Семинар
15-р хичээл—Сургаал ба Гэрээ 3-5: “Тэдгээрийн үнэн гэдгийг би лавтайяа мэднэ”


“15-р хичээл—Сургаал ба Гэрээ 5: ‘Тэдгээрийн үнэн гэдгийг би лавтайяа мэднэ,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 5,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

15-р хичээл: Сургаал ба Гэрээ 3-5

Сургаал ба Гэрээ 5

“Тэдгээрийн үнэн гэдгийг би лавтайяа мэднэ”

Алтан ялтаснууд

Мартин Харрисыг Иосеф Смитэд алтан ялтаснууд байгаа гэсэн нэмэлт баталгааг эрэлхийлэх үед Их Эзэн түүнд үүнийг батлав. Энэ хичээл нь Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ, Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэсэн гэрчлэлийг хувьдаа олж авахад туслах Их Эзэний илгээсэн гэрчүүдийг таньж мэдэхэд суралцагчдад туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Мартин Харрисын мухардал

Мормоны Ном болон Иосеф Смитийн талаар гэрчлэлээ үнэлж дүгнэх боломжийг суралцагчдад олго. Дараах жишээ болон асуултуудыг тунгаан бодох нь тэдэнд ийн үйлдэхэд тусална. Суралцагчид зарим хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

7:46

Хэн нэгэн Иосеф Смитэд үнэхээр алтан ялтаснууд байсан эсэхийг шүүхээр боллоо гээд төсөөлөөд үз.

  • Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч гэдгийг гэрчлэхэд танд хэр амархан байх вэ? Яагаад?

  • Та юу гэж хэлэх байсан бэ?

  • Та хэлснийхээ нотолгоо болгон юуг харуулах байсан бэ?

Дараах нөхцөл байдлын талаарх мэдээллийг хуваалцах нь суралцагчдад өөрсдийн өвөрмөц нөхцөл байдалд хэрхэн Сургаал ба Гэрээ 5-ыг хэрэгжүүлж болохыг илүү сайн ойлгоход тусална.

Мартин Харрисын эхнэр Люси Харрис нөхрөө Мормоны Номыг хэвлүүлэхэд цаг зав, хөрөнгө мөнгөө зориулж байгаад дургүй байв. Тэрээр Иосеф Смитийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, алтан ялтаснууд байгаа талаар худал мэдүүлэг өгөхөд бэлэн хэдэн хүнийг цуглуулжээ. Хэрэв Мартиныг тэдэнтэй нэгдэн, Иосефын эсрэг гэрчлэхгүй бол түүнийг ч мөн адил шоронд явуулна гэж сүрдүүлсэн байна. Хэдийгээр Мартин өмнө нь Иосефын бичээчээр үйлчилж, алтан ялтаснуудаас хуулбарласан бичээсийг эртнийх гэдгийг батлуулахаар эрдэмтдэд үзүүлж, эх гар бичмэлийн 116 хуудсыг алдсан ч алтан ялтаснууд бодит гэдгийг өөрийн нүдээр харахыг эрэлхийлсээр байв. Түүнийг Иосеф Смитийн гэрт ирэхэд Иосеф Их Эзэнээс лавлан асууж, Сургаал ба Гэрээ 5 дахь илчлэлийг хүлээн авсан юм.

Сургаал ба Гэрээ 5-ыг судлахдаа та Иосеф Смит, Мормоны Ном хоёрын талаар мэддэг зүйлийг тань батлахад туслах Ариун Сүнсийг эрэлхийл. Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.

Сургаал ба Гэрээ 5:1–3-ыг уншаад, Аврагч Мартин Харрист хэрхэн хариулсныг олж мэд.

  • Их Эзэн яагаад ялтаснуудыг дэлхийнхэнд үзүүлж, Мормоны Ном үнэн гэдгийг нотлоогүй гэж та бодож байна вэ?

Хэдийгээр тухайн үед Мартинд алтан ялтаснуудыг үзүүлэхийг зөвшөөрөөгүй ч энэ илчлэл түүнд бошиглогчийн талаар хүчирхэг гэрчлэл хуваалцах боломжийг олгож, түүнийг хүчирхэгжүүлсэн юм. Энэ хичээлээр Их Эзэн бидний хүн нэг бүрд Иосеф Смит бол Бурханы бошиглогч, Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ гэсэн гэрчлэлийг хувьдаа олж авахад туслах гэрчүүдийг өгсөн гэдгийг та олж харна.

Их Эзэнээс ирэх нотолгоо

тараах материалын шигтгээ зурагСуралцагчдыг гурван бүлэгт хуваа. Бүлгийн гишүүн бүр доорх тараах материалын өөрт оногдсон хэсгийг ашиглан өөр өөр “гэрчийг” бие даан судална. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчид бүлгийнхэнтэйгээ юу сурч мэдсэнээ харьцуулж, ярилцаж болно.

Мөн та гурван тусдаа дугтуйн дээр “1-р гэрч,” “2-р гэрч,” “3-р гэрч” гэж бичээд, дугтуй бүрд тараах материалын тохирох хэсгийн хуулбаруудыг хий. Тэдгээрийг бүлэг бүрд өгч судлуул.

Гэрчүүд

1-р гэрч

Их Эзэний үг

Иосеф Смитэд алтан ялтаснуудыг дэлхийд бүү үзүүл хэмээн зарлигласан (Сургаал ба Гэрээ 5:3-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 5:6–10-ыг уншаад, Иосефт юуг хуваалцаж болно гэж зөвшөөрснийг олж мэд.

Та 5, 6, 7-р шүлэгт Их Эзэний давтан хэлсэн үг хэллэгүүдийг тэмдэглэн авч болох юм.

