Семинар
157-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх нь 10: Сургаал ба Гэрээнүүдийг судалж байгаа талаараа эргэцүүлэн бодох


“157-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх нь 10: Сургаал ба Гэрээнүүдийг судалж байгаа талаараа эргэцүүлэн бодох,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйгаа үнэлэх нь 10,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

157-р хичээл: Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2

Суралцахуйгаа үнэлэх нь 10

Сургаал ба Гэрээнүүдийг судалж байгаа талаараа эргэцүүлэн бодох

Ах дүүс зургийн цомог үзэж байна

Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Аврагчид илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл Сургаал ба Гэрээнүүдийг судлах нь сүнслэгээр өсөхөд өөрсдөд нь хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сүнслэг дурсамж

Хувийн гэрэл зургаа ангид авчраарай. Зургийг үзүүлж, зураг дээрх хүмүүстэй эсвэл үйл явдалтай холбоотой дурсамжаа товчхон өгүүл. Хэрэв суралцагчдаас суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийг хүссэн бол тэднийг гэрэл зураг болон дурсамжаа жижиг бүлэг дотроо эсвэл ангийнхантайгаа товчхон хуваалцахад урь. Тэд мөн гар утсан дээрх зургуудаа хуваалцаж болно.

  • Яагаад хүмүүс өнгөрсөн үеийнхээ хүмүүсийн зураг эсвэл үйл явдлыг харах дуртай байдаг гэж та нар бодож байна вэ?

  • Бидэнд гэрэл зургийн хальсанд буулгах боломжгүй ямар ямар дурсамж байж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн сүнслэг дурсамжийн талаар ийн ярьжээ.

16:43
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Ариун нандин дурсамжуудаа нандигнан хайрла. Тэдгээртээ итгэ. Тэдгээрийг бичиж ав. Гэр бүлийнхэнтэйгээ хуваалц. Тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгээс болон Түүний Хайрт Хүүгээс танд ирдэг гэдэгт итгэ. Эргэлзэх үедээ тэвчээртэй байхад, бэрхшээл тулгарах үед ойлголтыг авчрахад тэдгээрийг ашиглаарай. Хэрэв та амьдралыг тодорхойлогч сүнслэг үйл явдлуудаа хүлээн зөвшөөрч, нандигнан хайрлахад бэлэн байх юм бол тэдгээр нь ар араасаа даган ирнэ гэдгийг би танд амлаж байна. Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг бас хайрладаг. (Нийл Л.Андэрсэн, “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 18)

  • Сүнслэг дурсамжуудаа эргэцүүлэн бодох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

    Энэ хичээл нь өнгөрсөн жилийн турш Сургаал ба Гэрээнүүд, Сүмийн түүхийг судлах явцад олж авсан зарим сүнслэг дурсамж эсвэл туршлагаа эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олгох болно гэдгийг тайлбарла.

    Суралцагчдад дараах асуултуудад хариулах цаг гаргаж өгөхийн өмнө Сургаал ба Гэрээнүүдийн удиртгал дахь “Илчлэлүүдэд хүн … Их Эзэн Есүс Христийн намуухан атлаа баттай дуу хоолойг сонсдог” гэсэн мэдэгдлийг дурд. Эдгээр асуултад хариулахад нь туслахын тулд жилийн турш судлах тэмдэглэлдээ тэмдэглэсэн ойлголтуудаа эсвэл судар дээрх тэмдэглэгээ болон тэмдэглэлээ давтахад суралцагчдыг урьж болно.

  • Та нар энэ жил Сургаал ба Гэрээнүүд дэх Есүс Христийн үгсийг судлахдаа Түүний талаар юу мэдэж авсан бэ?

  • Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах та нарын харилцаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Та нарын судалсан ямар судрын хэсгүүд та нарт нөлөөлсөн бэ? Эдгээр судрын хэсэг та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Та нар сайн мэдээний ямар үнэнийг хэрэгжүүлэхийг хичээсэн бэ? Та нар хичээж зүтгэснийхээ үр дүнд юу харж эсвэл юу харна гэж найдаж байна вэ?

Хангалттай хугацаа өнгөрсний дараа хуваалцахад тохиромжтой сүнслэг дурсамжаа ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдыг хуваалцаж байх үед бусдыг ярилцлагад хувь нэмрээ оруулахад нь урамшуулахын тулд “Хэн үүнтэй адил төстэй зүйлийг мэдэрсэн бэ?” эсвэл “Та нар ангийнхаа суралцагчийн хуваалцсан зүйл дээр юу нэмж болох вэ?” гэх мэт асуултуудыг тавь.

Илчлэл хүлээн авах

Тэд жилийн турш дадлага хийж, хувийн илчлэл хэрхэн хүлээн авах талаар суралцахад уригдсан гэдгийг суралцагчдад сануул.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Би таныг хувийн илчлэл хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна. …

Би та бүхнээс илчлэл хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго. (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)

Ерөнхийлөгч Нэлсон биднийг илчлэл хүлээн авах ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байгааг харуулахын тулд янз бүрийн хэмжээтэй үлээсэн бөмбөлгүүдийг үзүүл. Аль бөмбөлөг суралцагчдын жилийн эхэнд болон одоо байгаа хувийн илчлэл хүлээн авах чадварыг хамгийн сайн төлөөлж байгааг бодож үзэхэд тэднийг урь. Суралцагчид эргэцүүлж бодох үедээ дараах асуултуудыг тунгаан бодож болно. Цөөн суралцагчийг хуваалцахад урь.

