Семинар
Сургаал ба Гэрээ 11:8–30: “Сайн сайхан хүсэлтэй бүгдэд”


“Сургаал ба Гэрээ 11:8–30: ‘Сайн сайхан хүсэлтэй бүгдэд,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 11:8–30: ‘Сайн сайхан хүсэлтэй бүгдэд,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 10–11

Сургаал ба Гэрээ 11:8–30

“Сайн сайхан хүсэлтэй бүгдэд”

Хайрум Смит

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт өрнөж эхлэхэд хэдэн хүн хэрхэн тусалж болохоо мэдэхийг хүсжээ. Тэдгээрт Иосеф Смитийн ах Хайрум зэрэг түүний гэр бүлийн гишүүд багтсан байлаа. Их Эзэн Хайрумыг сайн хүслийнх нь улмаас сайшааж, ажилд туслахад хэрхэн бэлтгэхийг түүнд заажээ. Энэ хичээл нь Их Эзэний ажилд оролцохоор бэлтгэхдээ Түүний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Бүр чи хүсэх аваас”

Ямар нэгэн чухал үйл ажиллагаа, үйл хэрэгт нэгдэх эсвэл оролцохыг хүсэж байсан үеэ бодохыг суралцагчдаас хүс. Үүнд өсвөр үеийнхний үйл ажиллагааг төлөвлөх, үйлчлэлийн төсөлд оролцох, дугуйлан эсвэл байгууллагад элсэх зэрэг санаанууд багтаж болно. Суралцагчдыг уг үйл ажиллагааг гүйцэтгэхэд эсвэл тухайн үйл хэрэгт үйлчлэхийн тулд юуг урьдчилан бэлдэх шаардлагатай байсныг ярилцахад урь.

Хайрум Смит уг ажлын нэг хэсэг болохыг хүссэн учраас Сургаал ба Гэрээ 11 дэх илчлэлт өгөгдсөн гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил мэдээллийг хуваалцаж болох юм.

1829 оны 5-р сард Хайрум Смитэд Аврагчийн Сүмийг сэргээх ажилд оролцох асар их хүсэл төржээ. Тэрээр дүү Иосефтойгоо уулзаж, хэрхэн тус болж болохоо мэдэхийн тулд Нью-Йоркийн Палмирагаас Пеннсильванийн Хармони хүртэл 250 гаруй миль замыг туулав. Хайрумын хүсэл зөвт байсан учраас Их Эзэн Сургаал ба Гэрээ 11-ийг илчилсэн юм.

Сургаал ба Гэрээ 11:8-ыг уншаад, Их Эзэн уг ажилд туслах хүслийнх нь улмаас Хайрум Смитийг хэрхэн адислахыг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 11:27-г уншаад, энэ илчлэлтээр Аврагч өөр хэнд хандан ярьсныг олж мэд.

Суралцагчдыг эдгээр шүлгээс үнэнийг тодорхойлж, өөрийн үгээр илэрхийлэхэд урь. Тэд “Хэрэв бид Түүнд үйлчлэхийг хүсвэл Бурхан биднээр дамжуулан Өөрийн ажлыг гүйцэлдүүлж чадна” гэж хэлж болох юм.

Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд бэлэн эсэхээ дүгнэх боломжийг суралцагчдад олго. Дараах үйл ажиллагаа нь өөрийгөө үнэлж дүгнэх нэг арга зам юм.

Доорх хэмжүүрийг ашиглан, Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд хэр бэлтгэлтэй байгаагаа сонго.

  • 1 = Ямар ч бэлтгэлгүй

  • 2 = Бага зэрэг бэлтгэлгүй

  • 3 = Бага зэрэг бэлтгэлтэй

  • 4 = Нэлээд бэлтгэлтэй

Бэлтгэлээ сайжруулахын тулд та юу хийж болох талаараа бод. Төрсөн бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж болох юм.

Үйлчлэхээр бэлтгэх

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, дараах шүлгийг ээлжлэн чангаар уншихад урамшуулах талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 11:11–26-г уншаад, Хайрумыг итгэлтэйгээр үйлчлэхээр бэлтгэхэд нь туслахын тулд өгсөн Аврагчийн зөвлөгөөний тодорхой үг хэллэгүүдийг тэмдэглэ. Эдгээр шүлгийг судалж дуусмагц бидэнд хэрхэн бэлдэхийг зөвлөсөн нэг хэллэгийг сонго. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж болох хоёроос гурван тодорхой арга замыг бод.

Сонгосон үг хэллэгээ самбарт бичээд, үүнийг хэрэгжүүлж болох зарим арга замыг ангийнхантай хуваалцахад бүлэг бүрийг урих талаар бод. Та “Уг зөвлөгөөг амьдралдаа одоо хэрэгжүүлэх нь хожим хэн болж өсөхөд тань хэрхэн нөлөөлөх вэ?” гэх мэт бататгах асуултуудыг тавьж болно. Аль хэллэгийг ярилцахад илүү их цаг зарцуулахаа ялган танихын тулд тэднийг хуваалцах үед анхааралтай сонс. Тодорхой үг хэллэгийг ойлгож, ярилцаж, хэрэгжүүлэхээр бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах гурван хэсгийг ашиглаж болно.

