“165-р хичээл—Асуултууддаа хувийн илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Асуултууддаа хувийн илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
165-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох
Асуултууддаа хувийн илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэх
Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хайртай бөгөөд биднийг Өөртэй нь адил болоосой хэмээн хүсдэг. Биднийг Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцахыг эрэлхийлэхэд Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан оюун ухаан, зүрх сэтгэлд маань үнэнийг илчлэхээ амласан (Сургаал ба Гэрээ 8:2; Моронай 10:5-ыг үзнэ үү). Энэ хичээл Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас удирдамж, илчлэлт хэрхэн хүлээн авч болохыг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх
-
Өнөөгийн дэлхийд өсвөр насныханд сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд юу саад болж болох вэ?
-
Эдгээр сорилт бэрхшээл, нөлөөллийг даван туулахад бидэнд юу тус болж чадах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон бидэнд тулгарч буй сорилт бэрхшээл, нөлөөг сүнслэг байдлын хувьд давж гарах нэг арга замын талаар ийн хуваалцсан.
2:3
Байнга ашиглахад бэлэн байдаг сошиал медиа, 24 цагийн туршид тавигддаг мэдээ мэдээлэл биднийг хайр найргүй булж байна. Хэрэв үнэн рүү дайрч довтлох хүмүүсийн олон янзын үзэл бодол, зарчмыг анхааралтай шигшиж, ялган таних ямарваа нэгэн итгэл найдварыг бий болгоё гэвэл бид илчлэлт хүлээн авч сурах ёстой. …
… Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлэх, удирдах, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно.
Хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)
-
Энэ мэдэгдлийн ямар үг, хэллэг танд онцгой ач холбогдолтой санагдсан бэ? Яагаад?
-
Ариун Сүнснээс илчлэлт хүлээн авах нь энэ дэлхийд сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд яагаад чухал гэж та бодож байна вэ?
Бурханаас удирдамж, илчлэлт хүлээн авах
Мозая 4:9 болон Сургаал ба Гэрээ 38:1–3-ыг уншаад, Бурханы удирдамжийг хүсэхэд бидэнд туслах Бурханы шинж чанарыг олж мэд.
-
Эдгээр судар Бурханы талаар танд юу зааж байна вэ?
-
Бурханы эдгээр зан чанарыг мэдэх нь Түүгээр удирдан чиглүүлэх, заалгах таны хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 1–3-р догол мөрийг судал. Бурханаас сүнслэг асуултуудынхаа хариултыг авахын тулд юу хийж болохыг тайлбарласан үг, хэллэгийн доогуур зур.
-
Бурханаас асуултуудынхаа хариултыг авах чадвараа сайжруулахын тулд бид юу хийж чадах талаар та юу сурч мэдсэн бэ?
-
Яагаад эдгээр үйлдлийг Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахад биднийг бэлддэг чухал арга замууд гэж та бодож байна вэ?
-
Хувийн илчлэлт хүлээн авч байсан ямар туршлага танд байдаг вэ? Хүлээн авахад тань ямар үйлдэл таныг бэлдсэн бэ?
Хичээлийн эхэнд судалсан “Би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна” гэх ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг эргэн сана (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 119).
Өнөөдөр энэ зөвлөгөөг дагахад тань туслах олж мэдэж, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авах чадвараа хөгжүүлэхийн тулд та юу хийхээ судлах тэмдэглэлдээ бичнэ үү.