Семинар
Иосеф Смит—Түүх 1:1–14: “Бурханаас асуу”


“Иосеф Смит—Түүх 1:1–14: ‘Бурханаас асуу,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Иосеф Смит—Түүх 1:1–14,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иосеф Смит—Түүх 1:1–14

Иосеф Смит—Түүх 1:1–14

“Бурханаас асуу”

Судар судалж буй залуу Иосеф Смит

Иосеф Смит залуу насандаа Есүс Христийг дагаж, аль сүм нь зөв болох мөн аль сүмд нэгдэх ёстойг мэдэхийг эрэлхийлсэн. Гэхдээ олон сүм өөр өөр сургаал зааж байсан ба залуу Иосеф үнэнийг ялган таньж чадахгүй байлаа. Энэ хичээл нь Бурханаас үнэнийг олж мэдэхээр хичээхдээ Иосеф Смитийн үлгэр жишээг дагахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Үймээн самууны үе

Энэ хичээлээр суралцагчид Иосеф Смитийн аль сүмд нэгдэхээ мэдэхийн тулд үйлдсэн үйлдэлд төвлөрөн Иосеф Смит—Түүх 1:1–14-ийг судална. “Иосеф Смит—Түүх 1:15–20” гэсэн дараагийн хичээлээр Ариун ойн цоорхойд Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлын тухай судлах болно. Хичээлийн цагийн боломжоос хамааран та энэ хоёр хичээлийг нэгтгэж болох юм.

Суралцагчдыг өөр хоорондоо зөрчилдсөн мэдээлэл авч байсан үеийнхээ талаар жишээ болгон хуваалцахад урь. Жишээлбэл: Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон мэдээгээр нэг сэдвийн талаар өөр өөр мэдээ, үзэл бодол харж байсан байж магад.

  • Яагаад заримдаа найдвартай мэдээллийг ялган тодорхойлоход хэцүү байдаг вэ?

  • Яагаад яг иймэрхүү сорилт бэрхшээл Есүс Христ болон Түүний сургаалын талаарх үнэнийг олж мэдэхэд хүндрэл учруулж болох вэ?

Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлын талаар судлахдаа түүний үлгэр жишээ хэрхэн тэдний үнэний төлөөх эрэл хайгуулд тусалж болох талаар бодоход суралцагчдыг урь.

Иосеф Смит багаасаа бодгалийнхаа сайн сайхны төлөө санаа зовниж байсан. Олон нийтийн дунд, тэр ч байтугай Смитийн гэр бүлийн дунд ч авралд шаардагдах үнэнийг аль сүмд заадаг талаар өөр өөр үзэл бодол байлаа.

Үнэнийг олж тодорхойлоход нь Иосефт тулгарсан сорилт бэрхшээлүүдийг хурдан олоход ангийнханд туслахын тулд суралцагчдад дараах шүлгүүдийг хувааж өг.

Иосеф Смит—Түүх 1:5–10-ыг уншаад, яагаад Иосефын хувьд олон янзын шашнаас Бурханы үнэнийг олж тогтоох хэцүү байсныг олж мэд.

  • Өнөө үед дэлхийд шашны талаар үүнтэй төстэй төөрөгдөл байгааг та олж харсан уу?

  • Заасан бүхнийг хүлээж авахын оронд Бурханаас үнэнийг мэдэхийг эрэлхийлэх нь яагаад бидэнд чухал гэж та бодож байна вэ?

Иосефын үлгэр жишээг өөрсдийн амьдралтай холбоход нь суралцагчдад туслахын тулд дараах хүснэгтийг самбарт хуулж зураад, хичээлийн турш ангиараа бөглөнө үү.

Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зураад, доорх байдлаар нүднүүдийг нэрлэ.

Бурханд хандсан Иосефын асуултууд

Бурханд хандах миний асуултууд

Иосефын хийсэн зүйл

Миний хийх зүйл

Иосеф Смит—Түүх 1:8, 10-аас уншсан зүйлээ эргэн хар. Иосефын үйлдэл болон асуултуудыг тохирох нүдэнд бич.

Суралцагчид 10-р шүлгээс Иосефт “Юуг хийх ёстой вэ?”, “Эдгээр [сүмийн] аль нь зөв бэ?” гэсэн асуултууд байсныг тодорхойлж магад. Тэд 8-р шүлгээс Иосеф өөр өөр сүмийн цуглаанд оролцох, тунгаан бодох гэх мэт үйлдэл хийснийг олж харж болох юм.

Дараах асуултын дагуу ярилцахдаа 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын Сүнслэг мэдлэг олж авах хэсгийн 3-р догол мөр лүү суралцагчдын анхаарлыг хандуулах нь танд тус болж болох юм.

  • Иосефын тавьсан эдгээр асуулт яагаад Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцсэн гэж та бодож байна вэ?

