Семинар
27-р хичээл: Сургаал ба Гэрээ 18:1–13: “Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун”


“Сургаал ба Гэрээ 18:1–13: ‘Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 18:1–13,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

27-р хичээл: Сургаал ба Гэрээ 18

Сургаал ба Гэрээ 18:1–13

“Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун”

Есүс дэлхийн хүүхдүүдтэй хамт байгаа нь

Их Эзэн Сүмийн эхэн үеийн удирдагчдыг Түүний Сүмийг хэрхэн байгуулах талаар ямар хүсэлтэй байгааг нь мэдэхийг эрэлхийлэхэд Сургаал ба Гэрээ 18-д цэдэглэгдсэн илчлэлтийг Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нарт өгөв. Бидний бодгалийн үнэ цэнийн тухай чухал үнэнийг Их Эзэн эдгээр эрд заав. Энэ хичээл нь суралцагчдад бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг мэдрэхэд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бидний үнэ цэн

Хичээлийг эхлүүлэхдээ дараах гүйцэт бус өгүүлбэрийг самбар дээр бичих талаар бодож үз. Өгүүлбэрийг гүйцээж бичих бодит хариултуудыг гаргаж ирэхэд суралцагчдыг урь. Өсвөр үеийнхэн яагаад ийм сэтгэгдэлтэй байдаг талаар тэднээс асуу.

Бид амьдарч буй дэлхий дээрээ уруу таталт, дарамт, шахалтаас болж өөрсдийн үнэ цэнийг _______________ дээр үндэслэн тодорхойлдог.

Эсвэл та харагдах байдал, ололт, амжилт, өмч хөрөнгө зэрэг үгсийг самбар дээр бичиж болно. Суралцагчдаас яагаад зарим өсвөр үеийнхэн уруу таталт, дарамт, шахалтаас болж өөрсдийн үнэ цэнийг эдгээр зүйлээр тодорхойлдгийг асуу. Өсвөр үеийнхнээс өөр ямар зүйл тэдний үнэ цэнийг тодорхойлох үндэс болдгийг асуу.

Өөрийнхөө үнэ цэнийн талаар юу гэж мэдэрдэг мөн яагаад ийм мэдрэмж төрдөг тухай хэдэн хормын туршид тунгаан бод. Та өөрийн үнэ цэнийг юугаар тодорхойлдог вэ? Өнөөдөр судалж байхдаа та Бурханы мэлмийд өөрийн үнэ цэнийг мэдрэхэд туслах үнэнүүдийг олж мэд.

Их Эзэн бодгалийн үнэ цэнийн талаар заадаг

Дараах тойм нь Сургаал ба Гэрээ 18-д судлах шүлгүүдийн агуулгыг ойлгоход суралцагчдад тусална.

1829 оны 6-р сард Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нар Сургаал ба Гэрээ 18 хэмээн нэрлэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлт нь Сүмийг байгуулах болон эцсийн өдрүүдэд арван хоёр төлөөлөгчийг дуудах тухай байв. Эдгээр удирдамжаас гадна Их Эзэн Оливер, Давид хоёрт бидний үнэ цэнийн талаар хүчирхэг үнэнүүдийг хуваалцжээ.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 18:10–11 бол төгс эзэмших сургаалын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хожим амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урь.

Сургаал ба Гэрээ 18:9–13-ыг уншаад, Их Эзэн бидний үнэ цэнийн талаар юу гэж заасныг олж мэд.

  • Эдгээр шүлгээс танд юу нь таалагдсан бэ эсвэл та юу сурсан бэ?

Суралцагчдыг хуваалцаж байх хооронд тэдний олж мэдсэн үнэнүүдийг самбарт бич. Тэд дараах үнэнүүдийг тодорхойлж болно. Үүнд:

Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу.

Миний үнэ цэн үнэхээр агуу учраас намайг наманчлах боломжтой болгохын тулд Есүс Христ миний төлөө зовж шаналан, амиа өгөх хүсэлтэй байсан.

