Судрын түүхүүд
Иосеф Смитийн Анхны үзэгдэл


“Иосеф Смитийн Анхны үзэгдэл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Иосеф Смитийн Анхны үзэгдэл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1817–1820 он

Иосеф Смитийн Анхны үзэгдэл

Даруухан залбирлын хариулт

Иосеф Смит шашны янз бүрийн итгэл үнэмшлийнхээ талаар номлож байгаа хүмүүсийн үгийг сонсож байгаа нь.

Иосеф Смитийн гэр бүлийн амьдарч байсан газарт Есүс Христийн тухай заадаг олон сүм байсан. Тэд бүгд Есүсийн тухай өөр, өөр зүйлийг заадаг байв. Хэнийх нь зөв болохыг Иосеф сайн мэдэхгүй байлаа. Өөрт нь Аврагч хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байсан ч аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байсан юм.

Иосеф Смит—Түүх 1:5–6; Гэгээнтнүүд, 1:9

Иосеф Смит ферм дээрээ ажиллаж байгаа нь.

Иосеф энэ тухай удаан бодсон. Тэр нүглийнхээ өршөөлийг хүсэж байв. Тэр олон сүмд очсон ч эргэлзсэн хэвээр байлаа.

Иосеф Смит—Түүх 1:8–10; Гэгээнтнүүд, 1:9–12

Иосеф Смит лааны гэрэлд Библи уншиж байгаа нь.

Нэг өдөр Иосеф Библиэс Иаков 1:5-ыг уншив. Тэр шүлэгт хэрэв бид мэргэн ухаанаар дутвал Бурханаас асууж болно гэсэн байлаа. Иосефын хийх ёстой зүйл энэ мөн гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж авав.

Иосеф Смит—Түүх 1:11–13

Тэр гэрийнхээ ойролцоох ойн төгөл рүү залбирахаар явж байгаа нь.

1820 оны хаврын нэгэн сайхан өглөө Иосеф гэрийнхээ ойролцоох ойд очжээ. Тэр Тэнгэрлэг Эцэгт хандан ганцаараа залбирч болохуйц газарт очихыг хүссэн юм.

Иосеф Смит—Түүх 1:14–15

Иосеф Смит ойд залбирч байгаа нь.

Иосеф өвдөг сөгдөн, залбирч эхлэв. Залбирч байхдаа муугийн хүч өөрийг нь эзэмдэж байгааг мэдэрчээ. Тэр эргэн тойрондоо харанхуйг мэдрэв. Хэн нэгэн түүнийг Бурхантай ярихыг нь болиулах гэж байгаа юм шиг санагджээ. Иосеф бүх хүчээ дайчлан өөрийг нь аврахыг Бурханаас гуйв.

Иосеф Смит—Түүх 1:15–16

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн нь. Тэр тэдний өмнө өвдөг сөхрөн сууж байгаа нь.

Гэнэт Иосеф тэнгэрээс хурц гэрэл доошлон буухыг харлаа. Харанхуй алга болж, тэр амар амгаланг мэдрэв. Тэр уг гэрэл дотор агаарт зогсож буй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харжээ. Тэнгэрлэг Эцэг Иосефын нэрийг дуудлаа. Тэгээд Тэр Есүс рүү зааж “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” хэмээн хэлжээ.

Иосеф Смит—Түүх 1:16–17

Есүс Иосеф Смитэд нүглүүд нь өршөөгдсөн хэмээн хэлж байгаа нь.

Есүс Иосефт нүглүүд нь өршөөгдсөн хэмээн хэлжээ. Иосеф Есүсээс аль сүмд нэгдэх ёстойгоо асуув. Есүс түүнийг алинд нь ч нэгдэх ёсгүй гэжээ.

Иосеф Смит—Түүх 1:18–19; Гэгээнтнүүд, 1:16

Иосеф Смит ойн төгөлд өвдөг сөгдөн Аврагчийг сонсож байгаа нь.

Есүс Өөрийнх нь сайн мэдээний талаарх чухал үнэнүүд алдагдсан гэж хэлсэн. Иосеф дэлхий дээрх хүмүүст эдгээр үнэнийг хуваалцаж болохын тулд түүнд заах тэнгэр элч нарыг илгээнэ гэж Тэр хэлэв.

Гэгээнтнүүд, 1:16–17

Иосеф Смит ойгоос гарч гэр лүүгээ алхаж байгаа нь.

Үзэгдэл дууссаны дараа Иосеф хайр, баяр баяслаар дүүрэв. Тэр эргэлзэхээ больжээ. Тэр Бурхан өөрт нь хайртайг мэдсэн юм. Зарим хүн түүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан гэж хэлснийх төлөө үзэн ядаж байсан ч Иосеф үүнийг үнэн гэдгийг мэдэж байв.

Иосеф Смит—Түүх 1:20–26; Гэгээнтнүүд, 1:16