Семинар
14-р хичээл—Сургаал ба Гэрээ 4: “Их Эзэнтэй адил үйлчил”


“14-р хичээл: Сургаал ба Гэрээ 4: ‘Их Эзэнтэй адил үйлчил,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 4,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

14-р хичээл: Сургаал ба Гэрээ 3-5

Сургаал ба Гэрээ 4

Их Эзэнтэй адил үйлчил

Ахмад Иосеф Смит

Ахмад Иосеф Смит Бурханд болон бусдад хэрхэн үйлчилж болохоо мэдэхийг хүсэж байв. Аавынхаа энэхүү хүсэлтийн хариуд бошиглогч Иосеф Смит хариулт авахаар эрэлхийлж, Их Эзэний ажилд туслах хүсэлтэй хувь хүмүүст өгсөн хэдэн илчлэлийн эхнийхийг хүлээн авсан юм (мөн Сургаал ба Гэрээ 11–12; 14–16; 25-ыг үзнэ үү). Энэ хичээл нь Бурханд болон бусдад Христийнхтэй адил арга замаар үйлчлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэнтэй адил үйлчлэх

Бурханд болон бусдад Христийнхтэй адил арга замаар үйлчлэх өөрсдийн хандлагыг тунгаан бодоход туслах үйл ажиллагаагаар хичээлээ эхлүүлж болно. Дараах үйл ажиллагаа үүний нэг жишээ юм.

Хэн нэгэн таны төлөө дараах үйлчлэлээс нэгийг нь үзүүлж байна гэж төсөөл. Үүнд:

  • Танд ямар байгааг мэдэхийн тулд тантай ярих

  • Хийх ёстой ажилд тань туслах

  • Таны төлөө залбирах

Тэд доорх байдлаар үйлчилбэл энэ нь танд хэрхэн нөлөөлөх вэ? Яагаад?

  • Бүх зүрх сэтгэлээрээ эсвэл хайнга хандвал

  • Тэвчээртэй эсвэл тэвчээргүй байвал

  • Таныг хайрлах хайраар эсвэл өөр шалтгаанаар өдөөгдсөн бол

Одоо Аврагч танд ийн үйлчилж байна гэж төсөөл. Тэр хэрхэн үйлчлэх байсан бэ мөн энэ нь ямар нөлөө үзүүлэх вэ?

Энэ хичээлээр та Их Эзэний биднээс хүсдэг Христийнхтэй адил үйлчлэл, зан чанаруудын талаар судлах болно. Судлах явцдаа та үйлчлэх хүсэл эрмэлзлийнхээ талаар мөн яагаад эдгээр зан чанарыг олж авахыг хүсэж байгаагаа тунгаан бод.

Ахмад Иосеф Смитийн асуултад хариулсан нь

Хэдийгээр Ахмад Иосеф Смит зохион байгуулалттай ямар нэгэн шашинд харьяалагддаггүй байсан ч тэнгэрлэг үзэгдлийн талаар хүүгийнхээ хуваалцсан зүйлд итгэж, Мормоны Номыг орчуулахад тус дэм болж байв. Ахмад Иосеф Бурханд үйлчлэхийг хүссэн ч юу хийхээ мэдэхгүй байлаа. 1829 оны 2-р сард тэрээр эхнэрийн хамт Пеннсильванийн Хармони руу явж, хүү Иосефтойгоо уулзжээ. Тэднийг ирэх үеэр бошиглогч Иосеф Сургаал ба Гэрээ 4-ийг эцгийнхээ асуултын хариу болгон хүлээн авсан юм.

Сургаал ба Гэрээ 4:1–4-ийг уншаад, бид Түүнд (1) хэрхэн (2) яагаад үйлчлэх ёстой талаар Их Эзэн юу заасныг олж мэд. 4-р шүлэгт Их Эзэн хадахад бэлэн ургацыг сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүстэй харьцуулсныг мэдэх нь тустай байж болно. Хадуур бол ургац хураах хэрэгсэл юм.

Бид хэрхэн бас яагаад үйлчилдгийг янз бүрийн арга замыг ашиглан тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Жишээлбэл: Тэд Бурханд хэрхэн үйлчлэх тухай дурдсан хэсгийн доогуур зураад, яагаад үйлчлэх ёстойг дурдсан хэсгийг дугуйлж болно. Эсвэл тэд өөр өөр өнгийг ашиглаж болох юм. Дараа нь суралцагчид хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ тэмдэглэсэн зүйлээ харьцуулж болно.

  • Та юу олж мэдсэн бэ?

    Самбарт хэрхэн, яагаад гэсэн хоёр багана зурж болно. Та тэднийг олж мэдсэн зүйлээ самбар дээрх зохих баганад бичихэд урьж болно. Та самбарт зүрх сэтгэл, хүчин чадал, оюун, чадал гэсэн үгсийг бичээд, хэрэв хэн нэгэн дээрх “бүгдээр” үйлчилбэл ямар байхыг суралцагчдаас асуу.

  • Эдгээр шүлэгт Бурханд бүх зүрх, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилдэг хүмүүст зориулсан ямар адислалуудын талаар дурдсан байна вэ?

