Семинар
Лук 24:1–12, 36–48


Лук 24:1–12, 36–48

Есүс Христийн Амилалт

Jesus Christ’s empty tomb - set at Goshen, Utah

Аврагчийг оршуулсны дараа үнэнч шавь нар нь булшин дээр нь анхилуун үнэртэн авчрав. Аврагчийн цогцсыг олж харахын оронд тэд булш хоосон байхыг харжээ. Тэнгэр элч нар Их Эзэн амилсныг зарлав. Орой нь шавь нарыг цугларсны дараа Тэрээр тэдэнд үзэгдэж, Өөрийн амилсан биеийг харуулсан. Энэ хичээл нь Аврагчийн Амилалт болон энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэхэд тусална.

Зураг ашиглах. Зургийг ялангуяа хэлэлцүүлгийг идэвхжүүлэх зорилгоор ашиглах юм бол суралцагчдад судруудыг төсөөлөн бодох, дүн шинжилгээ хийх, ойлгоход тусалдаг. Зургийг ашиглахдаа энэ нь хичээлийн зорилгыг бататгаж, алдагдуулахгүй байхад анхаар.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Амилуулалтын талаар мэддэг зүйлээ болон яагаад Аврагчийн Амилалт хувь хүнийх нь хувьд тэдэнд чухал болох талаар эргэцүүлэн бодож, жагсаан бичих талаар бодож үзэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн Амилалт

Энэ хичээлийн эхэнд үзүүлсэн Есүс Христийн хоосон булшны зургийг ажиглаад, дараах асуултуудад өгөх хариултаа тунгаан бод.

  • Энэ зураг таны хувьд ямар утга агуулгатай вэ?

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулах замаар Амилуулалтын тухай мэддэг зүйлээ мөн энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эргэцүүлэн бод. Хичээлийн төгсгөлд эдгээр асуултыг эргэн харах боломж өнөөдөр танд олдоно.

Суралцагчдын хариулах дараах асуултуудыг үзүүлэхийг бодож үз. Суралцагчид энэ хичээлээр судалсныхаа дараа ойлголт нь нэмэгдсэн эсэхийг мэдэхийн тулд уг асуултуудад дахин хариулна. Дараа нь судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж болох юм.

  • Та амилуулалтын талаар юу мэдэх вэ?

  • Аврагчийн Амилалтын талаарх таны мэдлэг, итгэл үнэмшил хувь хүний тань хувьд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэрэв суралцагчид суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн бол тэрхүү мэдээллийг энэ үед эргэн харж, хуваалцахад тэднийг урь (хэрэв тэдэнд эвгүй биш бол).

Есүс Христ загалмай дээр Өөрийн амийг сайн дураараа өргөсний дараа Түүний биеийг буулгаж, цэвэрхэн маалинган даавуунд ороогоод, бунханд тавьжээ. Хүндэтгэлийн өдрийн дараа Магдалын Мариа болон өөр хэдэн итгэлтэй эмэгтэй өглөө эрт булшин дээр нь эргэж ирэв ( Лук 24:10 ; Иохан 20:11–18 -ыг үзнэ үү).

Лук 24:1–12 -ыг уншаад, Аврагчийн булшин дээр ирээд тэд юу олж мэдсэнийг олж мэд.

  • Шавь нар нь харж, сонссон зүйлийнхээ дараа юу бодож, мэдэрч байсан гэж та бодож байна вэ?

Энэ үйл явдлын дараахан Есүс Христ Еммау хүрэх замд хоёр шавьдаа үзэгдсэн ( Лук 24:13–32 -ыг үзнэ үү). Тэд төлөөлөгчидтэй харсан зүйлээ хуваалцахаар Иерусалимд эргэн ирэв ( Лук 24:33–35 -ыг үзнэ үү).

Дараагийн хичээлээр суралцагчид Есүс Христийн Амилалтыг гэрчилсэн өөр хүмүүсийн олон түүхийг судлах болно. Энэ хичээлээр хэрэв Лук 24:13–35 дээрх Еммау хүрэх замд Есүс үзэгдсэн тухай түүхийг илүү дэлгэрэнгүй судлах нь суралцагчдад тустай гэж үзвэл, Матай; Лук 24; Иохан 20” хичээлийн “Еммау хүрэх зам” гарчигтай нэмэлт суралцах үйл ажиллагааг ашиглах талаар бодож үз.

Лук 24:36–48 -ыг уншаад, Есүсийн шавь нар цуглан амилсан Аврагч үзэгдсэн талаар ярилцаж байх үед юу болсныг олж мэд.

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “The Risen Lord Appears to the Apostles” (2:19) видеог үзэж болно.

2:19
  • Эдгээр шүлэг дээрх Аврагчийн шавь нартаа хэлсэн үгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

Дараахтай адил нэмэлт асуултуудыг тавих нь тустай байж болно. Яагаад Аврагч захиасаа хуваалцахын өмнө Өөрийг нь харж, Өөрт нь хүрэхэд тэднийг урьсан гэж та бодож байна вэ? Энэ үйл явдлын үеэр Түүний шавь нар юу мэдэрч эсвэл юу сурч мэдсэн гэж та бодож байна вэ?

  • Аврагчийн тэдэнд хандан хэлсэн эхний хэдэн үг яагаад “Амар амгалан та нарт байх болтугай” гэсэн үгс байсан гэж та бодож байна вэ? ( Лук 24:36).

