Иохан 3:1–8
“Та нар дээрээс төрөх ёстой”
Никодем бол фарисай хүн бөгөөд “иудейчүүдийн удирдагч” байв (Иохан 3:1). Тэр авралын тухай чухал асуултуудыг тавихаар шөнөөр Аврагч дээр ирдэг. Энэ хичээл нь Бурханы хаант улсад орохын тулд “ус болон Сүнснээс” (Иохан 3:5) дахин төрөхийн чухал ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд танд тусална.
Өөрчлөгдөх хүсэл
Өөрчлөгдөж, Аврагчтай илүү ойртож, илүү амар амгаланг мэдрэхийг хүсэж байвч хэрхэн үүнд хүрэхээ мэдэхгүй өсвөр насны хүүхдийн жишээг бод. Түүний өөрчлөхийг хүсэж байж болох тодорхой зүйлсийг болон өөрчлөгдөхөд тулгарч болзошгүй зарим саад бэрхшээлийг бод. Түүнчлэн та тэрхүү өсвөр насны хүүхдэд өөрчлөгдөж чадна гэсэн итгэл найдвар өгч болох эерэг өөрчлөлтийг авчирсан өөрийн болон бусдын туршлагыг бодож болох юм.
-
Тэнгэрлэг Эцэг яагаад хаант улсад нь орохыг хүссэн хүмүүсээс өөрчлөгдөхийг шаарддаг гэж та бодож байна вэ?
Өөрчлөгдөж, Есүс Христтэй илүү адил болох хүслийг өдөөж байсан зарим арга замаа судлах тэмдэглэлдээ бич. Энэ хичээлийн туршид, Аврагчийн танаас хүсэж байгаа шиг өөрчлөгдөхийн тулд Түүний тусламжийг хэрхэн эрэлхийлэх талаар суралцаж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг урь.
Есүс Никодемд дахин төрөх тухай заасан
Никодем гэгч хүн Есүс дээр шөнө иржээ. Никодем бол фарисай хүн бөгөөд “иудейчүүдийн удирдагч” байв. Дараа нь тэр фарисайчуудын өмнө Христийг өмөөрсөн (Иохан 7:50–53-ыг үзнэ үү) бөгөөд Есүсийн оршуулгын үеэр итгэгчидтэй нэгджээ (Иохан 19:39–40-ийг үзнэ үү). Никодем шөнө Аврагч дээр ирээд, Есүсийг “Бурханаас ирсэн багш” (Иохан 3:2) гэдгийг мэднэ гэж хэлсэн.
Иохан 3:1–5-ыг уншаад, Аврагч Никодемд Бурханы хаанчлалд орохын тулд юу хийх хэрэгтэй гэж сургасныг олж мэд.
-
“Дахин төрөх” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (Иохан 3:3).
-
Бид яагаад Бурханы хаант улсыг үзэхийн тулд дахин төрөх ёстой гэж та бодож байна вэ?
-
Никодемыг хэрхэн дахин төрөх боломжтой талаар ойлгохгүй байх үед нь Аврагч юу заасан бэ (5-р шүлэгт цэдэглэснээр)?
Аврагчийн Никодемд заасан сургаалаас бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрсөн байх ёстой гэсэн нэг зарчмыг мэдэж авч болно.
-
Ус болон Сүнснээс төрнө гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
-
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дахин төрж, Бурханы хаант улсад ороход ямар арга замаар тусална гэж та бодож байна вэ?
-
Таны жишээн дээрх хүнд ойлгуулахыг хүсэж байгаа юуг Аврагч Никодемд заасан бэ?
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь селестиел хаант улсыг өвлөн авах хүн бүрийн хүлээн авсан байх ёстой аврал, өргөмжлөлийн хоёр ёслол юм. Эдгээр ёслол бол мөнх амьдрал өөд хөтөлдөг гэрээний замд оруулдаг үүд хаалга (2 Нифай 31:17–20-ийг үзнэ үү). Бид энэ замаар алхаж, гэрээгээ сахиснаар өөрчлөгдөж, сүнсээр дахин төрдөг. Мормоны Номын бошиглогч Алма дахин төрөх боломжийг бидэнд олгохын тулд гүйцэтгэсэн Аврагчийн үүргийг тайлбарласан. Алма 7:14-ийг уншаад, Аврагч бидэнд дахин төрөхөд хэрхэн тусалж болохыг олж мэд.
-
Биднийг дахин төрөхөд Аврагч ямар үүрэг гүйцэтгэн тусалсан бэ?
“Мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө” хэмээн 2 Нифай 31:17-д цэдэглэсэнчлэн, дахин төрөхөд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэн тусалдгийг бид бас мэдэж авдаг.
-
Биднийг дахин төрөхөд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэж тусалдаг вэ?
“A Change of Heart” (4:39) видеог цагийн код 0:40-өөс 4:09 хүртэл үзэн, Эвер хэмээх залууд тохиолдсон үйл явдлыг үз. Тэр ямар тодорхой зүйлс хийснээр, өөрт нь өөрчлөгдөхөд туслах боломжийг Аврагчид олгосныг олж мэд.
