Семинар
37-р хичээл: Сургаал ба Гэрээ 21: Бошиглогчийн үгсийг итгэлтэй, тэвчээртэй хүлээн авах


“Сургаал ба Гэрээ 21: ‘Сайн сайхан хүсэлтэй бүгдэд’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 21,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

37-р хичээл: Сургаал ба Гэрээ 20–22

Сургаал ба Гэрээ 21

Бошиглогчийн үгсийг итгэлтэй, тэвчээртэй хүлээн авах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Сургаал ба Гэрээ 21-р бүлгийг 1830 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байгуулагдах үед хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Аврагч бошиглогчийн зөвлөгөөг дагах тухай Өөрийн Сүмийн гишүүдэд зааварчилсан юм. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний бошиглогчийн үгсийг итгэлтэй, тэвчээртэй дагахад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зөвлөгөөг дагах

Дараах жишээг үзүүл. Эсвэл та суралцагчдын хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан, өөр жишээ гаргаж болно.

Ерөнхий чуулганыг сонсож байхдаа та найзаасаа “Бошиглогч сая юу гэж хэлснийг сонссон уу? Би түүнтэй санал нийлж байгаа эсэхээ мэдэхгүй байна!” гэсэн мессежийг хүлээн авсан гэж төсөөл.

  • Хэрэв танд иймэрхүү мессеж ирвэл ямар санагдах байсан бэ?

  • Бошиглогчийн зөвлөгөөг дагах эсэхийг шийдэхээсээ өмнө ямар зүйлсийг бодож үзэх нь таны найзад чухал байж болох вэ?

Өнөөдөр бошиглогчийн талаар заасан Их Эзэний зарим сургаалыг судлах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Бошиглогчийн зөвлөгөөг дагах нь хэр чухал болохыг дотроо эргэцүүлэн бодоход тэднийг урь. Их Эзэний бошиглогчийг дагах хүсэл эрмэлзэл, чадварыг нэмэгдүүлэхэд туслах үнэнийг хайж олоход урамшуул.

Бүхий л тэвчээр хийгээд итгэлд

Сургаал ба Гэрээ 21 нь 1830 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдахад Их Эзэний Иосеф Смитэд өгсөн илчлэлт юм. Энэ илчлэлтийн нэг хэсэг болгон, Их Эзэн бошиглогчийг дагах тухай чухал зөвлөгөөг өгчээ.

Сургаал ба Гэрээ 21:1–3-ыг уншаад, Их Эзэний бошиглогч Иосеф Смитийг тодорхойлсон нэршлүүдийг хайж ол.

  • Эдгээр нэр дээр үндэслэхэд, Бурханаар дуудагдсан бошиглогчтой байна гэдэг нь Их Эзэний шинэхэн байгуулсан Сүмийн гишүүдийн хувьд яагаад адислал байсан бэ?

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 21:4–6 бол төгс эзэмших судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урь.

Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд Өөрийн бошиглогч Иосеф Смитийг хэрхэн хүлээж авах ёстой гэж зөвлөснийг олж мэд.

4–5-р шүлэг дэх төлөөний үгсээр хэнийг төлөөлүүлэн хэлж байгааг ойлгох нь суралцагчдад тустай байж болох юм. Самбар дээр “та нар” (Сүмийн гишүүд; “түүний” (Иосеф Смит, бошиглогч); “миний” (Есүс Христ) гэсэн үгсийг, тодорхойлолттой нь хамт бичих талаар бодож үз.

  • Эдгээр шүлгийн ямар үг хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Та эдгээр шүлгээс Их Эзэний бошиглогчдыг дагах эсэхэд эргэлзэж байгаа хүнд тусалж болох юуг сурсан бэ?

Хэрэв шаардлагатай бол 5-р шүлэг дэх “бүхий л тэвчээр хийгээд итгэлд” гэсэн үг хэллэгийг онцол. Ахлагч Нийл Л.Андэрсэны захиасыг хуваалцахаас өмнө, Их Эзэний бошиглогчийн үгсийг сонсоход яагаад тэвчээр хийгээд итгэл заримдаа хэрэгтэй байдаг тухай суралцагчдаас асуух нь тустай байж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бошиглогчийг дагахыг хичээж байгаагаа хэрхэн итгэлтэй, тэвчээртэй байдлаар харуулахыг заасан.

