Семинар
119-р хичээл—Сургаал ба Гэрээ 107:1–20: “Ариун санваар”


“119-р хичээл—Сургаал ба Гэрээ 107:1–20: ‘Ариун санваар,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 107:1–20,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

119-р хичээл: Сургаал ба Гэрээ 106–108

Сургаал ба Гэрээ 107:1–20

“Ариун санваар”

Дуудлагад онцгойлон адислагдаж буй өсвөр насны хүүхэд

1835 оны хавар шинэхэн байгуулагдсан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд анхныхаа номлолд гарах гэж байлаа. Их Эзэнээс ирсэн энэхүү илчлэлт тэдэнд болон бусад хүнд санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь туслах дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Энэ хичээл Аврагчийн Сүмд үйлчлэхдээ Түүний хүч, санваарын эрх мэдлийг ашиглахын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хавсралтууд

Нэг суралцагчийг самбар дээр олон мөчиртэй мод зурахад урьснаар хичээлээ эхлүүл. Ангийнхныг модны аль хэсгүүд нь хавсралт (мөчир болон навчнууд) болохыг тодорхойлоход урь. Уг модыг зурсан суралцагчаас модны эх биетэй холбогдох мөчрийг арилгаснаар хавсралтуудын нэгийг салгахад урь. Бид яагаад Аврагчтай болон Түүний санваартай холбоотой байх хэрэгтэйг ойлгоход бэлтгэхийн тулд ангийнхнаас дараах асуултуудад хариулан ярилцахыг хүс.

  • Хавсралтыг модноос нь салгах үед юу болдог вэ? Яагаад?

Иохан 15:5-ыг уншаад, Аврагч энэ үзүүлэнт хичээлтэй холбоотой юу заасныг олж мэд.

  • Та юу сурч мэдсэн бэ?

  • Аврагчтай холбоотой байх нь Түүний Сүмд үйлчлэх хүчин чармайлтад маань яагаад зайлшгүй шаардлагатай вэ?

Суралцагчдад Есүс Христтэй холбогдсон холбоогоо тунгаан бодох цагийг гаргаж өг. Энэ холбоо тэднийг хувь хүний хувьд адислаад зогсохгүй Сүмийн дуудлага, тохинуулах үүрэгт ажлаар дамжуулан бусдыг адислахад хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодох үедээ сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхэд тэднийг урь.

Санваарын хавсралтууд

Сургаал ба Гэрээ 107-р хэсгийн агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах мэдээллийг өөрийн үгээр хуваалцаарай.

1835 оны 3-р сарын 28-нд шинэхэн байгуулагдсан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд АНУ-ын зүүн хэсэгт номлолд үйлчлэхээр бэлтгэж байлаа. Зарим төлөөлөгч шинэ дуудлагадаа хэрхэн үйлчлэх тухайд эргэлзэж байв. Их Эзэн тэднийг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь зоригжуулж, санваарын тухай зааварлахдаа Сургаал ба Гэрээ 107-г илчилсэн.

Сургаал ба Гэрээ 107:1–4-ийг уншаад, Их Эзэн санваарын талаар юу заасныг олж мэд.

  • Та Мелкизедек санваарын талаар юу олж мэдсэн бэ?

3-р шүлэг дээрх санваарын нэрийг Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорфын заасантай харьцуул.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Христ бол дэлхий дээрх бүх үнэн санваарын эрх мэдэл хийгээд хүчний эх сурвалж мөн. Энэ бол Түүний ажил бөгөөд Түүнд туслах боломж бидэнд өгөгдсөн. (Дийтр Ф.Угдорф, “Санваартан хүний баяр баясгалан,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72)

  • Бүх санваарын хүч Есүс Христээс шууд ирдэг гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Дараах шүлгийг уншихын өмнө суралцагчдыг хавсралтуудын тухай юу ярилцсанаа эргэн санахад урь. Самбар дээр өөр нэг мод зураад, Есүс Христийн Сүм гэж нэрлэ. Тэгээд дараах үгсийг самбар дээр жагсаа. Үүнд: Мелкизедек санваар, Аароны санваар, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Ням гаргийн анги, Хүүхдийн хэсэг.

Сургаал ба Гэрээ 107:5, 13–14-ийг хамтрагчтайгаа хамт уншаад, самбар дээрх аль үгийг модны эх биетэй болон хавсралттай харьцуулж болохыг олж мэд.

  • Уншсан зүйл дээрээ үндэслэн та эх биеийг юутай харьцуулж болох вэ? Ямар ямар хавсралт байна вэ?

    Суралцагчид өмнөх асуултуудад хариулах явцдаа модны эх биеийг Мелкизедек санваар, хавсралтууд (мөчрүүд)-ыг Аароны санваар гэж мөн самбар дээр жагсаасан Сүмийн байгууллагууд гэж тэмдэглэх талаар бодож үз.

    Суралцагчдыг 5-р шүлэг дээрх Аврагчийн Сүм дэх бүх эрх мэдэл буюу алба нь Мелкизедек санваарын хавсралтууд байдаг хэмээх үнэнийг тэмдэглэхэд урь.

  • Аароны санваар, Сүмийн байгууллагуудыг Их Эзэн Өөрийн Мелкизедек санваарын “хавсралтууд”-тай харьцуулснаас бид юу сурч мэдэж болох вэ?

