Лук 22:47–71; Иохан 18:1–27
“Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү?”
Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан. Энэ нь Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналан, дараа нь баривчлагдсан мөн цовдлогдохынх нь өмнө өрнөсөн үйл явдлуудаас тодорхой харагддаг. Энэ хичээл танд амьдралдаа Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахыг сонгох замаар Есүс Христийн жишээг дагахад туслах болно.
Тэнгэрлэг Эцэгийн тааллыг өөрийн хүслээс дээгүүр тавих
Та өөрийгөө хоёр хаалганы өмнө зогсож байгаагаар төсөөл. Эхний хаалгаар орохыг сонгосноор та Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагах хэдий ч хүнд хэцүү сорилттой тулгарна. Хэрэв хоёр дахь хаалгаар орохыг сонгосон бол сорилтоос зайлсхийж болох ч Тэнгэрлэг Эцэгийн танаас хүссэн зүйлийг хийхгүй.
-
Та яагаад нэг дэх эсвэл хоёр дахь хаалгыг сонгох вэ?
-
Эхний хаалгаар орохыг сонгоход тань тусалж чадах Тэнгэрлэг Эцэгийн талаарх юуг та мэдэх вэ?
Есүс Христийн амьдралын талаар болон эхний хаалгыг сонгох нь Түүний хэрхэн амьдрахыг сонгосонтой юугаараа ижил төстэй болохыг цаг гарган эргэцүүлэн бод. Өнөөдрийн хичээлээр, мөнх бус амьдралынхаа эцсийн мөчид Аврагчийн сонгосон сонголтуудын талаар унших боломжийг танд олгоно. Судалж байхдаа та Есүс Христийн ямар ямар үйлдэл таныг сүнслэгээр өдөөж байгааг олж мэд.
Есүс Христ Гетсеманид орхигдож мөн баривчлагдсан
Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христ Эцэгээсээ “энэ аягыг Надаас алгасуулаач” гэж хүссэн боловч “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” (Лук 22:42) хэмээн хэлэхдээ Тэр Эцэгийнхээ тааллын дагуу үйлдэхэд бэлэн байгаагаа тодорхой харуулжээ. Есүсийн дурдсан аяга Түүний зовлон шаналал, үхлийг илэрхийлдэг.
Иохан 18:1–4-ийг уншаад, Аврагч Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу цаашид ч үйлдэхэд бэлэн байгаагаа хэрхэн харуулсныг олж мэд.
Есүс удахгүй “Өөрт нь тулгарна” (4-р шүлэг) гэдгийг мэдэж байсан хэдий ч хүлээн зөвшөөрсөн тэдгээр хүнд хэцүү зүйлийн заримыг жагсаан бич.
Иохан 18:5–11-ийг уншаад, Өөрийг нь барихаар ирсэн зэвсэглэсэн харуулуудад Аврагчийн юу гэж хариулсныг олж мэд.
Есүс Христийн ер бусын хайр, шийдэмгий байдлыг харуулсан, Иоханы бичиж тэмдэглээгүй орхисон нэмэлт мэдээллүүдийг харах бол Матай 26:52–54-ийг мөн Лук 22:50–51-ийг үзнэ үү.
-
Есүсийн зэвсэглэсэн харуулуудтай тулгарсан үйл явдлын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Эсэргүүцэлтэй тулгарах талаар ойлгоход Есүс Христийн үлгэр жишээ танд хэрхэн туслах вэ?
-
Аврагч яагаад эдгээр нөхцөл байдлыг дээрх арга замаар зохицуулж чадсан гэж та бодож байна вэ? Энэ нь танд Түүний тухай юу зааж байна вэ?
Есүс Христийг шүүхээр авчирсан нь
Есүсийг баривчилсны дараа түүнийг тэргүүн тахилч Каиаф болон Иудейн бусад удирдагчийн өмнө авчирчээ. Лук 22:63–65-ыг уншаад, тэдний зүгээс Есүст шударга бус хандсан зарим хандлагыг олж мэд.
-
Аврагч яагаад ийм хатуу, шударга бус шийтгэлийг хүлцэн тэвчихэд бэлэн байсан гэж та бодож байна вэ?
Мормоны Номд Нифай, Абинадай хоёр Аврагч яагаад ийм шийтгэлийг хүлээн авахад бэлэн байсан талаар заасан. 1 Нифай 19:8–9; Мозая 15:5–7-г уншаад, тэдний дурдсан шалтгаануудыг олж мэд.
Эдгээр шүлгээс Есүс Христийн тухай мөн Түүнээс ямар сургамж авч болохоо судлах тэмдэглэл дээрээ жагсаан бич.
