“156-р хичээл—Албан тунхаг 2: Санваарын талаарх илчлэл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Албан тунхаг 2,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Сайн мэдээ 20-р зуунд дэлхий даяар түгэн дэлгэрэх үед Сүмийн африк гаралтай гишүүдийг санваар хүлээн авахыг нь хязгаарласан бодлогын талаар Сүмийн удирдагчид удирдамж хүсэн залбирчээ. Олон гэгээнтэн уг бодлогын талаар асуулттай тулгарах үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхээр сонгосон. 1978 оны 6-р сарын 8-нд Тэргүүн зөвлөл эдгээр хоригийг цуцалсан илчлэлийг зарлав. Энэ хичээл тодорхой бус нөхцөл байдалтай эсвэл сүнслэг асуултуудтай тулгарсан үедээ итгэлээр үйлдэхэд нь суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
1972 оны 4-р сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид Бразилын Рио-де-Жанейро дахь Хэлвэсио, Руда Мартинс хоёрын гэрт зочилжээ. Мартинсын гэр бүлийнхэн номлогчдын захиас үнэн гэсэн гэрчлэлийг тэр даруй олж авсан байна. Тэд мөн африк гаралтай хар арьст эрэгтэйчүүдийг санваарт томилохыг хязгаарласан Сүмийн бодлогын талаар мэдэж авав. Африк гаралтай Хэлвэсио, Руда хоёрт номлогчдоос асуух асуулт байв (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, May 1990, 106; Mark Grover, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43-ыг үзнэ үү).
Мартинсын гэр бүл санваарын хоригийн талаар мэдсэнийхээ дараа итгэлээр үйлдэхийг сонгожээ. Тэд удалгүй баптисм хүртэж, Сүмд олон жил итгэлтэйгээр үйлчилсэн юм. Ахлагч Мартинс хожим нь “‘Бид үнэнийг олсон. Үүний дагуу амьдрахад биднийг юу ч зогсоож чадахгүй байсан” хэмээн дурсжээ.
1975 онд Сүмээс Бразилын Сан Паулод ариун сүм баригдах болно гэдгийг зарлав. Ахлагч Мартинс ‘“Хэдийгээр бид ариун сүмд орно гэж бодоогүй ч бусад гишүүний адил ариун сүмийн барилгын ажилд оролцсон. Эцсийн эцэст, энэ бол Их Эзэний өргөө шүү дээ’ гэж дурсав. Мартинс эгч хандив цуглуулах ажилд туслахын тулд үнэт эдлэлээ зарсан бөгөөд Мартинс ах олон нийтийн мэдээллийн хороонд үйлчилж байв” (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, May 1990, 106).
Албан тунхаг 2-ын удиртгалыг уншаад, энэхүү тунхагтай холбоотой нөхцөл байдлыг олж мэд.
Албан тунхаг 2 нь 1978 оны 6-р сарын 1-нд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын хүлээн авсан илчлэлтийн албан ёсны мэдэгдлийг агуулдаг.
Албан тунхаг 2-ын “Эрхэм хүндэт Ах нар аа” гэсний доорх дөрвөн догол мөрийг унш. Та нарын хувьд ач холбогдолтой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэ.
-
Та нарын уншсан зүйлээс юу нь онцгой санагдсан бэ?
-
Энэ туршлага Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгож авахад эсвэл мэдрэхэд та нарт тусалж байна вэ?
Энэхүү илчлэл дэлхий даяарх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Үүнийг хүлээн авсны дараа удалгүй Африк руу номлогчдыг илгээжээ. Ариун сүмүүд энэ тивд баригдаж эхэлснээс хойш олон зуун мянган африк гаралтай хүн тэнд өөрсдийнхөө төлөө болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө сайн мэдээний ёслолуудыг хүлээн авсан.
Бүх зохистой эрэгтэйд санваар хүртээх боломжийг олгосон илчлэлийн тухай мэдсэний дараа Хэлвэсио ийн дурсжээ.
“Би сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байлаа! Руда бид хоёр унтлагынхаа өрөөнд ороод, өвдөг сөгдөн суугаад залбирсан. Бидний зөвхөн мөрөөдөж л байсан тэр үйл явдлын төлөө бид Тэнгэрлэг Эцэгтээ талархан уйлж билээ. Тэр өдөр үнэндээ иржээ. Энэ нь бидний мөнх бус амьдралд тохиов” (Хэлвэсио Мартинсын намтар [1994], 69–70).
1978 оны илчлэлийн дараахан Мартинсын гэр бүл ариун сүмд лацдан холбуулсан ажээ. Хэлвэсио орон нутгийн санваарын удирдагч болсон бөгөөд хожим Далын гишүүнээр үйлчлэхээр дуудагдсан (“Elder Helvécio Martins of the Seventy,” 106-г үзнэ үү).
-
Хэрэв Мартинсын гэр бүл Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийг сонгоогүй бол тэдний хувьд байдал хэрхэн өөр байх байсан бэ?
-
Та нар Мартинсын гэр бүлийн жишээнээс тодорхой бус нөхцөл байдалд эсвэл хариулагдаагүй асуултуудад тань тусалж чадах юуг сурч мэдсэн бэ?
-
Тодорхой бус нөхцөл байдал эсвэл сүнслэг асуултуудтай тулгарах үедээ итгэлээр үйлдэж чадах ямар арга замууд байдаг вэ?
-
Итгэлээр үйлдсэнээр та нарыг болон та нарын таньдаг хүмүүсийг Их Эзэн хэрхэн адисалсан бэ?
-
Та нар өнөөдөр тодорхой бус нөхцөл байдалд эсвэл сүнслэг асуултуудад тань туслах юуг сурч мэдэж эсвэл мэдэрсэн бэ?
-
Эдгээр нөхцөл байдалд Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд та нар ямар тодорхой зүйлийг хийх вэ?