Семинар
Колоссай 1–2


Колоссай 1–2

“Түүнд үндэслэгдэн, байгуулагдсан”

Cutaway showing the roots of a tree growing in windy conditions.

Модыг үндсээр нь булга татаж эсвэл устгах хүчтэй байгалийн хүчин байдгийн нэгэн адил бидний хүн нэг бүрийг Есүс Христийн сүнслэг суурин дээрээс булга татах хүчнүүд бий (Хиламан 5:12-ыг үзнэ үү). Колоссайчуудын итгэлд худал хуурмаг сургаал, зан үйл заналхийлж байсан тул Паул захидлаа тэдэнд хандан бичжээ. Энэ хичээл нь таны итгэлд заналхийлдэг хүчнүүдийг болон Есүс Христэд илүү гуйвшгүй итгэлтэй болох арга замуудыг танин мэдэхэд танд тусална.

Эд зүйл, зураг ашиглах. Эд зүйл болон зураг нь сударт гардаг хүмүүс, газар нутаг, үйл явдал, эд зүйл, бэлгэдэл зэргийг төсөөлөн харахад суралцагчдад тусалдаг. Суралцагчдад төсөөлөн бодоход нь туслах нэг арга зам бол тэднийг судруудад дурдсан эд зүйлсийг зурахад урих явдал юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дуртай жимсний модныхоо зургийг авч эсвэл зураад, үүнийгээ ангид авчрахад урь. Тэднээс модноос сурч мэдэж болох сүнслэг сургамжуудын талаар бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та модтой юугаараа төстэй вэ?

Самбарын өмнө сайн дураараа гарч ирэн мод зурах нэг суралцагчийг урь. Дараах үйл ажиллагаагаар өгсөн суралцагчийн хариултуудыг ашиглан самбар дахь зургийг дүүргэ. Мөн суралцагчдыг суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаагаар авсан эсвэл зурсан зургаа нэмэхэд урь. Суралцагчдыг санаануудаа хичээлийн туршид нэмэхэд урамшуул.

Дуртай жимсний модоо зур. Та хичээлийн туршид модон дээрээ санаануудаа нэмэх болно.

Та энэ модтой юугаараа адилхан болохоо бод. Жишээлбэл: Христэд итгэх итгэлийг тань булга татах эсвэл устгахыг оролдож буй хүчнүүдийн талаар бод. Та сайн мэдээний үр жимснээс хүртэхийн тулд яагаад эдгээр хүчний эсрэг гуйвшгүй сөрж зогсох ёстойгоо бод.

Паул модны бэлгэдлийг ашиглан Колоссай дахь гэгээнтнүүдэд Есүс Христтэй харилцах харилцааныхаа ач холбогдлыг олж харахад тусалсан. Тэр мөн Есүс Христэд итгэх итгэлд нь заналхийлж байсан худал хуурмаг сургаал, зан үйлийн эсрэг тэднийг хүчирхэгжүүлэхийн тулд үүнийг ашигласан. Паулын үгийг илүү сайн ойлгож, тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийг хичээхдээ Ариун Сүнснийг өдөөлтийг эрэлхийл.

Сүнсний үр жимс

Таны зурсан модноос ургадаг үр жимс, мөн яагаад үүнд дуртай болохоо бод.

Колоссай 1:10–22 -ыг унш. Паулын дүрсэлсэн “үр жимсийг” (эсвэл адислалуудыг) олж мэдээд, яагаад эдгээр үр жимснээс хүртэхийг хүсдэгээ бод. Модон дээрээ жимс зураад, тэдгээрийг Паулын сургаалуудаар нэрлэ.

  • Паул ямар үр жимсийг буюу адислалуудыг тодорхойлсон бэ?

Суралцагчдыг дараах асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулаад, дараа нь бичсэн зүйлээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахыг урь.

  • Эдгээр үр жимсний алиныг нь та яг одоо хүртэж байна вэ?

  • Алинаас нь хүртэхийг хүсэж байна вэ? Яагаад?

Судлах тэмдэглэлдээ дараах мэдэгдлийг бичээд, өмнөх асуултад өгсөн хариултаа хоосон зайд оруул.Хэрэв би _______________ хүсвэл, ________________ ёстой.

