Семинар
12-р хичээл—Сургаал ба Гэрээ 2: Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно


“12-р хичээл—Сургаал ба Гэрээ 2: Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 2: Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

12-р хичээл: Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27-65

Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65

Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно

Гэр бүлийн түүхийн ажил

Мормоны Номын бошиглогч, тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэж, хэд хэдэн судрын бошиглолыг эш татсан. Үүний нэг нь бошиглогч Елиа эргэн ирж, “хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно” (Иосеф Смит—Түүх 1:38–39) гэх Малахийн тунхаг байсан юм. Энэ хичээл нь суралцагчдад тэдний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно гэсэн Их Эзэний бошиглолд оролцоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Миний гэр бүл

Суралцагчдад өвөг дээдсийнхээ тухай мөн бид яагаад гэр бүлийн түүхийг хөтөлдөг талаар бодоход туслахын тулд тэднийг дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урь.

Тайлбар: Зарим суралцагч гэр бүлийн хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгардаг. Гэр бүлтэйгээ мөнхөд холбогдох эсвэл төрсөн гэр бүлээ мэдэхгүй байх зэрэг асуудалтай хүмүүст мэдрэмжтэй ханд.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хэрхэн гэр бүлийн харилцааг эдгээхэд тусалж чадах вэ? гэх нэмэлт эх сурвалжийг хуваалцах нь тус болж болох юм.

Санаж байгаа аль болох олон хүнийг гэр бүлийн модондоо бич. Та хэдэн үеэ оруулж чадахаа үз.

  • Тэд амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Гэр бүлийнхээ тэдгээр гишүүний аль нэгнийх нь талаар танд ямар утга учир бүхий дурсамж байдаг вэ?

Суралцагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хүүхдүүдээ мөнхөд нэгтгэх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг улиран тохиолгоход туслах нэгэн арга зам гэдгийг ойлгоход тусал. Гэр бүлийн түүхэд оролцох талаарх бодол санаагаа дүгнэж цэгнэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах удирдамжийг ашиглахыг бод.

Эдгээр мэдэгдлийн аль нь гэр бүлийн түүхийн талаарх таны бодол санааг хамгийн сайн дүрсэлж байна вэ?

  • Би гэр бүлийн түүхээ бичих дуртай ба ийн үйлдэх учир шалтгааныг тодорхой хардаг.

  • Би гэр бүлийн түүх чухал гэдгийг мэддэг ч үүнд цаг зарцуулдаггүй.

  • Би гэр бүлийн түүх чухал гэдгийг мэддэг ч гэр бүлийнхээ бусад гишүүнд даатгадаг.

  • Би үнэндээ гэр бүлийн түүхээ бичих тодорхой шалтгааныг олж хардаггүй.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 2-ыг судлахдаа ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаарх бодол санаагаа үнэлж дүгнэхэд урамшуул.

сургалтын материалын шигтгээ зурагСүнсээр заа. Суралцагчдыг өөрийгөө үнэлж дүгнэхэд туслах нэмэлт материалыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сүнсээр заах гарын авлагын “Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчныг мөн боломжийг бүрдүүлж өг” гарчигтай сургалтаас авна уу.

Бошиглогч Елиа эргэн ирсэн

Судар судалж буй залуу Иосеф Смит

Сургаал ба Гэрээ 2-ын агуулгыг өгөхдөө, тэнгэр элч Моронай Иосефт үзэгдэж буй зургийг үзүүлээд, энэ талаар юу санаж байгаагаа ярихад суралцагчдыг урь. Эсвэл та дараах догол мөрийг өөрийнхөө үгээр хуваалцах юм уу нэг суралцагчийг чанга уншихад урь.

Тэнгэр элч Моронай 17 настай Иосеф Смитэд үзэгдэхдээ Библид бичигдсэн хэд хэдэн эртний бошиглолыг эш татсан. Эдгээр бошиглол Иосефын ирээдүйн ажлын талаар илүү ихийг илчилсэн ба үүнд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө болон дараах үйл явдлуудыг багтаасан байв.

Моронайн эш татсан Хуучин Гэрээний нэг бошиглол бол Малахи 4:5–6 юм. Бошиглогч Елиагийн үгс Иосеф Смит—Түүх 1:38–39 ба Сургаал ба Гэрээ 2-т цэдэглэгдсэн төдийгүй Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө дэлхийд эргэж ирнэ гэдгийг илчилсэн байдаг.

Елиагийн эргэн ирэхийг жишиг бүтээл бүрд дурдсан байдгийг мэдэх нь суралцагчдад сонирхолтой байж болох юм (Малахи 4:5–6; 3 Нифай 25:5–6; Сургаал ба гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:38–39-ийг үзнэ үү). Суралцагчдыг дараах шүлгүүдийг уншиж байхдаа ойлгоогүй байгаа аливаа үг, хэллэгүүдээ тодорхойлоход нь тусал.

Сургаал ба Гэрээ 2-ыг уншаад, Елиагийн эргэж ирэх нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд яагаад чухал болохыг олж мэд (мөн Сургаал ба Гэрээ 128:17–19-ийг үзнэ үү).

  • Эдгээр шүлгийн талаар танд ямар ямар асуулт байна вэ?

    Дараах мэдэгдлүүд Сургаал ба Гэрээ 2-той холбоотой суралцагчдын асуултуудад хариулахад тусална.

    • “Елиагийн гараар … Санваар” (1-р шүлэг) гэдэг нь 1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд Елиагийн сэргээсэн лацдан холбох хүчийг хэлж байгаа юм (мөн Сургаал ба Гэрээ 110:13–16-г үзнэ үү).

