Заах товхимлууд
Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэл


Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэл

ариун ёслолын тавиур барьсан хүүхэд нэгэн эмэгтэйтэй хамт байгаа нь

Ням гараг бүр ариун ёслолоос хүртэх нь сүнслэг хүч чадал авчирдаг.

Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэнийг хүндэтгэхэд зориулагдсан өдөр юм. Энэ өдөр таны хандлага, зан ааш таны Бурханд хандах дотоод мэдрэмжийг Түүнд харуулдаг. Та хүндэтгэлийн өдрийг гэртээ долоо хоногийн бусад өдрөөс өөрөөр өнгөрүүлснээр Эзэнд баярлах болно. Сайн мэдээг нэг нэгэндээ заах, өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг олж мэдэх зэрэг гэр бүлийн хэлхээ холбоог бэхжүүлэх үйл ажиллагаануудад оролц. Сүмийн сэтгүүлүүд, LDS.org зэрэг вэбсайтуудад Их Эзэнийг гэртээ Түүний өдрөөр шүтэн бишрэхэд тань туслах олон материал бий. Ажлын өдрийн ердийн үйл ажиллагаануудаасаа амсхийж, сэтгэлээр унасан юмуу ганцаардсан эсвэл тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үйлчлэхийг эрэлхийл. Хүндэтгэлийн өдөр гэртээ хүндэтгэсэн, шүтэн биширсэн хандлагатай байх нь Бурханыг хайрлаж, хүндэлдгээ харуулдаг.

Та түүнчлэн ням гараг бүр Сүмийн цуглаанд хамрагдсанаар Хүндэтгэлийн өдрийг эрхэмлэн сахидаг. Сүмийн хамгийн чухал хэсэг нь ариун ёслол юм. Ариун ёслолын цуглааны үеэр Есүс Христийн Цагаатгалыг дурсан санаж, талх, усыг адисалж, цугларагсдад түгээдэг. Талх нь Түүний биеийг, ус нь Түүний цусыг төлөөлдөг. Энэ ёслолын үеэр та Бурхантай хийсэн гэрээгээ санаж, сахих амлалтыг дахин өгдөг. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа ариун ёслол таныг наманчилж, нүглээсээ ариусгагдан, Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжоор хангадаг. Та долоо хоног бүр ариун ёслолоос хянамгай хүртэж, ариун ёслолын залбирлуудыг анхааралтай сонссоноор Есүс Христийн Цагаатгал болон гэрээгээ илүү сайн ойлгох болно.

Таныг Сүмийн цуглаануудад хамрагдахад Бурхан Ариун Сүнсээр дамжуулан тантай ярих болно. Биширч хүндэтгэсэн хандлага нь таныг Ариун Сүнснээс ирэх бодол, мэдрэмжүүдийг танихад бэлтгэдэг. Бурханыг хүндэтгэж буйгаа харуулах зарим арга зам нь сүмд эрт ирж, Сүмийн цуглаануудын үеэр чимээгүй сууж, анхаарал хандуулах явдал юм. Та бусдын захиас, гэрчлэл болон Ариун Сүнсийг сонсоход анхаарал хандуулснаар таны мэдлэг, гэрчлэл өснө. Хэдийгээр танд хэцүү байгаа эсвэл алдаа гаргасан мэт санагдсан ч гэсэн долоо хоног бүр сүмд үргэлжлүүлэн очвол Их Эзэн таныг хайрлаж, адислах болно.

хэсэг залуу эмэгтэй

Сайн мэдээг судалж буй залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд

Сүмийн бусад цуглаан нь насанд хүрэгчдийн болон өсвөр үеийнхний Ням гаргийн анги ба хэсэг бүлгээрээ хамрагддаг ангиуд байдаг. Эдгээр цуглаанд Сүмийн гишүүд сайн мэдээнээс хамтдаа суралцаж, асуулт тавьж, бие биенээ дэмждэг. Та долоо хоног бүр сүмд хамрагдсанаар асуултандаа хариулт, сорилт бэрхшээлдээ гарц шийдэл олж чадна. Мөн та Сүмийн гишүүдтэй нөхөрлөснөөр хүч чадал олж авна.