Семинар
13-р хичээл—Сургаал ба Гэрээ 3: “Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ”


“13-р хичээл—Сургаал ба Гэрээ 3: ‘Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 3,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

13-р хичээл: Сургаал ба Гэрээ 3–5

Сургаал ба Гэрээ 3

“Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ”

Найзуудаасаа холдон явж байгаа залуу эрэгтэй

Заримдаа бид Бурханыг дагахыг маань болиулах гэсэн бусдын шахалтыг мэдэрч магадгүй. Мартин Харрисыг Мормоны Номын орчуулагдсан хуудаснуудыг авахыг хүсэх үед Иосеф Смит яг ийм шахалтыг мэдэрчээ. Энэ тохиолдолд бид Бурханд итгэлтэй байж, бусдын шахалтад автахгүй байх ёстой гэдгийг Иосеф ойлгосон. Энэ хичээл хүмүүсээс илүү Бурханд итгэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Амьдралын шахалт

Хичээлийн эхэнд чихмэл тоглоом, дэр зэрэг зөөлөн эд зүйлийг суралцагчдад үзүүл. Энэ нь тэднийг төлөөлж байгаа гэдгийг хэл. Дараах асуултуудад өгсөн хариулт болгонд нэг суралцагчийг зөөлөн зүйл дээр ном эсвэл хүнд зүйл тавихад урь. Зөөлөн зүйл дарагдан шалчийх үед ийм хүнд байдалд орж байсан эсэхээ тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Өсвөр насныхан амьдралдаа ямар дарамт шахалтыг мэдэрдэг вэ?

  • Эдгээр дарамтын хэд нь бусдад таалагдах гэсэн оролдлогоос үүдэлтэй вэ?

Бусдад таалагдахын тулд хэр их дарамтыг мэдэрдэг, яагаад гэдгээ эргэцүүлэн бодоход нэг хором зарцуул.

Энэ хичээлээр та бошиглогч Иосеф Смит Мартин Харрисыг баярлуулахын тулд ямар шахалт мэдэрснийг мөн Аврагч ийм нөхцөл байдалд түүнд юу заасныг судлах болно. Ийм дарамтыг мэдрэх үед танд тус болох үнэнүүдийг олохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

“Ингээд өнгөрдөг байж”

Түүхэн чухал нөхцөл байдлыг ойлгоход нь суралцагчдад туслах санаанууд:

  1. Хичээл эхлэхээс өмнө нэг суралцагчид бичвэрийг өгч, ангийнхандаа зориулан нэгтгэн дүгнэхэд урь.

  2. Мормоны Номын анхны орчуулгаас алдагдсан 116 хуудасны талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Хуваалцаагүй суралцагчдад энэ тухай тайлбарлаж өг.

  3. Дараах бичвэрийг түлхүүр үггүйгээр үзүүлээд, суралцагчид тухайн бичвэрийг гүйцээж бичиж чадах эсэхийг хар. Суралцагчдын мэдэхгүй зүйлийг бөглөөрэй.

  4. 13:34

Мартин Харрис бол Палмирагийн нэр хүндтэй иргэн, амжилттай фермер, Иосеф Смитэд итгэдэг тэндхийн цөөн хэдэн хүний нэг байв. Тэр Иосефоос насаар бараг хоёр дахин ах боловч түүнтэй найзалж, Пеннсильванийн Хармони руу нүүж очин, түүнд Мормоны Номыг саадгүй орчуулахад нь зориулан мөнгө өгчээ. Түүнчлэн Мартин золиос гарган өөрөө тэнд очиж, бичээчээр ажилласан юм.

Мартины эхнэр Люси нөхрөө Мормоны Номын орчуулгад оролцож байгааг дэмжээгүй юм. Мартин Иосефоос орчуулгын эхний 116 хуудсыг ажлынхаа нотолгоо болгон эхнэртээ үзүүлж болох эсэхийг асуув. Иосеф энэ тухай хоёр удаа залбирч асуусан ба тэр болгонд Мартинд хуудаснуудыг бүү өг гэсэн хариу авчээ.

Иосефыг гурав дахь удаагаа залбирахад Их Эзэн хатуу чанд нөхцөл тавин зөвшөөрөв. Мартин хуудаснуудыг эхнэртээ үзүүлэхийн тулд Палмира руу явжээ.

  • Иосефыг яагаад Их Эзэнээс хүлээн авсан эхний хоёр хариултаа дагаагүй гэж та бодож байна вэ?