    • “Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр” (1-р шүлэг) гэдэг нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хэлж байгаа.

    • “Эцгүүдэд нь хийгдсэн амлалтууд” (2-р шүлэг) гэдэг нь Абрахам, Исаак, Иаков нартай байгуулсан Абрахамын гэрээ, амлалтыг хэлж байгаа юм (мөн Сургаал ба Гэрээ 27:9–10-ыг үзнэ үү).

    • Хүүхдүүдийн хувьд зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ хандуулах нэг арга зам бол ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил билээ.

    • Гэр бүлүүдийг лацдан холбохгүйгээр энэ дэлхийн зорилгууд гүйцэлдэж чадахгүй ба дэлхий “бүрмөсөн устгагдах” юм (3-р шүлгийг мөн Сургаал ба Гэрээ 128:17–19-ийг үзнэ үү).

  • Елиа эргэн ирсэн нь гэр бүлүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Сургаал ба Гэрээ 2-т байгаа ямар ямар үнэнийг та тодорхойлсон бэ?

Тэд олж мэдсэн үнэнээ самбарт жагсаан бичиж болно. Тэдгээрт дараах үнэнүүд орж болох юм. Тухайлбал: Бурхан Хоёр дахь ирэлтээс өмнө лацдан холбох хүчийг сэргээхээр Елиаг илгээхээ амласан (1-р шүлгийг үзнэ үү). Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх ба бид ариун сүмд тэдний өмнөөс ёслолуудыг үйлдэж чадна (2-р шүлгийг үзнэ үү). Гэр бүлийг мөнхөд нэгтгэх хүчгүйгээр дэлхийн зорилго гүйцэлдэхгүй байх байсан (3-р шүлгийг үзнэ үү).

Бидний зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно.

Бидний “зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” (Сургаал ба Гэрээ 2:2) гэсэн хэллэг нь тодруулбал Израилын угсааны “эцгүүд” болох Абрахам, Исаак, Иаков гурвыг хэлж байгаа юм. Өнөөдөр энэ хэллэг бидний эх, эцэг, үе үеийн гэр бүлийн маань бүх хүн, өвөг дээдсийг илэрхийлэхэд түгээмэл хэрэглэгддэг.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой ямар ямар туршлага таны зүрх сэтгэлийг гэр бүл рүү тань эргүүлэхэд тусалсан вэ?

  • Зүрх сэтгэлээ гэр бүл рүүгээ эргүүлэх нь хэрхэн бидний зүрх сэтгэлийг Аврагч руу эргүүлэхэд туслах вэ?

Суралцагчдад зүрх сэтгэлээ эргүүлэх арга замын талаар бодоход нь туслахын тулд тэднийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох эсвэл оролцож байсан арга замуудаа нэрлэхэд урь. Тэдний хэлсэн зүйлийг самбарт жагсааж бичээд, шаардлагатай бол дараах санаануудыг нэм. Хичээлийн үеэр сонгосон үйл ажиллагаан дээрээ ажиллах цагийг суралцагчдад гаргаж өг.

Зүрх сэтгэлийг тань гэр бүлийн гишүүд рүү тань эргүүлэх Их Эзэний бошиглолыг гүйцэлдүүлэхэд туслах үйл ажиллагааг залбирч байгаад сонго. Зарим жишээг оруулав.

  • Гэр бүлийнхээ ахмад гишүүнээс өсвөр насных нь тухай эсвэл амьдралынхаа туршид юу сурч мэдсэн талаар нь асуух асуултууд бэлд. Дараа нь гэр бүлийнхээ гишүүнтэй ярилцсан ярилцлагаа бичиж тэмдэглэ.

  • Гэр бүлийнхээ түүхийн чухал түүхийг бичиж эсвэл хуваалцаж болно. Жишээлбэл: Та гэр бүлийнхээ анхны гишүүнийг Сүмд хэрхэн орсон тухай бичиж болно.

  • FamilySearch.org эсвэл Family Tree аппликэйшныг ашиглана уу.

    • Гэр бүлийн модоо судалж, өвөг дээдэстэйгээ хэрхэн холбогдож байгаа олж мэд.

    • Гэр бүлийнхнийхээ зургийг хүн тус бүрийн нэртэй хамт оруул.

    • Гэр бүлийнхээ гишүүдийн талаарх хамгийн дуртай түүх, дурсамжаа бичиж тэмдэглэ.

    • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах боломжтой нас барсан гэр бүлийн гишүүдээ тодорхойл. (Ариун сүм гэдгийг, дараа нь Ёслолууд нь бэлэн гэдгийг сонго.)

  • Гэр бүл, найз нөхдөөрөө эсвэл өсвөр үеийнхний бүлэгтэйгээ хамт ариун сүмд орох цаг төлөвлө. Хамтдаа ажиллан, ариун сүмийн ёслолыг хүлээн авах шаардлагатай нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг ол. Эдгээр ариун нандин ёслолыг үйлдэхэд туслах замаар Их Эзэнд үйлчлэхэд гэр бүлийнхээ гишүүдийг урь.

Суралцагчдыг сонгосон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхэд урамшуул. Энэ үйл явцад тэд гэр бүлийн гишүүдээ эсвэл дотно найзаа оролцуулж болох юм. Та суралцагчдад зориулан ахиц дэвшлээ тайлагнах, туршлагаа ангийнхантайгаа хуваалцах цагийг төлөвлөж болно.