  • Их Эзэн яагаад биднийг ялтаснууд үнэхээр байсан гэдгийг мэдэхийн оронд Мормоны Номон дахь Түүний үгсэд итгэж, сонсоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Мормоны Номын талаар ийн заасан.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Нотолгоо шаардах дуртай дэлхийд хэдийгээр зарим хүнд тустай байж болох ч үүний үнэний нотолгоо нь археологи эсвэл антропологид тулгуурладаггүй. Мөн батлахад тустай байх боловч үүний үнэн байдал нь үгийн судалгаа эсвэл түүхийн дүн шинжилгээнд оршдоггүй. Үүний үнэнийг шалгах шалгалт нь үүнийг уншихаас хамаардаг. Энэ бол Бурханы ном. (Gordon B. Hinckley, “Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 6)

Мормоны Номоос судлан, уг номоор заалгуулж байсан туршлагаа тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Ийн судлах нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар бод. Төрсөн зарим бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж болох юм.

2-р гэрч

Гурван үйлчлэгчийн гэрчлэл

Сургаал ба Гэрээ 5:11–15-ыг уншаад, Их Эзэн эцэст нь хэнд ялтаснуудыг үзэхийг зөвшөөрөхийг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс Гурван гэрчийн гэрчлэлийг хүчирхэг болгох юуг олж харсан бэ?

Хожим нь Мартин Харрис, Оливер Каудери, Давид Витмер гурав алтан ялтаснуудыг харж, тэдгээр нь бодит юм гэдгийг гэрчилсэн. Сургаал ба Гэрээ 17-г судлахдаа та энэ үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авна.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Гурван гэрчийн талаар ийн заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Өөр ямар ч гэрч тэдний гэрчлэлийг няцаагаагүй юм. Хэн нэгэн тэдний гэрчлэлийг үгүйсгэж болох ч асар их доромжлол болон хувийн сул дорой байдалтайгаа тэмцэлдэн байхдаа амьдралынхаа эцсийг хүртэл, хэвлэгдэж гарсан гэрчлэлдээ нэгдэж, гэрчлэлээ хадгалж үлдсэн эдгээр сайн хүний талаар хэрхэн тайлбарлах билээ? Мормоны Номтой л адил харсан зүйлээ ярьсан сайн мөн шударга эрчүүдийн чин сэтгэлийн гэрчлэл дэх тайлбараас илүү дээр тайлбар байхгүй. (Dallin H. Oaks, “The Witness: Martin Harris,” Liahona, May 1999, 36)

Мормоны Номын эхэнд байгаа Гурван гэрчийн гэрчлэлийг уншихыг эсвэл Мормоны Ном үнэн гэдгийг танд гэрчилж байсан хүмүүсийн нэрсийг жагсаахыг бод. Тэдний гэрчлэл таныхыг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар бод.

3-р гэрч

Ариун Сүнс

Сургаал ба Гэрээ 5:16; Моронай 10:4–5-ыг унш. Бурхан Өөрийн хүүхдүүдэд Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн илчилдгийг тодорхойл.

  • Ямар ямар арга замаар Сүнс Мормоны Номын үнэнийг хэн нэгэнд гэрчилж болох вэ?

Тэргүүлэх бишопоор үйлчилж байсан Глэнн Л.Пэйс ах ийн хэлсэн.

Ахлагч Глэнн Л.Пэйс

Ариун Сүнсний гэрчээр дамжуулан гэрчлэлтэй болохоос өөр арга зам гэж үгүй. Та үүнээс өөр зүйлд найдаж болохгүй. … Бидэнд Ариун Сүнсний гэрчийн дагалдах нотолгоогүйгээр аливаа биет эд зүйл ямар ч хүчгүй гэдгийг харуулах олон жишээ сударт бий. Хөрвүүлэлт нь тэнгэрээс ирэх биет зүйлээс ирдэггүй. (Glenn L. Pace, “The Elusive Balance,” New Era, Mar. 1989, 49)

Ямар нэг зүйл үнэн гэдгийг нотолдог биет нотолгооноос илүү Бурхан Тэргүүтний нэг гишүүн болох Ариун Сүнсний гэрч яагаад чухал гэж бодож байгаа шалтгаануудаа жагсаа. Мормоны Ном үнэн тухай Ариун Сүнснээс хүлээн авсан гэж үзэж байгаа аливаа гэрчүүдийг жагсаалтдаа оруулахыг бод.

Суралцагчдыг оноож өгсөн гэрчийнхээ талаар судлаад, ярилцаж дуусмагц нэг юм уу хэдэн суралцагчийг бүлгээ төлөөлөн гарч ирэн, дараах мэдээллийг ангийнханд танилцуулахад урь.

  • Бүлэгтэйгээ хамт судалсан Их Эзэний өгсөн гэрчийг тайлбарла.

  • Бүлгийн гишүүдийнхээ бичсэн жагсаалтаас жишээнүүдийг хуваалц.

Ангийнхныхаа хуваалцсан зүйл дээр нэмээд, ойлгосон зүйл болон гэрчлэлээ хуваалцахад бүх суралцагчийг урьж болох юм.

7:46

Сургаал ба Гэрээ 5-д өгсөн илчлэлийн дараа Мартин нь Иосеф Смитийн зан чанарын талаар болон алтан ялтаснууд бодит гэдгийг шүүх дээр зоригтой гэрчилсэн юм. Шүүгч Мартины болон бусад хүний гэрчлэлийг сонсоод, Иосефын эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хичээлээр авч ярилцсан үнэнүүдийн талаар төрсөн сэтгэгдэл, гэрчлэлээ хуваалц.