  • Энэ жил та нарыг “илчлэл хүлээн авах сүнслэг чадвараа дээшлүүлэх,” “нэмэгдүүлэхэд” юу тусалсан бэ?

  • Сургаал ба Гэрээнүүдээс ямар судрын хэсэг илчлэл хүлээн авах талаар та нарт илүү их зүйл ойлгуулсан бэ?

    Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та Иосеф Смит—Түүх 1:5–20 болон Сургаал ба Гэрээнүүд 8:2–3; 9:7–9; 11:12–13; 88:118 зэрэг зарим жишээг өгч болно.

  • Та нар сүүлийн үед хувийн илчлэлтэй холбоотой ямар туршлага хуримтлуулсан бэ?

Сэргээлтийг тайлбарлах

Ангид Сэргээлтийн чухал үйл явдлуудыг харуулсан дараах шиг хэд хэдэн зургийг үзүүл. Үүнээс гадна та ангийнхнаас Сэргээлтийн чухал үйл явдлуудыг самбар дээр жагсаан бичихийг хүсэж болно. Ангиараа дөрөв эсвэл тавыг ярилцахаар сонго. Тэдгээрийг өөр өөр цаасан дээр бичээд, цааснуудыг ангийн эргэн тойронд байрлуул.

Анхны үзэгдэл

Анхны үзэгдэл

Мелкизедек санваарын сэргээлт

Мелкизедек санваарын сэргээлт

Мормоны Ном гарч ирсэн нь

Мормоны Ном гарч ирсэн нь

Ариун сүмүүдийг байгуулсан нь

Ариун сүмүүдийг байгуулсан нь

Суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрийг өөр өөр зураг эсвэл цаасан дээр очиж цугларахад урь. Сэргээлтийн тэрхүү үйл явдлаар ярилцлага өрнүүлэхийг бүлгийн удирдагчид даалга. Бүлгийн хүн бүрийг ямар нэг зүйл хуваалцахад урихад удирдагчийг урамшуулан дэмж. Хангалттай хугацаа өнгөрсний дараа бүлгүүдийг шинэ зураг луу ээлжлэн очиж, бүлгийн шинэ удирдагчийг сонгоход урь. Дараах сэдлүүд нь бүлгийн удирдагчийг өртөө бүр дээр ярилцлагаа удирдан чиглүүлэхэд тусалж болно.

  1. Энэ үйл явдлын талаар санаж байгаа зүйлээ хуваалц.

  2. Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн энэ хэсгийн талаар мэдэх нь дэлхий даяарх хүмүүст яагаад ашиг тустайг тайлбарла.

  3. Сэргээлтийн энэ хэсэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх та нарын итгэлийг өсгөхөд хэрхэн тусалсан талаар ярилц.

Бошиглогч Иосеф Смит

Суралцагчдын хичээлийн эхэнд гүйцэтгэсэн эргэцүүлэн бодох үйл ажиллагаанд дараах үйл ажиллагааг нэмж ашиглаж болно.

Бошиглогч Иосеф Смитийн зургийг харуул. Иосефын амьдралдаа гүйцэтгэсэн агуу ажлыг аль төгс эзэмших сургаалын судрын хэсэг дүрсэлснийг санаж байгаа эсэхийг суралцагчдаас асуу. Дараа нь Сургаал ба Гэрээнүүд 135:3-ыг хамтдаа унш эсвэл цээжээр хэл. Иосеф Смитийн тухай энэхүү гэрчлэл түүнийг егүүтгэгдсэний дараахан бичигдсэн гэдгийг суралцагчдад сануул. Иосеф Смит бол Их Эзэний бошиглогч гэсэн гэрчлэлээ бусадтай хуваалцахаар бэлтгэхэд нь тэдэнд тусал.

Иосеф Смитийн талаарх та нарын гэрчлэл, мэдрэмж өнгөрсөн жилийн турш хэрхэн өөрчлөгдсөн тухай бод. Та нар дараах зүйлсийг эргэцүүлэн бодохдоо өөрийн бодлыг бичиж авч болно.

  • Ариун төгөлд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг та нар өөрсдөө хэрхэн мэдэж авсан бэ?

  • Их Эзэний Иосеф Смитээр хийлгэхээр сүнслэгээр нөлөөлсөн ажил та нарыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хэрхэн тусалж чадах вэ?

  • Хэрэв та нар Иосеф Смитийн Бурханы бошиглогч гэх дуудлагад эргэлзэж байвал өөрсдөө сурахын тулд юу хийж болох вэ?

Цөөн суралцагчийг Иосеф Смитийн талаар гэрчлэлээ хуваалцахад урьснаар хичээлээ дуусга.