Семинар
1 Коринт 1–4


1 Коринт 1–4

Есүс Христ: Бидний бат бөх суурь

Ойролцоогоор МЭӨ 600 оны үед баригдсан Коринтын Аполло ариун сүм. Энэ нь Паулын үеийн Коринт хот дахь хамгийн сүрлэг барилгуудын нэг байв. Онгон шүтээнүүдийн зургаар дүүрэн сүм, хийд Грек, Ромын үед нэлээн түгээмэл байсан ба Коринт гэх зэрэг хотын Сүмийн гишүүд эдгээртэй өдөр тутам таардаг байв. Паул Коринт дахь гэгээнтнүүд хөрвөгдөхөөсөө өмнө эдгээр хэлгүй [дуугүй] шүтээнүүдэд хөтлөгдөн аваачигддаг байсныг (1 Коринт 12:2) дурдсан.

Маргаан, бардамнал, хуурамч сургаал, ёс зүйгүй байдал зэргийн өнөөгийн дэлхийд үзүүлж буй сөрөг нөлөөний талаар бодож үз. Коринтод амьдарч байсан эртний Сүмийн гишүүд мөн ийм сорилт бэрхшээлтэй тулгарч байжээ. Гурав дахь номлолын аяллынхаа үеэр Ефест номлож байхдаа төлөөлөгч Паул Коринтын гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлж, Есүс Христэд итгэж найдах ёстойг сануулахын тулд тэдэнд хандан захидал бичжээ. Энэ хичээл нь Есүс Христийн суурин дээр амьдралаа босгох нь дэлхийн сорилт бэрхшээлүүдийг ялан дийлэхэд бидэнд хэрхэн тусалдаг болохыг ойлгоход тусална.

Хэцүү нөхцөл байдалд ч итгэлтэй хэвээр үлдэх

Өөр хотод амьдардаг дотнын найз тань танд дараах зурвасыг илгээсэн гэж төсөөл.

“Хаа сайгүй сөрөг нөлөөгөөр хүрээлэгдсэн байх нь үнэхээр хэцүү юм. Эндхийн олон хүн зарлигуудыг сахидаггүй, зарим нь бүр Сүмийг шүүмжилдэг. Ийм нөхцөлд гэрчлэлээ алдсан өөр хүмүүсийг би мэдэх тул надад ийм зүйл бүү тохиолдоосой гэж хүсэж байна. Ямар нэгэн зөвлөгөө байна уу?”

  • Та найздаа юу гэж хэлэх байсан бэ?

  • Та амьдардаг газраасаа ямар сөрөг, хор хөнөөлтэй нөлөөг олж харсан бэ?

  • Эдгээр нөлөө нь зарим тохиолдолд хэрхэн итгэлдээ үнэнч хэвээр үлдэхийг хэцүү болгодог вэ?

Энэ хичээлийг судлахдаа дэлхийн сорилт бэрхшээл эсвэл сөрөг нөлөөтэй тулгарах үедээ итгэлдээ хэр үнэнч байж чаддаг болохоо бодож үз. Есүс Христ дээр сууриа хэрхэн бэхжүүлэхээ мэдэж авахын тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж эрэлхийлж, сорилтуудыг тань даван туулахад туслах үнэнүүдийг олж мэд. Хоёр дахь номлолын аяллаараа төлөөлөгч Паул бараг хоёр жилийн турш Коринтод сайн мэдээг номлосон (Үйлс 18:1–18-ыг үзнэ үү) бөгөөд Сүмийн салбарыг тэнд нээсэн байна. (Коринт хот хаана байгааг олохын тулд Библийн газрын зургийн д. 13 дахь “Төлөөлөгч Паулын номлолын аяллуудыг үзнэ үү.”) Коринт нь худалдааны чинээлэг төв бөгөөд Ромын муж болох Ахаиагийн нийслэл байжээ. Коринтын олон иргэн хиймэл шүтээн тахидаг, ёс зүйгүй байв. Зарим нь мөн хагарал бутрал, зөрчилдөөн үүсгэдэгбайжээ. Ийм орчинд Аврагчийн сайн мэдээнд үнэнч үлдэх нь Сүмийн олон гишүүний хувьд хэцүү байв. Паул Коринтын гэгээнтнүүдэд тулгарсан сорилт бэрхшээлд туслахын тулд тэдэнд бичсэн захидалдаа тэдний төлөө тавьсан суурийн тухай дурдсан байна.

1 Коринт 2:1–5 ба 1 Коринт 3:10–11-ийг уншаад, энэ суурийг дүрсэлж буй үг хэллэгийг хайж ол.

  • Та Есүс Христ дээр сууриа тавина гэдгийг юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?

Мормоны Номд Хиламан ч гэсэн өөрийн хөвгүүдийг Есүс Христ дээр сууриа тавихад уриалсан байдаг. Хиламан 5:12-ыг уншаад, Хиламаны амласан адислалуудыг хайж ол.

  • Та эдгээр шүлгээс тустай байж болох юуг найзтайгаа хуваалцаж болох вэ?

Бидний эдгээр судраас олж мэдэж болох нэг үнэн бол бид Есүс Христ дээр амьдралынхаа суурийг тавьснаар Сатаны нөлөө болон дэлхийн сорилтуудыг даван туулж чадна гэдэг үнэн юм.

  • Аврагчийн талаар мэддэг, мэдэрдэг эсвэл итгэдэг ямар ямар зүйл Түүнийг үндэс сууриа болгох хүсэлтэй болоход танд тусалдаг вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.

  • Энгийн байшин эсвэл хүчирхэг тулгуур суурьтай барилгын зураг зур. Байшингийн эргэн тойронд өөрт тулгарч буй зарим сорилт, сөрөг нөлөөг бич.

