Суралцахуйгаа үнэлэх 6
Матай 26–28; Марк 14–16; Лук 22–24; Иохан 13–21
Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрын талаар илүү ихийг судлах нь Тэднийг илүү их хайрлахыг хичээх сэдлийг хэрхэн төрүүлж байна вэ?
-
Таныг хайрлах Тэдний хайрын талаарх ойлголт бусдыг хайрлах хайраа өсгөн нэмэгдүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ?
Бид зарлигуудыг сахих замаар Түүнийг хайрладаг гэдгээ харуулдаг хэмээн Аврагчийн заасныг сана ( Иохан 14:15 -ыг үзнэ үү). Есүс Христ бүх зарлигийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулахын төгс үлгэр жишээг үзүүлсэн ( Иохан 14:31 -ийг үзнэ үү).
Та Иохан 14:15 -ыг судлахдаа, зарлигуудыг сахих хүсэл, эрмэлзэл, сэдлээ эсвэл ийн үйлдэх шалтгаануудаа тэмдэглэлдээ бичсэн байх. Хэрэв тийм бол бичсэн зүйлээ эргэж харна уу.
-
Яг одоо та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулахын тулд зарлигуудыг сахих өөрийн хүсэл эрмэлзэл, сэдлийн талаар юу гэж бодож байна вэ? Одоо байгаа хүсэл эрмэлзэл, сэдлээ жилийн эхэнд байсантайгаа харьцуул.
-
Та Шинэ Гэрээг судалснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайранд тань ямар ямар өөрчлөлт орсныг ажигласан бэ? Хэрэв та ямар нэг өөрчлөлтийг ажигласан бол эдгээр өөрчлөлт рүү чухам юу хөтөлсөн гэж бодож байна вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайраа харуулж эсвэл нэмэгдүүлэхийн тулд нэмж хийх ёстой гэж бодож байгаа ямар нэгэн өөрчлөх зүйл байна уу?
Есүс Христийн Цагаатгалгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?
Есүс Христийн цагаатгагч золиосын талаар Шинэ Гэрээнээс юу сурч мэдсэнээ бод. Таны хувьд Есүс Христ болон Түүний цагаатгагч золиос ямар утга учиртай болохыг хэдэн хормын турш тунгаан бод. Энэ хоёрын аль алингүйгээр таны амьдрал ямар байх байсныг бодож үз.
Цаг гарган тунгаан бодсон тул дараах асуултуудад хариулах замаар зарим бодол санаагаа бичиж тэмдэглэ. Хариултдаа утга учиртай мэдээллийг болон Есүс Христийн гаргасан золиосын талаар танд нөлөөлсөн судрын хэсгүүдийг багтаа.
-
Аврагч таны төлөө Гетсеманид зовж шаналан, Калварид загалмай дээр амиа өгөөгүй бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?
-
Есүс Христ Өөрийн сүр жавхлант Амилалтаар дамжуулан үхлийг ялан дийлээгүй байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?
-
Есүс Христийн цагаатгагч золиосгүйгээр Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө хэрхэх байсан бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М. Рассэлл Баллард ийн заасан.
Есүс Христ энэхүү золиосыг эртний Иерусалимд эр зориг гарган гүйцэлдүүлсэнд талархаад баршгүй билээ. … Есүс Өөрт нь итгэх итгэлээр дамжуулан нүглээ наманчилж, санваарын зохих эрх мэдлээр баптисм хүртэн, гишүүний баталгаагаар Ариун Сүнсний ариусгах бэлгийг хүлээн авч, бусад чухал ёслолыг хүлээн авснаар бид угаагдан, цэвэр болж болохын тулд Өөрийн хүслээр зовж шаналсан. Их Эзэний Цагаатгалгүйгээр эдгээр адислалын аль нь ч бидэнд боломжгүй бөгөөд бид Бурханы оршихуйд амьдрахуйц зохистой мөн бэлэн байж чадахгүй байх байсан.
(M. Russell Ballard, “The Atonement and the Value of One Soul,” Ensign эсвэл Liahona, May 2004, 85)
Есүс Христийн сайн сайхан мэдээг хуваалцах
Одоо та нар Есүс Христийн цагаатгагч золиосны ач холбогдлын талаар эргэцүүлэн бодсон болохоор ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны дараах мэдэгдлийг унш.
Сайн мэдээ гэдэг нь “сайн сайхан мэдээнүүд” гэсэн утгатай. Сайн сайхан мэдээ нь Их Эзэн Eсүс Христ болон авралын тухай Түүний захиас юм гэж заажээ. Eсүс сайн мэдээг мөнх бус амьдралд гүйцэтгэсэн Өөрийн номлол, тохинууллаар харуулсан.
(Russell M. Nelson, “Senior Missionaries and the Gospel,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 81)
Есүс Христ болон Түүний тэнгэрлэг үйл хэргийн талаар ямар сайн мэдээг та бусадтай хуваалцахыг хүсэж байна вэ? Сүмийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дөрвөн Сайн мэдээнд цэдэглэгдсэн Есүс Христийн амьдрал, сургаалыг таниулах компанит ажил зохион байгуулж байна гэж төсөөл. Сүм уг компанит ажилд зориулж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр нийтлэл тавихыг хүсэв.
Есүс Христийн талаарх сайн мэдээгээ тайлбарласан товч нийтлэл бич. Сайн мэдээнүүдээс (Матай, Марк, Лук, Иохан) сурч мэдсэн, танд онцгой санагдсан, Есүс Христэд ойртоход тань тусалсан ямар нэг зүйлийнхээ талаар бод. Жишээлбэл, та Есүсийн заасан ямар нэг зүйл, Түүний үйлдсэн гайхамшиг, сургаалт зүйрлэл, бусадтай харьцдаг байсан талаарх түүх, үлгэрлэн харуулсан зан чанар эсвэл Түүний цагаатгагч золиос, үхэл ба Амилалтын хэсгийн талаар сонгож болно. Хэрэв танд төвөгтэй биш бол та өөрийн сайн мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр нийтэлж эсвэл өөр хүнтэй хуваалцаж болно. Нийтлэлдээ дараах мэдээллийг багтаа. Үүнд:
-
Нийтлэлээ гарчигла.
-
Аврагчийн сайн мэдээ таны хувьд ямар чухал болохыг мөн энэ нь Түүнд илүү ойртоход хэрхэн тусалсныг тайлбарла.
-
Сайн мэдээнүүдийн (Матай, Марк, Лук, Иохан) судрын зарим нэг хэсгийг багтаа.
-
Өөрийн тань гэрчлэл мөн энэ сайн мэдээ бусдад хэрхэн тус болох талаар оруул.