“5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34: ‘ЭЗЭНийг чи мартуузай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
5-р сарын 16–22
Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34
“ЭЗЭНийг чи мартуузай”
Мосе Израилын хүүхдүүдэд хэрэгцээнд нь тулгуурлан заахаар сүнсээр өдөөгдсөн (Дэд хууль 6:1-ийг үзнэ үү). Та Дэд хуулийг судалж байхдаа, ангийнхаа гишүүдийн хэрэгцээн дээр тулгуурлан ямар зарчим заахаа сүнслэг өдөөлт эрэлхийлэн мэдэж аваарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Дэд хуульд Мосегийн Израилын хүүхдүүдэд хандан хэлсэн сүүлчийн үгс багтсан байдаг тул та Дэд хууль номоос үр хүүхдэдээ эсвэл ач зээ нартаа өгөх сүүлчийн үгэндээ оруулахыг хүсэж байгаа зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Тэднийг хуваалцах үеэр, яагаад эдгээр үгийг сонгосноо тайлбарлахыг тэднээс хүс.
Сургаалыг заа
Дэд хууль 6:4–7, 20–25; 8:2–5, 11–17; 29:18–20; 30:6–10, 15–20
Их Эзэн биднээс бүх зүрх сэтгэлээрээ Өөрийг нь хайрлахыг хүсдэг.
-
Дэд хууль номд зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг дүгнэхэд хүргэдэг хэсгүүд байдаг. Эдгээр судрын хэсгийн талаарх бодлоо хуваалцахад ангийн гишүүдэд туслахын тулд та самбарт зүрх зурж болно. Дараа нь ангийн гишүүдэд дараах судруудыг хувааж өг: Дэд хууль 6:4–7, 20–25; 8:2–5, 11–17; 29:18–20; 30:6–10, 15–20. Хэрэв эшлэл нь бидний зүрх сэтгэлд байх ёстой зүйлийн талаар зааж байвал зүрхний дотор талд, зайлсхийх ёстой зүйл зааж байвал зүрхний гадна талд бичихэд ангийн гишүүдийг урь. Зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэгт зориулна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Бид Бурханы зарлигуудыг яагаад дагаж мөрддөгөө гэр бүлийнхэндээ болон бусдад хэрхэн тайлбарлах вэ? Энэ асуултыг тунгаан бодсоныхоо дараа ангийн гишүүд Дэд хууль 6:4–7, 20–25-ыг юм уу “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлийг уншаад, бодлоо хуваалцаж болно. Эдгээр ойлголт нь зарлиг, гэрээнүүдийн талаарх бидний бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
“[Эзэний үгийг] хүүхдүүддээ хичээнгүйлэн заа.”
-
Заримдаа энэ нь гэр орондоо сайн мэдээг зааж, суралцаж буй бусдын арга барилын талаарх санаа бодлыг сонсоход тусалдаг. Ангийн гишүүд Дэд хууль 6:4–9, 20–25 дээрх зөвлөгөөг хэрхэн дагаж байгаа тухай ярилцах нь тэдэнд бие биенээсээ суралцах боломж олгож болох юм. Бид эдгээр шүлэгт дурдсанаар Бурханы үгийг зааж, “үүний тухай ярихын” (7-р шүлэг) тулд юу хийдэг вэ? Их Эзэн бидний хүчин чармайлтыг удирдан чиглүүлж байсан ямар туршлагаа бид хуваалцаж чадах вэ?
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах нь өгөөмөр гар, бэлэн зүрх сэтгэлийг шаарддаг.
-
“Та нарын дунд ядуу хүн байхгүй болно” (Дэд хууль 15:4) гэсэн өдөр хараахан болоогүй байгаа болохоор өр авлага, зарц нарын талаарх тодорхой зан үйлүүд өөрчлөгдсөн ч Дэд хууль 15 дээрх ядууст туслах зарчмууд үнэ цэнтэй хэвээр байна. Та ангийн гишүүдийг 1–5-р шүлгийг уншаад, ядууст болон гачигдалтай хүмүүст туслахтай холбоотой ярилцмаар байгаа зарчмуудаа олж мэдэхэд урьж болно. Дараахтай ижил төстэй асуултууд ярилцлагад тус нэмэр болж болно: Гачигдагсдад “гараа сунгаж бай” (8, 11-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг вэ? Бусдад туслахад зүрх сэтгэл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (7, 9–10-р шүлгийг үзнэ үү). Их Эзэний үлгэр жишээнээс бид гачигдагсдад туслах талаар юу сурч мэдэж чадах вэ? (15-р шүлгийг үзнэ үү).
Их Эзэн биднийг “амь ба сайн сайхан, үхэл ба гай зовлон” дундаас сонголтоо хийхэд урьдаг.
-
Дэд хууль дээрх Мосегийн үгсийг 2 Нифай 1–4 дээрх Лихайн гэр бүлдээ өгсөн зарим эцсийн сургаалтай харьцуулах нь сонирхолтой байж болох юм. Ангийн гишүүд дараах судрын хэсгээс ижил төстэй, ялгаатай талуудыг олж мэдэж болно: Дэд хууль 29:9, 2 Нифай 4:4; Дэд хууль 30:15–20 ба 2 Нифай 2:26–29. Лихай Мосегийн заасан зүйлийг хэрхэн задлан тайлбарласан бэ? Амьдрал, үхэл зэрэг үгс нь яагаад Бурханы зарлигуудыг “дагах” эсвэл тэдгээрээс “холдох” сонголтуудыг маань оновчтой илэрхийлж байна вэ? (Дэд хууль 30:16–17). Ангийн гишүүд эдгээр шүлгээс “амьдралыг сонгоход” нь (Дэд хууль 30:19) сүнслэгээр өдөөсөн юуг олж мэдсэнээ хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
Бид Бурханыг хайрладаг тул гэрээнүүдээ сахидаг.
Ерөнхийлөгч Линда К.Бөртон ингэж заасан:
“Бид гэрээгээ илүү хичээл зүтгэлтэйгээр сахих шалтгаануудаас хайр нь хамгаас эрхэм шалтгаан юм. …
‘Хэрвээ бидний төлөө хийгдсэн гэтэлгэлээр дамжуулан биднийх болсон олон адислалд бид бүрэн дүүрэн талархдаг байсан бол Их Эзэн биднээс ямар ч зүйл хүссэн бид чин сэтгэлээсээ, дуртайяа хийх байсан биз ээ” [Joseph Fielding Smith, “Importance of the Sacrament Meeting,” Relief Society Magazine, Oct. 1943, 592] хэмээн Жозеф Фийлдинг Смитийн өгүүлснээр, гэрээгээ сахих нь бидний Аврагч буюу Гэтэлгэгчийн цаглашгүй бөгөөд хязгааргүй Цагаатгалд талархаж байгаагаа мөн биднийг төгс хайрладаг Тэнгэр дэх Эцэгтээ хайраа үзүүлж байгаа нэгэн арга юм” (“Гэрээгээ сахиснаар ирэх хүч чадал, баяр баясал мөн хайр,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129).