Лук 22:28–34, 54–61
“Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан”
Есүс Христийн шавь нар хэн Эзэнээс урвахыг мөн бусдад үйлчлэх нь үйлчлүүлэхээс илүү болох талаар ярилцаж эхлэх үед Есүс Христ тэдэнд ариун ёслолыг танилцуулсан. Есүс төлөөлөгчидтэйгөө Сүүлчийн зоогоо зооглож байсан дээд өрөөнд энэ яриаг өрнүүлж байхдаа, Петрт амьдралынх нь туршид тулгарах эсэргүүцлийн талаар ойлгоход тусалсан юм. Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлсний дараа л бусдад тусалж чадна гэдгийг Аврагч Петрт заасан. Энэ хичээл бол Есүс Христэд найдах хэрэгцээ шаардлагаа хүлээн зөвшөөрч, Түүнд итгэх итгэлээ тасралтгүй бататгахад тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Чадвараа бэхжүүлэх
Аливаа хүн байнга ашиглаж эсвэл бататгахгүй бол алдаж болох ур чадваруудын жагсаалтыг гарга (жишээлбэл, спортын эсвэл бичих ур чадвар).
-
Энэ нь мөн Есүс Христэд итгэлтэй байх чадвартай тань хэрхэн хамаатай вэ?
Өнөөдрийн хичээлээр та Есүс Христ таныг Өөрт нь итгэлтэй байх чадвараа хэрхэн бэхжүүлээсэй хэмээн хүсдэг талаар судлах болно.
Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд одоо юу хийж эсвэл юу хийхийг хүсэж байгаагаа тунгаан бодоход нэг минут зарцуул. Та өдөр тутам, долоо хоног бүр, тэр ч бүү хэл сар болгон юу хийдгээ судлах тэмдэглэл дээрээ бичиж болно. Эдгээр үйлдэлд одоогийн ажиллаж байгаа тавьсан зорилго тань орж болно.
Та өнөөдөр суралцаж байхдаа, ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бай Есүс Христэд тулгуурлаж болохын тулд Түүнд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэх зорилгоор хийж болох өөрчлөлт эсвэл сайжруулалтыг эрэлхийл.
Есүс Христ бидний хэрэгцээ шаардлагыг ойлгодог бөгөөд бидэнд туслах болно
Есүс Христ Өөртэй нь хамт итгэлтэй алхсан болохоор шавь нартаа тэдний өмнө буй ирээдүйн хаанчлалын тухай ярьж өгчээ ( Лук 22:28–30 -ийг үзнэ үү). Хэдий тийм ч Их Эзэн удахгүй тулгарах хүнд хэцүү сүнслэг аялалдаа бэлдэхэд нь Симон Петрт бас тусалсан.
Лук 22:31–34 -ийг уншаад, Их Эзэн Петрт юуг ойлгоход тусалсан болохыг олж мэд.
-
Та Петрийн талаарх Аврагчийн ойлголтоос юуг олж харсан бэ? Энэ нь Петрийн өөрийгөө харах өнцгөөс хэр өөр байна вэ?
-
Есүс Христтэй харилцах Петрийн харилцааны талаар таны олж мэдсэн зүйл Аврагчтай харилцах таны харилцаатай хэрхэн хамаатай вэ?
-
Петрийг Есүс Христэд итгэдэг мөн үнэнч гэдгээ зарлан тунхагласны дараа Аврагч Петрийг юу хийнэ гэж илчилсэн бэ?
Тэр шөнө Есүс Христийг баривчлан, шүүхийн тулд тэргүүн тахилчийн гэрт хүргэх үед Петр тэднийг алсаас дагажээ ( Лук 22:54 -ийг үзнэ үү).
Лук 22:55–62 -ыг уншаад, Петрийн талаарх Есүсийн бошиглол хэрхэн биелснийг олж мэд.
-
Аврагчийн Петртэй харилцах харилцаанаас та Есүс Христэд итгэлтэй байх боломжийг олгож буй ямар зүйлийг олж мэдсэн бэ?
Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх
Аврагч Сатаны хүслийг ойлгоход нь Петрт тусалсантай адил ( Лук 22:31 -ийг үзнэ үү), ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Дайсан илүү ширүүнээр итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү дайрч довтолж байна” хэмээн сэрэмжлүүлсэн (Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” Ensign, Nov. 2018, 7 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 4). Тэрээр мөн “дайсан гэрчлэлийг үгүй хийж, Их Эзэний ажилд саад болохын тулд хичээл зүтгэлээ өсгөн нэмэгдүүлж байна” гэж заасан (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” Ensign, May 2019, 68 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–78).
-
Сатан өнөө үед бидний Есүс Христэд итгэх итгэлийг ямар ямар арга замаар устгахыг эрэлхийлж байна вэ?
-
Танд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд юу тусалсан бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн бидний хувьд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх зарим арга замын талаар хуваалцсан.