Дараагийн хичээл (“Сургаал ба Гэрээ 18:11–16”) дээр биднийг наманчлах үед Аврагчийн мэдэрдэг баяр баясгаланд төвлөрнө гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Аврагчийн бидний төлөө амссан зовлон шаналал болон үхэл Түүнд бидний хэр үнэ цэнтэйг хэрхэн харуулдаг вэ?

  • Дэлхийн байр суурийн оронд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын хайран дээр өөрсдийн үнэ цэнийг тогтоох нь бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?

Ойлголтоо гүнзгийрүүл

тараах материалын шигтгээ зурагСуралцагчдад Сургаал ба Гэрээ 18:10–11-д илчлэгдсэн үнэнийг гүн гүнзгий ойлгоход нь туслахын тулд тэдэнд тараах материалын хувиудыг өгч, суралцах нэг эсвэл түүнээс илүү сонголтуудыг гүйцэтгэхэд урих талаар бодож үз. Дараах сонголтуудыг үзүүл эсвэл тараах материал болгон өг.

Бурханы хувьд үнэ цэнтэй гэдгээ сана

Бурханы хувьд үнэ цэнтэй гэдгээ илүү сайн ойлгож, үүнд талархахад туслах дараах сонголтуудаас аль нэгийг эсвэл хоёуланг сонгоно уу.

Сонголт 1: Есүс Христийн Цагаатгалын талаар судалж, таныг гэсэн Түүний хайрыг тунгаан бодох. Та дараах шүлгүүдийн заримыг уншиж болно. Үүнд: Исаиа 53:3–5; Лук 22:41–44; Иохан 3:16–17; 1 Коринт 6:11, 19–20; Алма 7:7, 10–13. Та мөн судлах өөр шүлгийг хайж болно.

Санахыг хүсэж байгаа холбогдох эшлэлүүдийг бичиж тэмдэглэх талаар бодож үзээрэй. Та Сургаал ба Гэрээ 18:10–11-ийн хажууд судар дээрээ тэмдэглэх, судлах тэмдэглэл дээр бичих эсвэл Gospel Library аппликэйшн ашиглан тааг эсвэл холбоос үүсгэж болно.

Сонголт 2: Бурханд бид хэр үнэ цэнтэй талаар Сүмийн удирдагчид юу гэж заасныг судлах. Холбогдох мэдэгдэл эсвэл захиаснуудыг олохын тулд Gospel Library эсвэл бусад эх сурвалжийг ашиглаарай. “Үнэ цэн” эсвэл “Бурханы хайр” зэрэг нэр томьёогоор хайвал эх сурвалжуудыг олоход тус болж болох юм. Олж болох нэг жишээ бол Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жой Д.Жөүнс эгчийн өгсөн дараах захиас юм.

Жой Д.Жөүнс эгч

Би үнэ цэн, зохистой байдал гэсэн хоёр чухал үгийг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Тэд адилхан биш, өөр өөр утга агуулгатай. Сүнслэг үнэ цэн гэдэг нь өөрөө өөрсдийгөө дэлхийнхний адил биш, харин Тэнгэрлэг Эцэгийн адил үнэлэхийг хэлнэ. Бидний үнэ цэнийг энэ дэлхийд ирэхээс бүр өмнө тодорхойлсон. “Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнхөд байх болно.”

Нөгөөтээгүүр, дуулгавартай байснаар зохистой болдог. Хэрэв бид гэм нүгэл үйлдсэн бол зохисгүй болж болох ч үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Бид наманчилж, үнэ цэнээ алдалгүй, Есүстэй адил байхыг үргэлжлүүлэн хичээх болно. Ерөнхийлөгч Бригам Янгийн зааснаар “Дэлхий дээрх одоо байгаа хамгийн өчүүхэн жижиг, хамгийн доод зиндааны сүнс ч гэлээ… ертөнцүүдтэй тэнцэхүйц үнэ цэнтэй.” Юу ч болсон бай, бид Тэнгэрлэг Эцэгийн мэлмийд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. (Жой Д.Жөүнс, “Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдад юу сурч мэдсэнээ хуваалцах боломж олго. Суралцагчид эхлээд хамтрагчтайгаа хуваалцаад, дараа нь хүссэн суралцагчид нь ангийнхантайгаа хуваалцаж болно.

