Семинар
30-р хичээл: Төгс эзэмших сургаалын дадлага 2: Сүнслэг мэдлэг олж авах ба ойлгох


“Төгс эзэмших сургаалын дадлага 2: Сүнслэг мэдлэг олж авах ба ойлгох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалын дадлага 2,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

30-р хичээл: Сургаал ба Гэрээ 18

Төгс эзэмших сургаалын дадлага 2

Сүнслэг мэдлэг олж авах ба ойлгох

Өсвөр насны хүүхэд илчлэлт эрэлхийлэхээр тунгаан бодож буй нь

Төгс эзэмших сургаал нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусалж чадна. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын хэсгүүд, тэдгээрт заадаг сургаалыг төгс эзэмшихээр дадлага хийх болон сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг суралцах, ашиглах боломжийг суралцагчдад олгоно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Ойлгох

Энэ хичээл нь суралцагчдад нэг эсвэл түүнээс дээш төгс эзэмших сургаалын хэсгийг ойлгох ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгодог. Хичээл дээр төгс эзэмших сургаалын дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд энэ үйл ажиллагааг зөвхөн 10-15 минут үргэлжлүүлэх хэрэгтэй.

Дуу эсвэл сүмийн дууллыг тоглуулаад, хэрэв тухайн дууг таньж байвал гараа өргөхөд суралцагчдыг урьж болно. Зарим үгийг нь мэддэг бол гараа өргөхөд суралцагчдыг урь. Хамгийн сүүлд тухайн дуу юуны тухай дуу болохыг ойлгож байвал гараа өргөөд, хуваалцахад суралцагчдыг урь.

  • Таних, мэдэх, ойлгох нь хоорондоо ямар ялгаатай вэ?

  • Бид ямар арга замаар аливаа зүйлийг ойлгохгүйгээр таньж эсвэл мэдэж авдаг вэ?

  • Энэ нь төгс эзэмших сургаалтай хэрхэн холбогдох вэ?

Суралцагчдыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба судрын түлхүүр үг хэллэгүүдийг харахад урь (2023). Илүү сайн ойлгохыг хүсэж буй аль нэг судрын хэсгийг сонгоход тэднийг урь. Дараах үйл ажиллагаа суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусалж болох юм.

Таны сонгосон судрын хэсэг дээрх захиас хэн нэгэнд үнэхээр хэрэгтэй байна гэж төсөөл. Гэхдээ танд судрын хэсгийн утга санааг тайлбарлах 30 секунд л байгаа. Дараагийн хэдэн хормыг судрын хэсгийн агуулгыг илүү сайн ойлгоход зарцуул.

Дараах арга барилуудыг ашиглах талаар бодож үз. Үүнд:

  • Шүлгийг удаан унш.

  • Ойлгоогүй үг хэллэгүүдийн утгыг мэдэж ав.

  • Судрын хэсгийн түүхэн нөхцөл байдлын талаар судлахын тулд тухайн хэсгийн оршлыг унш.

  • Зүүлт тайлбарыг хар.

  • Gospel Library дээрх эх сурвалжийг ашигла.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл бүлэг болгон хуваарил. Суралцагчид өөрсдийн сонгосон төгс эзэмших сургаалын хэсгийн товч дүгнэлтийг 30 секундэд багтаан хуваалцана.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэх

Шаардлагатай бол суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон давтахад урь (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2023]-ын 5–12-р догол мөрийг үзнэ үү ). Санал болгох давтах үйл ажиллагаанууд “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад бий.

Зарчмуудыг давтаж дууссаных нь дараа суралцагчдад доорх жишээг үзүүлэхийг бодож үз. Та тухайн жишээг амьдралтайгаа илүү дөхүүлэхэд нь суралцагчдад туслах нарийн, дэлгэрэнгүй зүйлийг бодож олоход тэднийг урьж болно. Жишээлбэл: Тэд Заяаг (нөхөрлөхөө болих эсэх, сургаалын талаарх санаа зовнилтойгоо хэрхэн тэмцэх эсвэл номлолд үйлчлэх хэрэгтэй эсэх гэх мэт зүйл дээр) ямар шийдвэр гаргахаар хичээж байгааг тодорхойлж болно.

Заяад чухал шийдвэр гаргах хэрэгтэй байлаа. Түүний гаргах шийдвэр амьдралд нь маш чухал нөлөө үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа болохоор тэр илчлэлтээр дамжуулан Бурханы удирдамжийг эрэлхийлэхийг хүсэж байв. Заяа удирдамж хүсэн залбирсан боловч хариултаа хүлээж авсан юм шиг санагдахгүй байлаа. Тэрээр илчлэлтийг зөв арга замаар эрэлхийлж байгаа эсэхэд эргэлзэж байв.