Эдгээр сургамжийг ойлгож авах нь таны хувьд яагаад үнэ цэнтэй эсвэл утга учиртай болохыг тайлбарласан хэд хэдэн шалтгааныг жагсаан бичиж болох юм.
Мөн Есүс Христ Эцэгийнхээ тааллыг бүх зүйлд дагасан гэдэг нь эдгээр шүлгээс ойлгосон байх ёстой өөр нэг сургамж юм.
-
Есүс Эцэгийнхээ талаар юуг ойлгодог байсан нь Түүний тааллыг төгс дагахад хүргэсэн гэж та бодож байна вэ?
Хувийн сонирхлоо дагахын оронд Тэнгэрлэг Эцэгийн хийгээсэй хэмээн хүссэн зүйлийг сонгож байсан цаг үеэ бод.
-
Өөрийн хүслийн оронд Бурханы тааллыг сонгоход юу нь хэцүү байсан бэ?
-
Хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахыг сонгосноор та ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон биднийг Бурханы таалалд захирагдахад бэлэн байхтай холбоотой хэд хэдэн асуултыг тавьсан. Эдгээр асуултад хэрхэн үнэнчээр хариулахаа тунгаан бодоход хэсэг хугацаа зарцуул. Асуулт бүрд тийм гэж хариулахын тулд та юу хийсэн байх хэрэгтэй гэдгээ бодож үз.
Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?
(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Аврагчийн Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахад бэлэн байсан байдлаас бид юуг сурч мэдэж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид A.Бэднар Аврагчийн номхон дөлгөөн зан чанар Өөрийнхөө хүслийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэх боломжийг олгосон чухал зан чанар байсан гэж заасан.
Их Эзэний байнга Өөрийн хүслээр захирагддаг, тэвчдэг зан чанар хоёулаа бид бүгдэд сэтгэл хөдөлгөм урам өгч, cургамж болдог. Ариун сүмийн хамгаалалтын цэргийн баг болох Ромын цэргүүдийг Гетсеманид Есүсийг баривчлахаар ирэхэд Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив [Иохан 18:10-ыг үзнэ үү]. Тэгтэл Аврагч чихэнд нь хүрч, мөнөөх боолыг эдгээв [Лук 22:51-ийг үзнэ үү]. Тэрээр Өөрийг нь баривчилж, цовдлохоос сэргийлж болох байсан тэрхүү тэнгэрлэг хүчээ ашиглан олзлогч нь болох хүндээ хүрч очин, адисалсныг анхаарна уу.
… Аврагчийн номхон дөлгөөн зан чанар нь Түүний сахилга баттай хариу үйлдэл, хатуу тэсвэр тэвчээр мөн хувийн ашиг сонирхлын төлөө Өөрийн төгс хүчийг ашиглах хүсэлгүй байгаа зэрэгт илэрдэг.
(Дэвид А.Бэднар, “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” Ensign, 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)
Би яагаад өөрийн хүслийг Бурханы таалалд нийцүүлэхийг хүсэх ёстой вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн заажээ.
Бидний ихэнх маань … өөрсдийн хүслийг Эцэгийн таалалд нийцүүлснээр (Мозая 15:7-г үзнэ үү) хувийн онцлог зан чанараа алддаг гэж ташаа боддог. Үнэндээ бид өөрсдийгөө алдаж байгаадаа биш харин ажил үүрэг, цаг зав, ололт амжилт, өмч хөрөнгө зэрэг аминч бодолд санаагаа зовоодог. Аврагч бидэнд өөрсдийгөө алдахыг зааварласныг гайхах зүйлгүй (Лук 9:24-ийг үзнэ үү). Тэрээр биднээс өөрсдийгөө шинээр олохын тулд өмнө нь байсан хүнээ алдахыг л хүссэн. Энэ бол өөрийг нь хэн болохыг тодорхойлдог бүхнийг алдах биш, харин өөрийн жинхэнэ мөн чанарыг олохтой холбоотой асуудал! …
Түүний тааллыг дуулгавартай дагах нь Бурханы тахилын ширээнд өргөх бидний нэн хувийн онцгой өргөл юм. Ах, эгч нар аа, бидний “өгдөг” өөр олон зүйл нь үнэндээ Түүний бидэнд аль хэдийн өгсөн эсвэл зээлдүүлсэн байсан зүйлс байдаг. Гэхдээ та мөн би хувь хүнийхээ хүслийг Бурханы тааллаар сольж, өөрсдийгөө нийцүүлж байж л үнэхээр ямар нэгэн зүйлийг Түүнд өгч байгаа хэрэг юм. Энэ бол бидний үнэхээр өгч чадах цорын ганц, өмч юм!
(Neil A. Maxwell, “Swallowed Up in the Will of the Father,” Ensign, Nov. 1995, 23, 24)