Төгс эзэмших сургаал: 1 Коринт 6:19–20
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм”
Та 1 Коринт 6-г судлах явцдаа бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, махан биеийн ач холбогдлын талаар олж мэдсэн. Энэ хичээл нь танд 1 Коринт 6:19–20 дээрх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжийг олгох замаар эдгээр сургаалыг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд тусална.
Тайлбарлах ба цээжлэх
Ангийн нэгэн залуухан суралцагч “Ариун явдлын хууль гэж яг юу юм бэ?” гэж багшаас асуух үед өөрийгөө анги, чуулгын хэлэлцүүлэг дээр байна гэж төсөөл. Багш таныг оролцуулаад бусад суралцагчийг хариулахыг хүсэж байна.
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох 1 Коринт 6:19–20-д заасан үнэнүүдийг ашиглан бэлгийн харилцааны цэвэр ариун байдал, ариун явдлын талаарх Их Эзэний жишгийн тухай болон энэ нь яагаад чухал гэдгийг ойлгоход нь ангийнхандаа туслахын тулд юу хуваалцахаа төлөвлө.
Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох 1 Коринт 6:19–20-ийн эшлэл, “Та нарын бие бол Ариун Сүнсний сүм” гэсэн түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь туслахын тулд энэ хэсгийг болон заагдсан сургаалыг илэрхийлэх зураг, мийм эсвэл зургийн эвлүүлэг үүсгэх талаар бодож үз. Таны үүсгэсэн үзүүлэн таниулах материал цээжлэхэд боломжтой байх ёстой хэдий ч энд зааж буй сургаал, судрыг дээдлэн, хүндэтгэсэн байх ёстой. Та 1 Коринт 6-г авч үзэх хичээлийн үйл ажиллагаагаар зурсан ариун сүмийн хажууд зогсож буй хүний зургаа ашиглаж болно. Зургийнхаа хажууд 1 Коринт 6:19–20-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бичсэн байхад анхаар.
Өөрийн үүсгэсэн эсвэл сонгосон үзүүлэх материалаа харж байхдаа судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ хэлж чаддаг болох хүртлээ дотроо давт.
Амьдралд хэрэгжүүлэх дадлага
Судлах тэмдэглэлдээ мэддэг зүйлээ товчхон бичиж тэмдэглээд, бусад эх сурвалжийг харахгүйгээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар цээжил. Дуусаад, өөрийн мэдлэгээ шалгаж, дутуу орхисон байж болох аливаа чухал мэдээллийг шалгахын тулд Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг (2023)-ийг үзнэ үү.
Дараах нөхцөл байдлын талаар тунгаан бод. Дараа нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон 1 Коринт 6:19–20 дээр заасан Бидний бие бол Ариун Сүнсний сүм гэсэн сургаалыг ашиглан урган гарах асуултуудад хариул. Эсвэл та өөртөө эсвэл танай хэсэг дээрх өсвөр үеийнхэнд илүү хамааралтай өөр жишээ үүсгэж болно.
Нэгэн өсвөр насны хүүхэд ариун явдлын хуулийн талаарх Их Эзэний стандартыг мэдэж өссөн боловч найз охинтойгоо нэлээдгүй хугацаанд үерхсэний дараа бэлгийн харилцаанд орох замаар мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэж буйгаа мэдэрсэн байна. Түүний гэр бүлийн гишүүд, мөн найзууд нь гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд бүгдээрээ аз жаргалтай байгаа мэт санагдаж байв.
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Өөрийн хүүхдүүддээ зориулсан Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг бүрэн дүүрэн хүлээн авсан үед л ариун явдлын хуулийн мөнхийн ач холбогдлыг ойлгож чадна” (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50) хэмээн онцолжээ.
-
Та энэ нөхцөл байдалд байгаа хэн нэгнийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ямар хэсгийг ойлгож, үнэлж дүгнээсэй гэж хүсэх байсан бэ?
-
1 Коринт 6:19–20 дээрх үнэнүүд ариун явдлын хуулийг болон таны Бурхан Тэргүүтэнийг харах хандлагад хэрхэн нөлөөлж байна вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Таны сонгосон жишээнд туслах, ашиглах боломжтой үнэнүүдийг хайхын тулд тэнгэрээс томилогдсон дараах эх сурвалжуудын нэгийг эсвэл хэд хэдийг сонгох талаар бодож үз.
-
Гэтлэл 20:14; Алма 38:12; Алма 39; 3 Нифай 12:27–30; Сургаал ба Гэрээ 42:22–23
-
Судруудын удирдамж, “Ариун явдлын хууль,” scriptures.ChurchofJesusChrist.org
-
Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41.
Дараах асуултад хариул.
-
Та энэ нөхцөл байдалд туслах юуг олж мэдсэн бэ?
Итгэлээр үйлдэх
-
Энэ нөхцөл байдалд хэн нэгэн хувь хүн итгэлээр үйлдэхийн тулд ямар өөр аргуудыг сонгож болох вэ?
-
Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэж, сургаалыг нь дагахад туслах ямар туршлагыг та Тэднээс олж авсан бэ?