Бурханд бүх зүрх, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилснээр ирдэг адислалуудыг бидэнд заасныхаа дараа Их Эзэн бидний үйлчлэлд туслах олон зан чанарыг дурдсан. Есүс Христэд эдгээр зан чанар бүгд байдаг ба тэдгээрийг амьдралдаа хөгжүүлэхэд биднийг урьдаг. Ийн үйлдэж чадвал бид Түүнтэй илүү адилхан болж, Түүн шиг үйлчилж чадна.

Сургаал ба Гэрээ 4:5–6-г уншаад, Их Эзэний үйлчлэхдээ хөгжүүлээсэй хэмээн биднээс хүсдэг зан чанаруудыг олж мэд.

Эдгээр зан чанар нь бид хэрхэн үйлчилдэг талаар бөгөөд тэдгээрийг 1–4-р шүлэг дэх хэрхэн гэдэг ойлголтуудтай адил тэмдэглэж болно гэдгийг тэдэнд тайлбарла. Тэд эдгээр зан чанарыг самбар дээрх зохих баганад нэмж болно.

  • Та энэ хэсэг дэх сургаалыг хэрхэн нэг өгүүлбэрт нэгтгэн дүгнэж болох вэ?

Энэ хэсгээс бид Христийнхтэй адил зан чанартайгаар үйлчилснээр Бурханы өмнө буруугүй зогсож, бодгальдаа авралыг авчрах болно гэх нэг зарчмыг мэдэж авч болох юм.

Христийнхтэй адил зан чанаруудыг ойлгох

Суралцагчдаас ямар зан чанарыг ойлгохгүй байгааг нь асуу. Түлхүүр үгсийг Судруудын удирдамж, Topical Guide эсвэл Ерөнхий чуулганы үгнүүдээс хайж олоход суралцагчдыг урь. Толь бичиг эсвэл Gospel Library аппликэйшнаас хайх нь тус болж болох юм.

Сургаал ба Гэрээ 4 дэх Христийнхтэй адил зан чанаруудаас аль нь өсвөр насныханд хамгийн түгээмэл байдаг гэж бодож байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Аль зан чанар нь арай ховор байж болохыг мөн яагаад гэдгийг асуу. (4-р хэсэгт алиныг нь хоёр удаа, ямар учраас дурдсан гэж бодож байгааг нь асууж болох юм.) Суралцагчид Христийнхтэй адил энэ зан чанаруудыг ангийнхнаасаа хэр харснаа хуваалцаж болно. Энэ нь анги доторх эв нэгдлийг нэмэгдүүлж, Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх боломжийг бусдад олгоно.

Ариун Сүнсний удирдамж эрэлхийлж судлах нь хамгийн их ач холбогдолтой гэж танд санагдсан Христийнхтэй адил нэг зан чанарыг сонго. Судлах тэмдэглэлийнхээ хуудасны дээд талд үүнийг бич. Сонгосон зан чанарынхаа доор дараах зүйлийг бичнэ үү.

  1. Жишээлбэл: Аврагч энэ зан чанарыг эрт дээр үед эсвэл өнөөдрийн таны амьдралд хэрхэн үлгэрлэн харуулсныг тунгаан бод. Хэрэв судрын жишээ ашиглаж байвал тодорхой түүх эсвэл эшлэл бичихийг хичээгээрэй. (Судруудын удирдамж эсвэл Topical Guide дахин тус болж магадгүй.) Та мөн үйлчлэхдээ ийм зан чанараа харуулсан хүний талаар мөн энэ нь хэр чухал байсан тухай жишээ болгон бичиж болно.

  2. Бидний хийж чадах зүйл: Энэ зан чанарыг амьдралдаа илүү сайн хөгжүүлэхийн тулд хийж болох нэг юм уу хоёр алхмыг жагсаан бич. Санаа авах бол Сургаал ба Гэрээ 4:7-г дахин уншаад, Христийнхтэй адил энэ зан чанар байдаг гэж боддог нэг хүнээс мессежээр эсвэл биечлэн уулзаж зөвлөгөө ав.

Хэдэн суралцагчийг бодлоо хуваалцахад урь. Тэднийг хуваалцаж байхад, ижил зан чанарыг сонгосон өөр хүн байвал түүнээс бодлоо хуваалцахыг хүсэж болно. Та бас өөрийнхөө бодлыг хуваалц. Энэ нь Христийнхтэй адил олон янзын зан чанарыг илүү сайн ойлгож, ач холбогдлыг нь мэдрэх гайхалтай боломж байж болох юм. Аврагчийн үлгэр жишээг онцлох арга замуудыг хайж ол.

Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх

Өнөөдөр сурч мэдсэн Христийнхтэй адил нэг зан чанарыг хөгжүүлэхийн тулд хийж болох нэг юм уу хоёр шатлалтай төлөвлөгөө гарган, хичээлээ дуусга. Төлөвлөгөөндөө энэ зан чанарыг хөгжүүлэх явцдаа Их Эзэнээс тусламж эрэлхийлэх арга замуудаа оруулж болно.

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ эсвэл Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж дээрээ зорилгоо тэмдэглэхэд урих нь тустай байж болох юм. Дараагийн хичээл дээр хэр байгааг нь суралцагчдаас асуу. Хувийн зорилго тавьж, Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлж байгаагаа суралцагчдадаа хуваалцахыг бод.