-
Танд уг залуугийн ямар ямар өөрчлөлт гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Есүс Христтэй илүү адил болохын тулд та эсвэл таны таньдаг хүн ямар ямар өөрчлөлт хийж байсан бэ?
-
Эдгээр өөрчлөлтөд баптисм хүртэх, гишүүнээр батлуулах ёслолууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Заримдаа бид сүнсээр дахин төрөх тал дээр ямар байгаагаа боддог. Иохан 3:8-д Аврагч бид салхины үзүүлдэг нөлөөг мэдэрч, сонсдог ч салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй хэмээн заасан. Үүнтэй адил, хэзээ дахин төрөх үйл явц эхэлдэг мөн сэтгэл доторх өөрчлөлтүүд хэрхэн явагдаж байгааг бид тэр болгон ойлгодоггүй. Гэхдээ бидний хүсэл, үйлдэл өөрчлөгдөхөд үүний үр нөлөөг бид олж хардаг (Мозая 5:1–2-ыг үзнэ үү). Аврагчийн өөрчлөгдөхөд тань тусалж байгааг олж харсан нотолгоог судлах тэмдэглэлдээ бич. Сүнснээс хүлээн авч болох аливаа өдөөлт, бодол, сэтгэгдэлд анхаарлаа хандуул.
Бусдад туслах
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Дахин төрөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.
Их Эзэний эрх бүхий үйлчлэгчид мөнх бус амьдралын үндсэн зорилгуудын нэг бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөн, хувирах явдал гэдгийг удаа дараа заасан. …
Бидэнд “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас [өөрсдөө] татгалзагтун” (Moронай 10:32), Христ дотор “шинэ бүтээл” болж (2 Коринт 5:17-г үзнэ үү), “эгэл хүмүүнээ” орхиж (Мозая 3:19) мөн “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг” (Мозая 5:2) мэдэр хэмээн зааварласан. Эдгээр шүлэгт дүрсэлсэн хөрвөлт нь бяцхан биш, харин сүнсээр дахин төрөх, мэдэрч, хүсэж, бодож, хийж байгаа зүйлс болон бидний мөн чанарыг үндсээр нь өөрчлөх хүчирхэг өөрчлөлт болохыг анхаар. Есүс Христийн сайн мэдээний мөн чанар биднээс “Ариун Мессиагийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлд” (2 Нифай 2:8) найдвар тавьснаар өөрсдийн мөн чанарыг үндсээр нь, эгнэгт өөрчлөхийг шаарддаг. Бид Эзэнийг дагахыг сонгосноор өөрчлөгдөж, сүнсээр дахин төрөхийг сонгодог.
(David A. Bednar, “Ye Must Be Born Again,” Liahona, May 2007, 19–20)
Би хэрхэн дахин төрөх вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэ асуултын талаар ойлгуулсан “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–48) хэмээх үгийг хэлсэн.
Дахин төрсөн эсэхээ баталгаажуулахад яагаад хэцүү байж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Яагаад энэхүү хүчирхэг өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бэ? гэж та өөрөөсөө асууж магадгүй … Бидний ихэнхэд өөрчлөлтүүд алгуур, урт удаан хугацаанд явагддаг. Дахин төрөх нь … үйл явдал гэхээсээ илүү үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго.
Түр зуурын, хайхрамжгүй хичээл зүтгэлээр өөрсдийгөө зөвтгөхийг бүү зөвшөөр. Зарим нэг хилэнцийг үйлдэх хүсэлдээ баясахыг өөрсдөдөө зөвшөөрч болохгүй. Бидний дотор байгаа эцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөх замаар цааш алхсанаар Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шиг мөн Эцэг шигээ ариун болох болно гэдгийг би гэрчилж байна.
(D. Todd Christofferson, “Born Again,” Liahona, May 2008, 78)
Бурханы хаант улсыг “үзэх,” хаант улсад “орох” хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) Бурханы хаант улсыг “үзэх,” хаант улсад “орох” тухай [Иохан 3:3, 5]-д гардаг Аврагчийн хэлсэн үгсийн талаар “Бурханы хаант улсыг үзэх нь нэг хэрэг, түүнд орох нь өөр хэрэг юм. Бид Бурханы хаант улсыг үзэхийн тулд зүрх сэтгэлээ өөрчилж, үүнд орохыг хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсгээ зурсан байх ёстой” гэж заасан (Journal, December 1842–June 1844; Book 3, 15 July 1843–29 February 1844, 130, josephsmithpapers.org]. Хүн Бурханы хаант улсыг “үзэх” үед Ариун Сүнс үг хүнийг хүчит “өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ” (Алма 5:14-ийг үзнэ үү) мэдрэхэд хүргэдэг. Дараа нь тэр хүн Бурханы хаант улсад “орох[ын]” тулд сайн мэдээний ёслолуудад оролцсон байх ёстой.
(“Иохан 2–4,” Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)