  • Та эдгээр шүлгээс Аврагч гэж хэн болох мөн Тэрээр шавь нараа юуг ойлгоосой хэмээн хүсдэг талаар юу мэдэж авсан бэ?

Аврагчийн Амилалтын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх

Бид эдгээр шүлгээс Есүс Христ яс, махнаас бүрдсэн амилсан биетэй гэх үнэнийг мэдэж авч болно.

  • Амилуулагдах нь ямар утга учиртай вэ?

Хэрэв суралцагчдад амилуулагдах гэдэг нь ямар утга учиртай болохыг тодорхойлоход тусламж хэрэгтэй бол доорх тодорхойлолтыг хуваалцаж болох юм.

Бидний хүн нэг бүр Есүс Христийн ачаар амилуулагдаж буюу “сүнс мах, ясан биетэйгээ дахин нэгдэх” боломжтой болсон (Судруудын удирдамж, “ Амилуулалт ,” scriptures.ChurchofJesusChrist.org). Аврагч Цагаатгал болон Амилалтаараа дамжуулан бидний хүн нэг бүрд Өөртэй нь адил болж, хамт амьдрах боломжийг олгосон.

Аврагчийн амилсан тухай мөн энэ нь таны амьдралд ямар утга учиртай болох талаарх аливаа асуултаа тунгаан бод. Аврагчийн Амилалтын тухай сургаалын талаар танд байж болох зарим асуултыг доор жагсаав. Эдгээр асуултыг судлах тэмдэглэлдээ жагсаан бичих талаар бодож үз.

  • Есүс Христ яс, махан биетэй гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Миний амьдралд Аврагчийн Амилалт ямар ач холбогдолтой вэ?

Суралцагчдад асууж лавлахын үнэ цэнийг ойлгоход нь туслахын тулд дараах дагалдах асуултуудыг тавь. Үүнд: “Үүний хариултыг ойлгох нь танд хэрхэн нөлөөлөх вэ?” “Цаг гарган асуултыг тунгаан бодож, бичиж тэмдэглэх нь таны судлах явцад хэрхэн нөлөөлөх вэ?”, “Энэ асуултыг тавих нь Есүс Христтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?”

Эдгээр асуултад бүтээлч байдлаар хандахад суралцагчдыг урамшуул. Ингэх нэг арга зам бол суралцагчид асуултуудаа бичээд, хариултаа олохын тулд бусадтай солилцож болох сорилго явуулж болно.

Асуултынхаа хариултыг олох нэг арга зам бол Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийн заасан зүйлийг судлах явдал юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны зарим сургаалыг доор өгөв. Эдгээр үгийг судалж байхдаа, өөрийнхөө зарим асуултад хариулт ол. Түүнчлэн танд тус болж болох Их Эзэний томилсон үйлчлэгчдийн өөр үгсийг судлах талаар бодож үз.

15:42
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргаан болон амьдралын асуултуудад хариулсан амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан л юм бол Тэрээр бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурхан, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.

Тиймээс Түүний заасан зүйлс үнэн бөгөөд Бурхан худлаа ярьдаггүй.

Тиймээс Түүний Өөрийнх нь хэлсэнчлэн, Тэр бол дэлхийн Бүтээгч.

Тиймээс Түүний заасанчлан, диваажин болон там нь үнэн бодитой юм.

Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.

Тиймээс тэнгэр элч нарын хэлснээр Тэр дахин ирж, “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно” [ Итгэлийн тунхаг 1:10 ].

Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно.

(Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн Амилалт,” Ensign, May 2014, 113 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134)

Хэрэв цаг байвал, дараах асуултуудад хариулахаар бэлдэх зуураа “He Lives—Celebrate Easter Because Jesus Christ Lives” (2:26) видеог үзэх талаар бодож үз. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.

2:26
  • Та хичээлийн эхэнд өгсөн асуултуудад өгсөн хариулт дээрээ юу нэмэх вэ?

  • Та энэ сургаалыг сайн мэдэхгүй хүнд амилуулалт гэж юу болохыг хэрхэн тайлбарлах вэ?

  • Аврагчийн Амилалтын талаар ойлгох нь Есүс Христийг хайрлаж, талархахад тань хэрхэн нөлөөлөх вэ?

Чөлөөтэй хуваалцах боломжтой суралцагчдад сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсээ илэрхийлэх боломж олгон, Аврагчийн Амилалтын тухай болон энэ нь өнөөдөр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх гэрчлэлээр хичээлийг өндөрлөх талаар бод.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христийн Амилалт яагаад надад чухал вэ?

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ? үгэндээ Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс Аврагчийн Амилалт бидний хүн нэг бүрд хэрхэн нөлөөлдөг талаар заасан (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–76).

12:44

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Мормоны Номын сургаалууд

Амилалтын талаарх бидний ойлголтод Мормоны Номын оруулдаг чухал хувь нэмрийг онцлох талаар бодож үз. Суралцагчдыг Мозая 15:19–20 ; Мозая 16:7–9 ; Алма 11:40–44 ; Мормон 9:13 зэрэг шүлгүүдийг судлан, Амилуулалтын талаар юу сурч мэдэж болохыг олоход урь. Суралцагчдад олж мэдсэн зүйлээ болон Мормоны Номын бэлэггүйгээр Амилуулалтын талаар бид юу юуг мэдэхгүй байх байсныг онцлон хуваалцах боломж олгох талаар бодож үз.