“Сайныг үйлдэхэд хөтөлдөг Сүнсэнд итгэлээ тавигтун” (12-р шүлэг)

Өсвөр насны хүүхдийн хувьд Сүнсэнд итгэх эсэхээ шийдэх цаг нь болох бодит амьдрал дахь зарим нөхцөл байдлыг бод.

  • Эдгээр нөхцөл байдалд Сүнсэнд бүрэн итгэхийн тулд яагаад Аврагчид итгэх итгэл шаардлагатай вэ?

  • Ариун Сүнсний сүнслэг удирдамжийг илүү сайн хүлээн авч, үүний дагуу үйлдэж сурахын тулд бид юу хийж болох вэ?

Хариулт нь ариун ёслолоос зохистойгоор хүртэх, хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдээ бичих, үүнийхээ дагуу үйлдэх мөн хувиараа залбирч, судраас судлахдаа тунгаан бодох зэрэг байж болно. Суралцагчдыг сайныг үйлдэхийн тулд Сүнсэнд итгэж байсан туршлагаа хуваалцахад урь.

“Бүх хүчин чадал, оюун, чадлаараа миний зарлигуудыг сахь” (20-р шүлэг)

Өсвөр насныханд нэн чухал гэж бодож байгаа гурваас дөрвөн зарлигийг сонго.

Өсвөр насны хүүхэд зарлиг бүрийг бүх хүчин чадал, оюун, чадлаараа сахих нь ямар байж болохыг бич.

  • Яагаад Их Эзэнд илүү сайн үйлчлэхийн тулд Түүний зарлигуудыг дагахыг эрэлхийлэх шаардлагатай вэ?

  • Та болон таны таньдаг хэн нэгэн хэрхэн Аврагчийн зарлигуудыг дагахыг хичээнгүйлэн эрэлхийлсний төлөө адислагдаж байсан бэ?

“Эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл” (21-р шүлэг)

Судруудыг зүгээр нэг уншихын оронд “[Их Эзэний] үгийг олж авахыг” эрэлхийлэгч хүний хийж болох зүйлсийн жагсаалт гарга.

Хариулт нь судрууд дээр тэмдэглэгээ хийх, төрсөн бодол санаагаа бичих, асуултуудынхаа хариултыг хайх, судлах явцдаа залбирах зэрэг байж болно.

  • Зорилго тавин, ирээдүйд илүү сайн номлогч, багш, удирдагч, тохинуулагч, хань ижил, эцэг эх болохоор бэлтгэх нь сайн мэдээг судлах одоогийн хандлагыг тань хэрхэн өөрчлөх вэ?

  • Та нар өдөр бүр судраас судлахын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд ямар тодорхой зүйл хийж болох вэ? (Та нар өмнө нь үүнтэй адил зорилго тавьж байсан байж магад. Энэ нь гаргаж буй ахицаа эргэн харах тохиромжтой цаг байж болох юм.)

Сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх

Суралцагчид 11-р хэсэг дэх Аврагчийн Өөрийгөө дүрсэлж хэлсэн хэсгийг ойлгосноор энэ хэсэгт байгаа урилгыг хэрэгжүүлэхэд Тэрээр тэдэнд тусална гэсэн найдварыг олж авч чадна. Суралцагчдыг 11, 28–30-р шүлгийг уншаад, дараах асуултуудыг ярилцахад урь.

  • Түүний зөвлөгөөг дагахыг хичээж, Түүнд үйлчлэхээр бэлтгэхэд Аврагч таны замыг хэрхэн гэрэлтүүлэх вэ?

  • Та Аврагчийг болон Түүний зөвлөгөөг амьдралдаа хэрхэн илүү сайн “хүлээн авч” чадах вэ?

  • Бурханы охид, хөвгүүд болох хүчийг өгнө гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Чимээгүй орчинд дараах зүйлийг тунгаан бодож, сурсан зүйлээ хэрэгжүүлэх цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдад санаа бодож олоход тусламж хэрэгтэй бол хичээлийн эхэнд самбарт бичсэн хэллэгүүдээс нэгийг нь сонгоход урь. Их Эзэнд үйлчлэх нь амьдралд тань хэрхэн ашиг тусаа өгч, адисалсан талаар мэдэрч буй зүйлээ хуваалцахыг бодоорой.

Одоо, 2 жилийн дараа, 10 жилийн дараа мөн амьдралынхаа туршид та Их Эзэний өмнө ямар үйлчлэгч байхыг хүсэж байгаагаа төсөөл. Өнөөдөр сурсан зөвлөгөөнүүд дундаас хамгийн багадаа нэгийг сонгон анхаарлаа хандуулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Ийн үйлдэх нэг арга зам бол гурав, дөрвөн гишгүүртэй энгийн шат зурах явдал юм. Шат бүрд нь Их Эзэний үгийг илүү сайн хүлээж авах, зарлигуудыг нь сахих эсвэл анхаарч ажиллахаар шийдсэн зөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд туслах үйлдлүүдийг бич.