Та нарын итгэл тохиолдлоор бус, сонголтоор өсөх болно.
Бидний амьдарч байгаа байдал бидний итгэлийг нэг бол хүчирхэгжүүлж, эс бөгөөс сулруулж байдаг. Залбирал, дуулгавартай байдал, үнэнч шударга зан, зөв бодол ба үйлдэл, аминч бус үзэл нь итгэлийг өсгөдөг. Эдгээр чанар байхгүй бол бидний итгэл сулардаг. Аврагч яагаад Петрт хандан, “Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан” хэмээн хэлсэн бэ? ( Лук 22:32). Учир нь бидний итгэлийг устгаж байхдаа баясдаг дайсан бий! Итгэлээ хамгаалахын тулд чадах бүхнээ хий.
(Нийл Л. Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign, Nov. 2015, 66 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55)
-
Есүс Христ танд юуг хүсдэг талаар та өнөөдөр юу олж мэдсэн бэ?
-
Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд та ямар зүйлийг хийж эхлэх юм уу үргэлжлүүлэн хийх вэ?
-
Есүс Христэд итгэх илүү хүчирхэг итгэл таныг хэрхэн адисална гэж та бодож байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Лук 22:31 . Сатан “[түүнийг] буудай мэт шигшихийг” хүсэж байна хэмээн Аврагч Петрт хэлэхдээ ямар утгаар ийн хэлсэн бэ?
Буудайг шигшихийн тулд, үр тарианы үнэ цэнтэй үрийг ашиглагддаггүй хэсгээс нь салгадаг. Итгэл үнэмшлийг маань устгаж, Бурханы хаанчлалын чухал хэсэг болгохгүй байхын тулд гаргадаг Сатаны хүчин чармайлтыг ялган танихад Петрт (болон бидэнд) туслахын тулд Есүс энэ зүйрлэлийг ашиглажээ.
Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн ийн заасан.
Бидний итгэл Бурхан Эцэгт болон Түүний хүү, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ дээр төвлөрдөг. Энэ нь сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр сэргээгдсэн; Мормоны Ном бол Бурханы үг; бошиглогч, төлөөлөгчид өнөөдөр санваарын түлхүүрүүдийг атгадаг гэсэн мэдлэгээр бататгагддаг. Бид итгэлээ нандигнан дээдэлж, үүнийгээ хүчирхэгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөн, өсгөн нэмэгдүүлэхийн төлөө залбирч, хамгаалахын төлөө чадах бүхнээ хийдэг. …
… Та Христэд итгэх итгэлээ ашиглан, залбирч, судруудыг тунгаан бодож, наманчлан, зарлигуудыг сахиж, бусдад үйлчилснээр итгэлийнхээ үндэс суурийг тавихад туслах зүйлсэд өөрийгөө дайчлан ажилладаг.
(Нийл Л. Андэрсэн, “Итгэлийн тань сорилт,” Ensign , Nov. 2012, 39–40 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47)
Миний Есүс Христэд итгэх итгэлийг юу үгүй хийж болох вэ?
Ахмад С. Корбитт, Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ийн заасан.
Найзууд аа, таны жинхэнэ мөн чанартай зөрчилдөх зүйлсийг, ялангуяа порнографыг зориуд төсөөлөн бодох эсвэл үзэж харах нь таны Христэд итгэх итгэлийг доройтуулж, наманчлахгүй бол бүр устгаж ч болзошгүй.
(Ахмад С. Корбитт, “Та Израилыг цуглуулж чадна!,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)
Лук 22:32 . Петрийн хараахан бүрэн хөрвөгдөөгүй болохыг нь харуулсан Аврагчийн мэдэгдлийг ойлгосноор хөрвөлтийн талаар бид юу мэдэж авч болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Сонирхолтой нь, энэ хүчирхэг төлөөлөгч Эзэнтэй ярьж, хамт алхаж, олон гайхамшгийг нүдээр үзсэн бөгөөд Аврагчийн тэнгэрлэг байдлын талаар бат бэх гэрчлэлтэй байсан. Гэсэн хэдий ч Петрт хүртэл Ариун Сүнсний ариусгах болон хөрвүүлэх хүч чадлын талаар мөн итгэлтэйгээр үйлчлэх үүргийнх нь талаар Есүс нэмэлт заавар өгчээ.
Есүс Христийн сайн мэдээ нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон хүний мөн чанарын үндсэн, тогтвортой өөрчлөлтийг шаарддаг. Жинхэнэ хөрвөлт бол Бурханы тааллыг хүлээн зөвшөөрч, дагахад хүмүүсийг бэлдэн; итгэл үнэмшил, зүрх сэтгэл, амьдралыг нь өөрчилдөг (Үйлс 3:19; 3 Нифай 9:20-ийг үзнэ үү) бөгөөд үүнд өөрийн ухамсраар Христийн шавь болохоор амлах нь ордог.
(Дэвид А. Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, Nov. 2012, 106–107 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–131)