Иосеф Смитийн үлгэр жишээг дагах

Юу үнэн болохыг эрэлхийлэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах урилгыг дагах нь бидэнд тустай байж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бошиглогч Иосеф Смит бидэнд асуултууддаа шийдэл олохын тулд дагах загварыг бий болгосон. …

Үүний нэгэн адил, таны эрэл танд юуг нээж өгөх вэ? Танд ямар мэргэн ухаан дутагдаж байна вэ? Та мэдэх эсвэл ойлгох шаардлагатай ямар зайлшгүй хэрэгцээг мэдэрч байна вэ? Бошиглогч Иосефын үлгэр жишээг дага. (Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118)

Бид ерөнхийлөгч Нэлсоноос бид Бурханы үнэнийг өөрсдөдөө зориулан мэдэж авахын тулд Иосеф Смитийн үлгэр жишээг дагаж чадна гэсэн үнэнийг сурч болно. Ерөнхийлөгч Нэлсоны асуултуудыг тунгаан бод. Та тэдгээр асуултад хэрхэн хариулах байсан бэ? Өөрт байгаа зарим асуултыг тунгаан бодоод, уг асуултуудаа судлах тэмдэглэлийнхээ “Бурханаас асуух миний асуултууд” гэсэн нүдэнд бич.

Суралцагчид “Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг” эсвэл “Сүнслэг мэдлэг олж авах, 2-р хэсэг” хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд асуултаа сонгосон байж болох юм. Энэ талаар тэдэнд сануулах нь тустай байж мэднэ.

  • Та амьдралынхаа яг энэ цаг мөчид аль асуултыг нэн тэргүүнд тавихаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Яагаад?

Энэ хичээлийн турш та Иосеф Смит—Түүхийг судлахдаа судлах тэмдэглэл дээрх хүснэгтээ үргэлжлүүлэн бөглөөрэй. Та асуултуудынхаа хариултыг олохдоо Иосефын үлгэр жишээг дагах арга замуудыг хайж ол. Үйлдэх сэдэл төрсөн сэтгэгдлээ “Миний хийх зүйл” нүдэнд бич.

Суралцагчдыг дараах судрын хэсгийг уншсаныхаа дараа самбар дээрх “Иосефын хийсэн зүйл” нүдийг үргэлжлүүлэн бөглөхөд урь.

Иосеф Смит—Түүх 1:11–14-ийг уншаад, Бурханы үнэнийг сурч мэдэхийн тулд хийсэн Иосефын өөр үйлдлүүдийг ол. Олж мэдсэн зүйлээ “Иосефын хийсэн зүйл” нүдэнд бич.

19:13
  • Иосеф аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байсан ч Бурханы талаар тэр юу мэддэг байсан бэ?. (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 2–3-р догол мөрийг үзнэ үү.)

  • Бурхан яагаад үнэнийг олж мэдэх бидний эрэлд туслахад бэлэн байдаг гэж та бодож байна вэ? (Иосеф Смит—Түүх 1:11-ийг үзнэ үү.)

  • Та Иосефын хийсэн үйлдлүүдийн алиныг нь амьдралдаа хийж байсан бэ? Та алиныг нь хийж үзэхийг хүсэж байна вэ?

Ерөнхийлөгч Нэлсоны “Бошиглогч Иосефын үлгэр жишээг дага” гэсэн урилгыг санаарай. Үнэний эрэлд Иосефын үлгэр жишээг дагахын тулд хийж болох зүйлсээ тунгаан бодохдоо Тэнгэрлэг Эцэгээс тусламж эрэлхийл.

Хэрэв шаардлагатай бол та Иосеф Смитийн үлгэр жишээг дагах дараах арга замуудыг хуваалцаж болно. Үүнд:

  • Өөрт утга учиртай судраа хайж ол. Уг судраа ахин дахин тунгаан бодохоор төлөвлө. Та зурагт хуудас бүтээж, үүнийгээ судрын хэсгийг өдөр бүр харж болохуйц газарт байрлуул. Эсвэл цээжлэн, долоо хоногийн өдөр бүр цээжээр уншиж болох юм.

  • Ганцаараа Бурханд чанга дуугаар залбирахыг хичээ. Залбиралдаа оруулахыг хүсэж байгаа зүйлсийнхээ тоймыг гарга.

Судлах тэмдэглэлийнхээ “Миний хийх зүйл” нүдэнд Иосеф Смитийн үлгэр жишээг дагах нэг юм уу хоёр арга замаа бич. Та Бурханаас хариулт авахыг эрэлхийлэхдээ эдгээр үйлдлийг хэрхэн хийхээ тодорхой бич. Та төлөвлөгөөгөө итгэлтэй найз, гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцаж болно. Хамгийн шилдэг төлөвлөгөө ч хүссэн үр дүнг авчрахад цаг хугацаа шаарддаг гэдгийг санах нь чухал. Судлах тэмдэглэлээ болон Иосеф Смит—Түүхийг үе үе эргэн харж, явцаа дүгнэ.

Илчлэлт рүү болон сүнслэг асуултынх нь хариулт руу хөтөлж болох итгэлийн үйлдлүүдийн талаар гэрчлэлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Иосеф Смитийн үлгэр жишээг дагаснаар Бурхан бидэнд үнэнийг өөрсдөө олж мэдэхэд тусална гэдгийг гэрчил.