Та Иосефыг шахалтад орсныг харуулахын тулд хичээл эхлэх үеийн үйл ажиллагааг дахин үзүүлж болно.

Мартиныг явсны маргааш Эмма Смит төрж, Иосеф тэр хоёр хүүгээ буюу анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Харамсалтай нь, нялх хүү нь хэдхэн цаг амьдарсан ба Эмма ч үхлийн ирмэг дээр байлаа. Аз болоход, хэдэн долоо хоногийн дараа Эммагийн бие сайжирч эхлэв. Хэдийгээр Иосеф түүний дэргэдээс явахыг хүсээгүй ч Эмма түүнийг Палмира руу явж, гар бичмэлийн сургийг гарга гэж шавдуулжээ.

Иосефыг эцэг эхийнхээ гэрт ирэхэд тэд өглөөний цайгаа уух гэж байсан ба Мартиныг бас урьсан байлаа. Дөрвөн цаг гаруй болсон ч Мартин ирсэнгүй. Эцэст нь тэр орж ирж суугаад, гашуудалтайгаар “Би бодгалиа алдлаа!” гэж хэлэв. Тэрээр чанд зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас гар бичмэлээ алдсан байлаа.

“Өө, Бурхан минь, Бурхан минь! Ингээд өнгөрдөг байж!” хэмээн Иосеф гашуудан, “Би эхнэртээ ийм үлгэр сонсгохоор очно гэж үү. Би Их Эзэний өмнө ямар нүүрээрээ очих билээ?” гэв.

Иосефыг Хармонид буцаж ирсний дараа Моронай үзэгдэж, ялтаснуудыг түүнээс авчээ. (Гэгээнтнүүд номын 1:50–54-ийг үзнэ үү.)

  • Яагаад Иосефт бүх зүйл өнгөрсөн мэт санагдсан гэж та нар бодож байна вэ?

Энэ явдлаас хойш удалгүй Их Эзэн Иосеф Смиттэй ярьж, түүнийг зэмлэхийн зэрэгцээ тайвшруулах үгсийг хэлсэн.

Хүнээс биш Бурханаас эмээ

Сургаал ба Гэрээ 3:1–10-ыг унш. Иосефыг энэ туршлагаас юу ойлгож аваасай гэж Их Эзэн хүссэнийг тодорхойл.

Суралцагчдыг яаралгүй, анхааралтай судалж, хэд хэдэн сургамж хайж олоход урамшуул.

сургалтын шигтгээ зурагСуралцагчдыг үнэнийг өөрсдөө олж мэдэхэд урь. Дараах асуулт нь суралцагчдад үнэнийг өөрсдөө тодорхойлоход туслах зорилготой. Сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд нь суралцагчдад туслах асуултуудын талаарх нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сургаалыг заа хэсэг дэх “Есүс Христийн сургаалыг өөрөө сурч мэд” гарчигтай хичээлээс үзнэ үү.

  • Та ямар ямар сургамжийг олж авсан бэ?

Суралцагчдын олж болох зарчмуудын жишээг оруулав.

  • Бурханы ажлууд хясагдаж болохгүй (Сургаал ба Гэрээ 3:1-ийг үзнэ үү). Хэрэв суралцагчид энэ үнэнийг тодорхойлсон бол үүнийг ойлгох нь яагаад чухлыг болон Иосеф Смитийг хэрхэн тайвшруулсан талаар хуваалцахыг тэднээс хүс.

  • Бурхан нигүүлсэнгүй (Сургаал ба Гэрээ 3:10-ыг үзнэ үү). Түүнийг дагахгүй байлгах гэсэн бусдын шахалтад бууж өгсөн үе үүнд хамаарна. Хэрэв суралцагчид энэ үнэнийг тодорхойлсон бол, дараах асуултуудыг тавь. Аврагчийн нигүүлслийг санах нь тухайн үед бошиглогч Иосеф Смитэд хэрхэн тусалсан бэ? Өөрчлөгдөх шаардлагатай үедээ Түүний нигүүлслийг ойлгох нь бидэнд хэрхэн туслах вэ?

