Филиппой ба Колоссай
Есүс Христ дотор хүч чадлыг олох
Та болон таны эргэн тойронд байгаа хүмүүст ямар асуудал, бэрхшээл тулгардаг вэ? Юу эдгээр бэрхшээлийг хүндрүүлдэг вэ? Та сорилт бэрхшээлээ даван туулахад шаардлагатай тусламжаа авч чадах болов уу гэж бодож байсан уу? Паул амьдралдаа, тэр тусмаа Ромд олон жил гэрийн хорионд байхдаа олон хүнд хэцүү сорилттой тулгарч байсан. Ийм нөхцөл байдалд байсан ч тэрээр Филиппой, Колоссай дахь гэгээнтнүүдэд захидал бичсэн бөгөөд хүч чадал олж авахын тулд Есүс Христэд хандахыг тэдэнд заажээ. Энэ хичээл нь Есүс Христээр дамжуулан сорилт бэрхшээлтэйгээ нүүр тулах хүч чадлыг олж авах боломжтой гэдгийг олж харахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өсвөр үеийнхэнд тулгарч буй асуудал, бэрхшээл
-
Танай бүсийн өсвөр үеийнхэнд ямар нийтлэг асуудал, бэрхшээл тулгардаг вэ?
-
Эдгээр асуудал, бэрхшээлийн алиныг нь өсвөр үеийнхэн өөрсдөө даван туулж чадахгүй гэж та бодож байна вэ? Яагаад?
Судлах тэмдэглэлдээ өөрт тохиолдож буй асуудал, бэрхшээлээ бичээд, яагаад тэдгээр нь таны хувьд хэцүү байгааг тайлбарла. Тэдгээрийг даван туулахын тулд яагаад танд тусламж хэрэгтэй гэж бодож байгаагаа бич.
Энэ хичээлээр та Паулын филиппойчууд болон колоссайчуудад бичсэн захидлуудыг ашиглан богино хичээл бэлтгэж, заах боломжтой. Эдгээр захиаг судлахдаа сорилт бэрхшээлтэй тулгарах үед Паулын үг танд болон бусдад хэрхэн Есүс Христэд итгэж найдахад тусалж болохыг олж мэд.
Төлөөлөгч Паул олон асуудал, бэрхшээлтэй тулгарсан. Паул Ромд хоригдож байхдаа Филиппой, Колоссай номыг хоёуланг бичсэн байх магадлалтай бөгөөд тэр тэрхүү хүнд цаг үед “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвны’ (Филиппой 4:7) талаар бичсэн нь гайхалтай. Энэ хоёр захидалд эерэг, өөдрөг үзэл шингэснээс гадна Есүс Христийн талаарх Паулын хамгийн тодорхой бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас заасан зарим сургаал агуулагддаг. Хэрэв биднийг итгэлтэй, талархалтай амьдарвал ямар ч нөхцөл байдалд байсан Их Эзэн биднээр дамжуулан сайн мэдээний үйл хэргийг урагшлуулж чадахын сацуу Есүс Христийн суурин дээр тулгуурласнаар бид дэлхийн гүн ухаан, уламжлалд төөрөлдөхөөс зайлсхийж чадна гэж Паул заасан (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 433; Bible Dictionary, “Pauline Epistles” болон Судруудын удирдамж, “Паулын захидлууд Филиппой” болон “Паулын захидлууд Колоссай,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
Филиппой 4:13-ыг уншаад, Есүс Христийг Паулын амьдралд ямар ач холбогдолтой байсан талаар тэрээр юу гэж хуваалцсаныг хайж ол.
-
Энэ сургаалыг мэддэг байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Есүс Христ сорилт бэрхшээлийг даван туулахад бидэнд тусалж чадна
Танд болон танай бүсийн өсвөр үеийнхэнд тулгарч буй асуудал, бэрхшээлүүдийн тухай бод. Доорх А, Б, В алхмуудыг ашиглан таван минутын хичээл бэлд. Танд болон бусдад сорилт бэрхшээлийг даван туулахад туслах, Есүс Христийн тухай ямар зүйлийг заах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүл.
A. Дараах судрын хэсгүүдийг судлаад, танд болон бусдад тустай гэж бодож буй үнэнийг олж мэд.
Филиппой 2:5–8; 3:20–21; 4:6–7
Колоссай 1:12–18; 3:1–2, 12–17, 23–24
Б. Нэг эсвэл бүлэг шүлгийг сонгоод, Аврагчийн сайн мэдээний талаар зааж болох үнэнийг тодорхойл. Жишээлбэл: Колоссай 1:12–14-өөс Тэнгэрлэг Эцэг биднийг харанхуйгаас аварч, нүглээс уучлахын тулд Өөрийн Хүүг илгээсэн хэмээх нэг үнэнийг олж болно.
В. Хичээлдээ дараах санаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг оруул. Үүнд:
-
Үнэнийг харуулсан, өөрт юм уу өөр хэн нэгэнд тохиолдсон үйл явдлаас хуваалц. Та өөрийн зааж байгаа хүмүүсийг туршлагаасаа хуваалцахад урь. Мөн та судраас эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс жишээ эсвэл туршлага хуваалцаж болно. Жишээлбэл: Дээрх тодоор бичсэн үнэнтэй холбоотой туршлага нь Аврагч хэн нэгнийг уучилж эсвэл тэднийг харанхуйгаас аварч байгаа гэдэгт төвлөрч болно.