Колоссай 1:23 -ыг уншаад, эдгээр үр жимснээс хүртэхэд биднээс юу шаардагдах талаар Паул юу гэж хэлснийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ ашиглан хоёр дахь хоосон зайг бөглө.

Энэ үнэнийг Хэрэв би Христээр дамжуулан хүчирхэгжин, гэтэлгэл, амар амгаланг олж авахыг хүсвэл итгэлд суурилагдан бат тогтсон итгэлээр үргэлжлүүлэх ёстой гэж гүйцээн бичиж болно. Суурилагдан бат тогтсон гэдэг нь мөн төлөвшсөн эсвэл хувиршгүй буюу “хичээнгүй мөн гуйвшгүй” ( Мозая 5:15) гэсэн утгатай байж болно.

  • “Итгэлд суурилагдан бат тогтох” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? ( Колоссай 1:23).

  • Есүс Христэд итгэх итгэлд суурилан бат тогтоход таныг урамшуулдаг Түүний талаар та юу мэдэх вэ?

  • Түүнд итгэх итгэлд суурилан бат тогтох таны хүслийг эсвэл итгэх итгэлийг нэмэгдүүлсэн ямар нэмэлт үнэнүүдийг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ?

Колоссай 2:6–7 -г уншаад, модны маань үндэсний талаар Паул юу гэж заасныг олж мэд. Түүний хэлсэн үгэнд суурилан модныхоо эргэн тойрны газрыг нэрлэ.

  • Биднийг үндсээ хаана тарих ёстой гэж Паул заасан бэ?

  • Та Христэд “үндэслэгдэх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?

  • Есүс Христэд үндэслэгдэх нь бидэнд хэрхэн суурилагдан бат тогтоход туслах вэ? Энэ нь ямар байх вэ?

Христ дотор суурилагдан бат тогтож, үндэслэгдэхийн үлгэр жишээ болсон өөрийн таньдаг хэн нэгний талаар бод.

Хэрэв жишээ өгөх нь суралцагчдад тустай гэж үзвэл, дараах жишээнүүдээс нэг юм уу хоёрыг хуваалцахыг бод.

Христэд үндэслэгдсэн хүмүүсийн хоёр жишээг үзүүлэв. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивэн Ж. Ланд хүндээр өвдсөн хүү нь санваарын үүрэг хариуцлагаа үнэнчээр хэрхэн биелүүлж байсан жишээг хуваалцсан. Боломжтой бол энэ түүхийг сонсохын тулд “Христ дотор баяр баясгаланг олох” видеог цагийн код 0:09-өөс 3:57 хүртэл үзнэ үү.

9:56

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан М. Жозэф Браф ах өсвөр насны охиныхоо шинэ газар нүүн очиж, номлолд үйлчлэхийг сонгоход тулгарсан сорилт бэрхшээлийг үнэнчээр даван гарсан талаарх түүхийг хуваалцсан. Боломжтой бол энэ түүхийг сонсохын тулд “Тэргүүнээ өргө мөн баясагтун” видеог цагийн код 5:48-аас 7:48 хүртэл үзнэ үү.

2:3

Суралцагчдыг бодсон хүмүүсийнхээ талаар бодол санаагаа хуваалцахад урь. Тэдэнд дараах үйл ажиллагаагаар зурсан зүйлээ хоёр хоёроороо эсвэл жижиг бүлэг болон тайлбарлах боломж олго.

Модны гүн суусан, хүчирхэг үндэс зур. Зарим үндсийг тухайн хүмүүсийг Есүс Христэд илүү бат бэх холбогдоход хүргэдэг гэж үзэж буй зан чанар эсвэл гаргасан үйлдлээр нь нэрлэ.

