Семинар
109-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх 7: Сургаал ба Гэрээ 84–93


“109-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх 7: Сургаал ба Гэрээ 84–93,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйгаа үнэлэх 7,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

109-р хичээл: Сургаал ба Гэрээ 93

Суралцахуйгаа үнэлэх 7

Сургаал ба Гэрээ 84–93

Семинарт сууж буй өсвөр насны хүүхэд

Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь бидэнд Есүс Христэд ойртоход тусална. Энэ хичээл Сургаал ба Гэрээг судалснаар олж авсан сүнслэг өсөлт хөгжлөө эргэн санаж, үнэлж дүгнэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ахиц дэвшил

Самбарт ахиц дэвшил гэсэн үгийг бич.

Та мөн дараахтай адил ахиц дэвшлийн шугамыг үзүүлж болно.

Ахиц дэвшлийн шугам
  • Ахиц дэвшлээ хөтөлдөг зүйлсийн зарим жишээ юу вэ?

    Бидний боловсрол, өөрсдөдөө тавьсан зорилго, аяллаар очих газар эсвэл интернэтээс худалдаж юм уу татаж авч болох зүйлсийн цөөн хэдэн жишээ байж болно.

  • Эдгээр зүйлийн ахицыг мэдэж байх нь яагаад тустай вэ?

Энэ хичээл дээр Сургаал ба Гэрээг судалснаар гаргаж буй сүнслэг ахиц дэвшлээ та үнэлж дүгнэх болно. Энэ нь танд амжилтаа тэмдэглэх мөн шаардлагатай өөрчлөлт гаргах боломжийг олгоно.

  • Та Сургаал ба Гэрээг судлах явцдаа ямар байдлаар сүнслэгээр өсөж хөгжиж байна вэ?

Та Сургаал ба Гэрээ 84–93 дээрх хичээлийг заахдаа дараах үйл ажиллагаануудад тодорхойлсноос өөр үнэнүүдийг онцолсон байж болох юм. Шаардлагатай бол, ангиараа илүү их онцолсон үнэнүүдээр өөрсдийгөө үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагаануудыг өөрчил.

Есүс Христийн үүрэг, нэр цол, зан чанарыг тайлбарлах

Дараахыг хуваалцахын өмнө Есүс Христийн зургийг харуулахыг бод.

Сургаал ба Гэрээнд Аврагчийн өгсөн урилгуудын нэг нь “[Түүнээс] сурагтун, мөн [Түүний] үгсийг анхаарагтун” (Сургаал ба Гэрээ 19:23) юм.

  • Та Сургаал ба Гэрээг судлахдаа Есүс Христийн тухай юу мэдэж авч байгаа вэ?

    Хичээлийн энэ хэсэг суралцагчдад Есүс Христийн тодорхой хэдэн үүрэг, нэр, зан чанарыг тайлбарлахад туслах зорилготой. Дараах сонголтуудаас нэг юм уу хэд хэдийг үзүүлээд, аль нэгийг нь гүйцэтгэх цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчид эдгээр үйл ажиллагаан дээр бие даан эсвэл хоёр хоёроороо ажиллаж болно.

    Есүс Христийн үүргийг эсвэл нэрийг дүрсэлсэн саяхан судалсан цөөн хэдэн судрын эшлэлийг үзүүлэх нь тустай байж болох юм. Суралцагчид уг үйл ажиллагааны нэг хэсэг болгон эдгээрийг эргэн харж болно. Сургаал ба Гэрээ 76:1–7, 22–24, 88:1–13, 41, 93:1–10 зэрэг жишээнүүд байж болно.

  • Саяхан судалсан Есүс Христийн зарим нэр цолыг жагсаан эмхэтгэн бич. Дараа нь нэг юм уу хэд хэдийг сонгоод, дараах асуултуудад хариул. Үүнд: (1) Энэ нэр, цол Есүс Христийн тухай юу зааж байна вэ? (2) Энэ нэр цол Түүний танд хэрхэн туслах талаар юуг ойлгоход тань туслах вэ?

  • Есүс Христийн нэр, цолоос өөрийнхөө хамгийн дуртай хэдийг харуулсан үзүүлэн хий. Энэ нь таны сонгосон нэр, цолны нэг юм уу хэд хэдийг төлөөлөх үгэн үүл эсвэл зураг байж болно. Хийсэн зүйлийнхээ нэг хэсэг болгон холбогдох судрын эшлэлүүдийг оруул.