-
Тус болох холбогдох эшлэлүүдийг ол. Жишээлбэл: Дээрх тодоор бичсэн үнэний хувьд та Мозая 16:9 эсвэл 2 Петр 2:9-ийг хуваалцаж болно. Өөрийн зааж буй хүмүүсийг Судруудын удирдамж эсвэл Topical Guide гэх мэт эх сурвалжуудыг ашиглан нэмэлт холбогдох эшлэлийг хайхад урь.
-
Сүмийн удирдагчийн хэлсэн тус болох мэдэгдлийг ол. Тухайлбал, тодоор бичсэн үнэнийг Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Рэйна И.Абурто эгчийн хэлсэн дараах мэдэгдэлд тайлбарласан.
Хэрэв та “харанхуй манан” [1 Нифай 8:23]-гаар байнга хүрээлэгдэж байгаа бол Тэнгэрлэг Эцэгт ханд. Танд тохиолдсон ямар ч зүйл таныг Түүний хүүхэд бөгөөд Тэрээр таныг хайрладаг хэмээх мөнхийн үнэнийг өөрчлөхгүй. Христ бол таны Аврагч, Гэтэлгэгч бөгөөд Бурхан таны Эцэг гэдгийг бүү март. Тэд таныг ойлгодог. Тэд танд ойрхон байж, таныг сонсож мөн дэмжлэг үзүүлж байгаагаар төсөөл. “[Тэд] та нарыг зовлонд чинь тайтгаруулна.” [Иаков 3:1]. Та чадах бүхнээ хийж, Их Эзэний цагаатгагч ач ивээлд итгэ.
(Рэйна И.Абурто, “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!” Ensign, Nov. 2019, 58–59 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62)
Бид Сүнсээр зааж мөн Сүнсээр заалгаснаар хүчирхэгждэг (Сургаал ба Гэрээ 50:22–23-ыг үзнэ үү). Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Есүс Христээс хүч чадал хүлээн авахад туслах юуг сурч, мэдэрснээ судлах тэмдэглэлдээ бич. Аврагчийн хүч чадлыг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэг танаас юу хийхийг хүсэж байгааг тодорхойлохын тулд Түүний тусламжийг Ариун Сүнсээр дамжуулан хүс. Хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлд.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Филиппой 2:12–13. Бид аврагдах боломжийг өөрсдөө олж авах ёстой гэж Паул заасан уу?
Есүс Христэд итгэх итгэлээ үйлдлээрээ харуулах нь амин чухал боловч бид авралыг “олж авах” боломжгүй гэдгийг ойлгох нь чухал (2 Нифай 2:8 ; Мозая 2:24 ; Алма 22:14-ийг үзнэ үү). Филиппой 2:13 нь Бурхан бидэнд өөрсдөө хийж чадахгүй зүйлсийг хийхэд туслахын тулд бидний дотор ажилладгийг тайлбарладаг (Судруудын удирдамж, “ Нигүүлсэл,” scriptures.ChurchofJesusChrist.org; Bible Dictionary, “ Grace ”). Энэхүү тусламж, хүч чадлыг ихэвчлэн Аврагчийн нигүүлсэл хэмээн нэрлэдэг ба энэ нь Түүний биднийг авардаг хүч юм (Ефес 2:8-ыг үзнэ үү).
Филиппой 4:13. “Христээр дамжуулан би бүгдийг хийж чадна” гэдэг нь юу гэсэн үг вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Мишэлл Д.Крэйг эгч ийн хэлсэн.
Мэдээж хэрэг, бид бурханлаг чадавхдаа хүрч чадахгүй ба үүнийг ганцаараа хийж чадахгүй гэдэгт үнэний хувь бий. Гэхдээ сайн мэдээний захиас Бурханы ач ивээлээр бид хүрч чадна гэдгийг заадаг. Христийн тусламжтайгаар бид бүх зүйлийг хийж чадна [ Филиппой 4:13 ]. Бид “хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг [олох]” [ Еврей 4:16 ] болно гэж судрууд амладаг.
(Мишэлл Д.Крэйг, “Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 127)
Ахлагч Даллин Х.Өүкс ийн заасан.
Өөрийнхөө мөнх бус амьдрал дахь сорилт бэрхшээлийн талаар төлөөлөгч Паул “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) гэж хэлжээ.
Аврагчид Өөрийнх нь гүйцэтгэсэн Цагаатгалын ачаар бүхий л өвчин шаналал, сорилт бэрхшээлийг халамжлах, туслах хүч байдаг гэдгийг бид мэддэг. Түүний хүч сул доройг эдгээдэг ч судрууд болон бидний туршлагууд заримдаа Тэрээр бидэнд өөрсдийн сул доройг даван туулах хүч эсвэл тэвчээрийг өгснөөр биднийг халамжилдаг буюу бидэнд тусалдаг гэж заадаг.
(Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50).