Би Сүмд хэрхэн үргэлжлүүлэн суралцаж чадах вэ?
Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах нь насан туршийн хичээл зүтгэл юм. Та баптисм хүртэхээсээ өмнө эсвэл дараа нь сайн мэдээний талаарх бүх зүйлийг мэдэх ёстой гэж бодох хэрэггүй. Та Аврагчид найдаж, нүглээ наманчилж, суралцаж мөн үйлчлэхээр мэрийснээр сайн мэдээний мэдлэг, ойлголт тань цаг хугацааны явцад, хичээх тусам өсөн нэмэгдэнэ. Сүмийн гишүүд үргэлж хамтдаа суралцан, өсөж хөгждөг.
Та Бурханыг шүтэн бишрэхдээ залбирч, сайн мэдээг судлан, хүндэтгэлийн өдрийг сахиснаар сайн мэдээг болон таны талаарх Түүний хүслийг илүү их мэдэж авна.
Хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээг судлах
Таныг өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ судар судлахад урамшуулж байна. Өдөр бүр залбирч, судраас судлах нь таныг Бурханд ойртуулж, гэрчлэл-ийг тань хүчирхэгжүүлнэ. Гэрчлэл бол Ариун Сүнсээр хувь хүнд өгөгддөг, сүнслэг гэрч юм. Залбирах, судар унших нь таны амьдралд Ариун Сүнсийг урьдаг. “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5) гэсэн учраас Ариун Сүнснээс ирэх удирдамж нь Сүмд суралцахад тун чухал. Залбирч, судар судлах нь Ариун Сүнсээр ирэх хувийн илчлэлт буюу Бурханаас ирэх харилцаагаар дамжуулан сайн мэдээний талаар илүү их ойлголт олж авах боломжийг танд олгодог.
Сүм таныг сайн мэдээнээс суралцахад тань судар, амьд бошиглогчдын захиас, бусад урам зориг өгсөн материал зэрэг онлайн эх сурвалжуудаар хангаж тусална (илүү ихийг судлах материалуудыг LDS.org-оос үзнэ үү). Та мөн судар, Сүмийн сэтгүүл, бусад материалын хямд төсөр, хэвлэмэл хувийг худалдан авч болно.
Сүм сайн мэдээнээс суралцах олон боломжоор хангадаг хэдий ч гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн чухал газар билээ. Гэр бүлийн гишүүд нэг нэгнээ сүнслэгээр хүчирхэгжүүлж, дэмжих үүрэгтэй. Ариун Сүнс танд хэрхэн гэр бүлдээ үйлчлэхийг мэдэхэд тусалж чадна. Эцэг эх нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх онцгой үүрэгтэй. Тэд “[хүүхдүүддээ] бие биенээ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулийг хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах” ёстой (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).
Гэр бүлийн үдэш
Сүм гэр бүлүүдийг даваа гаргийн оройг гэр бүлийн орой болгохыг дэмждэг. Үүнийг гэр бүлийн үдэш гэдэг. Гэр бүлийн үдэш нь гэр бүлийн гишүүдэд хамтдаа сайн мэдээнээс суралцах, нэг нэгнээ урамшуулан дэмжих үйл ажиллагаануудыг хийх боломж олгодог. Энэ нь түүнчлэн залбирах, дуу дуулах, судар унших, гэр бүлийн хэрэгцээтэй холбоотой сэдвээр ярилцах цаг юм. Танд болон гэр бүлд тань гэр бүлийн үдэшдээ бэлтгэхэд туслах материалуудыг lds.org/topics/family-home-evening- ээс үзнэ үү.
Мөн гэр бүлээсээ хол байгаа ганц бие залуучуудад зориулсан гэр бүлийн үдшийн үйл ажиллагааг олон цуглаан санал болгодог.