Семинар
16-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх нь 1—Сургаал ба Гэрээ 1–5; Иосеф Смит—Түүх 1


“16-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх нь 1—Сургаал ба Гэрээ 1–5; Иосеф Смит—Түүх 1,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйгаа үнэлэх нь 1,” Сургаал ба Гэрээний семинар

16-р хичээл: Сургаал ба Гэрээ 3-5

Суралцахуйгаа үнэлэх нь 1

Сургаал ба Гэрээ 1–5; Иосеф Смит—Түүх 1

Судраас судалж буй залуу эрэгтэй

Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь бидэнд Аврагчид ойртоход тусална. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээ болон Иосеф Смит—Түүхээс судалсан туршлага нь сүнслэгээр өсөж хөгжин, Есүс Христэд ойртоход хэрхэн тусалсан талаар эргэн санаж, үнэлж дүгнэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад бид үнэлж дүгнэх хэрэгтэй вэ?

Өнөөг хүртэл гаргасан өсөлт хөгжлөө үнэлэхээр бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил үйл ажиллагааг явуулах талаар бодож үз. Самбарт дараах графикийг зураад, зорилгын тухай жишээ өг. Суралцагчид Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн хүрээнд тавьсан сүнслэг, оюуны, бие махбодын болон нийгмийн зорилгуудаа бодож болно.

Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр шулуун зураас зур. Шулуун зураасны баруун төгсгөлд урт хугацааны зорилгуудаасаа нэгийг бич. Жишээлбэл: Ямар нэгэн спортыг юм уу хөгжмийн зэмсгийг өндөр түвшинд эзэмшиж, аливаа ур чадвараа онцгой сайн хөгжүүлэх, эрдмийн зэрэг болон гэрчилгээ авах, ариун сүмд гэрлэх зэрэг байж болно.

Дараах графикт үзүүлсэнчлэн, шулуун зураасны дээр хүний дүрс зуран, зорилгодоо хүрэхэд хэр ойрхон байгаагаа илэрхийл.

Өсөлт хөгжлийг илэрхийлсэн хүний дүрс

Аль хэдийн гаргасан байсан ахицаа уг зураасны зүүн талд хэдэн хором зарцуулан бич. Та зорилгодоо хүрэхийн тулд сурсан эсвэл хийсэн тодорхой зүйлсээ багтааж болно.

  • Түр азнан, юу сурч мэдэн, хэрхэн өсөж хөгжсөнөө үнэлэх нь яагаад тустай вэ?

Хэдэн суралцагчийг зорилгодоо хүрэхийн тулд юу сурсан, юу хийснээ хуваалцахад урьж болно. Энэ нь суралцагчдыг энэ хичээлээс илүү ихийг сурч мэдэхэд бэлтгэхээс гадна нэг нэгнээ илүү сайн таньж мэдэн, ангийг эв нэгдэлтэй болгоход тусалж болох юм.

Семинарын зорилгуудын нэг бол Аврагч Есүс Христэд ойртож, Түүнтэй илүү адилхан болоход танд туслах явдал юм.

  • Түр азнан, Есүс Христэд илүү их ойртож, Түүнтэй илүү адил болохын тулд гаргаж буй хүчин чармайлтаа үнэлэх нь яагаад чухал вэ?

Та юу сурч мэдсэн бэ? Та хэрхэн өсөж хөгжиж байгаа вэ?

Энэ хичээлийн жилийн турш дөрвөөс зургаан долоо хоног тутамд үүнтэй адил хичээл орох бөгөөд суралцагчдыг юу сурч, Аврагчид хэрхэн ойртож байгаагаа цаг гарган дүгнэнэ гэдгийг тайлбарла.

Шаардлагатай бол өнөөг хүртэл сурсан түүх, сэдвүүдээ жагсаан бичихэд суралцагчдыг урихыг бодоорой. Энэ нь тэдэнд дараах зүйлийг хийхэд тусалж болох юм.

Энэ жил Сургаал ба Гэрээг судалснаар Аврагчид хэрхэн ойртож, ямар ахиц гаргаж байгаагаа судлах тэмдэглэлдээ бичихэд хэдэн хором зарцуул. Үүнд таны сурч буй сургаал, үнэн, Есүс Христийн талаарх гэрчлэл тань хэрхэн өсөж байгаа байдал, тогтоож буй шинэ дадал хэвшил, өөрчлөхийг хичээж буй арга замууд байж болно.

