуглаануудад оролцдог бөгөөд хайраар дүүрэн эцэг, сайн хөрш юм. Гэвч тэр ариун сүмийн эрхийн бичиг авахад тохирохуйц болгох жишгүүдийн дагуу амьдардаггүй. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг ариун сүмд бэлтгэхэд нь урамшуулахыг хичээх үед тэр “Би хангалттай сайн хүн. Надад Есүс Христэд итгэх итгэл бий. Тэр аль хэдийн миний гэм нүглийн төлөөсийг төлсөн. Тэр намайг ийм жижиг асуудлуудаас болоод селестиел хаант улсад орохыг зөвшөөрөхгүй байна гэж би бодохгүй байна” гэж хариулдаг.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг Ром 7–16-г уншихыг урамшуулахдаа Паул өөрийнх нь болон бид бүхний доторх дайныг дүрсэлсэн гэдгийг тэдэнд хэлж болно. Ром 7–16-аас бид энэ дайн юу болохыг мөн хэрхэн ялж болохыг мэдэж авдаг.
Нэмэлт эх сурвалж
Итгэл, ач ивээл, үйлс.
Бид зарлигуудыг дагахаар хичээх ёстой ч дан ганц Бурханы хуулиудад дуулгавартай байх нь биднийг аврахгүй (Ром 3:27–31-ийг үзнэ үү). Бид хамгийн сайнаараа хичээж зүтгэсэн ч “бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23). Ийм учраас бид бүхэнд Есүс Христ хэрэгтэй бөгөөд Түүний ач ивээл биднийг гэм нүглүүдээс өршөөгдөж мөн сайн үйлсийг үргэлжлүүлэн хийх боломжтой болгодог. Паулын зааснаар “Хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм” (Ром 5:20).
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй, найзуудтайгаа усанд сэлж байгаад живж эхэлсэн нэгэн хүүгийн талаарх адилтгасан жишээг хуваалцсан. “Аз болоход авхаалж самбаатай, шаламгай хөдөлгөөнтэй хэн нэгэн бургасан хашаанаас урт саваа хугалан авч, живж буй хүү рүү үзүүрийг нь сунгахад тэр зууран барьж, аврагдсан юм.
Адал явдалд дуртай хөвгүүн нь аврах арга хэрэгслээр хангасан хөвгүүнд өөрийн амь насны өртэй үлдсэн гэж бүх хөвгүүн хэлэв.
Энэ нь эргэлзээгүй үнэн бөгөөд гэхдээ өөрт нь олдсон боломжуудыг тэр хөвгүүн ашиглаагүй байсан бол мөн хамаг чадлаараа хичээгээгүй байсан бол найз нь баатарлаг үйлдэл хийсэн ч живэх байсан (David O. McKay, “The Gospel of Work,” Instructor, Jan. 1955, 1).
Бид итгэл, ажил үйлсийнхээ чухам алинаар нь аврагддаг тухай асуулт тавихад Христийн шашинтан зохиолч К. С.Льюис: “Энэ асуулт надад хайчны аль ир нь илүү чухал вэ гэж асууж байгаатай адил санагддаг” (Mere Christianity, 148) хэмээн бичсэн байдаг.
1-р жишээ.
-
Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22
“Авралыг дуулгавартай байдлаар биш, харин Бурханы Хүүгийн цусаар худалдан авдаг юм [Үйлс 20:28-ыг үзнэ үү]. …
Ач ивээл нь Бурханы бэлэг бөгөөд Түүний зарлиг бүрд дуулгавартай байх хүсэлтэй байх нь Тэнгэрлэг Эцэгээсээ энэхүү ариун нандин бэлгийг хүлээн авахаар мөнх бус гараа сунгаж буй хэрэг юм” (Дийтр Ф.Угдорф,“Ач ивээлийн бэлэг,”Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99).
2-р жишээ.
-
Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–41.
“Хэрвээ Бурханы ач ивээл нь бэлэг юм бол Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь яагаад тийм чухал гэж? Тийм юм бол Бурханы зарлиг тушаалууд эсвэл наманчлал гэгч зүйлтэй яагаад зууралдах ёстой юм бэ? …
Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь бид Түүний нинжин сэтгэлийн төлөө цаглашгүй хайр, талархлаа илэрхийлж буй жам ёсны үр дагавар юм. Бодит хайр, талархлын энэ илрэл бидний үйл хэргийг Бурханы ач ивээлтэй тун гайхалтай нэгтгэн холбож өгдөг (Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98).
Ач ивээлийн хэрэгцээ
“Таны туйлын авралд ач ивээл хэрэгтэйгээс гадна энэхүү бололцоо олгох хүч нь амьдралд тань өдөр бүр хэрэгтэй. Та Тэнгэрлэг Эцэгтээ хичээл зүтгэл, даруу төлөв байдалтайгаар дөхөн очвоос Тэрээр ач ивээлээрээ дамжуулан таныг өргөн, хүчирхэгжүүлэх болно (Сургаалт үгс 3:34; 1 Петр 5:5; С ба Г 88:78; 106:7–8-ыг үзнэ үү). Түүний ач ивээлд найдах нь танд зөв шударгаар өсөж, хөгжих боломжийг олгодог (Итгэлдээ үнэнч байх нь, 42).