  • Есүс Христийн нэр, цолоос өөрийнхөө хамгийн дуртай хэдийг оруулсан шүлэг юм уу дууны үгийг бич.

  • Танд Есүс Христ гэж хэн болох, Тэр бидний төлөө юу хийж чадах талаар хэн нэгэнд заах боломж олдсон гэж төсөөл. Христийн гурваас доошгүй нэр, цолыг оруулсан дор хаяж нэг догол мөр тайлбар бич.

Суралцагчдад сонгосон үйл ажиллагаагаа гүйцэтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа хийсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Хэрэв тэд бие даан ажилласан бол хамтрагчид эсвэл жижиг бүлэгт хуваалцаж болно. Хэрэв тэд бусад суралцагчтай хамт ажилласан бол өөр бүлэгт хуваалцаж болно. Түүнчлэн та хуваалцах хүсэлтэй цөөн суралцагчийг хийсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.

Есүс Христэд ойртох агуу хүслийг мэдрэх

Дараах үнэлэх үйл ажиллагаа нь Сургаал ба Гэрээ 88:63 дээрх Аврагчид ойр бай гэсэн Түүний урилгатай холбоотой. Боломжтой бол суралцагчдад сурч, мэдэрсэн зүйлээ санахад нь туслахын тулд “Сургаал ба Гэрээ 88:51–95” хичээлээс суралцах зарим үйл ажиллагааны талаар сануулж болох юм.

Жишээлбэл: Хэрэв та үзүүлэнт хичээлээрээ соронз ашигласан бол хоёр соронз бариад, суралцагчдыг уг хичээлээс санаж байгаа зүйлээ хуваалцахад урьж болно. Суралцагчид тухайн үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хэр ойр байгааг мэдэрснээ дүрсэлсэн зураг зурсан бол тэднийг одоо болон тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ харьцуулах зорилгоор тэдгээр зургийг олоход урь.

Та Сургаал ба Гэрээ 88:63 дээрх Аврагчийн чухал урилгыг судалж байснаа санаж магад. Аврагчийн урилгыг эргэн харахын тулд энэ шүлгийг унш.

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичсэнээр Есүс Христэд илүү ойртох хүслээ үнэлэх боломжийг суралцагчдад олго.

  • Өнөөдрийн Есүс Христтэй ойртох хүсэл тань хэдэн долоо хоног эсвэл сарын өмнөх үеийнхтэй харьцуулахад хэр байна вэ (бага, бараг ижил эсвэл арай илүү)?

  • Таны хүсэлд нөлөөлсөн юуг та сурч мэдэж эсвэл мэдэрсэн бэ?

  • Та Христэд илүү ойртохын тулд ямар үйлдэл гаргасан бэ? Та Христэд илүү ойртохын тулд юу үйлдэхийг хүсэж байна вэ?

Суралцагчдад хариултаа тэмдэглэх хангалттай цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчаас хариултаа ангийнхандаа сайн дураараа хуваалцахыг хүс.

Хэрэгжүүлэх урилга

Семинарт суралцах явцад таныг судар дахь тодорхой хэдэн урилгыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урьсан байж болно.

Суралцах явцдаа та өөрийнхөө өмнө тавьсан зорилгыг эсвэл өөрт төрсөн сүнслэг өдөөлтөө эргэн санах цаг гарга. Та судлах тэмдэглэлээсээ хайх юм уу саяхан тодруулсан судруудаа олох замаар үүнийг гүйцэтгэж болно.

Боломжтой бол өмнөх хичээлүүд дээр суралцагчдад өгсөн тодорхой хэдэн урилгыг хуваалцаж болно. Жишээлбэл: Та суралцагчдыг дараахтай адил зорилго тавихад урьсан байж болох юм.

Суралцагчдад тавьсан зорилгоо эргэн харах хангалттай цаг гаргаж өгсний дараа дараахтай төстэй асуултуудыг тавьж, ахиц дэвшлээ үнэлэх цагийг гаргаж өг.

  • Есүс Христийн эдгээр сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд та ямар хичээл зүтгэл гаргасан бэ?

  • Эдгээр хичээл зүтгэл таны амьдралд болон Бурхантай харилцах харилцаанд тань ямар өөрчлөлт авчирсан бэ?

  • Энэ тал дээрх таны дараагийн алхам юу байх ёстой гэж та бодож байна вэ?