сургалтын материалын шигтгээ зураг Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл. Хариулт өгсөнд нь суралцагчдад талархаж, тэдний оролцоог үнэлдэг гэдгээ илэрхийлэх боломжуудыг эрэлхийл. Үнэ цэнийг хэрхэн мэдрүүлэх талаар Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл гэсэн гарчигтай сургалтаас үзнэ үү. Уг сургалтын материалыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагаас олох боломжтой.

Суралцагчдын дуртай эх сурвалжуудын жагсаалтыг самбар дээр эмхэтгэж бичвэл ангийнханд хэрэгтэй байж болох юм. Суралцагчид энэхүү жагсаалтыг хувийн лавлах материалдаа хуулж болно.

Амьдралтайгаа холбо

Орчин үеийн түүх, туршлагуудыг хуваалцах нь суралцагчдад Бурханы хувьд үнэ цэнтэй гэдгээ мэдрэхэд тусалж болох юм. Суралцагчдыг дараах асуултыг харилцан ярилцахад урихаасаа өмнө та Бурханд ямар үнэ цэнтэй болохоо хэрхэн мэдэрч байсан тухай өөрийн жишээг хуваалцахыг бодоорой. Та ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой “Бурханы гэрлийн найдвар” (6:46) видеог үзүүлж, нэг залуу Бурханы мэлмийд хэр үнэ цэнтэйгээ хэрхэн ойлгож авсан талаар олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Өөрийн тань эсвэл бусдын амьдралын ямар туршлага танд Бурханы мэлмийд өөрийн бодгалийн үнэ цэнийг агуу гэдгийг мэдрэхэд тусалсан бэ?

Ирэх долоо хоногт юм уу хоёр долоо хоногийн туршид Бурханы мэлмий дэх өөрийн үнэ цэнийн талаар илүү гүн гүнзгий эргэцүүлэн бодож болох ямар нэгэн зүйл хийхэд суралцагчдыг урь. Тэдэнд юу хийх талаар бэлтгэх хичээлийн цаг гаргаж өг. Дараах жагсаалтад хуваалцаж болох санаануудыг багтаасан. Суралцахуйн үнэлгээ 2 хичээлээр энэ үйл ажиллагаатай холбоотой суралцагчдын хувийн туршлагыг дахин авч үзэх болно.

Бурханы мэлмий дэх өөрийн үнэ цэнийн талаар хэрхэн тунгаан бодохоо дараагийн хэдэн долоо хоногт тодорхойл. Ийн үйлдэх зарим арга замыг дурдвал:

  • Сануулга бичиж, байнга харж болох газарт байрлуул. Энэ нь дүрс зураг болон судраас авсан эшлэл бүхий зурагт хуудас эсвэл ухаалаг утасны дэвсгэр зураг байж болно.

  • Тэнгэр дэх Эцэг тань таныг хэрхэн хардгийг илүү тодорхой ойлгохын төлөө өглөө, орой бүр залбир.

  • Өдрийн тэмдэглэлдээ өөрийн үнэ цэнийн талаар эргэцүүлэн бичих тогтмол цагийг төлөвлө.

  • Патриархын адислалаа олон удаа уншиж, гүнзгий судлахад цаг зарцуул. Тэнгэрлэг Эцэг таныг өөрийнхөө талаар ямар мэдрэмж, сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсдэгийг сайтар ойлгож болох өөр арга замын тухай тунгаан бод.

Бурханы оршихуйг гэрчилж, суралцагчдыг эргэн тойрноосоо Бурханыг олж харахыг эрмэлзэхэд урь.

Цээжил

Та энэ хичээлийн турш суралцагчдад төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь тусалж, дараа дараагийн хичээлүүд дээрээ давтаж болно. “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” гэдэг нь Сургаал ба Гэрээ 18:10–11 дээрх судрын түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.