Хангалттай хугацаа өгсний дараа, хэт хувийн биш бол хэдэн суралцагчийг бодлоо хуваалцахад урь. Үүнийг жижиг бүлгээр эсвэл ангиараа гүйцэтгэж болно. Эсвэл суралцагчид хэрхэн сурч, өсөж буйгаа нэгтгэн дүгнэх үг эсвэл хэллэгийг бодоод, самбарт бичиж болно (Жишээлбэл: “Хүчтэй гэрчлэл,” “Түүний тухай судраас суралцах” эсвэл “Аврагчийн хайрыг мэдрэх” гэх мэт). Дараа нь та самбар дахь түлхүүр үгсийг зааж, үүнийг бичсэн суралцагчаас яагаад бичсэнээ хуваалцахыг хүсэж болно. Сонсох явцдаа та суралцагчдын гаргасан хичээл зүтгэлд талархаж, тэднийг цааш үргэлжлүүлэхэд урамшуулан, Их Эзэний тусламж, адислалуудыг гэрчлэх арга замуудыг эрэлхийлээрэй.

Судраас судлах явцаа үнэлэх

Иосеф Смитийн дараах зургийг үзүүлээд, судар судлах нь Бурханы бошиглогчийн хувьд түүнд хэрхэн нөлөөлсөн талаар ярилц.

Библи уншиж буй залуу Иосеф Смит
  • Судраас судлах нь бошиглогч Иосеф Смитэд хэрхэн тусалсан бэ?

Судраас судлах өөрийн зорилгыг тунгаан бод. Хичээл зүтгэл тань танд хэрхэн нөлөөлж байна вэ?

Суралцагч бүрд хоёр хуудас жижиг цаас өг. Тэд эхний асуултын хариултыг нэг хуудсан дээр, хоёр дахь асуултын хариултыг нөгөө хуудсан дээр бичнэ.

  • Таны хувьд судраас амжилттай судлахад тусалж байсан нэг арга зам тань юу вэ?

  • Та судраас судлахдаа ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?

Суралцагчдын амжилтаа бичсэн цааснуудыг нэг газарт, бэрхшээлээ бичсэн цааснуудыг өөр газарт цуглуулж хураа. Хураасан цааснуудаа тус тусад нь холиод, ангийнхантай хуваалц. Суралцагчдын амжилтыг уншихдаа тэднийг магтаж, урамшуул. “Үүнтэй ижил зүйл үйлдээд амжилтад хүрсэн хүн байна уу?,” “Судраас судлах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү их ойртоход хэрхэн танд тусалсан бэ?” гэж асуухыг бод. Суралцагчдын судраас судлах явцад тулгарч буй бэрхшээлүүдийг уншиж байхдаа, ангийнхныг тус болж болох судрууд, бошиглогчид, Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг олоход мөн хувийн туршлагуудаа хуваалцахад урих нь үр дүнтэй байж болох юм.

Суралцагчдын бошиглогч Иосеф Смитийн талаар ямар бодол санаатай байгааг үнэлж дүгнэх

Бошиглогч Иосеф Смитийн талаарх бодол санаагаа үнэлж дүгнэх дараахтай адил боломжийг суралцагчдад олго.

Семинарын сүүлийн хэдэн долоо хоногт бошиглогч Иосеф Смитийн талаар сурч мэдсэн зүйлсээс тань санаанд орж ирэх бүх зүйлээ бич.

Суралцагчид сурч мэдсэн зүйлээ самбар дээрх Иосеф Смитийн зургийн эргэн тойронд бичиж болно. Эсвэл тэд энэ үйл ажиллагааг жижиг бүлгээр явуулж болох юм.

Жагсаалтаас Есүс Христтэй илүү их ойртоход тусалсан арга замуудаа дугуйл эсвэл доогуур нь зур.

Хэрэв суралцагчид дурдаагүй бол Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг Анхны үзэгдлээр харж, Мормоны Номыг Бурханы хүчээр орчуулж, Их Эзэнээс илчлэлтүүд хүлээн авч, Сургаал ба Гэрээг бичсэн гэдгийг заавал оруулаарай. Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан санваар, Сүм, гэрээ болон ёслолуудыг сэргээсэн гэдгийг бас оруул.

Суралцагчдыг жагсаасан зүйлдээ хэр зэрэг итгэж байгаагаа 1-ээс 5 хүртэлх (1=итгэхгүй байна, 5=маш их итгэж байна) оноогоор үнэлэхэд урь. Есүс Христэд илүү их ойртоход туслахын тулд Бурхан Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тусалсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

Ангийн тань зарим суралцагч Иосеф Смит бошиглогч гэсэн гэрчлэлгүй байж магад. Дараах асуултыг асуун, санаа бодлоо хэлэх боломжийг олгох нь тэдгээр суралцагчид тус болж болох юм.

  • Хэрэв Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдэгт итгэдэггүй хүн байвал та түүнд итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хий гэж санал болгох вэ?