“115-р хичээл—Сургаал ба Гэрээ 101:43–101: Сионы тухай сургаалт зүйрлэл,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 101:43–101,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бошиглогч Иосеф Смит Миссурийн гэгээнтнүүдийн амсаж буй хүнд хэцүү хавчлагыг сонсоод, тэдний өмнөөс Их Эзэнд хандав. Аврагч хариултынхаа нэг хэсэг болгон гэгээнтнүүдэд зөвлөгөө, тайтгарал өгөхдөө сургаалт зүйрлэл ашигласан. Энэ хичээл суралцагчдад сургаалт зүйрлэлийг судалж, үүний сүнслэг утгыг олж мэдэх боломжийг олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христ ихэвчлэн сургаалт зүйрлэл ашиглан заадаг байв
Есүс Христ ихэвчлэн сургаалт зүйрлэл гэгддэг энгийн түүхийг ашиглан заадаг байсан. Эдгээр сургаалт зүйрлэлд Есүс бидний сайн мэддэг эд зүйлийг эсвэл нөхцөл байдлыг сүнслэг үнэнтэй харьцуулсан байдаг (Судруудын удирдамж дахь “Сургаалт зүйрлэл”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).
Хүнд хэцүү хавчлагын үед Аврагч Иосеф Смитэд болон гэгээнтнүүдэд Сионы гэтэлгэлийн тухай заахдаа сургаалт зүйрлэл ашигласан (Сургаал ба Гэрээ 101:43-ыг үзнэ үү). 1833 оны сүүлээр танхайрагчдын хүчирхийлэл 1000 гаруй гэгээнтнийг Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдөхөд хүргэсэн ба 200 гаруй хүний орон гэр шатсан. Бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс гэгээнтнүүд яагаад Сионоос хөөгдсөнийг мөн тэд буцаж очихын тулд юу хийх ёстойг асуужээ. Их Эзэн сургаалт зүйрлэлээр хариулсан.
Сургаалт зүйрлэлийг судлах
Ахлагч Дэвид А.Бэднар Аврагчийн сургаалт зүйрлэлүүдээс суралцах тухай дараах зүйлсийг заасан. Үүнд:
13:57
Сургаалт зүйрлэлийн гол утга санаа болон захиас ерөнхийдөө тодорхой биш байдаг. Харин түүх нь хүлээн авах хүнд Бурханд итгэх итгэл, хувийн сүнслэг бэлтгэл, суралцах хүсэл зэргийнх нь дагуу бурханлаг үнэнийг дамжуулан хүргэдэг. Иймээс хувь хүн сургаалт зүйрлэл дэх үнэнүүдийг олж мэдэхийн тулд ёс суртахууны сонгох эрхээ ашиглан идэвхтэй “асууж, эрэлхийлж мөн тогших” [Матай 7:7–8; Лук 11:9–10-ыг үзнэ үү] учиртай. (Дэвид А.Бэднар, “Сион оо, хүч чадлаар хувцаслагтун,” Лиахона, 2022 оны 11-р сар, 92)
Язгууртны тухай сургаалт зүйрлэл
Чухал мэдээллийг олж харах
Сургаал ба Гэрээ 101:43–62-ыг унш. Шүлгийн бүлэг тус бүр дээр шүлгүүдийг дүрслэн энгийн зураг зурах юм уу хураангуйлж бич.
-
Язгууртнаар Есүс Христийг төлөөлүүлж байгааг ойлгоход ямар сэжүүр бидэнд тусалж байна вэ?
-
Цэцэрлэгээр эсвэл цамхгаар юуг төлөөлүүлж болох вэ?
-
Зарим үед бидний үйл хөдлөл хэрхэн зарц нарынхтай адил байж болох вэ?
Сургаалт зүйрлэл дэх зарц нар цамхаг барихаас татгалзсантай адил Миссурийн гэгээнтнүүд Их Эзэний зааварласны дагуу ариун сүм барихад хайхрамжгүй хандсан (Сургаал ба Гэрээ 57:3; 84:3–4; 97:10–12-ыг үзнэ үү).
Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн хувьд 55-р шүлэг-т дурдсан зарцаар Иосеф Смитийг төлөөлүүлжээ (Сургаал ба Гэрээ 103:21-ийг үзнэ үү). Иосеф Смит Их Эзэний зарлигийг даган, Сионы газрыг гэтэлгэхийн тулд Сионы хуаран нэртэй бүлгийг зохион байгуулав. Сионы хуарангийн тухай Сургаал ба Гэрээ 103, 105-р хичээлүүд дээр ярилцах болно.
Үнэ цэнтэй сургамжийг олж нээх
-
Их Эзэн энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан ямар үнэ цэнтэй сургамжийг зааж байна вэ?
-
Есүс Христийн зан чанарын талаар энэ сургаалт зүйрлэл танд юу зааж байна вэ?
-
Эдгээр хичээл 1833 оны гэгээнтнүүдэд хэрхэн тустай байж болох вэ?
-
Та эдгээр үнэний нэг юм уу хэд хэдэн нотолгоог амьдралдаа хэрхэн харж байсан бэ?
Хувийн амьдралдаа хэрхэн ашиглахаа тодорхойлох
Энэ сургаалт зүйрлэлээс танд чухал санагдсан нэг үнэнийг хэрэгжүүлж болох нэг юм уу хоёр арга замыг тодорхойлохдоо Ариун Сүнснээс тусламж эрэлхийл. Төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бич.