сургалтын материалын шигтгээ зурагСургаал, зарчмуудыг онцлохдоо бошиглогчдын үгсийг ашигла. Суралцагчдын сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд бошиглогчдын үгсийг ашиглах жишээг доор оруулав. Энэ талаар дадлага хийхийн тулд Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа” гарчигтай сургалтыг үзнэ үү. “Судруудад байгаа үнэнийг амьд бошиглогчдын хэлж буй зүйлтэй холбоход суралцагчдад туслах урилга бэлтгэх” ур чадвараар дадлага хийхийг бод.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Сүмийн дуудлага дахь санваарын эрх мэдлийн талаар ийнхүү хуваалцжээ.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Эцэст нь, энэ санваарын эзэн болох Их Эзэн Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр мөнх бус хүмүүнд ямар түлхүүрүүд өгөгдөх хийгээд энэ түлхүүрүүд нь хэрхэн ашиглагдахыг тодорхойлдог. …

… Сударт “Сүм дэх бусад эрх мэдэл [болон] албан тушаалууд нь энэ [Мелкизедек] санваарын хавсралтууд байдаг” (С&ба Г 107:5) хэмээн хэлсэнчлэн, санваарын түлхүүрийг атгагч тэдний удирдлага дор хийгдсэн бүхэн нь санваарын эрх мэдэлтэйгээр хийгдсэн болно. (Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69)

Суралцагчдад Есүс Христ бол бүх санваарын хүчний эх сурвалж мөн гэдгийг сануул (Сургаал ба Гэрээ 107:3-ыг үзнэ үү). Модны эх бие дээрх Мелкизедек санваар гэсэн үгийн хажууд Аврагчийн хүч гэж бич.

  • Сүм дэх дуудлага бүр Аврагчийн хүчтэй холбогдсон байдгийг ойлгох нь эргэн тойрны хүмүүстээ илүү сайн үйлчлэхэд танд хэрхэн тусалж болох вэ?

  • Сүмийн үйлчлэлд тань Аврагчийн хүч тусалж байгааг та хэзээ мэдэрсэн бэ?

Санваарын хүчийг мэдрэх

Суралцагчдыг дараах судрын эшлэлүүдийг уншиж, хамтрагчтайгаа уг гурван асуултын талаар ярилцахад урь. Та суралцагчдад зориулан асуултуудыг самбарт харуулж болно.

Сургаал ба Гэрээ 107:8, 18–20-ийг уншаад, Аврагч Сүмд үйлчилдэг хүмүүст Өөрийн санваараар дамжуулан хүч өгдөг арга замуудыг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 107:8 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

  • Их Эзэн Өөрийн Мелкизедек санваараар дамжуулан биднийг адисалдаг ямар ямар “сүнсний зүйлүүд” (8-р шүлэг) байдаг вэ?

    “Сүнсний зүйлүүд”-ийг гүйцэтгэх гэдэгт адислал, ёслол, гэрээнүүдийг гүйцэтгэх явдал ордгийг ойлгоход суралцагчдад тусал.

  • 20-р шүлэг-т дурдсан Аароны санваарын “гаднах ёслолууд” (баптисм, ариун ёслол гэх мэт) нь таныг Есүс Христтэй холбогдоход хэрхэн тусалдаг вэ?

  • Үйлчилж байхдаа Аврагчтай холбогдсон хэн нэгний холбоо таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Бусад хүнийг Аврагчийн хүчтэй холбогдох замаар үйлчлэх үед үүгээр дамжуулан адислагдаж байсан хүний жишээг хуваалц. Нэг жишээг ChurchofJesusChrist.org дээрээс “The Tender Mercies of the Lord” видеоны цагийн код 6:55-аас 8:53 хооронд үзүүлсэн байгаа. Энэхүү захиаст Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гадасныхаа өсвөр үеийнхэнд тохинуулж байхдаа Бурханаар удирдагдсан нэгэн санваарын удирдагчийн түүхийг хуваалцжээ.

2:3

Хувьдаа хэрэгжүүлэх

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон эгч санваарын эрх мэдэл залуу эмэгтэйчүүдийг дуудлагад нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар заасан. Түүний хэлсэн үг үйлчилж буй бүх өсвөр үеийнхэнд хэрхэн хамааралтай болохыг олж мэд.

Ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон

Сүмийн залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө санваараар удирдуулсан авралын ажлын ажиглагч, дэмжигчид гэж биш, харин чухал оролцогчид гэж харах хэрэгтэй. Та нар дуудлага авч, уг ажлын хүч чадал, эрх мэдэлтэй удирдагчаар үйлчлэхийн тулд санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсээр онцгойлон адислагддаг. Та нар ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд дэх дуудлагаа эрхэмлэн биелүүлж, сүнслэг байдлын хувьд бэлтгэн, хамтдаа зөвлөлдөж, түүнчлэн ангийн гишүүдэд хүрч үйлчлэн, нэг нэгэндээ сайн мэдээг зааснаар ажлынхаа арга барилыг олох ба та өөрөө төдийгүй тантай хамт үйлчлэх хүмүүс хүртэл адислагдах болно. (Бонни Л.Оскарсон, “Сионы эгч нар аа, хүч чадалтай байж, өндийн босоцгооё,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134–135)

  • Энэ мэдэгдлийн юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

    Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулахад урь. Та тэднээс сайн дураараа хариултаа хуваалцахыг хүсэж болно.

  • Сүмд үйлчлэхдээ та Аврагчийн хүч, Түүний санваарын эрх мэдлийг ашиглахын ач холбогдлын талаар өнөөдөр юу олж мэдсэн бэ?

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Судрын түлхүүр үг хэллэг нь “Мелкизедек санваар нь … сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг” гэдэг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.