  • Заяа илчлэлтийг хэрхэн хүлээн авах талаар ойлгохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглаж болох вэ?

Суралцагчид гурван зарчмыг ойлгосон гэдэгт итгэлтэй байвал, хэрэв тэд Заяагийн оронд байсан бол аль зарчмыг эн тэргүүнд ашиглах байсныг тодорхойлох боломжийг тэдэнд олго. Хэрэв тэд хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол та доорх зөвлөгөөг ашиглаж болно. Энэ ярилцлагын хүрээнд суралцагчдад зарчим бүрийг судлахад нь хамгийн сайнаараа тусал.

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Дараа нь 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн доор байрлах 8 дахь догол мөрийг уншаад, хэцүү шийдвэр гаргах үедээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг урих талаарх ойлголтуудыг хайж ол.

  • Авралын төлөвлөгөөний хүрээнд Заяа өөрийн сонголтыг хэрхэн эргэцүүлэн бодож болох вэ?

  • Аливаа сонголтыг мөнхийн талаас харах нь илчлэлтийг урихад хэрхэн тусалж болох вэ?

Итгэлээр үйлдэх

Дараах хэсгийг хос хосоороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан уншиж, ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5 ба 7-р догол мөрийг уншаад, Тэнгэрлэг Эцэгээс илчлэлт хүлээж авч, үүнийг эрэлхийлэхэд Заяад туслах үнэнийг олж мэд.

  • Яагаад Заяад илчлэлт хүлээж аваагүй мэт санагдсан бэ? (Заяад ойлгоход нь тусалж болохыг зүйлийг 7-р догол мөрөөс тэмдэглэж ав.)

  • Заяа илчлэлт хүлээж авахын тулд ямар ямар арга замаар итгэлтэйгээр үйлдэж болох вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Илчлэлт хэрхэн эрэлхийлэх, хүлээн авах, таньж мэдэх талаар илүү сайн ойлгохын тулд Заяа бурханлагаар томилогдсон ямар эх сурвалжуудыг судалж болох вэ?

    Шаардлагатай бол Судруудын удирдамж дахь “Илчлэлт”-ийг үзнэ үү.

    Суралцагчдад дараах судрууд тусалж магадгүй. Үүнд: Иосеф Смитийн түүх 1:11–14, 29; Сургаал ба Гэрээ 6:14–16, 22–24; 8:1–3; 9:8–9; 11:12–13 Судруудыг судалсны дараа суралцагчид олсон эшлэлээ уншаад, яагаад үүнийг хэрэгтэй гэж бодсон талаараа хуваалцаж болно.

    Хэрэгтэй гэж үзвэл, самбар дээр гурван багана зураад, багана бүрийн дээд хэсэгт Илчлэлт эрэлхийлэх, Илчлэлт хүлээн авах, Илчлэлтийг таньж мэдэх зэрэг үг хэллэгүүдийг жагсаана уу. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд, санаа бодлоо нэг эсвэл хэд хэдэн гарчгийн доор бичихэд тэднийг урь. Хэрэв нэг баганад цөөн хариулт байвал суралцагчдаас тэр багана дээрх илчлэлтийн хэсэгт тусалж болох ямар зүйл сурсан талаар асуу.

  • Та илчлэлт хүлээн авах талаар Заяатай хуваалцаж болох өөр ямар зүйлийг сурч, мэдэрсэн бэ?

Суралцагчдад асуулт тавих, туршлагаа хуваалцах боломжийг олго. Тэднийг хуваалцах үед сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг үргэлжлүүлэн онцол. Та сурсан зарчмуудаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсэн арга замын талаар тэдэнд онцлон заах эсвэл асуултынхаа хариултыг эрэлхийлэхдээ тэрхүү зарчмыг ашиглахад тэднийг урьж болно. Та тэдний тавих асуулт бүрийн хариултыг мэдэх шаардлагагүй гэдгийг санаарай. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард багш нарт хандан “‘Би мэдэхгүй’ гэж хэлэх нь зөв.’ Гэсэн хэдий ч суралцагчдын танаас асуудаг бодлогошронгуй асуултад хариулах хамгийн сайн хариултыг олох нь таны үүрэг хариуцлага юм” хэмээн хэлсэн байдаг. (“The Opportunities and Responsibilities of CES Teachers in the 21st Century” [address to Church Educational System religious educators, Feb. 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org).