  • Биднийг хүнээс илүү Бурханаас эмээх үед, Тэр гай зовлон тохиолдох үед биднийг дэмжих болно (Сургаал ба Гэрээ 3:7–8-ыг үзнэ үү). Хичээлийн үлдсэн хэсэг энэ зарчимд төвлөрөх юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Бурханаас эмээх гэдэг нь юу гэсэн утгатайг ийн тайлбарласан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Хүн төрөлхтөн Бурханаас эмээж байх хэрэгтэйг судруудын олон хэсэгт зөвлөсөн байдаг. Бидний энэ үед эмээх гэдэг үгийг ‘хүндлэх,’ ‘бишрэх’ эсвэл ‘хайрлах’ хэмээн хөрвүүлэн ойлгодог. Тэгэхээр эмээх гэдэг нь Бурханыг хайрлах буюу Түүнийг болон Түүний хуулийг хүндлэх гэсэн утгатай юм.

… Бид бусдын дарамт шахалтаас болж Түүний мэлмийд ямар нэгэн буруу зүйл хийхээс эмээх хэрэгтэй. (D. Todd Christofferson, “A Sense of the Sacred” [Church Educational System fireside for young adults, Nov. 7, 2004], 6–7, broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Бурханаас эмээх талаар ахлагч Кристоффэрсоны заасан зүйлийг та өөрсдийн үгээр хэрхэн хураангуйлах вэ?

Итгэлтэй байвал Бурхан гай зовлон тохиолдох бүрд биднийг дэмжинэ.

Та самбарт Гай зовлон тохиолдох бүрд Их Эзэн намайг дэмжинэ, учир нь Тэр … гэж бичиж болно.

Судлах тэмдэглэлдээ Гай зовлон тохиолдох бүрд Их Эзэн намайг дэмжинэ, учир нь Тэр … гэсэн хэллэгийг бич. Дараахаас нэг юм уу хэд хэдийг гүйцэтгэж дээрх мэдэгдлийг гүйцээнэ үү.

  1. Бусдын чадахгүй, зөвхөн Есүс Христийн үзүүлж чадах тусламж, дэмжлэгийн жагсаалтыг гарга.

  2. Түүнийг бүү дага гэсэн бусдын дарамт шахалт дунд байсан ч Их Эзэнд итгэлтэй байхыг сонгож, Түүнээс дэмжлэг авч байсан үеэ жагсаан бич. Та мөн судрын жишээнүүдийг ашиглаж болно.

    Суралцагчид хариултаасаа самбарт жагсаан бичиж болно. Эсэргүүцэлтэй тулгарсан ч Өөрт нь итгэлтэй хэвээр үлдсэн хүмүүсийг Бурхан дэмжсэн тухай судрын түүхүүдийг тодорхойлоход суралцагчдад тусламж хэрэгтэй байж магадгүй. Та тэдэнд дараах жишээнүүдийг өгч болно. Ноа хаан болон түүний санваартнууд заналхийлж байсан ч Их Эзэний захиасыг хүргэхийн тулд Бурханаас хүч чадал авсан Абинадайн түүх (Мозая 13:1–3-ыг үзнэ үү); Их Эзэн Шадрах, Мешах, Абеднего нарыг галтай зуухнаас аварсан түүх (Даниел 3:23–25-ыг үзнэ үү).

  • Бурханаас илүү бусдад таалагдахыг хичээхээр соригдох үед тус болох ямар зүйлийг та Аврагчийн талаар бичсэн бэ?

Энэхүү зэмлэлийн үр дүнд, Иосеф итгэлтэй байхыг сонгох аваас Бурхан түүнийг дэмжинэ гэдгийг ойлгож мэдсэн. Иосеф зовлон шаналал, хавчлагыг туулан; шоронд хоригдож, тэр байтугай үхлийг амссан ч Бурханы тушаал, удирдамжид итгэж амьдарсан (Сургаал ба Гэрээ 122135-ыг үзнэ үү).

Энэ хичээлээр сурсан зүйл тань танд ямар хамааралтайг тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бич. Та Бурханаас илүү бусдаас эмээх шахалттай тулгарч байхдаа санаж, хийхийг хүсэж буй зүйлээ оруулж болно.

Энэхүү хүнд хэцүү туршлагаас олж авсан сургамж нь Иосеф Смитэд амьдралынхаа туршид Бурханд илүү дуулгавартай байхад нь тусалсан гэдгийг гэрчлэхийг бодоорой. Та Бурханы зөвлөгөөг дагаж мөрдөхөд хэцүү байсан ч Түүнээс дэмжлэг хүлээн авч байсан талаараа гэрчилж болно.