Би Сүмд хэрхэн үйлчилж чадах вэ?
Бурхан танд орон нутгийнхаа цуглааныг дэмжих, нийгэмдээ туслах, хаа сайгүй байх Бурханы хүүхдүүдэд үйлчлэхэд ашиглаж болох онцгой авьяас, бэлгүүдийг өгсөн. Та хүн нэг бүрийн хувийн хэрэгцээг хангахаар эрэлхийлэхдээ Есүс Христийн үлгэр жишээг дагадаг. Таны үзүүлэх хамгийн чухал зарим үйлчлэл бол танаас асуугаагүй эсвэл танаар хийлгэхээр томилоогүй байхад ямар нэг хувь хүнд хайр, нинжин сэтгэлээр хандсан албан ёсны бус, энгийн үйлдлүүд тань байх болно. Та бусдын хэрэгцээг хангахад туслахын тулд цаг зав, авьяас чадвар, арга ухаанаа зориулснаар тэдэнд Бурханы хайрыг мэдэрч, өөрсдийн чадавхт хүрэхэд нь тусалж чадна. Та Сүмд үйлчилж мөн бусдад суралцаж, өсөж хөгжихөд нь тусалснаар өөрөө өсөж хөгжин, мэдлэг тань нэмэгдэнэ. Та орон нутгийнхаа цуглааны бусад хүнийг таньж мэддэг болсноор тэдэнд санал болгох маш их зүйл өөрт тань байгааг ухаарна.
Сүм дэх дуудлагууд
Баптисмын дараа та дуудлага буюу Сүмд үйлчлэх албан ёсны үүрэгт ажил хүлээн авч болно. Бурхан таны давуу болон сул талыг мэддэг. Таныг болж чадна гэдгийг мэддэг тийм хүн болж хөгжихөд тань туслах хувийн төлөвлөгөө Түүнд бий. Энэхүү төлөвлөгөөний дагуу Бурхан таныг адисална гэдгийг мэддэг мөн бусдыг адислах боломж олгох тэрхүү дуудлагад таныг томилоход Тэр Сүмийн удирдагчдад сүнслэгээр нөлөөлдөг. Дуудлагад үйлчлэх нь танд шинэ мэдлэг, чадвар, нөхөрлөл олж авахад тусална. Сүмийн удирдагчид танд дуудлагадаа дуртай байх мөн үүнийгээ амжилттай биелүүлэхэд туслах удирдамж, заавар, дэмжлэгээр хангана. Таныг тусламж гуйн залбирахад Ариун Сүнс сүнслэг удирдамж, заавар өгч, тайтгаруулна.
Их Эзэн “хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээн амласан. Их Эзэн таныг үйлчлэх хичээл зүтгэлд тань хүчирхэгжүүлнэ.
Дуудлага хүлээн авах үйл явц
Сүм бол хайрлах, дэмжлэг үзүүлэх нийгэмлэг юм. Та дуудлагадаа үйлчлэхээр мэрийх үедээ ганцаардахгүй. Таныг дуудлагаа хүлээн зөвшөөрсний дараа цуглааны гишүүд таныг дуудлагад тань дэмжин батлах буюу тусалж дэмжинэ гэдгээ зөвшөөрснөө ариун ёслолын цуглаан дээр илэрхийлнэ. Бишопын зөвлөл юмуу салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гишүүдийг баруун гараа өргөн дэмжиж буйгаа илэрхийлнэ үү хэмээн урихад гишүүд тийнхүү үйлддэг.
Мөн та Сүмийн гишүүний хувьд бусдыг дуудлагад нь олон арга замаар дэмжин баталж чадна. Жишээлбэл, та бусдын бэлтгэсэн хичээл, үйл ажиллагаанд оролцож, тэдний төлөө залбирч, дуудлагынхаа төлөө тусламж гуйхад нь сайн дураараа тусалж эсвэл зүдэрч буй тэднийг хүчирхэгжүүлж чадна. Та мөн Сүмийн удирдагчдынхаа өгсөн зөвлөгөөний дагуу тэднийг дэмжин баталж чадна. Бусдыг дэмжин батлах нь үйлчлэх бас нэгэн арга зам юм.
Таныг дуудлага хүлээн авсны дараа санваарын удирдагч онцгойлон адисална. Онцгойлон адислах үед та онцгой санваарын адислал хүлээн авдаг. Энэхүү адислал нь танд Сүнслэг удирдамж хүлээн авах, дуудлагынхаа үүрэгт ажлыг гүйцэтгэх Бурханы эрх мэдлийг өгдөг.
Бүх дуудлага адилхан чухал бөгөөд Бурханы Сүмийг өсөж хөгжихөд тус болдог. Сүм дэх үйлчлэл сайн дурынх байдаг ба цалин хөлс авдаггүй. Гэхдээ бүрэн цагийн номлогчоос бусад ихэнх дуудлага тухайн гишүүнээс бүрэн цаг заваа зориулахыг шаарддаггүй. Гишүүд Сүмд үйлчлэхийн хажуугаар өөрсдийн ажил мэргэжлээр үргэлжлүүлэн ажилладаг. Дуудлагад тушаал дэвших эсвэл буурах гэж байхгүй бөгөөд гишүүд тодорхой нэг дуудлагыг хүсэх ёсгүй.
Дуудлага өөрчлөгдөх нь олон хүнд өөр өөр албан тушаалд үйлчлэх боломж олгодог. Сүмийн удирдагчид таныг өөр дуудлагад дуудаж, одоо байгаа дуудлагаас тань буулгах Сүнслэг өдөөлт хүлээн авч болно. Та нэгэнт дуудлагаасаа буусан бол өмнөх дуудлагынхаа үүрэг хариуцлагыг хүлээхгүй бөгөөд шинэ дуудлагынхаа үүрэг хариуцлагыг авах боломжтой болно. Танай цуглааны гишүүд таныг дэмжин баталсантай адил арга замаар таны чөлөөлснийг мөн хүлээн зөвшөөрч, таны үйлчлэлд талархана.