2:3
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Заримдаа та нарын үзэл бодол Их Эзэний бошиглогчийн сургаалтай эхэндээ бүрэн дүүрэн нийцэхгүй байвал битгий гайхаарай. Энэ нь суралцах, даруусах, өвдөг сөхрөн залбирах мөч юм. Цаг хугацаа өнгөрөхөд бид Тэнгэрлэг Эцэгээсээ сүнслэг байдлын илүү тодорхой байдлыг ихээр хүлээн авах болно гэдгээ мэдэж, Бурханд итгэж, итгэлээр урагш алхдаг. (Ахлагч Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 30)

Дагахад хүндрэлтэй байдаг бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөний талаар бодоход суралцагчдыг урь. Тэвчээр, итгэлээ нэмэгдүүлэх нь хэрхэн бошиглогчийн зөвлөгөөг дагахад тэдэнд туслах талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

Их Эзэний бошиглогчийг дагаснаар ирдэг адислалууд

Сургаал ба Гэрээ 21:6-г уншина уу. Их Эзэний бошиглогчдоор дамжуулан хэлсэн үгсийг итгэлтэй, тэвчээртэй хүлээн авдаг хүмүүст өгсөн гурван амлалтыг олж мэд.

  • 6-р шүлэг дээрх Их Эзэний сургаал дээр үндэслэн, та дараах мэдэгдлийг хэрхэн гүйцээж бичих вэ? Биднийг Их Эзэний бошиглогчдоор дамжуулан хэлсэн үгсийг итгэлтэй, тэвчээртэй хүлээн авах үед …

    Суралцагчид энэ мэдэгдлийг дараах байдлаар гүйцээж болно. Биднийг Их Эзэний бошиглогчдоор дамжуулан хэлсэн үгсийг итгэлтэй, тэвчээртэй хүлээн авах үед Тэр харанхуйн хүчийг сарниулж, тэнгэрээс бидэнд адислалуудыг цутгаж, биднийг дайснаас хамгаалах болно.

  • Эдгээр амлалт ямар утга учиртай болохыг та өөрийн үгээр хэрхэн дүгнэх вэ?

    Суралцагчдад сэгсрэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг байрнаас нь хөдөлгөх эсвэл хайрцаг эсвэл тулгуураас нь салгах гэсэн утгатай гэдгийг ойлгох нь тустай байж болно. Энэ шүлгийг бошиглогчийн үгсийг хүлээн авдаг нэгэнд тэнгэрээс адислал цутгагддаг гэж орчуулж болох юм.

  • Эдгээр амлалт танд Их Эзэний тухай ойлгоход хэрхэн тусалж байна вэ?

  • Их Эзэний бошиглогчдыг дагах хүсэлд маань эдгээр амлалт хэрхэн нөлөөлөх вэ?

Өнөөдөр Их Эзэний бошиглогчдыг дагах

Дараах үйл ажиллагаа нь орчин үеийн бошиглолын зөвлөгөөг амьдралдаа дагахыг хичээхэд суралцагчдад тусална. Дараах зааврыг үзүүлж, суралцагчдад уг үйл ажиллагааг гүйцэтгэх хангалттай хугацаа гаргаж өг.

Амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж буй орчин үеийн бошиглогч, төлөөлөгчийн өгсөн урилгыг ол. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагыг ашиглах эсвэл сүүлийн үеийн ерөнхий чуулганд өгсөн чухал зөвлөгөө, урилгыг ол.

Судалсныхаа дараа, судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.

  • Та ямар зөвлөгөө, урилгыг олсон бэ?

  • Бошиглогчийн урилгад анхаарал тавихад хэр их тэвчээр, итгэл танд хэрэгтэй байна вэ?

  • Энэ зөвлөгөөг дагаснаар хүлээж авч болох ямар адислалуудыг та анзаарсан бэ?

  • Уг зөвлөгөөг амьдралдаа дагахын тулд та ямар тодорхой үйлдэл хийх вэ?

Суралцагчдыг судалж дууссаны дараа, судлах тэмдэглэлдээ бичсэн хариултуудаа хуваалцах боломжийг олго. Ярилцлагын нэг хэсэг болгон, цөөн суралцагчийг яг одоо ярилцаж буй бошиглогчдын зөвлөгөөнд анхаарлаа хандуулснаар тэд болон бусад хүн хэрхэн адислагдсан тухай хуваалцахад урь. Та мөн өөрийн хувийн жишээг хуваалцаж болно.

Тавьсан зорилгынхоо төлөө үйлдэж, бошиглогчдын сургаалыг дагаснаар Есүс Христтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлж буйд анхаарлаа хандуулахад суралцагчдыг уриал. Дараагийн хичээлээр тэд тавьсан зорилгодоо хэрхэн ахиц дэвшил гаргаснаа үнэлж дүгнэх боломжтой болно гэдгийг суралцагчдад хэл.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээрээ давтаж болно. Бошиглогчийн “үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой” гэдэг нь Сургаал ба Гэрээ 21:4–6 дээрх түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.