Колоссай 1:23 ; 2:6–7 -г дахин унш. Дараа нь Колоссай 2:8, 12 болон Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн дараах мэдэгдлийг унш. Өөрсдийгөө Аврагчид илүү бат бөх холбох нэмэлт арга замуудаар модныхоо үндсийг нэрлэ.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Бид Есүс Христийн сайн мэдээнд бат бөх суурилагдаж, хөрвөгдөхийг эрэлхийлэх ёстой ( Колоссай 2:6–7 -г үзнэ үү). Бид залбирч, судраас судалж, үйлчилж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахын тулд ариун ёслолоос тогтмол хүртсэнээр энэхүү хөрвөлтийг олж авдаг. Түүнчлэн бид хилэнцэт хүсэл, амин хувиа хичээсэн бодлоо Бурханы хайр болон Түүнд мөн Түүний хүүхдүүдэд үйлчлэх хүслээр солих зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг ( Алма 5:12–14 -ийг үзнэ үү) эрэлхийлэх ёстой.

(Даллин Х.Өүкс, “Тариачны сургаалт зүйрлэл,” Ensign, May 2015, 35 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)

Суралцагчдыг тодорхойлсон “үндэснүүдээ” хуваалцахад урь. Шаардлагатай бол дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг авч үзэн ярилц.

  • Та Христэд суурилагдан бат тогтсон хүмүүсийн жишээг дагаснаар Аврагчтай илүү их холбогдсоноо хэрхэн мэдэрч байсан бэ?

  • Баптисм гэх мэт сайн мэдээний ёслолуудад оролцох нь ( Колоссай 2:12 -ыг үзнэ үү) хэрхэн таныг Христтэй илүү бат бөх холбох вэ?

  • Хэрэв та Христэд илүү суурилагдан бат тогтсон байсан бол таны амьдрал хэрхэн өөр байх байсан бэ?

Олон хүн үндсийг нь Христэд илүү гүн гүнзгий суулгаж өгөх сонголтуудыг хийж чаддаг. Гэвч эдгээр сонголтоо ажил хэрэг болгодог арга зам нь үнэндээ утга учиртай үр дүнд хүргэдэггүй. Жишээлбэл: Хэн нэгэн өдөр бүр судраас уншдаг боловч судрын үнэнийг тодорхойлж, тунгаан бодож, амьдралд хэрэгжүүлэхэд цаг зарцуулдаггүй байж болох юм.Та сонголтоо хэрхэн ажил хэрэг болгох мөн өөрчлөлт хийх хэрэгтэй эсэхээ тунгаан бод.

Үндсийг булга татдаг хүчнүүдийг сөрөн зогсох

Модыг үндсээр нь булга татах эсвэл устгах хүчтэй байгалийн хүчин байдгийн нэгэн адилаар биднийг Есүс Христийн сүнслэг суурин дээрээс булга татах хүчнүүд бий.

Модыг маань устгаж болох салхи, шуурганы зургийг модныхоо эргэн тойронд зур. Эдгээр салхи, шуургыг таныг сүнслэг байдлын хувьд булга татаж, Есүс Христэд суурилагдан бат тогтоход саад болох хүчнүүдээр нэрлэ. Та Колоссай 2:4, 8 -ыг уншаад, Колоссай дахь гэгээнтнүүдэд тулгарч байсан зарим хүчнийг олж мэд.

  • Өнөөдөр таны тодорхойлсон үндэснүүд таны тодорхойлсон хүчнүүдийн эсрэг гуйвшгүй сөрөн зогсож, Аврагчийн хүчийг хүлээн авахад танд хэрхэн туслах вэ?

Боломжтой бол “Сүнслэг хуй салхинууд” (2:24) видеог үзнэ үү. Есүс Христэд суурилагдан бат тогтох нь танд хэрхэн туслахыг олж мэд.

2:24

Та Есүс Христэд илүү суурилагдан бат тогтохын тулд юуг сайн хийж байгаа мөн юуг илүү сайн хийх ёстойгоо тодорхойлохдоо Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Судлах тэмдэглэлдээ бодол санаа, сэтгэгдлээ бичээд, тэдгээрийг ажил хэрэг болгох амлалт өг.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Бид яагаад Христэд үндэслэгдэх ёстой вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А. Максвэлл (1926–2004) ийн тайлбарласан.

Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

Хожмын өдрүүдэд өрнөх үйл явдал, нөхцөл байдал биднийг Сүмийн гишүүдийн хувьд илүү суурилагдан, үндэслэгдэж, төлөвшиж, бат тогтоход хүргэнэ ( Колоссай 1:23 ; 2:7 ; 2 Петр 1:12 -ыг үзнэ үү). Есүс шавь нартаа “Та нарт миний заах болон зарлиглах зүйлсийг хийх болно гэсэн итгэлийг зүрх сэтгэлдээ бат тогтоо” [Иосеф Смитийн Орчуулга, Лук 14:28 ] хэмээн хэлсэн. Хэрэв эдгээрийг бат тогтоохгүй бол хуйлрах давалгаа нь асар хүчтэй байх болно. Хэрэв бат тогтсон бол бид хов жив, хуурамч сургаал эсвэл дэлхийн зан авир, оюун ухааны хэм хэмжээгээр “шидэгдэн, туугдахгүй” [ Ефес 4:14 ] байх болно. …

Гэсэн хэдий ч бид эхлээд Есүсийн тухайд бат тогтоогүй тохиолдолд Түүний зарлигласан зүйлийг хийхэд бат тогтохгүй. Тиймээс бидний үүрэг бол “биеийн таалалд бус харин … Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүлэх” ( 2 Нифай 10:24) явдал юм.

(Neal A. Maxwell, “Overcome … Even As I Also Overcame,” Ensign or Liahona, May 1987, 70)

Та мөн “Амьдралын шуурганаас хоргодох газар олох нь” видеог цагийн код 0:00-ээс 3:49 хүртэл үзээд, ахлагч Рикардо П. Химэнэзийн өгсөн нэмэлт ойлголтыг мэдэж авч болно.

11:5

Колоссай 2:13–15 . Паул Колоссай дахь гэгээнтнүүдэд Аврагчийн Цовдлуулалтын бэлгэдлийн талаар юу заасан бэ?

Паул Бурхан тэднийг уучилсан гэдгийг Колоссай дахь гэгээнтнүүдэд сануулсан ( Колоссай 1:14, 20, 22 -ыг үзнэ үү). Колоссай 2:14–15 -д Паулын ашигласан дүр зураг нь Христийн Цагаатгал хэрхэн биднийг нүглээсээ өршөөгдөх боломж олгосныг онцолдог. Паулын амьдарч байсан цаг үед ромчууд гэм буруутай нь тогтоогдсон хүний үйлдсэн гэмт хэргийг пайзан дээр бичдэг уламжлалтай байжээ. Гэм буруутныг цовдлох үед хажуугаар өнгөрч буй бүх хүнд харуулахын тулд пайзыг загалмай дээр нь хаддаг байв ( Иохан 19:19–22 -ыг үзнэ үү). Паул 13–15-р шүлэг дээрх энэ дүрслэлийг ашиглан колоссайчуудыг өршөөгдсөн гэдгийг заасан. Энэ нь Колоссай дахь гэгээнтнүүдэд оноосон бүх сүнслэг ял шийтгэл, гэм зэмийн жагсаалтыг пайзан дээр бичиж, загалмай дээр хадсан мэт байлаа. Есүс Христийн цовдлуулалтаар эдгээр нь арилсан буюу арчин хаягдсан байна.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Колоссай 3:12–24 . Христийнхтэй адил зан чанарууд

Суралцагчдыг Аврагчийн амьдралын тухай дуртай түүхүүдээсээ заримыг нь хуваалцахад урь. Тэднээс тэдгээр түүх дээр харуулсан Аврагчийн зан чанаруудыг тодорхойлохыг хүс. Дараа нь эдгээр зан чанарыг үлгэрлэн харуулдаг өөрсдийн таньдаг хүмүүсийн талаар бодоход тэднийг урь. Яагаад тэдгээр хүнтэй байх нь таалагддаг шалтгаануудаа хуваалцахыг хүс. Суралцагчдыг Колоссай 3:12–24 -ийг судлаад, Христийнхтэй адил зан чанар, шинж чанаруудыг олж мэдэхэд урь. Тэд мөн тэдгээр зан чанарыг хөгжүүлэх арга замуудыг олж мэдэж болно. Суралцагчдыг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс тусламж эрэлхийлэн дараагийн нэг эсвэл хоёр сарын туршид ажиллахыг хүсэж байгаа нэг зан чанараа сонгоход урь. Тэд дараа нь тухайн зан чанараа хөгжүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хэрхэн эрэлхийлэх төлөвлөгөө гаргаж болно.