  • Суурийн дотор юм уу эргэн тойронд Аврагч дээр амьдралаа суурилуулахын тулд хийж чадах зүйлсээ бич.

  • Таныг сорилт бэрхшээл, сөрөг нөлөөтэй тулгарах үед эдгээр үйлдэл танд хэрхэн тусалсан эсвэл туслах вэ?

Паул коринтчуудад бичсэн захидалдаа хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд тэднийг сорилтуудаа ялан дийлэхэд нь туслах хүч Аврагчид болон Түүний сайн мэдээнд хэрхэн агуулагддаг талаар заажээ (1 Коринт 1:23–24-ийг үзнэ үү). Дараах үйл ажиллагаа нь эдгээр асуудлын хоёрт төвлөрдөг. Дараах сонголтуудыг уншаад, судлахад хамгийн утга учиртай байж болох нэгийг сонго.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Дараах үйл ажиллагаануудын нэгийг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэ.

Сонголт А: Хагарал бутрал ба маргаан

Коринтын гэгээнтнүүдэд тулгарч байсан нэг сорилт нь маргаан байв. Тэд Сүм дэх байр суурь нь тэдэнд баптисм хүртээсэн хүн хэр ач холбогдолтой хүн болохоос хамаардаг гэдэгт итгэдэг байсны улмаас хагарал бутрал гарсан байна (1 Коринт 1:12-ыг үзнэ үү).

Байшингийнхаа зургийн хажууд та өөрийн тойрог, гэр бүл эсвэл эргэн тойрондоо хагарал бутрал, зөрчилдөөнтэй ямар байдлаар тулгарч буйгаа жагсаан бичиж болно.

  • Хагарал бутрал, хэрүүл маргаанаас ямар үр дагаврууд гарч болох вэ?

1 Коринт 1:10–13 болон 1 Коринт 3:3–9-ийг уншаад, Паул Есүс Христ дээр сууриа тавихад нь хүмүүст туслахаар хэрхэн оролдож байсныг олж мэд.

  • Эдгээр шүлгээс та хагарал бутрал, хэрүүл маргааныг даван туулахад хүмүүст туслах юуг олж харсан бэ?

  • Есүс Христ дээр амьдралаа босгох нь танд эргэн тойрныхоо хүмүүстэй нэгдэж, маргаан үүсгэхгүй байхад хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?

Сонголт Б: Дэлхийн мэргэн ухаан

Коринтод амьдарч байсан олон хүн дэлхийн мэргэн ухааныг илүү үнэлдэг байв. Цовдлогдсон Мессиагийн дамжуулсан зурвас олон иудей хүнд болон харийнханд утгагүй санагдаж байжээ. Ромын ертөнцөд цовдлох шийтгэл ичгүүр болон ялагдлыг бэлгэддэг байв. Грекүүдийн хувьд хэн нэгэн нь бусдын төлөө өөрийн хүслээр зовж шаналж буй нь “мунхаглал” байжээ (1 Коринт 1:23). Иудейчүүдийн хувьд загалмай дээр амиа алдсан Мессиа нь “бүдрүүлэх саад” (1 Коринт 1:23) байв. Учир нь тэд Мессиаг тэдний дайснуудыг дарж өгнө гэж хүлээж байжээ.

1 Коринт 1:17–25-ыг уншаад, Паул эдгээр хандлагад ямар хариу үйлдэл үзүүлсэн болохыг олж мэд.

Байшин зурсан цаасныхаа хаа нэгтээ дэлхийн мэргэн ухаан таны Есүс Христ ба Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлд ямар аргаар нөлөөлж эсвэл сорьж болох талаар жагсаан бич.

  • Яагаад зарим хүн өнөөдөр Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг ойлгож, бишрэн хүндэтгэдэггүй вэ?

  • Аврагч тэдний амьдралд бодит хүчийг үзүүлж чадна гэдгийг мэдэж, мэдэрснээр тухайн хүмүүст ямар өөрчлөлтүүд гарч болох вэ? (1 Коринт 1:24-ийг үзнэ үү).

  • Дэлхийн сорилтот санаа бодлуудтай нүүр тулах үед Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа босгох нь танд хэрхэн туслах вэ?

Есүс Христ дээр амьдралаа босгох

Өөрийн амьдралыг үнэлж цэгнэхэд цөөн минут зарцуул. Та Есүс Христ дээр ямар арга замаар сууриа тавьсан бэ? Та үүнийгээ ямар арга замаар сайжруулахыг хүсэж байна вэ? Өөрийн амьдралыг Аврагч Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр илүү ихээр тулгуурлан босгох нь танд сорилт бэрхшээл, сөрөг нөлөөнүүдтэй тулгарахад хэрхэн туслах вэ? Бодол санаа, зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би яагаад Есүс Христ дээр сууриа тавих нь зөв зүйтэй вэ?

Далын ахлагч Чи Хонг (Сэм) Вонг ийн тунхагласан.

Ахлагч Чи Хонг (Сэм) Вонгийн авхуулсан албан ёсны хөрөг зураг. Хөрөг зургийг 2017 оны 3-р сард авсан болно.

Хэрэв бид Есүс Христ дээр сууриа тавих юм бол яав ч унахгүй! Бид эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих аваас Бурхан Өөрийнх нь хадан дээр амьдралаа босгоход бидэнд туслах бөгөөд “тамын үүд биднийг дийлэх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 10:69). Бид ирж буй бүх зүйлийг өөрчилж чадахгүй байж болох ч ирэх зүйлд хэрхэн бэлдэхээ сонгож чадна.

(Чи Хонг (Сэм) Вонг, “Тэд дийлэх нь үгүй, бид ялагдах нь үгүй,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100)